Та Израилыг цуглуулж чадна!
Өсвөр үеийнхэн та нар өөрсдийн мөн чанар, өөрийнхөө доторх асар их хүчээр үүнийг хийж чадна гэдэгт би бүрэн итгэдэг.
Бараг гурван жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх өсвөр үеийнхнийг хөшигний хоёр талд “Израилыг цуглуулах Их Эзэний өсвөр үеийнхний батальонд” элсэхэд урьсан. “Тэрхүү цугларалт бол өнөөдөр дэлхий дээр болж байгаа хамгийн чухал зүйл юм” гэж тэр хэлсэн.1 Өсвөр үеийнхэн та нар (1) өөрсдийн мөн чанар, (2) өөрийнхөө доторх асар их хүчээр үүнийг хийж чадна, маш сайн хийж чадна гэдэгт би бүрэн итгэдэг.
Дөчин нэгэн жилийн өмнө манай Сүмийн хоёр номлогч АНУ дахь Нью Жэрсигийн нэгэн байшин руу хөтлөгдсөн юм. Цаг хугацааны явцад гайхамшигтайгаар эцэг эх хоёр нь 10 хүүхдийнхээ хамт баптисм хүртжээ. Бошиглогчийн үгээр бол тэд амьдралдаа “Бурханыг ялуулсан”2 юм. Би “бидний амьдрал” гэж хэлэх нь зүйтэй. Би гурав дахь хүүхэд нь байсан. Би Есүс Христийг дагах үүрдийн гэрээ байгуулахаар шийдэх үедээ 17 настай байсан. Гэхдээ өөр юу шийдсэнийг маань таах уу? Бүрэн цагийн номлолд үйлчлэхгүй. Учир нь тэр бол хэрээс минь хэтэрсэн зүйл байсан. Ийм зүйлийг надаас хүсэж болохгүй биз дээ? Би цоо шинэ, Сүмийн гишүүн байсан. Надад мөнгө байгаагүй. Түүнээс гадна, би Баруун Филадельфигийн ойролцоох хамгийн хэцүү ахлах сургуулийг дөнгөж төгссөн, аймшигтай бэрхшээлүүдийг давж гарсан хэдий ч бүтэн хоёр жилийн турш гэрээ орхиод явна гэхээс нууцхандаа маш их айж байсан.
Таны жинхэнэ мөн чанар
Гэхдээ би болон бүх хүн төрөлхтөн төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн охид хөвгүүдийн хувьд Түүнтэй хамт амьдарч байсан гэдгийг би дөнгөж олж мэдсэн байлаа. Эцэг маань бүх хүүхдээ Өөртэйгөө хамт мөнх амьдрал эдлүүлэхийг хүсдэг гэх миний мэдлэгийг бусад хүн мэдэж авах хэрэгтэй байсан. Тиймээс дэлхий дээр хүн амьдарч эхлэхээс өмнө Бурхан бидний Аврагч Есүс Христтэй хамт Өөрийн төгс аврал, аз жаргалын төлөвлөгөөг бүгдэд танилцуулсан юм. Харамсалтай нь, Сатан Бурханы төлөвлөгөөг эсэргүүцжээ.3 Илчлэл номд өгүүлснээр, “тэнгэрт дайн болов”!4 Сатан Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн гуравны нэгийг Бурханы оронд өөрийг нь ялуулахаар мэхэлсэн.5 Харин та тэгээгүй! Таныг “[өөрийн] гэрчлэлийн үгээр” Сатаныг ялсан гэдгийг төлөөлөгч Иохан харсан.6
Би өөрийн жинхэнэ мөн чанарыг мэдээд, патриархын адислалынхаа тусламжтайгаар ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын Израилыг цуглуулах урилгыг хүлээн авах зориг, итгэлтэй болсон.7 Эрхэм найзууд минь, та нарт ч гэсэн үүнтэй адил байх болно. Өмнө нь Сатаныг гэрчлэлийнхээ үгээр ялсан гэдгээ мэдэх нь одоо болон үргэлжид “хайрлаж, хуваалцаж, урьж сурахад” 8 тань туслах болно. Энэ нь Бурханы хүүхдүүдийн бодгалийн төлөөх өнөөх дайн ширүүссээр байх үед бусдыг ирээд харахад, ирээд туслахад мөн ирээд нэг хэсэг нь болоход урихыг хэлж байгаа юм.
