Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Зорилготой амьдрах нь: “Үнэн хүсэлтэй хандахын” ач холбогдол


Зорилготой амьдрах нь: “Үнэн хүсэлтэй хандахын” ач холбогдол

РандаллЛ.Ридд ахтай өнгөрүүлсэн үдэш Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2015 оны 1-р сарын11• Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль

Та нартай хамт байгаа нь ямар гайхалтай боломж вэ. Эхнэр бид хоёр энэ үдэш энд байгаа маань нэр төрийн хэрэг юм. Өнөөдөр миний хуваарьт Рексбург руу явах аялал байгаа болохыг гар утас маань мэдэж байсан нь надад сонирхолтой санагдлаа. Утас маань надад цаг агаар ямар байхыг, мөн хотын зочид буудал, зоогийн газруудын жагсаалтыг ч мөн үзүүлэв. Тэр ч байтугай, энэ амралтын өдрүүдэд Рексбургт үзэх боломжтой үзвэрүүдийг хүртэл гаргаж ирсэн юм.

Одоо бодоход, утас маань миний үг хэлэхийг л харин үзвэрийн тоонд оруулаагүй юм байна. Ийм болохоор бид үүнийг ухаалаг утас гэж нэрлэдэг байх.

Хэдийгээр ухаалаг утас тань санал болгоогүй ч гэсэн, та бүхэн дахин эргэж олдохгүй энэ цагаа надтай хамт өнгөрөөхөөр шийдэцгээжээ. Тиймээс та нарын энэ үнэт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх томоохон хариуцлага надад оногдож байна. Түүнчлэн Сүнсний та нарт заах зүйлс миний хэлэх зүйлсээс ч илүү чухал гэдгийг, мөн заасан зүйлсийн үнэ цэнэ нь зөвхөн тэдгээр өдөөлтийг дагах таны итгэл үнэмшлээс шалтгаална гэдгийг би мэднэ.

Энэ цаг үед амьд байгаа маань агуу их боломж гэдэгтэй та нар санал нийлнэ гэж би бодож байна. Нийгэм судлаачид миний үеийнхнийг өнөөгийн бидэнд бараг хамааралгүй болсон төрөлтийн огцом өсөлтийн үеийнхэн гэж нэрлэдэг бол, бидний дараачийн үеийнхнийг  икс үеийнхэн; танай үеийнхнийг  вай үеийнхэн буюу мянганыхан гэж нэрлэжээ. Технологийг чөлөөтэй ашиглаж, олон нийтийн сүлжээг хэрхэн хүлээн авч, хэрэглэдгээрээ бусдаас ялгарах танай үеийнхэн өмнөх үеийнхнээсээ илүү ухаалаг бөгөөд боловсролтой нь юм. Энэ шинж чанарууд тань та бүхнийг өнөөдрийн нийгэм дэх ажлыг төдийгүй, Их Эзэний ажлыг ч мөн адил хийж гүйцэтгэхэд нэн үнэ цэнэтэй болгож байгаа билээ.

Та нарт өмнө нь хэзээ ч байгаагүй олон сонголт ба боломж байна. Амьдралын бусад олон зүйлийн адил энэ нь адислал, зүхэл хоёрын аль аль нь болдог. Хэт олон сонголтоос болон буруу шийдвэр гаргахаас айх айдас нь гол төлөв танай үеийнхний саад бэрхшээлүүдийн нэг болох “шийдвэрийн саажилт”-д оруулдаг. Ганц зүйлд төвлөрөх нь урьд өмнөхөөс ч хэцүү болжээ. Технологийн хувьд, ямар нэг зүйл худалдаж аваад дэлгүүрээс гарангуут хуучрах магадлал өндөр болсон байна. Булан тойроход л илүү сайн юм гараад ирчих вий гэсэндээ дэндүү олон хүн аливаа зүйл дээр шийдвэр гаргахаасаа ч цэрвэдэг болжээ. Тийм болохоор тэд хүлээсээр, эцэст нь ямар ч зүйлийг сонголгүй үлддэг. Иймэрхүү идэвхгүй байдал нь тэдний анхаарлыг сарниулахад хялбар болгодог байна. Ах, эгч нар аа, би өнөөдөр үүний эсрэг эм болох зорилготой амьдрал ба үнэн хүсэлтэй хандах гэдэг нь ямар чухал болох талаар ярих гэсэн юм.

I.  Зорилго

Та өөрийгөө хаашаа ч харсан зах нь үл харагдах далайн давалгаан дунд, аврах завин дээр байна гээд төсөөлөөд үз дээ. Завь сэлүүртэй бөгөөд харин та аль зүгт сэлүүрдэх вэ? Одоо та өөрийгөө эх газрын бараа харлаа гэж төсөөл. Одоо та аль зүг рүү явах ёстойгоо мэднэ. Эх газрыг харснаар танд зорилго ба сэлүүрдэх хүсэл эрмэлзэл төрсөн үү? Тодорхой зорилгогүй хүмүүс бол далай дээгүүр хөвөгчид юм. Хөвөгчид нь дэлхийн түрлэг тэднийг хааш аваачихыг хүлээн суудаг.

Лев Толстой

Дайн ба энх романыг зохиогч, Оросын агуу зохиолч Лев Толстойн амьдрал үүнийг харуулдаг. Лев Толстой багадаа хүнд хэцүү амьдралыг туулсан байна. Түүний эцэг эх 13 орчим настай байхад нь нас баржээ. Ах нар нь түүнийг архи, мөрийтэй тоглоом, садар самуун амьдралд сургажээ. Лев тийм ч сайн сурдаггүй байв. Тэрээр 22 настайдаа ямар ч тодорхой зорилгогүй амьдарч байгаагаа ухаарч, “би яг л адгуус шиг амьдарч байна” хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн бол хоёр жилийн дараа тэрээр “Би 24 хүрлээ. Гэсэн хэдий ч юу ч хийж бүтээсэн юмгүй хэвээр” хэмээн бичсэн байдаг. Толстойн амьдралдаа сэтгэл хангалуун байгаагүй байдал нь түүнд амьдралынхаа зорилгыг буюу яагаад хэмээх асуултын хариуг ихэнхдээ өөрийн алдаа оноон дээрээс олох амьдралын урт аянд гарах сэдлийг төрүүлсэн юм. Тэрээр 82 настай байхдаа, нас барахынхаа өмнөхөн “Амьдралын утга учир, баяр хөөр бол …төгс байдлыг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгоход оршдог юм байна”1 хэмээн тэмдэглэлийнхээ төгсгөлд бичжээ. Би үүн дээр Бурханы хүслийг гүйцэтгэх гээд нэмчихье.

