Ерөнхий чуулган
Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


16:24

Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав

Бэлтгэлээ базаасан, мөн Их Эзэний мутарт зэмсэг байхаар цаашид ч өөрсдийгөө үргэлжлүүлэн бэлдэх хүмүүсийн хувьд ирээдүй сүр жавхлантай байх болно.

Энэ үдэш мартагдашгүй сайхан болж байна. Хайрт эгч нар аа, миний хувьд энэ орой та нартай хамт байгаа маань нэр төрийн хэрэг юм. Өнгөрсөн хэдэн сарын турш та нар миний бодол санаанд байнга орж ирж байлаа. Та нар 8 саяас ч илүү хүчирхэг. Та нарт тоо хэмжээнээс гадна дэлхийг өөрчлөх сүнслэг хүч бий. Та нарын ийнхүү үйлдэхийг би энэхүү цар тахлын үеэр харсан.

Та нарын зарим нь гэнэт ховордсон хоол хүнс, бараа эсвээс шинэ ажил хайх хэрэгтэй болсон. Олон хүн хүүхдүүдэд хичээл зааж, хөршөө харж хандсан. Зарим нь номлогчдоо хугацаанаас нь өмнө гэртээ хүлээн авсан байхад, зарим нь гэр орноо Номлогчдыг Бэлтгэх Төв болгон хувиргасан. Та нар технологи ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдож, алслагдсан мэт мэдрэмжтэй байгаа хүмүүст тохинуулж мөн бусадтайгаа хамт Ирээд, Намайг дага-аас судалсан. Та нар Хүндэтгэлийн өдрийг баясгалант болгох шинэ арга замуудыг олсон. Бас олон сая амны хаалт хийсэн!

Хайртай хүмүүсээ алдсан дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон эмэгтэйн зовлонг би ойлгож, чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж байна. Бид та нартай хамт уйлж, та нарын төлөө залбирдаг. Бид бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд эцэж цуцалтгүй ажилладаг хүмүүсээ магтан дуулж, тэдний төлөө залбирдаг.

Залуу эмэгтэйчүүд та нар минь бас гайхалтай байсан! Хэдийгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрүүл маргаанаар дүүрэн байсан ч та нарын олонх нь бусдыг урамшуулж, Аврагчийнхаа гэрлийг хуваалцсан.

Эгч нар аа, та нар гарцаагүй баатрууд байж чадсан! Би та нарын хүч, итгэлийг биширдэг. Хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн та нар зоригтойгоор урагш алхаж чадахаа харуулсан билээ. Би та нарт хайртай, Их Эзэн ч гэсэн та нарыг хайрладаг, мөн та нарын хийж бүтээсэн агуу ажлыг хардаг гэдгийг баталж байна. Та нартаа баярлалаа! Та нар үнэхээр Израилын найдвар гэдгээ ахин харууллаа!

Ерөнхийлөгч Хинкли 25 жилийн өмнө буюу 1995 оны 9-р сард “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг гаргахдаа та нарын талаар сэтгэлдээ тээж байсан итгэл найдварынх нь бодит биеллийг та нар харуулж байна. 1 Тэрээр энэхүү чухал тунхгийг Сүмийн эмэгтэйчүүдэд танилцуулахаар сонгосон нь чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч Хинкли ийн танилцуулснаар, Их Эзэний төлөвлөгөөнд үзүүлдэг эмэгтэйчүүдийн юугаар ч орлуулшгүй нөлөөг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ жил та нарын юу сурч мэдсэнийг би одоо мэдмээр байна. Та нар Их Эзэнтэй улам ойртсон уу эсвэл Түүнээс бүр холдсон уу? Мөн одоо өрнөж байгаа үйл явдлууд та нарт ирээдүйн талаар ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Мэдээж, Их Эзэн бидний энэ цаг үеийн талаар ухааруулах зүйл ярьсан. Тэрээр бидний цаг үед “хүмүүний зүрх сэтгэл мохо[ж], 2 сонгогдсон бүхэн хууран мэхлэгдэх эрсдэлд байна гэдгийг сэрэмжлүүлсэн билээ. 3 Тэрээр бошиглогч Иосеф Смитэд хандан, “дэлхийгээс амар амгалан нь авагдаж” 4 мөн хүн төрөлхтний дээр сүйрэл ирэх болно хэмээн хэлжээ. 5

