2022 оны онцгой цугларалтууд
Мөнхийн ач холбогдолтой сонголтууд


31:24

Мөнхийн ач холбогдолтой сонголтууд

Ерөнхийлөгч Нэлсоны оролцох, залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2022 оны 5-р сарын 15-ны ням гараг

Хайрт ах, эгч нар аа, Нэлсон эгч бид хоёр энэхүү үдшийг олон сарын турш маш их хүлээлээ. Миний гэргий Вэнди бол гайхалтай итгэлтэй, мэргэн ухаантай эмэгтэй. Түүний заадаг зүйлсийг би та бүхэнд бахдан хэлмээр байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ба Вэнди В.Нэлсон эгч

Аароны санваар сэргээгдсэн ойн өдөр та бүхэнтэй уулзаж байгаа маань үнэхээр сайхан тохиол юм. Та бүхний мэдэж байгаачлан, 1829 оны 5-р сарын 15-ны өдөр бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр Пеннсильванийн Хармонид Иосеф, Эмма хоёрын гэрийн ойролцоох ойн гүнд өвдөг сөгдөн сууцгаасан билээ. Нэлсон эгч бид хоёр агч модны тэрхүү төгөлд очиж үзсэн.

Баптисч Иохан Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваар хүртээсэн …

Тэрхүү ойн төгөл баптисч Иохан Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваар хүртээх үед ариун газар болсон юм.

Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мелкизедек санваар хүртээсэн нь.

Дараа нь Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг тухайн газрын ойролцоо сэргээсэн.

2015 оны 9-р сард би Санваар сэргээгдсэн уг газрыг онцгойлон адисалсан юм. Энэ нь миний урьд өмнө гүйцэтгэж байсан бүхий л үүргээс хамгийн онцгой нь байлаа. Энэ бол хүмүүнд Санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг газар дэлхий дээр сэргээн авчирсан газар юм. Энэ болон бусад түлхүүр Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг удирдахад шаардлагатай байсан ба гэр бүлүүдийг хамтад нь мөнхөд лацдан холбох гэх мэт нэн шаардлагатай ёслолуудыг хүлээн авч, гүйцэтгэх боломжтой болгосон. Онцгойлон адисалсан энэ өдөр миний амьдралд тохиосон онцгой мөч байсан.

Одоо энэ цаг хугацаа та нарын амьдралын хамгийн онцгой үе юм. Та нарт залуу нас дахиж олдохгүй. Одоо та нар зөвхөн зуурдын амьдралдаа бус, мөнх амьдралд чинь томоохон нөлөө үзүүлэх загвар, дадлыг бий болгож байгаа.

Амьдралын тухай ярилцацгаая. Энэ тал дээр би нэг их туршлагагүй л дээ. Би Их хямралын үед өсөж торнисон. Дэлхийн 2-р дайны үеэр би өсвөр насны хүүхэд байв. Би үхэлтэй хэд хэдэн удаа нүүр тулж байлаа. Би зургаан тивээр олон удаа явсан бөгөөд миний сэтгэлийг хөдөлгөөгүй хүмүүс мөн соёл нэгээхэн ч үгүй.

Би мөн уй гашууг туулж байсан. Би хоёр эрхэм охиноо хорт хавдрын улмаас удаан хугацаанд зовж шаналан өөд болохыг харсан. Би 10 хүүхдийн минь эх, гайхалтай эхнэр Данзэлээ алдсан. Хүн ганцаараа байх нь сайн биш1 гэдгийг мэдэх учраас би дахин гэрлэхийг сонгосон. Би бас нэгэн гайхалтай эмэгтэй, хайрт Вэндитэйгээ гэрлэсэн.

Би гэр бүлийнхээ гишүүд, найз нөхдийг зоригтой сонголтуудыг хийж, үлгэр жишээ амьдрахыг нь харсан. Мөн аймшигтай сонголтуудыг хийж, нөөц бололцоогоо дайчилж чадаагүй өөр хүмүүсийг ч харсан.

