Сүмийн түүх
Монгол улс
Тойм
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ахмад номлогчид Монгол улсад ардчилсан засгийн газар байгуулагдсаны дараахан буюу 1992 онд Улаанбаатарт иржээ. Номлогчид сургаалыг чөлөөтэй номлох боломжгүй байсан тул их дээд, ахлах сургуулиудад хичээл зааж, сэргээгдсэн сайн мэдээг сонирхсон хүмүүстэй хувиараа уулздаг байв. 1993 оны 2-р сард тэдний оюутнууд болох Цэндхүүгийн Бат-Өлзий, Пүрэвсүрэнгийн Ламжав нар баптисм хүртэж, бусад нь удалгүй даган хөрвөжээ. Хөрвөгчдийн жижиг бүлэг өсөхийн хэрээр гишүүд Сүмийн материалыг, тухайлбал ариун ёслол, баптисмын залбирлыг монгол хэл рүү орчуулах хороо байгуулав.
1994 оны 1-р сарын 9-нд Улаанбаатарт Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдлаа. Долоо хоногийн дараа Улаанбаатар салбар зохион байгуулагдаж, гишүүд тогтмол цуглардаг болов. Сүм өсөхийн хэрээр гишүүд удирдлагын дуудлагыг хүлээн авч, номлогчдын хувьд сэргээгдсэн сайн мэдээг хөршүүдтэйгээ хуваалцах болж, эх орондоо Сүмийн бат бөх суурийг тавьжээ. 1998 оны 7-р сард Улаанбаатарт Монголын үйлчлэлийн төв байгуулагдаж, улс орон даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд гишүүдийн хүчин чармайлтыг чиглүүлэх болов. Монголын гэгээнтнүүд хөршдөө үйлчилснээр тэднийг хайрлаж буйгаа мөн шавь гэдгээ харуулж байлаа (Иохан 13:34–35-ыг үзнэ үү).
Тэд хөршөө хайрлаж, сайн мэдээг хуваалцан, үүний дагуу амьдрахын тулд зүйрлэшгүй их итгэлтэй, шийдэмгий байгаагаа харуулсан юм. Улс орны өнцөг булан бүрээс гэгээнтнүүд долоо хоног бүр цуглаанд суухаар мөн гэрээ байгуулан сахиж, бүх хүн гэрээгээр нэг нэгэнтэйгээ хамааралтай гэдгээ мэдрэх газартай болохын тулд ариун сүм рүү очихоор урт замыг туулсаар ирсэн.