Гэсэн ч Их Эзэн энэ эрин үе ямар гайхамшигтай болохыг харуулсан үзэгдлийг мөн өгсөн юм. Тэр бошиглогч Иосеф Смитийг “эцсийн өдрүүд дэх ажил бол … туйлын өргөн цар хүрээтэй… . Үүний алдар суу болон сүр жавхланг нь төсөөлж, үгээр дүрслэхийн аргагүй юм” 6 хэмээн тунхаглахад бурханлагаар нөлөөлсөн.

Үнэндээ өнгөрсөн хэдэн сарыг дүрслэхэд сүр жавхлант гэсэн үг зохихгүй л болов уу! Бидний цаг үеийн талаарх хар бараан бошиглол, алдар суут тунхаглал хоёрын аль алинд бид хэрхэн хандах ёстой вэ? Их Эзэн биднийг “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” 7 хэмээн энгийн бөгөөд гайхалтайгаар тайтгаруулжээ.

Ямар гайхамшигтай амлалт вэ! Энэ нь бидний ирээдүйг харах өнцгийг шууд утгаар нь өөрчилж чадна. Саяхан гүнзгий гэрчлэлтэй нэгэн эгч цар тахал болон Солт Лэйк хөндийд болсон газар хөдлөлт үнэндээ бодож байсан шигээ бэлтгэгдээгүй байгаа юм байна гэдгээ ухаарахад тусалсан талаар надад дуулгасан юм. Хүнсний нөөцийн хувьд уу эсвэл гэрчлэлийнхээ талаар ярьж байна уу хэмээн намайг лавлан асуухад тэрээр над руу инээмсэглээд, “гэрчлэлийнхээ тухай!” хэмээн хэлж билээ.

Бэлтгэлтэй байх нь энэ эрин үеийг болон ирээдүйг хүлээн авахад туслах түлхүүр нь юм бол бид хэрхэн хамгийн сайнаараа бэлтгэж болох вэ?

Олон арван жилийн турш Их Эзэний бошиглогчид биднийг хүнд хэцүү цаг үед зориулсан хоол хүнс, ус, санхүүгийн нөөцтэй байхад уриалсаар ирсэн. Энэ зөвлөгөө ямар ухаалаг зүйл болохыг одоо тохиож буй цар тахал баталлаа. Материаллаг тал дээр бэлтгэлтэй байхын тулд шаардлагатай алхам хийхийг би та нараас хүсэж байна. Гэхдээ би та нарын сүнслэг болон сэтгэл санааны бэлтгэлд бүр илүү санаа зовж байна.

Энэ тал дээр бид Ахмад Моронайгаас олон зүйл сурч болно. Нифайчуудын их цэргийн удирдагчийн хувьд тэр өөрсдөөс нь хавьгүй хүчтэй, хүний тоогоор илүү, зэрлэг догшин сөрөг хүчинтэй тулгарч байв. Тиймээс Моронай хүмүүсээ гурван чухал арга замаар бэлджээ.

Нэгдүгээрт, тэр өөрийн нэрлэснээр “хориглох газрууд” буюу аюулгүй байх газар бэлдэхэд нь тусалсан. 8 Хоёрдугаарт, тэр “хүмүүсийн оюуныг Их Эзэн Бурханд итгэлтэй байхад” бэлдсэн. 9 Харин гуравдугаарт, тэр өөрийн хүмүүсийг бие махбод, сүнслэг байдлын хувьд бэлтгэх ажлаа хэзээ ч зогсоогоогүй. 10 Бүгдээрээ энэ гурван зарчмыг авч үзье.

Нэг дэх зарчим бол аюулгүй байх газар бий болгох.

Моронай нифайчуудын хот болгоныг далан, хэрэм, хана босгон бэхэлжээ. 11 Леменчүүд довтлон ирэхдээ “хориглох газруудаа бэлтгэхэд гаргасан нифайчуудын мэргэн ухааны учир … үлэмж гайхан цочирдсон аж.” 12

Үүнтэй адил, бидний эргэн тойронд үймээн самуун гарах үед бид бие махбодын болон сүнслэг байдлын хувьд аюулгүй байх газраа бэлдэх хэрэгтэй. Таны гэр орон хувийн тань итгэлийн ариун дагшин газар болох үед энэ нь хамгаалалтын эхний эгнээ байх болно.