Товчхондоо, эргээд харахад би урт удаан амьдарч, одоо хөгшин хонины насгүй болсон байна! Мөн би хамааралгүй зүйлсэд цагаа зарцуулахаа больсон. Харин та нар бол надад хамаатай! Та нарын ирээдүй надад бүр ч их хамаатай! Энэ үдэш та бүхэн ийм олуулаа ирсэнд би тун их талархаж байна. Мөн цуглааны эхэнд гайхалтай аялгуу эгшиглүүлсэн хөгжимчдөдөө баярлалаа.

Энэ үдэш би та бүхэнтэй ирээдүйн чинь талаар ярилцмаар байна. Саяхан Нэлсон эгч бид хоёр нэгэн их сургуулийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Тэрхүү онцгой үйл явдлын үеэр би та нарын үеийнхэнд заахын тулд өөрсдийгөө зориулж буй, дэлхий даяарх тоо томшгүй олон боловсролын ажилтнуудын талаар бодсон. Боловсрол бол маш чухал зүйл. Би үүнийг шашны үүрэг хариуцлага гэж үздэг. Бурханы алдар суу бол оюун ухаан юм.2

Дэлхий дээрх ахмад төлөөлөгчийн хувьд миний үүрэг хариуцлага сурган хүмүүжүүлэгчийн үүрэг хариуцлагаас томоохон ялгаатай. Сурган хүмүүжүүлэгчийн ажил бол та нарыг мөнх бус амьдралын аянд буюу энэ амьдралдаа амжилттай байхад чинь бэлтгэх явдал юм. Миний хариуцлага бол та нарыг мөнхийн аянд буюу мөнх амьдралыг олж авахад чинь туслах явдал юм.

Дэлхийн боловсрол нь ховорхон дурдагддаг гурван том үнэнийг орхигдуулдаг учир хамгийн сайн гэгддэг дээд боловсролын байгууллагуудын заадаг зүйлс хязгаарлагдмал байдаг гэсэн үг.

  1. Нэгдүгээрт, бидний хүн нэг бүр нас барна.3

  2. Хоёрдугаарт, Есүс Христийн ачаар бидний хүн нэг бүр амилуулагдаж, үхэшгүй болох болно.4

  3. Гуравдугаарт, бидний хүн нэг бүрд Шүүлтийн өдөр ирэх болно.5

Энэ гурван туйлын үнэн та нарын сүнслэг боловсролын суурийг тавих ёстой.

Есүс Христийн сайн мэдээ бүрэн сэргээгдсэний ачаар бид мөнх бус амьдралын дараах боломжуудын талаар олон зүйлийг мэддэг болсон. Бид Эцэгийн гэрт олон орон байр байгааг мэднэ. 6 Бурхан хүүхдүүддээ маш их хайртайг бид мэдэх бөгөөд ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: ”Маш цөөн онцгой хэдэн тохиолдлыг эс тооцвол“ Бурханы бүх хүүхэд” эцэст нь “алдар суугийн хаант улсад орно” гэж заасан. 7 Бидний Эцэг хүүхдүүддээ амьдрах алдар суут газруудыг бэлтгэн, телестиел, террестриел, селестиел хэмээх алдар суугийн хаант улсуудыг бүтээсэн.

Энэ үдшийн миний зорилго бол энэ амьдрал нь та нарын хувьд ямар амьдралаар мөнхөд амьдрахаа шийдэх цаг мөч гэдгийг ойлгож байгаа эсэхэд санаа тавих явдал юм. Энэ амьдрал бол та нарын “Бурхантай уулзахаар бэлтгэх”8 цаг үе юм.

Мөнх бус амьдралын хугацаа нь үүрд мөнхтэй харьцуулахад маш богинохон хугацаа шүү. Хүндэт ах, эгч нар аа, энэ амьдрал хэдий богинохон ч маш чухал цаг хугацаа юм! Энэ амьдралд бид селестиел, террестиел, телестиел хуулиудын аль нэгийг9 мөн мөнхөд амьдрахыг хүсэж буй алдар суугийн хаант улсаа сонгох ёстой.