Танд байдаг хүчтэй итгэл
Таны дотор байдаг агуу хүчийн талаар юу хэлэх вэ? Бодоод үз дээ. Та нар бие махбодын болон сүнсний үхэлтэй тулгарахаар унасан дэлхийд ирэхийн тулд бүгд баярлан уухайлсан.9 Бид хэзээ ч алиныг нь ч өөрсдөө давж гарч чадахгүй байх байсан. Бид зөвхөн өөрсдийн төдийгүй бас бусдын нүглээс болж зовох болно. Бидний өмнөх дурсамжийг мартуулах хөшгөөр хааж, дэлхийн хамгийн аймшигт дайсан бидэн рүү үргэлжлүүлэн онилж, уруу таталт, төсөөлж болох бүх төрлийн зөрчил, урам хугарлыг10 хүн төрөлхтөн мэдрэх болно. Бурханы ариун оршихуйд амилуулагдан, цэвэр байдалтай эргэж очих бүх найдвар нь амлалтаа биелүүлж буй Түүн дээр бүрэн тулгуурладаг.11
Таныг урагшлахад хүч дэмжлэг өгсөн зүйл юу вэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Та нар мөнх бус байдалд тохиолдох саад бэрхшээлийн талаар тун бага зүйл ойлгодог байсан ч аз жаргалын төлөвлөгөөг болон үүнд Есүс Христийн эзлэх байр суурийг дэмжихийн тулд Есүс Христэд итгэх итгэл шаардагдсан”12 гэж заажээ. Есүс Христ мөнх бус амьдралд ирээд, биднийг цуглуулж13, аврахын тулд Өөрийн амийг өгнө хэмээн амлахад та Түүнд зүгээр нэг итгээгүй. “Нэр төртэй суутнууд”14 та нар “үлэмж агуу итгэлтэй” байсан тул Түүний амлалтыг баттай болохыг харсан.15 Тэрээр худлаа хэлж чаддаггүй тул та Түүнийг төрөхөөс бүр өмнө, аль хэдийн таны төлөө цусаа урсгасан байгаагаар харсан.16
Иоханы бэлгэдлийн үгээр та “[Сатаныг] Хурганы цусаар ялжээ.”17 Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тэр дэлхийд “[та] эхлэлээс төгсгөлийг нь хүртэл харсан”18 гэж заасан юм.
Нэг өдөр таныг сургуульдаа явахаас өмнө аав, ээж хоёрын тань нэг нь таныг гэртээ эргэж ирээд дуртай хоолоо идэж болно гэсэн үнэн амлалт өгсөн гэж бодъё! Та баярлаж байгаа! Сургууль дээр байхдаа та тэр хоолоо идэж байна гэж төсөөлөөд, аль хэдийн амтыг нь мэдэрнэ. Мэдээж та энэ гоё мэдээгээ бусадтай хуваалцана. Гэртээ харихыг тэсэн ядан хүлээх нь таныг их аз жаргалтай болгож, хичээлийн шалгалт, сорилтууд амархан юм шиг санагдана. Тэр амлалт баттай байсан тул юу ч таны баяр баяслыг үгүй болгож эсвэл танд эргэлзээ төрүүлж чадахгүй! Үүнтэй адил, “нэр төртэй суутнууд” та нар төрөхөөсөө өмнө Христийн амлалтыг ийм итгэлтэйгээр харж сурч, Түүний авралыг амталсан билээ.19 Агуу итгэл тань хөгжих тусам илүү хүчирхэгжиж, илүү томрох булчинтай адил мөртлөө аль хэдийн таны дотор оршин байдаг.
Та Христэд итгэх агуу итгэлээ хэрхэн сэрээж мөн түүнийгээ Израилыг одоо цуглуулж, Сатаныг дахин ялахад хэрхэн ашиглаж болох вэ? Цуглуулж, өнөөдрийг аврах Их Эзэний амлалтыг тэсэн ядан хүлээж, адилхан бат итгэлтэйгээр харуулдахыг дахин суралцсанаар сэрээнэ. Бидэнд хэрхэн гэдгийг заахын тулд Тэрээр голдуу Мормоны Номыг болон Өөрийн бошиглогчдыг ашиглан бидэнд заадаг. Христээс нэлээд эрт үеийн нифайчууд “бошиглогчид, мөн санваартнууд, мөн багш нар … Мессиаг харж хүлээхийг [хүмүүст] ятган мөн тэрээр аль хэдийн байсан хэдий ч, түүнийг ирнэ гэдэгт итгэхийг ятгаж байв.”20 Бошиглогч Абинадай “Мөн эдүгээ хэрэв Христ дэлхийд ирээгүй аваас, ирэх зүйлүүдийг аль хэдийн ирсэн мэт яривал, гэтэлгэл байж чадахгүй сэн билээ”21 гэж заасан. Алмагийн адилаар, Абинадай “итгэлийн нүдээр урьдаас хар[ж]”22 мөн Бурханы баттай авралын амлалт аль хэдийн гүйцэлдсэнийг харсан. Тэд [Сатаныг] яг л тан шиг, “Хурганы цусаар болон” Христийг төрөхөөс бүр өмнөх “өөрсдийн гэрчлэлийн үгсээр ялжээ”. Мөн Их Эзэн тэдэнд Израилыг урьж, цуглуулах хүчийг өгсөн. Итгэлтэйгээр хүлээн авч, дэлхий даяар болон өөрийнхөө “хүрээнд”23 Израил хэрхэн цугларахыг харж, бүгдийг урих үед тань Тэрээр таны төлөө үүнтэй адил зүйлийг хийх болно.
