Ерөнхий чуулган
Түүнтэй адил болох нь
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:21

Түүнтэй адил болох нь

Гагцхүү Түүний тэнгэрлэг тусламжтайгаар бид бүхэн Түүнтэй адил болох замд урагшилж чаддаг.

Есүс Христийн амьдрал, тохинууллыг сайтар дагадаг байсан ч Аврагчийн “бүр миний адил” 1 бай гэсэн сануулга сүрдмээр, бүр боломжгүй мэт санагдаж болох юм. Магадгүй та нар над шиг байдаг болов уу? Өөрийн алдаа, дутагдлыг маш сайн мэддэг учир өсөж дээшилдэг ч үгүй, илүү болохыг ч шаарддаггүй тийм замыг дагах нь ямар ч хүндрэл бэрхшээлгүй, тухтай санагддаг байж магадгүй. “Ийм сургаал хэтэрхий бодит биш, жинхэнэ амьдралд таарахгүй” гэж бид өөрсдийгөө зөвтгөсөөр, амархан замыг сонгодог. Тэгээд бид өөрчлөгдөх хэрэгтэй байгаа шигээ өөрчлөгддөггүй.

Гэтэл “бүр [Түүний] адил” болно гэдэг нь одоогийн мөнх бус амьдралын үед ч гэсэн зүгээр нэг зүйрлэн хэлж байгаа зүйл биш байвал яах вэ? Энэ нь одоогийн амьдралын явцад ямар нэг хэмжээгээр хүрч болох зүйл төдийгүй, Түүн дээр дахин очиход зайлшгүй чухал нөхцөл байвал яах вэ? Аврагчийн “бүр миний адил” гэдэг үгс яг л илэрхийлж байгаа шигээ утгатай байвал яах вэ? Тэгвэл яах вэ? Бид өөрсдийн мөн чанарыг өөрчлөхийн тулд Түүний гайхамшигт хүч чадлыг өөрсдийн амьдралд урихын төлөө хэр хэмжээний хичээл зүтгэл гаргахад бэлэн байх бол?

Ахлагч Нийл А.Максвэлл “Бид Есүсээс Өөр шиг нь болох зарлиг хүлээж авсан гэдгээ тунгаан бодох үедээ өөрсдийн байгаа байдлыг ёс бус гэхээргүй боловч Түүний ажил хэргийн төлөө гаргах зүтгэл маань үнэхээр сул, урам зориггүй байгааг анзаарч хардаг. Түүний ажил хэрэг үнэндээ бидний ч ажил хэрэг билээ. Бид Түүнийг хэчнээн магтсан ч үлгэр жишээг нь дагахдаа маруухан байна” 2 гэж заасан. Чарльз М.Шэлдон гэдэг залуухан тохинуулагч үүнтэй төстэй санааг ийн илэрхийлжээ. “Христийн шүтлэг маань амар тайван, ая тухтай байхад дуртай болохоор загалмай шиг хүнд хэцүү зүйлийг өргөх дургүй.” 3

Үнэндээ, Есүс Христ Өөрийн Эцэг шиг болсны адилаар 4 бид бүгдийг бас Түүн шиг болохыг тушаасан. Бид өсөж хөгжих тусам улам боловсорч, төгөлдөржиж, улмаар бүрэн гүйцэд болж хөгждөг . 5 Энэ сургаал аль нэгэн шашны урсгалаас гарсан зүйл бус харин Эзэнээс Өөрөөс нь ирдэг. Бид ийм үзэл бодолтой амьдарч, хэлэх үгсээ цэгнэж мөн дотно хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулбал зохино. Харилцаанд үүссэн ан цав, нийгмийн тарж бутарсан байдлыг сэргээхэд Энх Амгалангийн Ханхүүг 6 даган дуурайх нь бидний хувьд цорын ганц арга зам билээ.

Есүс Христийн зан чанаруудыг эзэмшсэнээр Түүнтэй адил болох замаа хэрхэн бодолтой, шийдэмгий, хүсэлтэйгээр эхлэх талаар бүгдээрээ бодож үзэцгээе.

Шийдвэр гарга мөн үүрэг хүлээ

Хэдэн жилийн өмнө, эхнэр бид хоёр Япон улсын хамгийн өндөр уул болох Фүжи уул руу авирах замынхаа эхэнд зогсож байв. Өгсөж эхлэх үед орой нь нэлээн хол харагдаж, хүрч чадах болов уу гэж бодогдож байлаа.