Та нарын одоо сонгох зөв шударга сонголт бүр мөнх бус амьдралд ихээхэн ашиг тус авчрах болно. Түүнчлэн мөнх бус амьдралдаа хийсэн зөв шударга сонголт бүр чинь төсөөлшгүй мөнхийн ашиг тусыг өгөх болно. Хэрэв та нар Бурхантай гэрээ байгуулахыг сонгож, тэдгээр гэрээндээ итгэлтэй байвал, та нарын “[тэргүүнд] алдар суу үүрд мөн үргэлж мөнхөд нэмэгдэх болно.”10

Эдгээр үнэн нь та нарт аливаа зүйлээс хоцрох вий гэсэн туйлын айдсыг төрүүлдэг. Та нарт селестиел хаант улсад орох чадавх бий. Хоцрох вий гэсэн айдас нь та нар энэ дэлхий дээр жижиг хаант улсын хуулийг дагахаар сонгосон учир селестиел хаант улсад бус харин жижиг хаант улсад орох вий гэж айдгаас үүдэлтэй байдаг.

Дайсан чамайг маргаашийн тухай, тэр дундаа мөнх амьдралын талаар бодуулахыг хүсдэггүй нь мэдээж. Гэсэн ч мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, боломжуудын талаар мэдлэггүй, гэнэн байж болохгүй. Тиймээс та нар ирээдүйн аялалдаа бэлтгэхэд туслах гурван суурь үнэнийг ойлгох хэрэгтэй.

  1. Нэгдүгээрт, өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэж ав.

  2. Хоёрдугаарт, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр та нарт юу санал болгосон талаарх үнэнийг мэдэж ав.

  3. Гуравдугаарт, өөрсдийнхөө хөрвөлтийн талаарх үнэнийг мэдэж ав.

Би энэ гурван үнэний талаар нэг бүрчлэн ярья.

Нэгдүгээрт: Өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэж ав. Энэ орой Их Эзэн та нарт хандан шууд ярьж байсан бол Түүний хийх эхний зүйл нь та нарын жинхэнэ мөн чанарыг ойлгуулах явдал байх байсан.11 Хайрт найзууд минь, та нар бол Бурханы хүүхэд гэдэг нь чухамхүү үнэн зүйл юм шүү. Та нар “Би Бурханы хүүхэд” дууллын үгийг сурсан үеэсээ л энэ үнэнийг дуулсаар ирсэн.12 Харин энэ мөнхийн үнэн та нарын зүрхэнд сийлэгдсэн үү? Уруу таталтыг даван туулахад энэ үнэн та нарт тусалсан уу?13

Та нар энэ үнэнийг тэнгэрлэг үнэн гэхээсээ илүүтэй уриа лоозон мэт хүлээн авсан байх вий гэж би эмээж байна. Тиймээс та нар өөрсдийгөө хэн гэж бодох нь та нарын цаашдын шийдвэр бүрд нөлөөлөх болно.

2006 онд би Вэндитэй гэрлээд, намайг гайхшируулсан хэд хэдэн зүйлтэй учирсан бөгөөд тэдний ихэнх нь тун гайхалтай байсан. Тэдгээрээс дурдвал, түүний нэлээн хэдэн хувцсан дээр төгссөн сургууль, аялсан газруудынх нь гэх мэт логонууд байв. Түүнийг тэдгээр хувцасныхаа аль нэгийг өмсөх үед би түүнийг “Өнөөдөр та хэнийг сурталчлах гэж байна даа?” гэж шоглодог байлаа. Тэр намайг хамт хөгжилдөхөд урьсан юм!