“Бидний амьдралын хамгийн чухал хоёр өдөр бол бидний мэндэлсэн өдөр мөн яагаад мэндэлснээ ухаарсан өдөр юм”2 гэж хэлсэн байдаг. Бидэнд сайн мэдээ байгаа учраас амьдралынхаа туршид амьдралын зорилгоо олж мэдэхээр эрэл хайгуул хийх шаардлагагүй юм. Харин үүний оронд энэхүү зорилгодоо хэрхэн хүрэхэд л анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Матай 5:48-аас бид “Тиймээс Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай” гэж уншиж болно.

Бидний хүн нэг бүрийн дотор сайжрахсан гэсэн дотоод хүсэл эрмэлзэл байдаг гэж би боддог. Гэвч бид бүгд алдаа гаргадаг учраас бидний олонх нь төгс байдалд хүрэх зорилго нь биелэгдэшгүй зүйл гэдэгт итгэсэн байдаг. Мэдээж, Цагаатгал байхгүй байсан бол тийм л байх байсан. Бидний Аврагчийн золиослол төгс байдалд хүрэх боломжийг бидэнд олгодог билээ: “Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Моронай 10:32; тодруулгыг нэмж оруулав).

Бидний Аврагч Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил болох хүсэл эрмэлзлийг бидэнд өгдөг. Та нар ч гэсэн Лев Толстойн олж мэдсэн шиг, төгс байдал руу очих аян замд аз жаргал байдаг гэдгийг мэднэ. Их Эзэний хүслийг дагах сонголтыг хийхэд таны амьдралд агуу зорилго бий болдог.

Ахлагч Тэд Р.Каллистэр: “Судрууд болон бусад гэрч тод томруун гэрчилдэг энэхүү бурханлаг хувь заяаны талаар зөв ойлголттой байх нь яагаад ийм чухал байдаг юм бэ? Учир нь гүн гүнзгий ойлголт нь сэдлийг нэмэгдүүлдэг юм”3хэмээн хэлжээ.

Номлол

Би залуу байхдаа бараг л номлолд явахгүй байхаар шийдсэн байв. Коллежид нэг жил сурч, армид нэг жил алба хаасныхаа дараа би орон нутгийнхаа эмнэлэгт рентген аппаратын техникчийн давгүй сайн ажилтай байсан юм. Нэг өдөр эмнэлгийн нэгэн мэс засалч эмч Жэймс Пингри намайг өдрийн хоолонд урилаа. Бид ярилцаж байх зуур Пингри эмч намайг номлолд үйлчлэх бодолгүй байгааг мэдээд, яагаад гэж асуулаа. Би түүнд миний нас жаахан явчихсан болохоор номлолд гарахад оройтсон байх гэж хэлэв. Тэр наадах чинь номлолд үйлчлэхгүй байх ноцтой шалтгаан биш гэдгийг, мөн тэр анагаах ухааны сургуулиа төгссөнийхөө дараа номлолд үйлчилсэн гэдгээ надад хэлэв. Дараа нь тэр номлолынх нь ажил хэр чухал байсан талаар гэрчлэлээ надтай хуваалцсан юм.

Түүний гэрчлэл надад тун их нөлөөлсөн бөгөөд намайг урьд нь хэзээ ч залбирч байгаагүйгээр, чин сэтгэлээсээ залбирахад хүргэсэн юм. Би номлолд явахгүй байх олон шалтгаан олж болохоор байв. Би маш ичимхий байсан бөгөөд ариун ёслол дээр үдэлтийн үг хэлэхээс айх айдас маань гэхэд л намайг номлолд явахгүй байхад нөлөөлөх хангалттай шалтгаан болох байлаа. Надад дуртай ажил байв. Надад номлолын дараа боломжгүй байх магадлалтай сургалтын тэтгэлэг авах боломж байв. Хамгийн гол нь армид алба хааж байхад маань намайг хүлээсэн найз охин минь байлаа. Тэр дахин хоёр жил намайг хүлээхгүй гэдгийг би мэдэж байв! Би миний шалтгаанууд үндэслэлтэй, мөн миний зөв болохыг баталж өгөхийг хүсэн, маш их залбирч билээ.

Гэвч миний хүсэж байсан шиг амархан, тийм эсвэл үгүй гэсэн хариулт надад ирсэнгүй. Тэгж байтал “Их Эзэн чамайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа бол?” гэсэн бодол надад орж ирсэн юм. Тэрээр намайг номлолд яваасай гэж хүсэж байгааг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон бөгөөд энэ нь миний амьдралын шийдвэрлэх мөч болсон юм. Би өөрийн хүслийг дагах уу, эсвэл Их Эзэний хүслийг дагах уу? Энэ бол бидний өөрсдөөсөө байнга асууж байвал зохих асуулт юм. Бид бүгд, хүн нэг бүр, бага залуугаасаа үүнийг хийж сурвал ямар сайхан байх бол доо. Бид ихэнхдээ миний очих гэсэн газар болон хийх дуртай зүйл байвал л “Би Их Эзэн таны оч гэсэн газар тань очиж, хий гэсэн зүйлийг тань хийх болно” гэх хандлагатай байдаг.

Би номлолд үйлчлэх шийдвэрээ дуртайяа гаргаж, Мексикийн Хойд номлолд үйлчлэхээр болсон юм. Та нарын зарим нь найз охин нь яасан бол гэж бодож байгаа байх. Тэр намайг хүлээгээгүй ч гэсэн, би түүнтэй гэрлэсэн гэдгээ та нарт хэлье! Тэр бол миний амьдралын хамгийн том адислалуудын нэг. Бидний амьдралын зорилго бол Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил болох явдал гэдгийг би мэддэг учраас гэрлэж, гэр бүлтэй болохоос илүү үр хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрын талаар суралцах өөр агуу их сургууль үгүй болохыг олж мэдсэн юм. Би энэ бүхнийг олж мэдсэн учраас, хэрвээ би та нарын оронд байсансан бол тэрхүү их сургуульд орохын тулд бүх зүйлийг хийх байсан. Миний мэдэж байгаагаар нээлттэй элсэлт одооноос эхэлж байгаа болохыг мэдэгдье.