Фүжи уул

Цаашлах тусам ядарч, булчин хөндүүрлэж, өндрийн нөлөө ч нөлөөлж эхлэв. Бидний хувьд дотроо зөвхөн дараагийн алхамдаа төвлөрөх нь л чухал болсон. Бид өөрсдөдөө “Орой дээр гарах хүртэл хол байгаа ч дараагийн алхмаа хийж чадна” гэж хэлж байлаа. Хэсэг хугацааны дараа энэ хүнд хэцүү даалгавар алхам алхмаар хэрэгжих боломжтой болсон юм.

Есүс Христтэй адил болох замын анхны алхам ийм хүсэлтэй байхаас эхэлнэ. Түүнтэй адил болох сануулгыг ойлгох нь сайн зүйл боловч энэ ойлголтоо эгэл хүнээ 7 алхам алхмаар өөрчлөх хүсэл тэмүүлэлтэйгээ нэгтгэх хэрэгтэй. Ийм хүсэлтэй болохын тулд бид Түүний хэн бэ гэдгийг мэдэх ёстой. Бид Христийн зан чанаруудыг тодорхой хэмжээгээр мэддэг байх ёстой 8 бөгөөд судар, шүтлэг бишрэлийн цуглаан болон өөр ариун газруудаас энэ зан чанаруудыг эрэлхийлэх ёстой. Бид Түүний тухай илүү ихийг мэдэж эхэлмэгц бусдаас Түүний зан чанаруудыг олж харах болно. Энэ нь биднийг аян замд маань урамшуулна. Учир нь бусад хүн Түүний зан чанарыг ямар нэг хэмжээгээр олж авч чадаж байхад бид ч бас олж авч чадна.

Хэрвээ бид өөрсдөдөө шударга хандах юм бол бидний дотор орших Христийн Гэрэл 9 бидэнд Христийн мөн чанар биднийхээс ямар хол болохыг шивнэх болно. 10 Хэрвээ бид Түүнтэй адил болох замдаа дэвшинэ гэвэл ийм үнэн шударга хандлага зайлшгүй хэрэгтэй. Үнэн шударга хандлага бол үнэхээр Түүний зан чанаруудын нэг мөн.

Циркийн нөлөөтэй толь

Зоригтой хүмүүс Есүс Христийн ямар зан чанар өөрт нь дутагдаж байгааг гэр бүлийн дотнын гишүүн, хань ижил, найз нөхрөөсөө эсвэл сүнслэг удирдагчаасаа асууж болно. Тэгээд хатуу хариулт сонсоход бэлэн бай! Заримдаа бид өөрсдийгөө харахдаа циркийн нөлөөтэй толиор бодит байдлаас илүү тарган эсвэл илүү туранхай болгож хардаг.

Итгэлтэй найз нөхөд эсвэл гэр бүлийнхэн маань бидэнд өөрсдийгөө илүү зөвөөр харахад тусалж чадах ч заримдаа хайрласандаа мөн туслахыг хичээсэндээ буруу харж байж бас болно. Иймээс биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгээсээ бидэнд юу хэрэгтэйг, хичээл зүтгэлээ юунд чиглүүлэхийг асууж лавлах нь зайлшгүй чухал. Тэрээр биднийг төгс хардаг бөгөөд хайрлах сэтгэлээр бидэнд сул дорой байдлыг маань харуулах болно. 11 Цөөн хэдийг дурдахад, магадгүй танд илүү их тэвчээр, даруу байдал, энэрэл, хайр, найдвар, хичээл зүтгэл эсвэл дуулгавартай байдал хэрэгтэй байж болох юм. 12

Саяхан Сүмийн нэгэн хайраар дүүрэн удирдагч надад тодорхой нэг зан чанараа илүү их хөгжүүлэх хэрэгтэй байгааг шулуухан хэлж билээ. Ингэснээр надад сүнслэг байдлаараа өсөх боломж олдсон. Тэрээр үүнийгээ огт тойруулалгүй ойлгуулсан. Орой нь би эхнэртээ юу болсон тухай хэлэв. Тэр түүний хэлсэнтэй санал нэг байсан ч зөөллөх гэж хичээж байлаа. Энэхүү зөвлөгөө хайрт Тэнгэрлэг Эцэгээс ирсэн гэдгийг Ариун Сүнс надад баталсан юм.

Миний сайн мэдээг номло удирдамжийн 6-р бүлэг дэх Христийн зан чанар гэдэг үйл ажиллагааг 13 дагаж хийх нь мөн тус болж болох юм.

Та өөрийгөө үнэн шударгаар харж, уул өөд авирах шийдвэр гаргасан л бол наманчлах хэрэгтэй болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог” 14 гэж хайраар заасан.