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ба Вэнди В.Нэлсон эгч

Таних тэмдэг нь сонирхолтой байж болох төдийгүй чамайг ямар ямар эерэг зүйлийг дэмжиж байгааг илтгэх боломжтой юм. Цаг хугацаа өнгөрөх тусам таних тэмдгүүд өөрчлөгддөг. Таних тэмдэг бүрийн үнэ цэн адилгүй. Ямар нэг таних тэмдэг та нарын хамгийн чухал ялгарах шинж тэмдгийн байрыг эзлэх юм бол үр дүнд нь та нарын сүнслэг байдал алдагдаж болно.

Жишээлбэл: Хэрэв би надад хамаатай зүйлсийг чухлаас нь эхлэн эрэмбэлэх юм бол, “Эхлээд, би бол Бурханы хүүхэд, тэгээд Бурханы хүү, дараа нь гэрээний хүү, дараа нь Есүс Христийн шавь, дараа нь Түүний сэргээгдсэн Сүмийн бүхнээ зориулсан гишүүн” гэж хэлнэ.

Тэгээд дараа нь нөхөр, эцэг мөн Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч гэсэн хүндэт цолуудаа дурдана.

Эмч, мэс засалч, судлаач, профессор, дэслэгч, ахмад, доктор, америк хүн гэх мэт надад хамаарах бусад бүх таних тэмдэг нь миний эхэнд дурдсан таних тэмдгүүдийн дараа орох юм.

Одоо энд цугласан та бүхнээс асуумаар байна. Та хэн бэ?

Юуны түрүүнд та бол Бурханы хүүхэд.

Хоёрдугаарт, Сүмийн гишүүний хувьд та бол гэрээний хүүхэд. Гуравдугаарт, та бол Есүс Христийн шавь юм.

Өнөө орой би та нараас хамгийн чухал, өөрчлөгдөшгүй энэ гурван таних тэмдгийг өөр ямар ч тэмдгээр орлуулахгүй байхыг гуйж байна. Хэрэв орлуулах аваас та нарын өсөлт хөгжил удааширч, мөнхийн өсөлт хөгжлөөс ангид байх нэгэн хэвийн нөхцөл байдалд та нар орох болно.

Жишээлбэл: Хэрэв та америк хүн байгаад, америк биш хүмүүс таныг хараад, “Би чиний талаар мэдэх ёстой бүх зүйлийг мэднэ” гэх нотолгоогүй зүйлсийг бодож магадгүй.

Хэрэв та өөрийнхөө улс төрийн үзэл бодлоор бусдад танигдвал, тэр даруй тодорхой нэг итгэл үнэмшлийн ангилалд орох болно. Дэмждэг улс төрийн намынхаа хийж байгаа бүх зүйлд итгэдэг хэн нэгнийг би мэдэхгүй юм.

Бид өөрсөд дээрээ болон бусдын бидэн дээр тавих таних тэмдгээс болж бусдаас тусгаарлагдаж байгаа олон жишээг дурдаж болно.

Зарим нь надад “хөгшин” гэсэн таних тэмдэг зүүж магадгүй. Гэхдээ би Адам, Ноа хоёроос нэлээн залуухан шүү.14 Нас, арьс өнгө, үндэс угсаа, хүйс болон бусад байдлаар “ялгаварлах” нь бусдаас тусгаарлагдах үзэгдлийг дэлхий даяар бий болгодог.

Бусдын өгсөн таних тэмдэгт итгэж үнэмших нь ямар харамсалтай хэрэг вэ. “Чи тэнэг” гэж хэлүүлсэн хүүхдийн сэтгэл санаа ямар байхыг төсөөлөөд үз дээ. Таних тэмдэг, ялгарах шинж тэмдэг хоёул хүчтэй нөлөө үзүүлдэг.

Бид өөрсдийгөө болон бусдын харах өнцгийг хязгаарлаж, хоорондоо хагаралддаг учир дайсан таних тэмдэгт баясдаг. Бид нэгнийгээ хүн талаас нь бус, таних тэмдгээр нь хүлээн авдаг нь ямар харамсалтай вэ.