II. Үнэн хүсэлтэй хандах

Хүү маань дөнгөж хэлд орж байхдаа маш сониуч байж билээ. Түүний сурсан цөөхөн үгээс хэлэх дуртай нь “Яагаад?” гэсэн үг байсан юм. Хэрвээ би “Одоо орондоо орж унтах цаг боллоо” гэвэл тэр “Яагаад?” гэж асуудаг байв.

“Би ажилдаа явлаа.”

“Яагаад?”

“Залбирцгаая.”

“Яагаад?”

“Сүмдээ явах цаг боллоо.”

“Яагаад?”

Ингэж хэлсэн эхний 500 удаад энэ нь ихээхэн эгдүүтэй санагддаг байв. Сүүлдээ эгдүү хүргэхээ больж, ядаргаатай мэт санагддаг болох тэр үед ч, хийж буй үйлдэл нэг бүрээ яагаад хийж байгаагаа тунгаан бодоход хүргэдэг түүний сануулгуудад талархдаг байлаа.

Та нарын үеийнхнийг нэрлэсэн нэрэнд уай үсэг ямар чухал үүрэгтэйг би мэдэхгүй ч та нар өөрсдийгөө “Яагаад” гэдэг үеийнхэн гэж бодож үзэх нь чухал гэж би бодож байна. Бид өнөөгийн энэ дэлхийд хийж буй зүйлээ яагаад хийж байгаагаа ухаарах нь тун чухал юм.

Үнэн хүсэлтэй амьдрах гэдэг нь “яагаад” гэдгийг ойлгож, хийж буй үйлдлүүдийнхээ цаадах зорилгыг мэддэг байхыг хэлнэ. Сократ “Ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх нь утга учиргүй хэрэг”4 гэж хэлсэн. Цагаа юунд зарцуулдгаа бодож, өөрөөсөө үе үе “Яагаад?” гэж асууж байгаарай. Энэ нь зөвхөн өнөө маргаашийг биш, алсыг харах чадварыг хөгжүүлэхэд тань тусална. Ирээдүйгээ харж, “Би үүнийг яагаад хийх ёстой гэж?” хэмээн асуух нь өнгөрсөн рүүгээ харж, “Яагаад? Би үүнийг яах гэж хийв дээ?” гэж халаглахаас хамаагүй дээр. Хэрвээ таны цорын ганц шалтгаан Бурханы хүсэл байвал энэ нь дангаараа хангалттай хүндэтгэлтэй шалтгаан болох юм.

Одод

Би үнэн хүсэлтэй хандах нь ямар чухал болох талаар семинарын ангийн залуу суралцагч байхдаа сурч авсан. Багш маань бидэнд Мормоны Номыг унших даалгавар өгсөн юм. Хэрхэн ахиц гаргаж байгаагаа тэмдэглэхэд маань туслахын тулд тэрээр нэг талд нь бидний нэрийг, мөн дээд талд нь номуудыг жагсаасан хүснэгт хийсэн байв. Номыг унших бүрд нэрний ар талд од тавьдаг байлаа. Эхэн үедээ би хүч чармайлт гаргаж уншдаггүй байсан бөгөөд удалгүй хоцорч байгаагаа ухаарав. Би ичсэндээ, мөн төрөлхийн шазруун зандаа хөтлөгдөн, уншиж эхэллээ. Од авах бүрд надад сайхан санагддаг байв. Од нэмэгдэх тусам би илүү их урамшиж, хичээлийн завсарлагаанаар болон сургуулиа тараад, мөн олдсон минут болгонд уншдаг болов.

Хэрвээ би ангидаа хамгийн түрүүлж уншиж дуусгасан гэвэл сайхан төгсгөл болох байсан ч түрүүлж чадаагүй юм. (Гэхдээ би бас сүүлд нь ороогүй юм шүү.) Гэхдээ би Мормоны Номыг уншсанаар ямар зүйлийг олж авсан гэж та нар бодож байна? Та нар гэрчлэл гэж бодож байгаа байх, тийм үү? Гэвч би гэрчлэлтэй болоогүй. Харин би однууд л авсан. Би од авахыг хүсэж уншсан учраас однуудаа л авсан. Энэ нь миний чин хүсэл байсан юм.

Мормоны Номын үнэн эсэхийг хэрхэн олж болохыг Моронай маш тодорхой тайлбарласан байдаг: “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.” (Моронай 10:4; тодруулгыг нэмж оруулав.)

Эргэн санахад, Их Эзэн надад тун шударга хандсан байв. Би өөрийн хайснаас илүү зүйлийг яагаад авна гэж бодож болох билээ? Би цаг зав гарган, яагаад Мормоны Номыг уншиж байгаагаа өөрөөсөө огт асууж байсангүй. Би дэлхийн сонирхлуудад автан хөвж явсаар эцэст нь зөв номыг буруу зорилгоор уншсанаа олж мэдэв. Үнэн хүсэлтэй хандах гэдэг нь зөв зүйлийг зөв зорилгоор хийхийг хэлдэг юм.

Би олон жилийн дараа, номлолд гарах эсэхээ шийдэх гэж зүдэрч байхдаа Мормоны Номыг үнэн хүсэлтэйгээр уншсан юм. Хэрвээ би энэ номын талаар хоёр жилийн турш гэрчлэх гэж байгаа юм бол эхлээд гэрчлэлтэй болох шаардлагатай байв.

Би Мормоны Номыг үнэн хүсэлтэй уншсан тул энэ ном Есүс Христийн амьдралыг болон номлолыг гэрчлэх агуу зорилгыг биелүүлдэг болохыг мэднэ.

Жүржийн сургаалт үлгэр

Би “Жүржийн сургаалт үлгэр” хэмээн нэрлэсэн орчин цагийн сургаалт үлгэрийг та бүгдтэй хуваалцъя. Үүнийг сонсохдоо уг түүх үнэн хүсэлтэй хандах талаар та нарт юу зааж байгааг бодож үзэцгээнэ үү.

Нэгэн залуу эр маш сайн цалинтай, ихээхэн нэр хүндтэй нэгэн компанид ажилд орохыг хүсчээ. Тэгээд өргөдлөө бэлдэж, хэд хэдэн ярилцлаганд орсон байна. Дараа нь доод шатны албан тушаалд томилогдон ажиллахаар болжээ. Тэгээд тэр улам илүү нэр хүнд, өндөр цалинтай болохын тулд тушаал дэвшиж, ахлах ажилтан болох зорилго тавив. Тиймээс тэрээр даалгасан ажлуудыг сайн хийж гүйцэтгэдэг байжээ. Заримдаа тэр даргадаа олон цаг ажиллаж байгаагаа харуулахын тулд өглөө эрт ирж, орой хүртэл ажилладаг байв.

