Дэндүү шуугиантай байлаа!
Бүх юм дэндүү чимээ шуугиантай байлаа! Хаанаас амар амгаланг олох юм бэ?
Лук санаа алдав. Бүх юм дэндүү чимээ шуугиантай байлаа! Түүний ах Тадд, Жон хоёр дахиад л маргалдав. Хаалга нь хаалттай байхад ч тэдний хашхиралдаж байгааг доод давхраас сонсож болохоор байлаа. Түүний эгч Лиззи хөгжмөө дахиад л чангалав. Түс. Түс. Түс. Нүргэлсэн хөгжмийн цохилтууд гэрээр дүүрэн сонсогдож байв.
Тэр ах нараасаа болихыг хүссэн ч, Тадд түүнд “явж үз” гэж хэлжээ. Дараа нь Лиззигээс хөгжмөө суллахыг гуйсан ч тэр дууг нь улам чангалав.
Лук юм бодохын тулд гадагшаа гарахыг хүссэн боловч гадаа бороо орж байлаа.
Азаар Лукт очиж болох нэг чимээгүй газар байв. Өчигдөрхөн ээж, аав хоёр нь түүнд зориулан өрөө гаргаж өгсөн ба тэр Тадд, Жон хоёртой нэг өрөөнд байх шаардлагагүй болсон юм. Өрөө нь зоорины давхарт, нэг ор, ширээ тавих л зайтай хэдий ч Лук хаалгаа хаагаад чимээ шуугианаас холдож чадахаар байв.
Лук доошоо бууж шинэ өрөөндөө орлоо. Түүнийг өмнө нь буулгаж авчирсан хайрцгуудаа харж байтал нэг хайрцгаас Есүсийн зураг цухуйж байв. Лук энэ зургийг баптисм хүртсэн өдрөө бэлгэнд авчээ. Энэ зураг түүнд үргэлж амар амгаланг мэдрүүлдэг байлаа.
Лук зургийг хайрцгаас гаргаж аваад ширээн дээр тавив. Тэгээд тэр өвдөг сөгдөн “Тэнгэрлэг Эцэг минь, энд заримдаа дэндүү чимээ шуугиантай байх юм. Амар амгаланг мэдрэхэд надад туслаач” гэж залбирав.
Лук орон дээрээ гарч хэвтээд Есүсийн тухай бодлоо. Тэр Хүүхдийн хэсэг дээрээ Есүс өөртэй нь үргэлж ойр байж, Ариун Сүнс үргэлж амар амгаланг авчирч чадна гэдгийг сурчээ.
Аав, ээж нь ажлаасаа тараад ирэх цаг дөхөж байв. Тэд Тадд, Жон хоёртой ярилцаж тэдний маргаан зогсоно. Гэхдээ түр зуур л. Тэд бас Лиззитэй ярьж тэр хөгжмөө суллана. Бас л түр зуур буюу аав, ээж хоёрыг ажилдаа явах хүртэл л.
Лук орон дээрээ хэвтээд Есүсийн зургийг харав. “Тэнгэрлэг Эцэг минь, гуйя. Энэ гэрт юу ч болж байсан надад амар амгаланг мэдрэхэд туслаач” хэмээн Лук шивнэв.
Төдөлгүй хэн нэгэн хаалгыг нь тогшив. “Орж болох уу? Чи хэр байна даа?” гэж асуусаар ээж нь орж ирлээ.
“Тадд, Жон хоёр дахиад л муудалцсан. Лиззи хөгжмөө чангалсан” гэж тэр хариулав.
“Харин тийм ээ. Хэцүү байгаа биз дээ? Аав нь хоёр ахтай нь ярилцаж байгаа. Би бас Лиззитэй өнөө орой ярилцана аа. Гэхдээ эхлээд чамайг ямар байгааг асуухаар ирсэн юм” гэж ээж нь хэлэв.
Лукийг “Би зүгээр ээ. Би ийм өрөөтэй болсондоо баяртай байна” гэхэд ээж нь
“Би ч бас адилхан” гэв. “Чамайг Есүсийн зургийг ширээн дээрээ тавьсныг харлаа” гэж ээжийгээ хэлэхэд
Лук инээмсэглээд, “Тийм ээ. Тэр миний өрөөг амар амгалангийн газар болгоход туслах болно” гэж хариулав.