Таних тэмдэг зүүлгэх нь шүүмж, дайсагналд хүргэдэг. Яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, боловсролын зэрэг, соёл болон бусад ялгарах онцлог шинж тэмдгийн эсрэг аливаа хүчирхийлэл, гадуурхал нь бидний Бүтээгчийн таалалд нийцдэггүй. Иймэрхүү зүй бус харьцаа нь бидэнд Түүний гэрээт охид хөвгүүдийн хувьд өөрсдийн үнэн мөн чанараар амьдрахад саад болдог.

Мэдээж, та нарын хувьд маш чухалд тооцогдох олон таних тэмдэг бий. Намайг буруугаар бүү ойлгоорой. Би бусад ялгарах шинж тэмдэг, загвар шийдлийг ач холбогдолгүй гэж хэлээгүй. Би зөвхөн өөр ямар ч шинж тэмдэг “Бурханы хүүхэд,” “гэрээний хүүхэд,” “Есүс Христийн шавь” гэсэн эдгээр гурван өөрчлөгдөшгүй загварын урдуур орох, орлох, үгүй болгох ёсгүй гэж хэлж байгаа юм.

Эдгээр үндсэн гурван загвартай нийцэхгүй аливаа онцлог шинж эцэстээ та нарын урмыг хугалах болно. Бусад таних тэмдэг яваандаа та нарын урмыг хугалдаг болох ба тэдгээр нь та нарыг Бурханы селестиел хаант улсад мөнх амьдрал өөд чиглүүлэх хүч чадалгүй юм.

Дэлхийн ялгах шинж тэмдгүүд нь эцсийн эцэст та нарын хэн болж чадахыг хэзээ ч харуулахгүй. Тэдгээр нь та нарын тэнгэрлэг ДНХ, хязгааргүй бөгөөд бурханлаг нөөц бололцоог батлан гаргаж ирж чадахгүй.

Тэнгэрлэг Эцэгийн зохиосон авралын агуу төлөвлөгөө байгаа нь та нар тэнгэрлэг хувь заяатай байгаагийн шалтгаан биш гэж үү?15

Үүнийг мартаж болохгүй. Та нарт тэнгэрлэг чадавх бий. Шаргуу эрэл хайгуулын үр дүнд Бурхан та нарт хэн болж чадахыг чинь зэрвэс харуулах болно.

Тэгэхээр та нар хэн бэ? Юуны түрүүнд та нар бол Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь. Та нарыг эдгээр үнэнийг нандигнах үед бидний Тэнгэрлэг Эцэг та нарт Өөрийнхөө ариун оршихуйд мөнхөд амьдрах туйлын зорилгод хүрэхэд чинь туслах болно.

Хоёрдугаарт: Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын та нарт санал болгосон үнэнийг мэдэж ав.

Товчхондоо, Тэд та нарт бүхнийг санал болгосон.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан авралын төлөвлөгөө нь бидэнд Түүний амьдарч буй газарт Түүнтэй адил амьдарч, эцэстээ Түүнтэй илүү адилхан болох боломжийг олгоно. “Христийн хамтран залгамжлагчид” болох бидэнд байгаа чадавх зэрэг хамгийн баялаг мөнхийн адислалуудыг Түүний төлөвлөгөө бидэнд боломжтой болгодог.”16

Бурхан бүхнийг мэддэг, бүхнийг хардаг. Хэн ч хэзээ ч та нарыг Түүн шиг мэддэггүй эсвэл та нарт анхаарал тавьдаггүй. Хэн ч хэзээ ч та нарт Түүн шиг ойр байдаггүй. Тэр та нар луу Ариун Сүнсийг болон тэнгэр элч нараа илгээн, та нарыг харж хандаж болохын тулд, Түүнд зүрх сэтгэлээ уудалж мөн итгэж найдаж болно. Тэр цорын Ганц Хүүгээ та нарын Аврагч, Гэтэлгэгч байлгахаар илгээж, үхүүлэхээр илгээхдээ Өөрийн бүхий л хайрыг харуулсан юм.