Залуу эр маш их уурлаж, дарга дээрээ очоод, юу болсныг тайлбарлахыг шаардсан байна.

Ухаалаг дарга нь түүнд “Чиний асуултанд хариулахаас өмнө чи надад нэг тус болооч” гэжээ.

“Тэгэлгүй яахав” гэж ажилтан нь хариулав.

“Чи дэлгүүрт очоод хэдэн жүрж аваад ирэхгүй юу? Эхнэрт минь хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Залуу эр зөвшөөрч, дэлгүүр рүү явлаа. Түүнийг эргэн ирэхэд дарга нь “Чи ямар төрлийн жүрж худалдаж авав?” гэж асуухад,

“Мэдэхгүй, таныг жүрж ав гэсэн болохоор л жүрж авчихлаа. Энэ байна” гэж залуу хариулжээ.

“Нийлээд хэд болов?” хэмээн дарга нь асуухад,

“Сайн мэдэхгүй байна, та надад 30 доллар өгсөн. Баримт нь энэ байна, бас хариулт нь энэ байна” гэжээ.

“Баярлалаа” хэмээн дарга нь хэлээд, “Одоо юу болохыг сайн ажиглаж хараарай” гэв.

Тэгээд дарга нь саяхан тушаал дэвшсэн залууг дуудаад, адил зүйл хийхийг хүсэв. Тэр даруйхан зөвшөөрөөд, дэлгүүр рүү явлаа.

Түүнийг эргэн ирэхэд дарга нь “Чи аль төрлийн жүрж худалдаж авсан бэ?” гэж асуулаа.

“Дэлгүүрт маш олон төрлийн жүрж байлаа. Навел, валенсиа, танжерин, цусан жүрж болон өөр олон төрөл байсан болохоор би аль төрлийг нь авахаа мэдэхгүй байв. Харин би эхнэрт чинь хэрэгтэй гэснийг санаад, түүн рүү залгаж асуусан юм. Тэр гэртээ үдэшлэг зохиох гэж байгаа бөгөөд жүржийн шүүс хийх гэж байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрийн худалдагчаас аль төрөл нь шүүс хийхэд хамгийн тохиромжтойг асуусан. Тэр надад валенсий жүрж нь маш амтлаг, бас илүү шүүслэг байдаг гэхээр нь тэрийг би авлаа. Тэгээд би ажилдаа ирэх замдаа гэрт чинь хүргээд өгчихсөн. Эхнэр тань маш их баярлаж байна лээ” гэж хариулав.

“Энэ нь тэгээд ямар үнэтэй болов?” гэж дарга асуув.

“Энд бас бага зэрэг асуудал гарсан л даа. Би хэдийг авахаа мэдэхгүй байсан учраас ахиад эхнэр рүү тань залгаад, хэдэн зочин ирэх гэж байгааг асуусан. Тэр надад 20 гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 хүнд шүүс хийхийн тулд хэр их жүрж хэрэгтэйг худалдагчаас асуугаад, нэлээн их орохыг мэдэж авсан. Тэгээд би худалдагчаас олныг авах юм чинь хямдруулж өгөхийг хүсэхэд тэр зөвшөөрсөн шүү. Эдгээр жүрж ер нь 75 цент байдаг, гэхдээ би 50 центээр авсан. Хариулт мөнгө болон баримт нь энэ байна” гэв.

Дарга нь инээмсэглээд, “Баярлалаа, чи одоо явж болно” гэжээ.

Тэрээр энэ бүгдийг ажиглаж байсан залуу руу эргэн харахад, залуу босч ирээд, “Би таны юу хэлэх гэж байгааг ойлголоо” гээд урам хугарсан байдалтай оффисоос гарч одов.

Энэ хоёр залуу юугаараа ялгаатай байсан бэ? Тэд хоёулаа жүрж худалдаж авах даалгавар авч, хоёул аваагүй гэж үү? Нэг нь илүү их сэтгэл гаргасан, эсвэл илүү бүтээмжтэй, эсвэл жижиг зүйлд илүү их анхаарал хандуулсан гэж та нар хариулж болох юм. Гэвч хамгийн чухал ялгаа нь үндсэн зорилгыг авч үзэлгүйгээр ажлыг гүйцэтгэх биш, харин үнэн сэтгэлээр хандахад л байгаа юм. Эхний залуу мөнгө төгрөг, албан тушаал, нэр хүндийг хүсэж байсан. Хоёр дахь нь даргаа баярлуулж, бүх чадлаа дайчлан ажиллана гэсэн өөрт тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласан учраас мэдээж үр дүн нь тодорхой байв.

Та нар өөрсдийн амьдралд энэхүү сургаалт үлгэрийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Хэрвээ та үргэлж Бурханы таалалд нийцэж, Түүний хүслийг биелүүлэхийг хичээн, Бурханыг хайрлах хайрандаа хөтлөгддөг бол гэр бүл, сургууль, ажил төрөл, эсвэл Сүмд гаргадаг идэвх зүтгэл тань ямар ялгаатай байх бол?

III. Хэрэгжүүлэлт

Анхаарал сарниулсан зүйлсээс зайлсхийх нь мөн анхаарлаа төвлөрүүлэхийн ач холбогдол

Та гэрийн даалгавраа юм уу, ажлаа хийхээр компьютер дээр суутал, гэнэт таны өчигдөрхөн авахыг хүсэж байсан гутлын реклам гарч ирэх тохиолдол танд хэдэн удаа тохиолдож байсан бэ? Тэгээд онлайн дэлгүүрээр орж, үзэж байтал таны хэдэн найз интернэтэд байхыг хараад, тэдэнтэй чааталж эхэлнэ. Тэгж байтал нэг найз тань Facebook дээр юм тавилаа гэсэн мэдээ гарч ирвэл та заавал харах хэрэгтэй болдог. Ингээд өөрөө ч мэдэлгүй үнэт цагаа алдаж, компьютер дээр яах гэж эхэлж сууснаа ч мартчих үе гардаг. Бид ажилдаа биш, анхаарал сарниулах зүйлсэд уруу татагдах үе олон гардаг. Таны анхаарлыг сарниулах зүйлс нь сайн үйлс хийхэд зарцуулах ёстой үнэт цагаас тань хумсалдаг. Анхаарлаа төвлөрүүлөх чадвар нь анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийхэд бидэнд тусалдаг юм.