Үүний нэг адил, Сионы гадаснууд “шуурганаас …хоргодох газар” 13 болдог. Учир нь санваарын түлхүүр атгаж, эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс гадсыг удирддаг юм. Их Эзэний удирдах эрх мэдэл өгсөн хүмүүсийн зөвлөгөөг үргэлжлүүлэн дагаснаар та бүхэн аюулгүй байдлыг улам ихээр мэдрэх болно.

Ариун сүм буюу Их Эзэний өргөө бол бүхнээс илүү аюулгүй газар юм. Эгч нар та бүхэн тэнд байгуулсан санваарын ариун нандин гэрээгээрээ дамжуулан санваарын хүчээс хүртдэг. 14 Тэнд гэр бүл тань мөнхөд хамтдаа лацдан холбогддог. Ариун сүмд орох боломж маань ноцтой хязгаарлагдаж байсан энэ жил ч гэсэн та нарыг Бурхантай байгуулсан гэрээгээ эрхэмлэн дээдлэх үед хишиг тань Түүний хүчээс байнга хүртэх боломжийг олгож байсан билээ.

Энгийнээр хэлбэл, аюулгүй байх газар гэж Ариун Сүнсний оршихуйг мэдэрч, Түүгээр удирдуулж болох ямар ч газрыг хэлнэ. 15 Ариун Сүнстэй байгаа цагт та нар олонхын үзэл бодолтой таарахгүй байсан ч гэсэн үнэнийг зааж чадна. Та нар мөн илчлэлтийн орчинд сэтгэлийн угт байгаа сайн мэдээний талаарх асуултаа тунгаан бодох боломжтой.

Хайрт эгч нар аа, би та нарыг аюулгүй байх орчинг бүрдүүлсэн гэр орныг бий болгоход уриалж байна. Мөн би санваарын хүчийн болон ариун сүмийн гэрээ, адислалуудын тухай ойлголтоо өсгөн нэмэгдүүлэх урилгаа дахин шинээр өгье. Эргэн ирэх аюулгүй газартай байх нь ирээдүйг итгэлээр хүлээн авахад тусална.

Хоёр дахь зарчим бол оюун ухаанаа Бурханд итгэлтэй байхад бэлтгэх.

Бид Солт Лэйк ариун сүмийн эдэлгээний хугацааг уртасгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төслийг хэрэгжүүлж байна.

Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил

Зарим нь ийм нүсэр арга хэмжээ авах шаардлага байгаа юм уу хэмээн эргэлзэж байсан. Гэхдээ энэ жил Солт Лэйкийн хөндийд болсон 5.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас энэ эртний ариун сүм дээрх тэнгэр элч Моронайн баримлын бүрээ унасан билээ! 16

Бүрээ нь унасан тэнгэр элч Моронай

Солт Лэйк ариун сүмийн суурь хэсгийн бие байгалийн гамшгийг давж гарах бат бөх байх ёстой шиг, бидний сүнслэг үндэс суурь ч гэсэн бат бөх байх ёстой. Тэгэхээр, зүйрлүүлж хэлбэл, газар хөдлөлт амьдралыг маань хөмөрлөө гэхэд бид итгэлийнхээ ачаар “хичээнгүй мөн гуйвшгүй” 17 байж чадна.

Их Эзэн бидэнд хэрхэн “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, “суралцахыг эрэлхийлэ[хийг]” 18 заасан. Бид Есүс Христийн зарлигуудыг сахиж, “үргэлж Түүнийг сана[снаар]” 19 Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлдэг. Цаашилбал, биднийг Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх бүрд итгэл маань өсөн нэмэгдэж байдаг. Итгэлээр суралцах гэдэг ийм л утгатай.