Их Эзэн Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан дэлхийг ялсан.17 Тиймийн тул, Тэр “[чамайг] зөв шударга бус бүхнээс цэвэрлэж мөн аврах чадалтай.”18 Тэр та нарыг хамгийн хүнд нөхцөл байдлуудаас чинь Өөрийн арга замаар, Өөрийн цаг хугацаанд гаргах болно.19 Та нарыг Түүнд итгэлтэйгээр ирэх үед Тэр та нарыг чиглүүлж, харж хандаж, хамгаалах болно. Тэр та нарын шархалсан зүрх сэтгэлийг эдгээж, хэцүү үед чинь тайтгаруулах болно.20 Тэрээр та нарт Өөрийн хүчийг ашиглах эрхийг өгөх болно. Мөн Тэр та нарын амьдрал дахь боломжгүй зүйлсийг боломжтой болгох болно.

Есүс Христ бол та нарын найдвар, амар амгалан, баяр баяслын цорын ганц дуусашгүй эх сурвалж юм. Сатан эдгээрийн алиныг нь ч дуурайж чадахгүй. Мөн тэр та нарт хэзээ ч туслахгүй.

Өөрөөр хэлбэл, Бурханы ажил, алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд”21 тохиолгон авчрах явдал билээ. Бурхан та нарын сонгох эрхэд халдахаас бусдаар та нарыг мөнхийн хамгийн агуу адислалуудаас хоцроохгүйн тулд чадах бүхнээ хийх болно.

Бурхан баптисмын усанд Өөртэй нь гэрээ байгуулах хүн бүрийг онцгойлон хайрладаг.22 Тэрхүү тэнгэрлэг хайр нь гэрээнүүд нэмж байгуулан, итгэлтэйгээр сахисан үед гүнзгийрдэг. Тэгээд мөнх бус амьдралын төгсгөлд гэрээ байгуулсан хүүхэд бүр Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин нэгдэх нь эрхэм нандин үнэ цэнтэй байх болно.23

Мөн Тэр Өөрийнх нь бүх хүүхэд сэргээгдсэн сайн мэдээний баярт захиасыг сонсох боломжтой байгаа эсэхэд онцгойлон анхаардаг. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ энэ дэлхий рүү зургаан мянга гаруй жилийн турш илгээсэн. Энэ хүмүүсийн ихэнх нь өөрсдийг нь мөнх амьдралд хүргэх ёслолуудыг хараахан хүлээн аваагүй байна. Чухам иймээс л ариун сүмүүд чухал ач холбогдолтой байдаг. Хөшигний хоёр талд Израилыг цуглуулах нь өнөөдөр дэлхий дээрх хамгийн чухал ажил болоод байна. Энэ ариун ажил дахь хамтран зүтгэгчид минь, та нарыг энэ цуглуулах ажилд нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаад би талархаж байна.

Энэ нь намайг гурав дахь сэдэв рүү хөтөлж байгаа юм.

Өөрсдийнхөө хөрвөлтийн талаарх үнэнийг мэдэж ав. Үнэндээ та нар өөрсдийнхөө хөрвөлтийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Өөр хэн ч үүнийг та нарын төлөө хийж чадахгүй.

Одоо би та нарыг хэдэн асуултыг эргэцүүлэн бодоход урьж болох уу? Та нар одоо өөрсдийг чинь зовоож буй асуудал, санаа зовоосон зүйлсээсээ ангижирч, амар амгаланг мэдрэхийг хүсэж байна уу? Та нар Есүс Христийг илүү сайн мэдэхийг хүсэж байна уу? Түүний тэнгэрлэг хүч та нарын шархалсан сэтгэл, сул дорой байдлыг хэрхэн эдгээхийг мэдэж авахыг хүсэж байна уу? Та нар Есүс Христийн Цагаатгалын тайвшруулагч, шинэ хүчийг амьдралдаа бодитоор мэдрэхийг хүсэж байна уу?

Эдгээр асуултад хариулахыг эрмэлзэх нь хичээл зүтгэл, бүр ихээхэн хүчин чармайлт шаардана. Би та нараас гэрчлэлээ хамгаалахыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул.