Та бүхэн шалгалт өгөх дуртайг би мэднэ. Тиймээс би өнөө орой та нарын анхаарлаа төвлөрүүлэх чадварыг шалгана. Та нар нэг нь цагаан, нөгөө нь хар өмсгөлтэй хоёр багийг харна. Тэд хоорондоо сагсан бөмбөг дамжуулах болно. Та нар зөвхөн цагаан өмсгөлтэй багийн дамжуулах бөмбөгийг л тоолох хэрэгтэй. За тэгэхээр, та нар бэлэн үү?

[Анхаарал шалгах шалгалтыг явуулах.]

Та нар хэдэн дамжуулалтыг тоолсон бэ?

19 гэж тоолсон нь гараа өргөнө үү. Мөн 20 гэж тоолсон нь өргөн үү? Мөн 21 гэсэн нь өргөнө үү? 22 дамжуулалт гэсэн нь?

Зөв хариулт нь 21.

21 гэж зөв тоолсон хүмүүс гараа өргөнө үү. За, мөн хөгшин эмэгтэйн алхахыг, дараа нь шалан дээр Жексоны сарны алхалт хийхийг харсан бол гараа өргөсөн хэвээр үлдэнэ үү. Одоо хар өмсгөлтэй нэгэн тоглогчийг нинжа гарч ирж, орлохыг харсан бол гараа өргөсөн хэвээр үлдэнэ үү. Хар өмсгөлтэй багийнхан малгай өмсөхийг харсан уу?

Дахин нэг удаа үзээд, эхний удаад хараагүй зүйлсээ олж харахыг хичээгээрэй.

[Анхаарал шалгах шалгалтыг дахин явуулах.]

Бид энэ видео бичлэгийг дараа нь олон нийтийн мэдээллийн сайт дээр тавина.

Анхаарлаа төвлөрүүлэх нь амьдралд маш чухал зүйл юм. Энэ шалгалтын бидэнд харуулснаар, бид зөвхөн хайж байгаа зүйлээ л олж хардаг. Эсвэл сударт хэлсэнчлэн “хай, тэгвэл та нар олно” (Лук 11:9).

Хэрвээ бид дэлхийн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлбэл бидний эргэн тойронд байгаа бүхэл бүтэн сүнслэг ертөнцийг анзааралгүй өнгөрнө. Бид амьдралыг маань удирдаж, бусдыг адислахын тулд ирж буй Ариун Сүнсний шивнээг таньж мэдэлгүй өнгөрөөж ч магадгүй. Нөгөөтэйгүүр, хэрвээ бид сүнслэг зүйлс болон “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай” (Итгэлийн тунхаг 1:13зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлбэл, дэлхийн уруу таталт ба анхаарал сарниулах зүйлсэд уруу татагдахгүй байх магадлал өсөх юм. Анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийх хамгийн сайн арга бол тавьсан зорилгоосоо ухралгүй, сайн үйлсэд идэвхтэй оролцох явдал. Ууланд авирч гарсныхаа дараа буруу уул болохыг олж мэдэхгүйн тулд ямар зүйлд анхаарлаа хандуулах вэ гэдэгт болгоомжтой хандацгаагаарай.

Өчүүхэн зүйлсийн хүч

Би өөрийн анхаарлыг “зөв зүйлд чиглүүлж,” номлолд явахаар шийдсэн цагаас хойш гучин таван жил өнгөрсний дараа миний хүү намайг Мексик рүү түүнтэй хамт явж, зааж байсан зарим хүнээ олохыг санал болгосон юм. Би заасан хүмүүсээс минь байж юуны магад гэж бодон, номлолын ажлаа эхлүүлсэн жижиг хотод очиж, ариун ёслолд нь суулаа. Нэг ч хүн олдсонгүй. Цуглааны дараа би бишопт заасан хүмүүсийнхээ жагсаалтыг үзүүлж, таньдаг хүн байгаа эсэхийг асуухад тэр бас нэг ч хүнийг таньсангүй. Тэр гишүүн болоод тавхан жил болж байгаа гэдгээ надад тайлбарлалаа. Хэдий магадлал багатай ч, тэрээр гишүүн болоод 27 жил болж байгаа өөр нэг хүнтэй уулзахыг надад санал болгов. Би түүнтэй цуг жагсаалтыг харж, ямар ч амжилт олохгүй явсаар хамгийн сүүлчийн нэр болох Леонор Лопез де Энрикез дээр ирлээ.

“Өө тийм” гэж тэр хэлэв. “Энэ гэр бүл нөгөө тойрогт байдаг ч энэ байранд Сүмд явдаг. Тэдний ариун ёслол нь одоо болох учир тэд удахгүй ирэх байх” гэж хэллээ.

Бид дөнгөж 10 минут хүлээсний дараа Леонор орж ирлээ. Хэдийгээр тэр 70 гаруй нас хүрсэн ч, би түүнийг харангуут таньсан бөгөөд тэр ч бас намайг танив. Бид нулимс дуслуулан, удаан гэгч тэврэлдэж билээ.

Тэр надад “Бидний амьдралд сайн мэдээг авчирсан чамд талархлаа илэрхийлэхийн тулд чамайг эргэн ирээсэй хэмээн бид 35 жил залбирсан” гэж хэлсэн юм.

Гэр бүлийнх нь бусад гишүүн орж ирэхэд бид мөн тэврэлдэж, нулимс дуслуулцгаав. Нүдний минь буланд, нүднийхээ нулимсыг зангиагаараа арчиж буй хоёр бүрэн цагийн номлогч хүүтэй минь хамт зогсож байгааг би олж харлаа.

Бид ариун ёслолд оролцож байхдаа Леонорын хөвгүүдийн нэг нь уг тойргийн бишоп, ач хүү нь төгөлдөр хуурч, ач охин нь удирдаач болохыг, мөн Аароны санваартнуудын дунд хэд хэдэн ач хүү нь байгааг, охидын нэг нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй гэр бүл болсныг олж мэдэхэд үнэхээр гайхалтай байж билээ. Өөр нэг охин нь ойрхон байрлах тойргийн бишоптой гэр бүл болсон байв. Леонорын ихэнх хүүхэд номлолд үйлчилсэн байсан бөгөөд ач хөвгүүд нь мөн номлолд үйлчилсэн байв.