Есүс Христ шиг болох нь биднээс зүрх сэтгэл, оюун ухаанаа төдийгүй бүр мөн чанараа өөрчлөхийг шаардана. Энэ нь зөвхөн Есүс Христийн авралын ач ивээлээр л боломжтой болдог. 15

Тодорхойл мөн үйлд

Одоо та өөрчлөгдөх мөн наманчлах шийдвэрээ гаргачихлаа бас залбирлаар, үнэн шударгаар тунгаан өөрийгөө харснаар, магадгүй бусадтай зөвлөлдсөнөөр удирдамж эрэлхийллээ. Одоо та анхаарлаа төвлөрүүлж болох аль нэгэн зан чанарыг сонгох хэрэгтэй. Та үр дүнтэй хичээж зүтгэх үүрэг хүлээх хэрэгтэй болно. Ийм зан чанар амархан, гэнэт ирэхгүй боловч зүтгэх явцад Түүний ач ивээлээр дамжин аажмаар ирнэ.

Христийн зан чанарууд бол биднийг болон эргэн тойронд маань байгаа хүмүүсийг адислахын төлөө хайрт Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг бэлгүүд юм. Иймээс эдгээр зан чанарыг эзэмшихээр хичээл зүтгэл гаргах явцдаа Түүний тэнгэрлэг тусламжийг авахын тулд чин сэтгэлээсээ залбирах шаардлагатай. Хэрэв бид бусдад илүү сайн үйлчлэхийн тулд эдгээр бэлгийг эрэлхийлбэл Тэрээр бидний хичээл зүтгэлийг адислах болно. Аминч зорилгын төлөө Бурханы бэлгийг хайх нь урам хугарал, сэтгэл дундуур байдлаар дуусна.

Хэрэгтэй байгаа нэг зан чанар дээр анхаарлаа төвлөрүүлсний дараа тэрхүү зан чанарыг эзэмшиж эхлэхэд өөр зарим зан чанар нэгэн зэрэг нэмэгдэж эхэлж болох юм. Энэрэл дээр анхаарлаа гүн гүнзгий төвлөрүүлж байгаа хүнд хайр, даруу байдал нэмэгдэхгүй гэж үү? Дуулгавартай байхад төвлөрч байгаа хүн илүү их хичээнгүй байдал, найдварыг олохгүй гэж үү? Аль нэгэн зан чанарыг нэмэгдүүлэх хичээл зүтгэл тань боомтын зогсоол дээрх бүх усан онгоцыг дээшлүүлдэг ус нь болдог.

Бичиж ав мөн авч үлд

Түүнтэй адил болохыг чармайхдаа ямар туршлага олж авч, юу сурч байгаагаа бичиж авах нь миний хувьд лав чухал байдаг. Түүний зан чанаруудын нэг дээр илүү төвлөрч судлах юм бол судрууд надад шинээр нээгдэх шиг болдог. Тэрхүү зан чанарын жишээнүүд Түүний заасан зүйл, тохинуулал болон Түүний шавь нараас харагддаг юм. Миний нүд ч гэсэн тэрхүү зан чанарыг бусдаас олж харж, танихад илүү анхаардаг. Сүмийн дотор ч бас гадуур ч Христийн зан чанарыг үзүүлдэг олон сайхан хүнийг би олж харж байсан. Эдгээр нь Түүний хайраар дүүрэн ач ивээлээр дамжуулан жирийн хүмүүст ийм зан чанар харагдаж болдгийн агуу жишээ юм.

Та бодитой өсөж хөгжихийн тулд тасралтгүй зүтгэх хэрэгтэй болно. Ууланд авирахын тулд өмнө нь бэлдэх мөн авирах үедээ тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг шиг амьдралын энэхүү аян хичээл зүтгэл, золиос гаргахыг мөн адил шаардах болно. Христийн үнэн шашинтан байх гэдэг нь өөрсдийн Эзэнтэй адил болохыг хичээнэ гэсэн үг. Энэ нь биднээс байнга хамгийн сайнаараа хичээхийг шаарддаг. 16

Одоо би нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Түүнтэй адил бол гэсэн тушаал бол таныг гэм буруутай, зохисгүй эсвэл хайрлагдаагүй мэт санагдуулах ёстой зүйл биш. Мөнх бус байдлын туршлага маань өсөж хөгжих, оролдох, бүтэлгүйтэх, тэгээд амжилт олох үйл явц юм. Эхнэр бид хоёр нүдээ аниад, өөрсдийгөө уулын орой дээр илбэдүүлээд гаргачих юмсан гэж хэчнээн их хүссэн ч амьдрал тийм байдаггүй.