Өдөр бүр чин сэтгэлээсээ, даруухнаар залбир. Өөрийгөө эртний болон өнөө цагийн бошиглогчдын үгээр тэтгэ. Их Эзэнээс Өөрийг нь хэрхэн илүү сайн сонсохыг зааж өгөхийг гуй. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд илүү их цаг гарга.

Гэрчлэлээ эн тэргүүнд тавих үедээ та нар амьдралд тань тохиолдож буй гайхамшгийг олж хараарай.

Хэрэв та нарт асуулт байвал, би та нарт асуулт байгаа гэж найдаж байна—хариултаа итгэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр эрэлхийл. Сайн мэдээний талаар чадах бүхнээ мэдэж авч, үнэнээр дүүрэн эх сурвалж бүхий удирдамжийг ашигла. Бид “өгөгдөх зүйл юу ч үгүй болох”24 эрин үед амьдарч байна. Цаг нь ирэхэд Их Эзэн бидний бүх асуултад хариулах болно.

Энэ зуур хялбар олж авч болох илчлэлтүүдэд өөрсдийгөө автуул. Ингэснээр та нарын зарим асуулт хариулагдахгүй байсан ч гэрчлэл тань хүчирхэгжинэ гэдгийг би амлаж байна. Та нарын итгэлээрээ асуусан чин сэтгэлийн асуулт илүү агуу итгэл, илүү их мэдлэг рүү үргэлж хөтлөх болно.

Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь Сүмээс холдсон хэдий ч тэднийг үргэлжлүүлэн хайрла. Та итгэлтэй үлдсэнээрээ бусдын сонголтыг шүүх эрхтэй гэсэн үг биш юм.

Одоо миний хэлэхийг сонсоод аваарай. Та нарын харахгүй байгаа зүйлээр эргэлзээг чинь өдөөж буй хүмүүсээс болж зөв замаасаа бүү гар. Үл итгэгч найздаа Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд өөрийгөө хэр их хайртайг харуул. Тэдний эргэлзээтэй зүрх сэтгэлийг өөрийн итгэгч зүрх сэтгэлээр гайхшируул.

Та нар гэрчлэлээ хамгаалж, хүчирхэгжүүлснээр Их Эзэний мутарт илүү хүчирхэг зэмсэг болох болно. Та нар “илүү дээр шалтгаанаас урам зориг авах болно.”25 Энэ бол Есүс Христийн шалтгаан!

Түүнд энэ дэлхий дээр Израилыг цуглуулахаас илүү ямар ч чухал зүйл гэж үгүй. Туслахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ мэдэгд. Энэхүү нэр хүндтэй ажилд оролцохыг Түүнээс хүс. Тэгээд амьдралдаа Бурханыг ялуулж байх үедээ түр амсхийж, болж байгаа зүйлсийг харан гайхшир.

Хайрт залуу найзууд аа, би та нарт хайртай. Та нарт баярладаг, Би та нарт итгэж байна. Их Эзэний бошиглогчийн хувьд та нарыг хэн гэдгээ таньж мэдэн, өөрийн тэнгэрлэг чадавхын талаарх үнэнийг нандигнадаг байхын тулд адисалж байна. Би та нарыг гэрчлэлээ хамгаалахын тулд адисалж байна. Мөн би та нарыг гэрээнүүдээ сахих хүсэл, хүч чадлаар адисалж байна.

Та нар ийн үйлдсэнээр сүнслэгээр өсөж хөгжин, айдсаас ангид байж, одоо төсөөлөхөд хэцүү ч итгэлтэй байдлыг мэдэрнэ гэдгийг би амлаж байна. Та нарт төрөлх чадавхаас чинь хамаагүй илүү эерэг нөлөө үзүүлэх хүч чадал байх болно. Та нарын ирээдүй одоо төсөөлж байгаагаас чинь ч аз жаргалтай байх болно гэдгийг би амлаж байна.