Леонор биднээс хавьгүй илүү сайн номлогч байсныг бид бас олж мэдэв. Өнөөдөр түүний үр хүүхдүүд аравны нэгийн өргөл, ариун сүм, судраас судлах, залбирал гэх мэт зүйлс ямар чухал болохыг, мөн тэдгээр зүйлд итгэж найдах гээд сайн мэдээний талаар уйгагүй заасан түүний хүчин чармайлтыг талархалтайгаар дурсан санадаг. Тэрээр хүүхдүүддээ хувь хүний олон жижиг сонголт нь хэсэг хугацаа өнгөрсний дараа бүрэн дүүрэн, зөвт, аз жаргалтай амьдрал руу хөтөлдөг болохыг заасан бөгөөд тэд ч бас тэдгээр зүйлийг бусдад заасан ажээ. Бүх хүнийг тооцож үзвэл, энэхүү гайхамшигтай гэр бүлийн хүчинд 500 гаруй хүн Сүмд нэгдсэн байна. Энэ бол Их Эзэн намайг номлолд явуулахыг хүссэн олон шалтгааны нэг юм. Энэ нь мөн Их Эзэний хүслийг эрэлхийлэхийн мөнхийн үр дагаврын талаар надад зааж өгсөн билээ.

Энэ бүх үйл явдал үдийн хоолны үеэр болсон энгийн ярианаас эхэлсэн. Хэрвээ Пингри эмч өөрийн ажил эсвэл дэлхийн зүйлс дээр анхаарлаа илүү төвлөрүүлсэн байсан бол намайг яагаад номлолд гарахгүй байгаа талаар хэзээ ч асуухгүй байсан байх даа гэж би олонтоо боддог. Гэвч түүний анхаарал бусдад, мөн Их Эзэний ажлыг урагшлуулахад төвлөрсөн байсан юм. Түүний суулгасан үр өсөж урган, үр жимсээ өгч хуримтлагдсаар, эсвэл асар хурдацтай өсөж үржсээр байгаа билээ. Сүнслэгээр нөлөөлөгдсөн бодол санаанууд нь сайн үйлсийг бий болгож; сайн үйлс нь өөр бусад сайн үйлийг бий болгодог гэх мэтээр мөнхөд үргэлжилдэг юм.

Марк 4:20 “Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана” гэж өгүүлдэг.

Өчүүхэн, энгийн боловч зорилготой үйлдлүүд нь агуу их үр дүнг авчирдаг жишээнүүд судар дээр олон байдаг. Алма хүү Хиламандаа заахдаа:

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг …

“… Маш өчүүхэн аргаар Их Эзэн мэргэдийг ичээж мөн олон бодгалийн авралыг авчирдаг” (Алма 37:6–7) гэжээ.

Бага залуудаа сурах ёстой зүйлүүдийн нэг нь бидний өдөр тутам хийдэг өчүүхэн зүйлсийн нийлмэл нөлөөнд агуу их хүч байдаг талаар сурах явдал юм. Таны амьдрал дахь өчүүхэн бөгөөд энгийн зүйлс яг одоо та бүхний амьдралд сайнаар эсвэл муугаар нөлөөлж байна. Их Эзэн тэдгээрийг ашиглан та бүхнийг хүчирхэгжүүлдэгтэй адил, Сатан ч гэсэн та нарын анхаарлыг сарниулж, замаас тань аажим аажмаар, бараг мэдэгдэлгүй хөтлөн гаргахад ашигладаг.

Бидэнд тулгарч буй асуудал бол сайхан гэр бүл, санхүүгийн хувьд хөлөө олсон нэгнийг буюу сүнслэг агуу нэгнийг харахдаа тэднийг тийм болгон хувиргасан бүх өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг олж хардаггүйд оршино. Бид олимпийн тамирчдыг хардаг боловч тэднийг аварга болгосон олон жилийн, өдөр бүрийн дасгал сургуулилтыг нь олж хардаггүй. Бид дэлгүүрт очиж, шинэхэн жимс худалдаж авдаг ч, үрийг хэрхэн хайрлаж суулган, хэрхэн арчилж хураан авдгийг олж хардаггүй. Бид ерөнхийлөгч Монсонг болон бусад ерөнхий эрх мэдэлтэнг харж, тэдний сүнслэг хүч ба сайн сайхныг мэдэрдэг боловч тэд энгийн үйлдлүүдийг өдөр болгон, дахин дахин давтаж хийдгийг нь хардаггүй. Эдгээр зүйл нь хийхэд амар хялбар мэт боловч үр дүн нь шууд харагддаггүй учраас хийхэд хэцүү зүйлс байдаг юм.

Бид маш хурдацтай хөгжиж буй дэлхийд амьдарч байна. Бид тарингуутаа шууд хураан авахыг хүсдэг. Бид хурдан үр дүнд хүрэхэд сурч заншсан учраас Google дээр хариулт гарч ирэхгүй хэдхэн секунд болох хооронд л тэвчээр алдах үе гардаг. Харин энэхүү үр дүн нь үе үеийн хүмүүсийн хамтын ажил ба золиослолын нийлмэл нөлөөний үр дүн гэдгийг мартсан байдаг билээ.

Алма хүү Хиламандаа өгсөн сургамж нь өнөө үеийн бидэнд маш тохирсон сургамж юм. Лихайн гэр бүлийг “өдрөөс өдөрт” удирдан залж байсан Лиахона болон “олон гайхамшгийн” талаар тэрээр ингэж хэлсэн байдаг:

“Тэдгээр гайхамшгууд өчүүхэн арга хэрэгслүүдээр гүйцэлдсэн учир энэ нь тэдэнд ер бусын ажлуудыг үзүүлсэн бөлгөө. Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан юм, мөн тэгээд тэдгээр ер бусын ажлууд зогссон билээ, мөн тэд аян замдаа урагшилсангүй; …

“Ай хүү минь, уг замын амархны учир хойргошихгүй байцгаая; учир нь бидний эцэг өвгөдөд ийм байлаа; учир нь, хэрэв тэд харсан бол тэд амьдарч болохуйцаар тэдэнд бэлтгэгдсэн байв; бүр энэ нь бидний хувьд ч ийм билээ. Зам нь бэлтгэгдсэн, мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох болно.

