2023
Саяида хэрхэн зоригтой болсон тухай
2023 оны 1-р сар


Саяида хэрхэн зоригтой болсон тухай

Саяида ангийнхантайгаа ярихаас маш их айж байв.

Girl standing at the front of a classroom

Тэр гүнзгий амьсгаа аваад шинэ ангидаа орлоо. Энэ бол түүний 4-р ангид орсон анхны өдөр байв.

Өнгөрсөн жил Саяида 2-р ангиа төгссөн. Тэр маш сайн сурсан тул сургууль нь түүнийг 3-р ангиа алгасахыг зөвшөөрчээ. Саяида 4-р ангид ороод математикийн илүү хүнд бодлогуудыг бодож, илүү олон ном унших болсондоо баяртай байсан ч ижилдэн дассан найзуудаа орхих болсон нь түүнд гунигтай санагдаж байлаа.

Ангийнхнаа тойруулан хараад тэр өөрийгөө өчүүхэн мэт мэдрэв. Шинэ ангийнхан нь бүгд түүнээс том бас өндөр харагдаж байв. Энэ түүний байх ёстой газар биш бол яах вэ?

Тэр нэг ширээ сонгоод суулаа. Нэгэн өндөр охин түүний хажууд суув. Саяидаг “Сайн уу?” гэхэд өнөөх охин

“Чи энд юу хийж байгаа юм бэ? Би чамайг гуравдугаар ангид орох ёстой гэж бодсон” гэв.

Саяида “Сургууль намайг нэг анги ахиулсан юм” гэж сандран хариулав.

Охин царайгаа бараалган “За, чиний хэр ухаантай байх чинь надад хамаагүй. Чи бяцхан хэвээрээ байна” гэлээ.

Саяидад үнэхээр хэцүү санагдав. Долоо хоногийн турш Саяида ангийнхантайгаа ярихаас маш их айж байлаа. Тэр хэн нэгний инээх, шивнэхийг сонсох бүрдээ хөмсөг зангидна. Тэд магадгүй түүний талаар муу зүйл ярьж байсан байх.

Бүх зүйлийг арайхийн тэсэж байтал математикийн шалгалтын материалыг буцааж тараав. Оноогоо харах мөчид тэр уйлахыг хүсэв. Математик бол түүний дуртай хичээл байсан. Тэр өмнө нь шалгалтад хэзээ ч ийм бага оноо авч байгаагүй.

Гэртээ ирээд Саяида нулимсаа барьж дийлсэнгүй. “Надад найз байхгүй. Би 4-р ангид сурах ёсгүй юм байна. Би тэнд сурах хэмжээний ухаалаг биш” гэж тэр аав, ээждээ хэлэв.

“Хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чи бол ухаантай. Бас чи суралцсаар л байгаа шүү дээ” гэж ээж нь түүнийг аргадав.

Саяида нүүрээ арчаад “Би үүний оронд 3-р ангидаа ормоор байна” гэв.

Аав нь хэсэг зуур чимээгүй байснаа “Чи санваарын адислал авмаар байна уу?” хэмээн асуулаа.

Саяида толгой дохив. Магадгүй аавынх нь адислал түүнд тайвшрахад туслах байх.

Саяидаг сандал дээр суухад аав нь түүний толгой дээр гараа тавиад

“Би чамайг айж түгшихгүй байхаар адисалж байна. Мөн шинэ ангийнхаа хүүхдүүдийг хайрлахаар адисалж байна. Чамайг таньж мэдэхийн хэрээр тэд ч бас чамайг хайрлах болно” гэж адислав.

Father giving daughter a priesthood blessing

Саяида дотроо тайван мэдрэмж мэдрэв. Аавынх нь хэлсэн үг Тэнгэрлэг Эцэгийн түүнд хэлэхийг хүссэн үг мөн гэдгийг тэр мэдэрчээ.

Түүнийг адислал авсны дараа ээж нь түүнд математикийн бодлогоо бодоход нь туслав. Удалгүй түүний сэтгэл санаа дээрдэв.

Маргааш нь сургууль дээрээ Саяида адислалаа санаж, зоригтой байхыг хичээв. Тэр ангийнхан руугаа инээмсэглэв. Хайраа харуулснаар тэднээс айх нь багасжээ! Тэдний зарим нь бүр үнэхээр сайхан харилцаж байв. Сурахын тулд Саяида шаргуу хөдөлмөрлөсөн бөгөөд удалгүй түүний дүн ч сайжирлаа.

Хичээлийн жил дуусахад Саяида олон найзтай болсон байв. Тэнгэрлэг Эцэг түүнийг зоригтой байхад тусалсанд тэр баяртай байв. Мөн өөрт нь туслах санваарын хүчний адислалыг үргэлж авах боломжтой байдагтаа талархалтай байлаа.

Page from the January 2023 Friend Magazine. How Siedeh Became Brave

Зураг чимэглэлийг Сюзан Кийтэр