Би та бүхнийг адисалж, өөрийн хайр, талархлыг илэрхийлж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Эхлэл 2:18; Moсе 3:18; Aбрахам 5:14-ийг үзнэ үү.

  2. Сургаал ба Гэрээ 93:36-г үзнэ үү.

  3. 1 Коринт 15:22-ыг үзнэ үү.

  4. Иохан 11:25-ыг үзнэ үү.

  5. Мормон 3:20-ыг үзнэ үү.

  6. Иохан 14:2; Иосеф Смитийн орчуулга, 1 Коринт 15:40 (in 1 Коринт 15:40, зүүлт тайлбар a); Сургаал ба Гэрээ 76:89–98; 131:1-ийг үзнэ үү.

  7. Даллин Х.Өүкс, “Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр,” Лиахона, 2022 оны 5-р сар, 101.

  8. Алма 12:24; 34:32-ыг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 88:22–24-ийг үзнэ үү.

  10. Aбрахам 3:26

  11. Энэ бол Их Эзэн эртний америкийн оршин суугчдад хандан ярихдаа заасан зүйл юм. Өөрийгөө танилцуулсныхаа дараа мөн Өөрийг нь сонсож буй хүмүүст тэдний хэн гэдгийг Аврагч ийнхүү хэлсэн. “Мөн болгоогтун, та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; гэрээнийх болой та нар” (3 Нифай 20:25–25-ыг үзнэ үү). Энэ тодорхой үнэнүүд Библийн цаг үед ч мөн тунхаглагдаж байсан (Үйлс 3:25-ыг үзнэ үү).

  12. Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал, 58.

  13. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд та нар уриагаа хэлэхдээ “Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай” мөн “Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надад зориулсан ажил бий” хэмээн тус тус эхэлдэг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 11.1.2, 10.1.2, ChurchofJesusChrist.org).

  14. Адам 930 насандаа таалал төгссөн (Эхлэл 5:5-ыг үзнэ үү); Ноа 950 насандаа таалал төгссөн (Эхлэл 9:29-ийг үзнэ үү).

  15. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Орсон Хайд (1875–1878) “бид энэ эгэл ертөнцөд ойлгож ухаарснаас илүүг [дэлхийн өмнөх амьдралд] ойлгож ухаарсан” гэж хэлжээ. Тэрээр бидний тэнд өгсөн амлалтыг таамаглахдаа, “Бид тэрхүү тухгуудыг өөрсдийн гараар бичсэн байх нь боломжгүй зүйл биш юм. Тэдгээр нь тэнгэрт архивлагдаж, бидний үхлээс босож ирэхэд танилцуулагдах ба бид тэдгээр номнуудад бичигдсэн зүйлсийн дагуу, өөрсдийн үгүүдийнхээ дагуу шүүгдэх болно” гэжээ (“Remarks,” Deseret News, Dec. 21, 1859, 322).

  16. Ром 8:17

  17. Иохан 16:33; Сургаал ба Гэрээ 50:41-ийг үзнэ үү.

  18. Алма 7:14

  19. Их Эзэн Нифайг Лебений гараас чөлөөлсний адил биднийг ч мөн чөлөөлөх хүчтэй (1 Нифай 4:3-ыг үзнэ үү).

  20. Лук 4:18; Алма 7:10–12-ыг үзнэ үү.

  21. Moсе 1:39

  22. Бурханы гэрээт хүмүүст хандан хэлдэг хайр гэдэг үгийг Хуучин Гэрээний еврей хэлээр hesed гэж хэлдэг.

  23. Дуулал 116:15-ыг үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээ 121:28

  25. Алма Aлма 43:45-ыг үзнэ үү. “Учир нь тэд эзэрхийллийн хийгээд эрх мэдлийн төлөө тулалдаагүй, харин гэр орон мөн эрх чөлөөнийхөө, эхнэр хийгээд хүүхдүүдийнхээ төлөө мөн байгаа бүгдийнхээ төлөө, тийм ээ, шүтэн бишрэх эрх мөн сүмийнхээ төлөө тулалдсан юм.”