“Мөн эдүгээ хүү минь, чи эдгээр ариун нандин зүйлүүдэд санаа тавихыг мэд, тийм ээ, чи Бурханд найдан амьдрахаа мэдтүгэй” (Алма 37:40–41, 46–47).

Өчүүхэн бөгөөд энгийн гурван зүйл

Бидэнд мөнхийн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд туслах “Бурханд найдах” гурван өчүүхэн бөгөөд энгийн арга замын талаар би тодруулан ярих гэсэн юм. Аль нь ч та нарыг гайхшируулахгүй байх. Та бүхэн тэдгээрийн талаар олон удаа сонсож байсан. Гэхдээ эдгээр зүйлийг тогтмол бөгөөд үнэн хүсэлтэй хийх юм бол таны амьдралд чухал ач холбогдолтой байгаад зогсохгүй, нэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэдгийг би та нарт гэрчлэх гэсэн юм. Хэрвээ та нар эдгээрийг үнэн утгаар нь, эдгээр энгийн үйлдлүүдийн ард байх яагаад хэмээх асуултын хариултыг ойлговол, тэдгээрийг амьдралынхаа хамгийн чухал хэсэг болгох нь гарцаагүй.

Нэгдүгээрт, ихэвчлэн бид аливаа зүйлийг бодолгүй ариун ёслолоос хүртдэг. Дараах видео бичлэгийг үзэхдээ дурсан санах гэдэг дээр анхаарал хандуулж байгааг анзаарч, энэ нь яагаад чухал болох талаар тунгаан бодно уу.

Ахлагч Жэффри Р.Холланд:: “Сүүлчийн бөгөөд Дээгүүр өнгөрөх баярт тусгайлан зориулан бэлдсэн үдийн зоогийн төгсгөлд Есүс талх аваад ерөөсний дараа хуваан, шавь нартаа өгөхдөө:

Есүс Христ:: “Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.”

Ахлагч Холланд: “Гетсеманий болон Голготайн өмнөх орой, дээд давхарт болсон үйл явдлаас хойш амлалтанд орсон хүүхдүүд Христийн золиослолыг илүү шинэлэг, илүү дээд, илүү ариун бөгөөд хувь хүнд чиглэсэн арга замаар дурсан санах гэрээнд орсон юм. Устай жижиг аягаар бид Христийн асгаруулсан цус, Түүний сүнслэг зовлон шаналлыг гүн гүнзгий ойлгож, дурсан санадаг.

“Жижиглэн хувааж, адислан, бидэнд түрүүлж санал болгодог зүсэм талхаар бид түүний шархалсан бие, харууссан зүрхийг дурсан санадаг.

“Тэдгээр залуу санваартны өргөх ариун ёслолын залбирлын энгийн бөгөөд сайхан үгсээс дурсан санах гэдэг нь бидэнд сонсогдох онцгой үг байх мэт.

“Хэрвээ дурсан санах нь бидний гол үүрэг бол, тэдгээр тодорхой бөгөөд үнэт бэлгэдлийг санал болгоход бидний оюун ухаанд юу орж ирэх бол?

Есүс Христ: “Мөн энэ нь Эцэгт та нар намайг үргэлж дурсан санаж байгаагийн гэрчлэл байх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах аваас, миний Сүнс та нартай хамт байх болно.”

Дэлгэц дээрх үгс: “Та нар Түүнийг хэрхэн “үргэлж дурсан санах” вэ?5

Бид Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний зарлигуудыг даган, Түүний Сүнсийг үргэлж хамт байлгасны нийлмэл нөлөө нь бидний амьдралын бүх хэсэгт хэрхэн нөлөөлөх талаар та нар бодож үзнэ үү. Энэ нь бидний өдөр тутмын сонголтуудад, мөн бусдын хэрэгцээг олж мэдэхэд хэрхэн нөлөөлөх талаар төсөөлж үзээрэй.

Өдрийн турш Аврагчийг үргэлж санана гэсэн амлалтаа биелүүлэх маш олон арга зам бий. Та бүхэн Түүнийг хэрхэн үргэлж дурсан санах вэ?

Ихэнх нь “Залбир, бас судраас суралц” гэж хэлэх байх. Хэрвээ та нар үнэн хүсэлтэйгээр тэдгээрийг хийж чадвал та нарын зөв болно.

Залбирч, бас судраас судлах нь миний чухалчлан ярих гэсэн дараагийн хоёр өчүүхэн бөгөөд энгийн зүйлс юм.

Бидний дадаж заншсаны дагуу өргөсөн залбирал ямар үр дүнгүй болохыг Их Эзэн тодорхой хэлж өгсөн: “Хэрэв тэр залбирахдаа зүрх сэтгэлийнхээ үнэн хүслээр бус аваас, энэ нь хүмүүнд хилэнцэт хэмээн тооцогдох ажгуу; тийм ээ, мөн энэ нь түүнд ямар ч ашиггүй, учир нь Бурхан тийм нэгийг ч хүлээн авдаггүй” (Моронай 7:9).

Залбирлын жинхэнэ зорилго бол Тэнгэрлэг Эцэгийн өгөх аливаа зөвлөгөөг дагах хүсэлтэйгээр, хоорондын хоёр талт харилцааг нээхэд оршино. “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тийм ээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг; мөн хэрэв чи эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно” (Алма 37:37).

Залбирал болон судраас судлах нь үргэлж хамт явагддаг. Судрууд болон орчин цагийн бошиглогчдын үгсийг судлах нь биднийг хувийн илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг. Судруудад гардаг жишээ, анхааруулгууд нь бидний хүсэл эрмэлзэлд нөлөөлдөг. Ингэснээр бид Их Эзэний бодол, хүслийг ойлгож сурдаг.

Өнгөрсөн болон өнөөгийн бошиглогчид биднээс залбирах, судраас судлах зэрэг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийцгээ хэмээн гуйсаар ирсэн. Тэгтэл яагаад бүгд үүнийг хийдэггүй юм бол? Магадгүй нэг шалтгаан нь, та нарын шүд нэг удаа угаахаа мартангуут шууд муудаж унадаггүйтэй адил, нэг юм уу хоёр өдөр алгасахын том сөрөг үр дагаврыг олж хардаггүйд байж болох юм. Сайн ч бай, муу ч бай ихэнх үр дагавар дараа нь, хэсэг хугацаа өнгөрсний дараа ирэх болно. Гэхдээ тэд ирэх болно.

