2010–2019
Хоньчин заяа
2018 оны 10-р сар


2:3

Хоньчин бодгалиуд

Аврагч бидэнд хийхийг тушаасан учраас бид бусдыг хайрлан гараа сунгадаг.

Саяхан намайг найзтайгаа ярьж суутал тэрээр дөнгөж баптисм хүртсэн Сүмийн шинэхэн гишүүн залуу байхдаа түүнд гэнэт яагаад ч юм тойрогтоо байх аргагүй болсон мэт санагддаг болсон талаараа хэлсэн юм. Сайн мэдээ заасан номлогчид нь өөр тийшээ шилжин явсан тул түүнд зах хязгаарт хаягдсан мэт санагдаж байжээ. Тойрогт нь найз нөхөд байгаагүйгээс тэр хуучин найзуудтайгаа уулзалдах болсон ба сүмд ирэхээс нь холдуулах үйл ажиллагаануудад оролцож, бүр цаашлаад сүргээсээ төөрч эхлэв. Тойргийнх нь нэг гишүүн түүнд тохинууллын гараа сунган, чин сэтгэлээсээ бүгдэд тохирох аргаар түүнийг эргэж ирэхэд урьсанд нь хэчнээн их талархаж явдгаа ярихдаа түүний нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Хэдхэн сарын дотор тэр сүргийнхээ аюулгүй орчинд эргэн ирсэн төдийгүй өөрийгөө болон бусдыг хүчирхэгжүүлсэн юм. Миний ард суугаа Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ залуу болох ахлагч Карлос А.Годойгийн араас явсан Бразилийн хоньчинд бид талархахгүй байж чадна гэж үү?

Багахан хичээл зүтгэл хүртэл хэрхэн мөнхийн үр дагавартай байгаа нь гайхалтай биш гэж үү? Энэхүү үнэн байдал бол Сүмийн тохинууллын хүчин чармайлтын гол цөм юм. Тэнгэрлэг Эцэг бидний өдөр тутмын энгийн хичээл зүтгэлийг ямар нэгэн гайхамшиг болгон хувиргадаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн бидний нэг нэгнээ халамжилдаг арга замд чухал өөрчлөлтийг хийлээ” хэмээн зарлаж, “бид илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг танилцуулах гэж байна. Бид энэ ажлыг энгийнээр ‘тохинуулал’ гэж нэрлэх болно” гэж тайлбарласнаас хойш зургаан сар өнгөрчээ.

Мөн ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг бол Бурханы хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт үргэлж байх болно. Энэ нь Их Эзэний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар Түүний хийсний адил тэрхүү нэгэнд тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно” хэмээн тайлбарласан.

Энэ мэдэгдэл гарснаас хойших та нарын хариу үйлдэл итгэмээргүй байлаа! Амьд бошиглогчдын удирдан чиглүүлсний дагуу бид дэлхийн бараг бүх гадаснаас эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлсэн тухай агуу амжилтын тайланг хүлээн авсаар байна. Жишээлбэл, тохинуулагч ах, эгч нарыг залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг оролцуулан хамтрал болгон зохион байгуулж, гэр бүлүүдэд томилсон төдийгүй тохинууллын ярилцлагууд хийгджээ.

“Сайн мэдээг гэр оронд заах болон Сүм дээр заах хоёрын хоорондын холбоо болон тэдгээрийг тэнцвэржүүлэх” хэмээх өчигдрийн илчлэлтийн зарлал мөн үүнээс зургаан сарын өмнө өгөгдсөн “тохинууллын” талаарх илчлэлтийн зарлал хоёр тохиолдлын зүйл биш юм. Нэгдүгээр сараас эхлэн, Сүмийн шүтлэг бишрэлдээ нэг цаг бага зарцуулснаар тохинуулах үед суралцсан бүхий л зүйл маань гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт гэр оронд төвлөрсөн Хүндэтгэлийн өдрийг илүү өндөр түвшинд илүү ариунаар сахихад гардаг тэрхүү хоосон орон зайг маань тэнцвэржүүлэхэд туслах болно.

