2021
Хөл бөмбөг ба хүндэтгэлийн өдөр
2021 оны 5, 6-р сар


Хөл бөмбөг ба хүндэтгэлийн өдөр

Энэ түүх Гондураст болсон юм.

“Бямба гараг бол онцгой өдөр. Энэ нь бидний ням гарагт бэлдэх өдөр (Children’s Songbook, 196).

Самуелын бямба гараг түүний ням гарагт саад болов.

Зураг
father and son watching sports together

Самуел бямба гарагт ялангуяа аавтайгаа зурагт үзэх дуртай байлаа. Аав нь долоо хоногийн туршид их ажилладаг байв. Гэвч бямба гарагт ээж нь pastelitos de piña (хан боргоцойтой нарийн боов) хийж, тэд бүгдээрээ зурагт үзжээ.

Нэгэн бямба гаргийн орой тэд partido de fútbol (хөл бөмбөгийн тоглолт) үзэхээр шийдэв. Гэвч тоглолт оройтож эхэлснээс гадна олон цаг үргэлжлэх шинжтэй байлаа. Эхний хагас тоглолт өндөрлөхөд онооны харьцаа 0:0 байв. Самуелын хувьд үргэлжлүүлэн үзмээр байсан. Гэвч эвшээхээ больж чадахгүй байлаа.

“Унтах цаг боллоо, Самуелито” гэж ээж нь аяархан хэлэв. “Маргааш сүм дээр сэргэг байхын тулд чи жаахан унтах хэрэгтэй.”

“Гэхдээ ээж ээ” гэснээ, Самуел “Энэ бол Гондурасын шилдэг хоёр баг!” гэв.

Аав нь цаг харснаа, “За за. Чи үзэж болно. Гэхдээ маргааш цагтаа босох хэрэгтэй шүү” гэлээ.

Тоглолт хоёрдугаар хагаст бүр ч сонирхолтой болов. Самуел харин ч бүр сэргэчихэж! Тэр аавтайгаа хоёулаа баяртай байлаа. Эхлээд булангийн цохилт хийв. Дараа нь хаалгач амжилттай хамгаалав. Эхлээд нэг баг, дараа нь нөгөө баг оноо авав. Самуелыг мэдээгүй байхад тоглолт дууссан байлаа. Тоглолт 1:1 харьцаатай дуусав.

Самуел маргааш өглөө нь маш их ядарснаас болж орноосоо ч босож чадахгүй байлаа. Гэвч тэр сүмдээ явах нь чухал гэдгийг мэдэж байв.

Ариун ёслолын үеэр Самуел нойрмоглож эхэлжээ. Толгой нь дохилзсоор. Ээж нь түүнийг сэрээхийн тулд тохойгоороо нударч байв. Гэвч тэр маш их ядарсан байсан тул үг хэлж буй хүмүүст анхаарлаа хандуулж чадсангүй. “Чиний бямба гараг ням гарагт чинь саад болж байна гэж би бодож байна” гэж аав нь хэлэв.

Хүүхдийн хэсэгт Самуелын багш Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах тухай ярьжээ. Тэрээр ням гаргийг онцгой болгохын тулд хүүхдүүд юу хийж чадахыг асуув. Самуел минут хэртэй бодлоо. Дараа нь тэр “Бямба гарагт цагтаа орондоо орж байгаарай” гэв.

Самуел сүмээ тараад гэртээ харих замдаа ээж, аав хоёртойгоо ярилцав. “Өчигдөр орой тэмцээн үзээд сайхан байсан шүү” гэж Самуел хэллээ. “Гэхдээ би орондоо эрт орох ёстой байсан байна лээ. Бид ням гарагт бэлдэхийн тулд бямба гаргийн зарим хэсгийг ашиглах ёстой гэж би бодож байна.”

“Би чамтай санал нэг байна” гэж аав нь хэлжээ.

Ээж нь ч бас толгой дохин, “Би ч гэсэн” гэлээ.

Дараагийн бямба гарагт зурагтаар өөр нэгэн тэмцээнийг үзүүлж байв.

“Бид өнөө орой юу хийх вэ?” гэж аав нь асуув. “Тэмцээн дахиад л оройтох нь дээ.”

“Бид оронд нь кино үзэж болно шүү дээ” гэж ээж нь хэллээ.

“Эсвэл бид гадуур алхаж болох юм” гэж Самуел нэмж хэлэв.

“Чи бидэнтэй хамт алхах уу?” гэж аав нь ээжээс нь асуув.

Ээж нь “Тэгэлгүй яахав. Гэр бүлээрээ хамт байна гэдэг хэчнээн сайхан билээ” гэлээ.

“Гэртээ ирсний дараа бид бүгдээрээ сайн унтаж чадна. Тэгээд бид ням гарагт бэлэн байх болно!” гэж Самуел хэлэв.

Зураг
May 2021 Friend

Хэвлэх