Олон жилийн өмнө би байшингийнхаа ард нэг төрлийн, ижил өндөртэй хоёр мод суулгаж билээ. Нэгийг нь өдөр болгон бага ч гэсэн нар тусдаг газарт, нөгөөхийг нь өдөржин нар тусдаг газарт суулгасан юм. Жилийн дотор тэдний ургалтанд тийм ч их ялгаа гарсангүй. Дараа нь эхнэр бид хоёр гурван жил номлолд үйлчлэхээр явав. Биднийг буцаж ирэхэд тэд ямар их ялгаатай болсныг хараад би үнэхээр их гайхаж билээ. Өдөр бүр бага зэрэг нар илүү үзсэний нийлмэл нөлөө нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хоёр модны ургалтанд асар их зөрүүг бий болгосон байв. Бид ч мөн адил, бүх гэрлийн эх үүсвэр рүү өдөр бүр хандвал адил зүйл тохиолдох болно. Бид өөрчлөлтийг шууд олж харахгүй байж болох ч, та бүхний дотор өөрчлөлт явагдаж байгаа гэдэгт итгэлтэй байвал цаг хугацаа өнгөрөхөд үр дүн нь та нарт харагдах болно.

Энэхүү өдөр тутмын үйлдлийн нийлмэл нөлөө хэмээгч энгийн ойлголт нь зорилго ба үнэн хүсэлтэй хамт таны амьдралын бүх талбарт томоохон өөрчлөлтүүдийг хийж чадна. Энэ нь энгийн амьдралд бүдчин явах, эсвэл маш амжилттай болж, бүтээгдсэн зорилгоо бүрэн гүйцэд биелүүлэх хоёрын зөрүүг гаргаж чадна.

Би өөрийн амьдралыг эргэн харахдаа, номлолд явах шийдвэр гаргах нь надад яагаад тийм хэцүү байсан талаар их боддог. Миний анхаарал өөр зүйл рүү хандаж, мөнхийн зорилго руу чиглээгүй байсан учраас л надад хэцүү байж. Миний хүсэл сонирхол Их Эзэний хүсэлтэй нийлэхгүй байсан юм. Хэрвээ нийлж байсан бол шийдвэр гаргахад амархан байх байлаа. Яагаад нийлэхгүй байсан юм бол? Би ням гарагт сүмдээ очиж, ариун ёслолоос хүртдэг байсан ч, үнэн хүсэлтэйгээр хүртдэггүй байв. Би залбирдаг байсан боловч үүний утга учирт анхаарал тавьдаггүй байлаа. Би судраа уншдаг байсан ч, тогтмол бус, мөн үнэн хүсэлтэйгээр уншдаггүй байв.

Өнөөдрийн хэлсэн үгсийг сонсож байхдаа та бүхэн зорилготой амьдрахын тулд юу хийх шаардлагатай болохоо Ариун Сүнсний шивнээгээр мэдэрсэн байх гэж би найдаж байна. Би та бүхнийг тэдгээр өдөөлтийг дагахад уриалж байна. Та нар өмнө нь хийсэн болон хийгээгүй зүйлийнхээ талаарх бодлуудад бүү бууж өгөөрэй. Бүх зүйлийг шинээр эхлүүлэхэд тань Аврагч туслаг. “Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа” хэмээн Их Эзэн хэлснийг санацгаая (Моронай 6:8; тодорхойлолтыг нэмж оруулав).

Одооноос эхэл. Зорилготой амьдар. Амьдралынхаа чухал хэсгүүдэд өдөр тутмын үйлдлийн нэгдмэл хүчийг ашигла. Нэг жилийн дараа гэхэд та бүхэн өнөөдөр эхэлсэндээ баярлана, аль эсвэл эхэлдэг байж дээ хэмээн харамсана гэдгийг би амлаж байна.

Би та бүхнээс дараах 3 асуултыг тунгааж бодож үзэхийг хүсэж байна. Хариултаа #ldsdevo-г ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тавина уу гэж хүсье.

Нэгдүгээр асуулт: Та үүнийг хийж чадах уу? Та эдгээр гурван өчүүхэн бөгөөд энгийн зүйлийг хийж чадах уу? Та “Түүнийг үргэлж дурсан санана” (С ба Г 20:77, 79)? гэсэн гэрээгээ сахиж чадах уу? Та өдөр бүр үнэн хүсэлтэйгээр залбирч, судраас судлахад цаг гаргаж чадах уу?

Хоёрдугаар асуулт: Энэ нь хэрэгжих үү? Та Их Эзэний амлалтанд чин сэтгэлээсээ итгэдэг үү? Түүний Сүнстэй үргэлж хамт байхын нийлмэл нөлөө таны амьдралын бүх талбарт гүнзгий нөлөөлнө гэдэгт та итгэдэг үү?

Сүүлчийн асуулт: Үүнийг хийх нь ач холбогдолтой юу?

Үүнийг хийх нь тун их ач холбогдолтой бөгөөд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг би гэрчилж байна. Эдгээр зүйлийг хийх үед таны хийж буй бүх зүйлийн хойно байх “Яагаад” гэх том асуултын хариултаас та Их Эзэнийг хайрладгийг, мөн таныг хайрлах Түүний агуу хайрыг таньж мэдсэн болохыг олж мэдэх болно. Та бүхэн төгс байдлыг болон Түүний хүслийг ойлгож, үүний дагуу үйлдэхийг эрэлхийлэх явцдаа хүн нэг бүр агуу их баяр баяслыг олох болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Лев Толстойн талаар Петр Т.Вайт, “The World of Leo Tolstoy,” National Geographic, 1986 оны 6-р сар, 767, 790

  2. Марк Твенийг хэлсэн гэж үздэг.

  3. Тэд Р.Каллистэр, “Our Identity and Our Destiny” (Бригам Янгийн Их Сургуулийн боловсролын долоо хоногийн онцгой цугларалт, 2012 оны 8-р сарын 14), 9; speeches.byu.edu

  4. “Apology,” The Dialogues of Plato, trans. Бенжамин Жоветт, 38a

  5. lds.org/media-library дээрх “Түүнийг үргэлж дурсан сана” видео бичлэгээс авч хэрэглэв. Мөн Жэффри Р.Холланд, “Намайг дурсаж, үүнийг үйлд,” Ensign,, 1995 оны 11-р сар, 67–68-ийг үзнэ үү.

Хэвлэх