Бид зохион байгуулалтын бүтцийн талаар асууж лавлахаас гадна “Бид Их Эзэний арга замаар тохинуулж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Бид Сайн Хоньчинд Түүний хүлээж байсан арга замаар тусалж байна уу?” гэсэн асуултыг тавьж болох юм.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингтай хийсэн саяхны нэг ярилцлага дээр тэрээр гэгээнтнүүдийг эдгээр гайхамшигтай өөрчлөлтөд дасан зохицож байгааг сайшаасан ч тохинуулах нь “зүгээр л эелдэг” байхаас илүү зүйл гэдгийг гишүүд ойлгож байгаа гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байгаагаа бас илэрхийлсэн. Үүгээр эелдэг байх нь үл нийцнэ гэж хэлж байгаа юм биш шүү. Харин ч тохинууллын үнэн сүнсийг ойлгодог хүмүүс зүгээр нэг эелдэг байхаас хавьгүй ихийг үйлдэх ёстойг ухамсарладаг юм. Их Эзэний арга замаар үйлдвэл сайн сайхны төлөөх алсыг харсан тохинууллын нөлөө ахлагч Годойд тохиолдсон шиг мөнхөд долгиолж болно.

“Аврагч … хайраар үйлчилж байхдаа тохинуулал гэж юу болохыг Өөрийн үлгэр жишээгээр харуулсан. Тэрээр эргэн тойрондоо байгаа … тэдэнд зааж сурган, тэдний төлөө залбирч, тэднийг тайтгаруулж, бүх хүнийг Өөрийг нь дагахад урьж байсан. Сүмийн гишүүд [илүү өндөр, илүү ариун замаар] тохинуулахдаа Аврагчтай адил … “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл[ж],” “гишүүн бүрийн гэрээр айлчил[ж],” Есүс Христийн жинхэнэ шавь болоход нь туслахын тулд залбирч, үйлчлэхийг эрэлхийлдэг.”

Жинхэнэ хоньчин хоньдоо хайрладаг, нэг бүрчлэн нэрээр нь мэддэг бөгөөд тэдэнд “хувьчлан сонирхож ханддаг” гэдгийг бид сайн ойлгож байна.

Ууланд бэлчиж буй хоньд

Олон жил найзалсан анд маань Роки Маунтэйний дов толгод ихтэй газарт мал сүрэг, хонь хариулах хүнд хэцүү ажил хийдэг малын фермийн эзэн байв. Нэг удаа тэрээр хонь өсгөхтэй холбоотой бэрхшээл, аюулын тухай надтай хуваалцсан юм. Уулын өргөн уудам бэлчээрийн дийлэнх хэсэгт цас хайлсан хаврын эхэн үед ойролцоогоор хоёр мянган хонь бүхий сүргээ бэлчээрлүүлэхээр ууланд аваачдаг тухайгаа тэрээр дүрслэн хэлсэн юм. Тэндээ тэрээр намрын сүүл үе хүртэл буюу зуслангаасаа говьд байдаг өвөлжөө рүүгээ нүүх хүртлээ хонио малладаг байжээ. Нар мандахаас өмнө сэрж, шөнийн харанхуйд ажлаа дуусгаж, өглөө эртээс шөнө дүл хүртэл ийм том хонин сүргийг хариулах нь ямар хэцүү болохыг тэрээр дүрслэн өгүүлсэн юм. Тэр үүнийг ганцаараа хийх боломжгүй байв.

Хоньдтой малч гараар хандах нь

Туршлагатай хоньчид өөрсдийнх нь эрдэм ухаанаас суралцдаг залуустай хамт сүргийг хариулахад нь түүнд тусалдаг байжээ. Тэр бас хоёр хөгшин морь, сургаж байгаа хоёр даага, хоёр хөгшин хоточ нохой мөн хоёр, гурван гөлөгнүүдэд найдна. Зуны турш манай найз хоньдынхоо хамт салхи шуурга, аадар бороо, өвчин зовлон, бэртэл гэмтэл, ган гачиг гээд бараг төсөөлж болох бүхий л бэрхшээлтэй тулгардаг байв. Зарим зун тэд хоньдоо амьд авч гарахын тулд зунжин ус зөөх хэрэгтэй болдог байж. Тэгээд жил болгон намрын адгаар, өвөл хаяанд ирэх үед хоньдоо уулнаас буулган тоолоход 200 гаруй нь алга болсон байдаг байжээ.

Хонио хариулах нь
Хонин сүрэг

Хавар эрт ууланд аваачсан 2000 хонь бүхий сүрэг нь намрын сүүл гэхэд 1800 болтлоо цөөрсөн байдаг байв. Алга болсон хоньдын ихэнх нь өвчин эмгэгээр юм уу жам ёсоороо үхдэггүй, харин уулын арслан, цөөвөр чоно зэрэг махчин амьтдад бариулж үхсэн байдаг байж. Эдгээр махчин амьтан ихэнхдээ хоньчдынхоо хараа хяналтаас гарч, сүргээсээ салж төөрсөн хургануудыг барьдаг байв. Миний дөнгөж сая дүрслэн хэлсэн зүйлийг сүнслэг байдлын хувьд та нар ганц хором бодоод үз дээ. Хоньчин нь хэн бэ? Сүрэг нь хэн бэ? Хоньчинд тусалдаг тэдгээр хүн нь хэн бэ?