Жишээлбэл, олны үзэл бодол биднийг дорд үзсэн ч гэсэн Бурханы хуулийг дуулгавартай дагах итгэлтэй байх бүрдээ эсвэл гэрээгээ цуцлахыг дэмждэг зугаа цэнгэл эсвэл үзэл суртлыг сөрөн зогсох бүрдээ бид итгэлээ хөгжүүлж байдаг ба энэ нь улмаар бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг юм.

Цаашилбал, Мормоны Номыг байнга шимтэн уншихаас өөр бидний итгэлийг хөгжүүлдэг зүйлс цөөн байдаг. Өөр ямар ч ном Есүс Христийн талаар ийм хүчтэй, тодорхой гэрчилдэггүй. Уг номын бошиглогчид Их Эзэнээр өдөөгдөн бидний энэ цаг үеийг харсан ба бидэнд хамгийн их ач тустай гэсэн сургаал, үнэнүүдийг сонгожээ. Мормоны Ном бол хожмын өдрүүдэд зориулсан бидний эсэн мэнд гарах гарын авлага юм.

Бид зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн буулгыг үүрснээр жинхэнэ аюулаас ангид байж чадах нь мэдээж. Бурхангүй амьдрал айдсаар дүүрэн байдаг бол Бурхантай амьдрал амар амгалангаар дүүрэн байдаг. Учир нь сүнслэг адислалууд итгэлтэй байдлаас улбаалан ирдэг. Хувийн илчлэлт хүлээн авах нь эдгээр адислал дотроос хамгийн агуу адислалын нэг юм.

Хэрэв бид асуувал “илчлэлт дээр илчлэлт” 20 хүлээн авах болно хэмээн Их Эзэн амласан. Та нарыг илчлэлт хүлээн авах чадавхаа өсгөн нэмэгдүүлэх тусам Их Эзэн амьдралд тань чиглэсэн удирдамж заавраа нэмэгдүүлж, Сүнсний бэлгийг хязгааргүй арвин өгөх болно гэдгийг би амлаж байна.

Гурав дахь зарчим бол бэлтгэлээ хэзээ ч зогсоохгүй байх.

Бүх зүйл сайн сайхан байсан ч Ахмад Моронай хүмүүсээ бэлтгэсээр байсан. Тэр огтхон ч амсхийгээгүй. Тэр хэзээ ч тайвшраагүй билээ.

Дайсан хэзээ ч дайралтаа зогсоохгүй. Тиймээс бид ч гэсэн хэзээ ч бэлтгэлээ зогсоож болохгүй. Бид материаллаг болон сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд хэдий чинээ сайн биеэ даасан байна, Сатаны зогсолтгүй дайрах дайралтыг сөрөн зогсоход төдий чинээ сайн бэлтгэгдсэн байна.

Хайрт эгч нар аа, та нар өөртөө болон хайртай хүмүүстээ зориулан аюулгүй байх газрыг бий болгох чадвартай. Түүнчлэн та нарт бусдад итгэлтэй болох хүслийг төрүүлэх замаар итгэлийг нь бэхжүүлэх бурханлаг чадавх өгөгдсөн. 21 Мөн та нар хэзээ ч зогсдоггүй. Та нар үүнийгээ энэ жил дахин харуулсан.

Энэ хэвээрээ байгаарай! Сонор сэрэмжтэй байж, гэр орноо хамгаалж, хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэлд итгэл бишрэлийг суулгаж өгсний үр шимийг хойч үе тань хүртэх болно.

Хайрт эгч нар аа, бидэнд хүсэн хүлээх маш их зүйл байна! Энэхүү хожмын өдрүүдийн сүүлийн цаг мөчид өрнөх ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх чадавх та нарт байгаа тул Их Эзэн та нарыг яг одоо энд авчирсан билээ. Та нарыг Түүний ажлын сүр жавхланг ойлгох чадвартай төдийгүй уг ажлыг тохиолгон авчрахад туслахад бэлэн гэдгийг Тэрээр мэдэж байсан.

Ирэх өдрүүд амар хялбар байна гэж би хэлэх гээгүй ч бэлтгэгдсэн хүмүүсийг болон Их Эзэний мутарт зэмсэг байхаар цаашид ч өөрсдийгөө үргэлжлүүлэн бэлдэх хүмүүсийг гайхалтай ирээдүй хүлээж байгааг би амлаж байна.