Та сайн хүн, та хайрлагддаг, гэхдээ энэ нь та бүрэн боловсорсон гэсэн үг биш. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч хийх ажил их байна. Гагцхүү Түүний тэнгэрлэг тусламжтайгаар л бид бүхэн Түүнтэй адил болох замд урагшилж чаддаг.

“Бүх зүйл үймээнд бай[ж] … мөн хүмүүний зүрх сэтгэл мохож [магадгүй] 17 байгаа энэ үед өгөх ганц хариу, хийх ганц эмчилгээ бол бүх хүн төрөлхтний Аврагч, 18 Гэтэлгэгч, 19 Ертөнцийн Гэрэлтэй 20 адил болохыг хичээх мөн “Зам бол Би” 21 хэмээн тунхагласан Тэр хүнийг эрэлхийлэх явдал мөн.

Гэтэлгэгч:

Түүний тэнгэрлэг тусламж, хүч чадлаар Түүнтэй адил болох нь алхам алхмаар хийгдэх боломжтой гэдгийг би мэднэ. Тийм бус аваас Тэрээр бидэнд ийм зарлигийг өгөхгүй байх байсан юм. 22 Би та нарын олонхоос Түүний зан чанаруудыг олж хардаг учраас үүнийг мэдэж байгаа юм. Би эдгээрийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. 3 Нифай 27:27. Аврагчийн сануулгуудтай холбоотой зүйлсийг үзнэ үү. Үүнд: Матай 5:48 (“Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай”); 1 Иохан 2:6 (“Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай”); Мозая 3:19 (“Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно”); Алма 5:14 (“Мөн эдүгээ болгоогтун, би та нараас асууя, сүмийн ах дүүс минь, та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу?”); 3 Нифай 12:48 (“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би”).

  2. Neal A. Maxwell, Even As I Am (1982), 16.

  3. Charles M. Sheldon, In His Steps (1979), 185.

  4. Сургаал ба Гэрээ 93:12–17-г үзнэ үү.

  5. Матай 5:48, зүүлт тайлбар б-г үзнэ үү.

  6. Исаиа 9:6; 2 Нифай 19:6-г үзнэ үү.

  7. 1 Коринт 2:14; Мозая 3:19-ийг үзнэ үү.

  8. Матай 7:23; 25:12; Мозая 26:24-ийг бас судар болгоны зүүлт тайлбарыг мөн Дэвид А.Бэднар, “Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97-г үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 93:2-ыг үзнэ үү.

  10. Moронай 7:12–19-ийг үзнэ үү.

  11. Ифер 12:27-г үзнэ үү.

  12. Preach My Gospel: A Guide to Missionary Service, rev. ed. (2019), chapter 6, “How Do I Develop Christlike Attributes?”-ийг үзнэ үү. Аврагчийн өөр олон зан чанарыг судар дээр өгүүлдэг. Хэдэн жишээг, тухайлбал Мозая 3:19; Алма 7:23; Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү.

  13. (Миний сайн мэдээг номло, 132-ыг үзнэ үү)

  14. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  15. Bible Dictionary, “Grace”; мөн Судруудын удирдамж, “Ач ивээл,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  16. Sheldon In His Steps, 246-г үзнэ үү. “Хэрэв Христэд итгэгч байна гэдэг нь зүгээр л шүтэн бишрэх боломжийг ашиглах, өөрсдөө юугаар ч дутахгүй байх, ая тухтай зүйлс болон хүмүүсээр хүрээлүүлэн амархан амьдрах, хүндлэл хүлээж амьдрах боловч дэлхийн гай зовлон, их нүглийг тэсэж чадалгүй зайлсхийх гэсэн утгатай байвал, хэрвээ Христийн шашин бидний хувьд ийм л утгатай байвал, төөрөлдсөн хүн төрөлхтний төлөө уйлж шаналан, нулимс асгаруулж, хөлс нь цусны дусал мэт газарт дусалсан Түүний; босоо загалмай дээрээс “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив” хэмээн хашхирсан Түүний араас дагахад бидэнд бүр хол байгаа нь лавтай.”

  17. Сургаал ба Гэрээ 88:91.

  18. Исаиа 43:3-ыг үзнэ үү.

  19. Иов 19:25-ыг үзнэ үү.

  20. Иохан 8:12-ыг үзнэ үү.

  21. Иохан 14:6.

  22. 1 Нифай 3:7-г үзнэ үү.