Сайн Хоньчин

Их Эзэн Есүс Христ “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд … Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө” хэмээн хэлсэн.

Есүс хоньдоо тэжээдэг

Бошиглогч Нифай үүний адил Есүс бол “өөрийн хоньдыг тэжээж, мөн түүнд бэлчээрийг тэд олох болно хэмээн заасан. “ЭЗЭН бол миний хоньчин” бөгөөд Тэрээр хүн тус бүрийг маань мэдэж, халамжиндаа байлгадаг гэдгийг би олж мэдсэнээр амар амгаланг мэдэрдэг. Биднийг салхи шуурга, аадар бороо, өвчин зовлон, осол гэмтэл, ган гачигтай нүүр тулахад бидний Хоньчин—Их Эзэн бидэнд тохинуулах болно. Тэр бидний сүнсийг сэргээн босгоно.

Найз маань хөгшин, залуу малчид, морьд, хоточ нохдын тусламжтайгаар хоньдоо хариулдаг байсантай адил арга замаар Их Эзэнд ч бас Өөрийн сүрэг дэх хонийг халамжлах хүч сорьсон ажилд нь тусламж шаардагддаг.

Есүс Христ тохинуулдаг

Хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд мөн Түүний сүрэг дэх хоньдын хувьд бид тус бүрдээ Есүс Христийн тохинууллыг хүлээн авч адислагддаг. Үүнтэй зэрэгцэн бид өөрсдийнхөө эргэн тойрны хүмүүсийн хоньчин болж, тэдэнд тохинууллын тусламж үзүүлэх үүрэг хариуцлагатай. Бид “мөн чи надад үйлчилж мөн миний нэрээр явах болно, мөн миний хонийг нэгтгэн цуглуулах болно” хэмээсэн Их Эзэний үгэнд анхаарал хандуулдаг.

Хоньчин нь хэн бэ? Бурханы хаант улсын бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр хоньчин юм. Үүнд дуудлага шаардлагагүй. Баптисмын усанд булхуулан гарч ирсэн мөчөөс эхлэн бид энэ ажлыг хийх үүрэг хүлээдэг. Аврагч бидэнд хийхийг тушаасан учраас бид бусдыг хайрлан гараа сунгадаг. Алма “Учир нь та нарын дунд чононууд орж мөн сүргийг нь цөлмөхгүйн тулд олон хоньтой ч тэднийгээ хариулдаггүй ямар хоньчин байх билээ? … Тэрээр түүнийг хөөхгүй гэж үү?” хэмээн онцолсон. Хөршүүд маань материаллаг юм уу сүнслэг байдлаараа зовлонд унах бүрд бид тэдэнд туслахаар яардаг. Бид нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцдэг. Бид гашуудах тэдний хамт гашууддаг. Бид тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг. Их Эзэн хайрлах сэтгэлээр үүнийг биднээс хүлээдэг. Түүнчлэн Тэр биднээс Өөрийнх нь сүргийг халамжилж, тохинуулсан эсэхэд хариуцлага асуух цаг ирэх болно.

Хоньчин найз маань хонио бэлчээрт манаж байхад тохиолддог өөр нэгэн маш чухал хэсгийг хуваалцсан. Төөрсөн хоньд махчин амьтдын аюулд өртөмтгий байдгийг тэрээр цааш дүрслэн өгүүлсэн юм. Үнэндээ тэр өөрийн болон багийнхаа бүхий л цаг завын 15 хувийг төөрсөн хоньдоо олоход зориулдаг байв. Төөрсөн хонийг сүргээсээ хэт холдохоос нь өмнө амжиж аль болох хурдан олбол аюулд өртөх нь бага байдаг байжээ. Алдагдсан хонийг хайж олоход маш их тэвчээр, сахилга бат шаардагддаг байв.