Олон зуун номлогч уулзсан эсвэл заасан хүмүүсээ баптисмын болон ариун сүмийн хувцас өмссөнөөр төсөөлөн бодож, мөнх бус амьдралын өмнөх Христэд итгэх хүчирхэг итгэлээрээ байгуулдаг. Ерөнхийлөгч Нэлсон “Төгсгөлийг бодож эхлүүл” 24 хэмээх үгэндээ, үүнийг гүйцэлдүүлсэн хувийн туршлагаасаа хуваалцаад, үүнтэй адил үйлдэхийг номлогчдодоо зааж сургах талаар номлолын удирдагчдад зааварласан. Мөнх бус амьдралын өмнөх амьдралдаа Есүс Христэд итгэх агуу итгэлтэй байснаа мэдэх нь бидний хайрт номлогчдод “Түүнийг сонсоход” болон Их Эзэний амласны дагуу Израилыг цуглуулах үлэмж агуу итгэлээ идэвхжүүлэхэд зайлшгүй тусалсан юм. 25
Мэдээж, худал зүйлсийг төсөөлөх нь итгэлд хор хөнөөлтэй.26 Найзууд аа, таны жинхэнэ мөн чанартай зөрчилдөх зүйлсийг, ялангуяа порнографыг зориуд төсөөлөн бодох эсвэл үзэж харах нь таны Христэд итгэх итгэлийг доройтуулж, наманчлахгүй бол бүр устгаж ч болзошгүй. Та төсөөллөө Христэд итгэх итгэлээ сүйтгэхэд бус, харин нэмэгдүүлэхэд ашиглаарай.
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь өсвөр үеийнхэн та нарын агуу итгэлд хүч өгөхөд туслах бошиглолын хэрэгсэл юм. Ерөнхийлөгч Өүкс “Энэ хөтөлбөр таныг сүнслэг болон нийгэм, бие бялдар, оюун санааны гэсэн дөрвөн тал дээр Аврагчтай илүү адил болоход туслах зорилготой”27 гэж заадаг. Өсвөр үеийнхэн та нарыг сайн мэдээний дагуу амьдарч, бусдад халамж анхаарал тавьж, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьж, гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэн, хөгжилтэй үйл ажиллагаа зохион байгуулах үед мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан Христэд итгэх агуу итгэл тань сэргэж, энэ амьдралд Түүний ажлыг хийхэд таныг хүчирхэгжүүлэх болно.28
Мөн хувийн зорилго, “ялангуяа богино хугацааны зорилгууд”29 таны хүчирхэг итгэлийг дахин оргилоход тусалдаг. Та сайн зорилго тавих үедээ өмнөхтэйгөө адил урьдаас харж, Тэнгэрлэг Эцэг таныг эсвэл бусдыг хэн болгохыг хүсэж байгааг харах болно.30 Тийн та зорилгодоо хүрэхээр төлөвлөгөө гаргаж, шаргуу ажиллах болно. Ахлагч Квинтин Л.Күк “Бүгдийг итгэлийн нүдээр төлөвлөх, зорилго тавих, … мөн [бусдыг урих]-ын ач холбогдлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй”31 гэж заасан.
Сонголт бол таных! “[Сонгох] хүч тэдэнд буй”32 хэмээн таны тухай Их Эзэн хэлсэн. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Та нарын итгэл тохиолдлоор бус сонголтоор өсөх болно”33 гэж тайлбарлажээ. Тэрээр “[Танд байж болох ямар ч] чин сэтгэлийн асуултууд тэвчээр, итгэлийн нүдээр шийдвэрлэгдэх болно”34 гэж нэмж хэлэв.
(1) Таны үнэн мөн чанар болон (2) таны доторх Христэд итгэх итгэлийн асар их хүч “бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар дэлхийг Аврагчийн эргэн ирэлтэд бэлтгэхэд тусална”35 гэдгийг би гэрчилж байна. Бид Мормоны Номын баттай амлалтын баяр баяслыг хуваалцах болтугай.
“Бошиглогчдыг анхааран сонсох, … бүх хавчлагыг үл хайхран, гуйвшгүйгээр Христийг харуулдан хүлээх зөв шударгыг үйлдэгчид … мөхөх нь үгүй.
Харин [Христ] … Тэднийг анагаах болно, мөн тэд түүнтэй … амар амгалан байх болно.”36
Есүс Христийн нэрээр, амен.