Хайрт эгч нар аа, энэ цаг үеийг зүгээр нэг тэсэж өнгөрөхгүй байцгаая. Ирээдүйг итгэлээр хүлээн авцгаая! Бидний хувьд хүнд хэцүү цаг үе бол сүнслэг байдлын хувьд хөгжин цэцэглэх боломж юм. Энэ цаг үед бидний үзүүлэх нөлөө амар тайван цаг үеэс ч илүү үр дүнтэй.

Аюулгүй байх газрыг бий болгон, оюун ухаанаа Бурханд итгэлтэй байхад бэлдэж, ийн бэлдэхээ хэзээ ч зогсоохгүй байж чадвал Бурхан биднийг адисална гэдгийг би амлаж байна. Тэрээр “бидний сэтгэл оюунд амар амгаланг өгч, мөн агуу итгэлийг бидэнд соёрхож, мөн биднийг түүгээр дамжин ирэх чөлөөлөлтдөө найдах болго[ж чадна].” 22

Ирээдүйгээ итгэлээр хүлээн авахад бэлдэхийн хэрээр эдгээр адислал таных байх болно! Би энэ бүхнийг та нарыг гэх хайр, та нарт итгэх итгэлээрээ илэрхийлэн, Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”-ийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү. Энэхүү тунхгийн дараа хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Гордон Б.Хинкли эгч нарт хандан: “Би та нарт буй хүч чадал, үнэнч байдал, хайранд талархдаг. Өөрсдийн зүрх сэтгэлд итгэлээ тээж алхлан, зарлигуудыг сахиж, бүхий л цаг үе, нөхцөл байдалд зөвийг хийхэд шийдвэр төгс байдагт тань би баярладаг” хэмээн хэлжээ (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 98–99).

  2. Лук 21:26-г мөн Сургаал ба Гэрээ 45:26-г үзнэ үү.

  3. Матай 24:24; Иосеф Смит—Матай 1:22-ыг үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 1:35.

  5. Сургаал ба Гэрээ 1:17-г үзнэ үү. Төлөөлөгч Паул “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав” хэмээн бошиглосон. Энэ нь бидний энэ цаг үе сүнслэг байдлын хувьд тогтворгүй байна гэсэн үг юм. (2 Тимот 3:1–5-ыг үзнэ үү.)

  6. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 579.

  7. Сургаал ба Гэрээ 38:30.

  8. Алма 49:5; 50:4-ийг үзнэ үү.

  9. Aлмa 48:7.

  10. Алма 49–50-ийг үзнэ үү.

  11. Алма 48:8-ыг үзнэ үү.

  12. Алма 49:5; тодотгол нэмэгдсэн.

  13. Сургаал ба Гэрээ 115:6.

  14. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86-г үзнэ үү.

  15. Элайза Р.Снөү Ариун Сүнс “хүмүүний зүрх сэтгэлийн хүсэл бүрийг гүйцэлдүүлэн, биелүүлдэг.… Сүнсээр дүүрсэн үед миний бодгаль сэтгэл хангалуун байдаг бөгөөд өдрийн аар саархан зүйлс огтхон ч саад болохгүй байгаа мэт санагддагийг би чин сэтгэлээсээ хэлж чадна. Өөрсдийн бодгальд үүнийг тасралтгүй хүлээн авахуйц амьдрах нь бидний давуу эрх биш гэж үү?” хэмээн заасан (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 46.)

  16. Daniel Burke, “Utah Earthquake Damages Mormon Temple and Knocks Trumpet from Iconic Angel Statue,” Mar. 18, 2020, cnn.com-ийг үзнэ үү.

  17. Мозая 5:15.

  18. Сургаал ба Гэрээ 88:118; тодотгол нэмэгдсэн.

  19. Moронай 4:3.

  20. Сургаал ба Гэрээ 42:61.

  21. Тимотын мохошгүй итгэлийн шалтгаан нь эмээ (Лой), эх (Юник) хоёр нь байсныг хэлэхдээ, төлөөлөгч Паул энэ бодит үнэнийг онцлон тэмдэглэжээ (2 Тимот 1:5-ыг үзнэ үү).

  22. Aлмa 58:11.