Хэдэн жилийн өмнө би орон нутгийн нэг сониноос сонирхлыг маань маш их татсан нэгэн нийтлэлийг олж уншсан ба бүр хадгалаад авчихсан байгаа. Эхний нүүрэн дэх гарчиг нь, “Determined Dog Won’t Abandon Lost Sheep (Шийдэмгий нохой төөрсөн хонийг орхиж хаяхгүй)” гэсэн байв. Нийтлэл дээр найзын маань эдлэнгээс холгүйхэн үйл ажиллагаа явуулдаг фермийн цөөн тооны хонь яагаад ч юм зусландаа үлдсэнийг өгүүлсэн байлаа. Хоёр юм уу гурван сарын дараа уг хоньд хашигдаж, ууланд цасанд боогдчихсон байжээ. Хоньдыг ард хоцроход, тэднийг харж хандан, хамгаалах үүрэгтэй хоточ нохой тэдэнтэй үлддэг байв. Тэр харж хандахаа огт болиогүй. Тэрээр төөрсөн хоньдыг хүйтэн, цастай улиралд хэдэн сарын турш эргэж тойрон, цөөвөр чоно, уулын арслан юм уу бусад махчин амьтныг хонинд аюул учруулахаас сэргийлж, хамгаалахаар үлддэг байв. Тэрээр хоньдыг эргүүлэн тууж, хоньчинд нь хүргэж өгөн, сүрэгт нь аюулгүй нийлүүлэх боломжтой болтол тэндээ сахидаг байсан. Энэ нийтлэлийн нүүр хуудсан дээрх дүр зураг хоточ нохойн нүдээр нохойн өнцгөөс харах боломжийг олгодог.

Хоточ нохойн нүдээр, нохойн өнцгөөс дүр зургийг харах нь

Шинэ Гэрээнээс бидний хоньчин байх, ах эгч нартаа тохинуулах болон төөрсөн хоньдын төлөө хүлээх үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг харуулсан Аврагчийн сургаалт үлгэр, зааврыг бид олж уншдаг.

“Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?

Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн,

гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.

Бид энэхүү сургаалт үлгэр дээр гардаг сургамжийг нэгтгэн дүгнэвэл дараах үнэ цэнтэй зөвлөгөөг олж мэднэ.

  1. Бид төөрсөн хонийг олж тогтоох ёстой.

  2. Бид тэднийг олтлоо араас нь эрж хайна.

  3. Бид тэднийг олоод, гэрт нь аваачихын тулд мөрөн дээрээ үүрэх ч хэрэг гарч мэднэ.

  4. Бид тэднийг эргэж ирэхэд найз нөхдөөр хүрээлүүлнэ.

Ах, эгч нар аа, төөрсөн хоньдод тохинуулснаар бидний хамгийн агуу сорилт болон шагналууд ирж болно. Мормоны Номон дээр Сүмийн гишүүд “өөрсдийн хүмүүсийг харж хандсан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарсан болой.” Бид тэдний үлгэр жишээг даган, тохинуулал нь “Сүнсээр удирдуулсан, уян хатан бөгөөд гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн” байна гэдгийг санаж чадна. Мөн бид “хувь хүн, гэр бүлүүдэд дараагийн ёслолдоо бэлдэх, байгуулсан гэрээгээ сахих, бие даах чадвартай болоход нь туслахыг эрэлхийлэх нь” чухал юм.

Тэнгэрлэг Эцэгийн хувьд бодгаль бүр үнэ цэнтэй билээ. Энэ нь Түүний ажил мөн алдар суу учраас тохинуулах хувийн урилга нь Түүнд хамгийн үнэ цэнтэй бөгөөд чухал юм. Энэ бол шууд утгаараа мөнхийн ажил. Бурхан Эцэгийн хүүхэд бүр Түүний мэлмийн өмнө хэмжээлшгүй их чадамжтай. Тэрээр таны ойлгож үл чадах хайраар таныг хайрладаг. Итгэлтэй хоточ нохойн адил Их Эзэн уулан дээр үлдээд, салхи шуурга, аадар бороо, цас болон өөр илүү их зүйлийн турш таныг хамгаална.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүүлийн чуулган дээр бидэнд: “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм” хэмээн заасан.

Сүнснүүдийг ариун сүм рүү, цаашлаад Аврагч Есүс Христ рүү удирдан чиглүүлэхийн тулд энэхүү бошиглолын алсын хараа тийш харцаа сунгая. Тэр биднээс гайхамшгуудыг гүйцэлдүүлэхийг хүлээдэггүй. Түүнд сүнсийг гэтэлгэх хүч байдаг тул Тэрээр ах дүүсээ Өөрт нь авчрахыг л биднээс хүсдэг. Бид ийнхүү үйлдсэнээр “Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна” гэсэн амлалтыг бат хамгаалж чадна. Би үүнийг мөн Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд бидний Гэтэлгэгч гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.