Сүмийн түүх
“Надад гэртээ ирсэн юм шиг санагдсан”


“Надад гэртээ ирсэн юм шиг санагдсан”

Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Гэндэнгийн Нямдоо 1991 оны 3-р сард Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургуульд зочлон очиж лекц уншсанаар Монгол Улсын Засгийн газар, Сүм хоёрын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэхэд хөтөлсөн юм. 1992 оны 9-р сараас эхлэн боловсролын чиглэлээр итгэмжлэгдсэн хэд хэдэн ахмад номлогч Улаанбаатарын их дээд, ахлах сургуулиудад хичээл заах болов. Тэдэнд сайн мэдээг сургуулиас гадуур заахыг зөвшөөрчээ.

1993 оны 2-р сарын 6-нд Цэндхүүгийн Бат-Өлзий, Ламжавын Пүрэвсүрэн нарын оюутнууд баптисм хүртэв. 1993 оны 5-р сарын 8-нд Даваажаргал (Силвиа) гэдэг өөр нэгэн оюутан баптисм хүртжээ. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл сайн мэдээг номлохын төлөө 1993 оны 4-р сарын 15-нд Монгол улсыг онцгойлон адисалсан юм. Залуу номлогчид 1993 оны зуны сүүлээр Монголд хөл тавьжээ.

Магсарын Батчимэг таван хүүхэдтэй айлын ууган охин байлаа. Тэр ном их уншдаг байв. Анх Шинэ Гэрээг уншаад, зүрх нь булгилах мэт мэдрэмж төржээ. “Тэр мэдрэмж Ариун Сүнснийх байсныг хожим нь би мэдсэн” гэж Батчимэг дурсав. “Тэнд бичигдсэн зүйл үнэн гэдгийг мөн Есүс Христ түүхэн дэх зүгээр нэг хүн биш, харин Тэр бол Тэр, Өөрийн хэлсэн Тэр хүн мөн юм байна гэдгийг мэдсэн.”

Хэдэн жилийн дараа буюу 1994 онд хайртай авга ах нь нас барсны дараа Батчимэг амьдралын утга учрын талаар ихээхэн эргэцүүлэн бодох болжээ. Үеэлийнх нь нэг найз “Америкийн сүмд” явдаг байсан тул Батчимэг түүнтэй хамт явж болох эсэхийг асуув. Цуглааны байранд хөл тавиад л тэрээр амар амгаланг мэдэрсэн байна. “Би таван настайдаа ойн дунд хэвтэж байхдаа л ийм мэдрэмжийг мэдэрснээ санадаг” гэж тэр хуучлав. “Хаалгаар ормогц надад гэртээ ирсэн юм шиг санагдсан. Хүмүүс дууллууд дуулж байсан нь надад таалагдсан юм. Бүх зүйл нь миний байх ёстой газар гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн дээ.”

Батчимэгтэй хамт Орост сурч байсан оюутан цагийн найз Уртнасангийн Соёлмаа түүнийг цай уухаа больсныг анзаарч, “Яагаад цай уухгүй байгаа юм бэ?” гэж асуужээ. Удалгүй тэд хамтдаа сүмд явж эхлэв.

Соёлмаа баптисм хүртсэнийхээ маргааш Сүмийн гишүүнээр батлуулж, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудагджээ. Соёлмаа, Батчимэг хоёр оросоор чөлөөтэй ярьдаг байсан тул тухайн үед орос хэл дээр л унших боломжтой байсан Мормоны Номыг уншдаг байв.

Тэд номлогчдын орчуулагчаар байнга дагалдан явдаг байлаа. Соёлмаа: “Би номлогчийн бүх хичээлийг цээжээр мэддэг байсан. Би ямар асуулт тавихаа мэддэг. Орчуулж байснаа би заримдаа ахлагчдыг хичээлээсээ юм мартвал ‘Чи тэрийг мартчихлаа’ гэж хэлдэг байсан” гэжээ.

Баптисм хүртсэнийхээ дараахан Батчимэг ОХУ-ын Санкт-Петербургт  сургуульд орж, тэндээ хожмын үеийн гэгээнтнүүдийн Сүмийн нэгжийг олсноор Сүмийн талаар илүү ихийг мэдэж авсан байна. Тэр буцаж ирээд, Соёлмаад “Хоёулаа номлолд үйлчилж болно гэдгийг чи мэдэх үү?” гэж хэлжээ.

Тэд хамтдаа номлолын өргөдлөө бөглөсөн ба Монголоос өргөдөл явуулсан анхны гишүүд юм. 1995 оны 6-р сард тэд АНУ руу номлолдоо явсан ба Батчимэг Ариун сүмийн талбайн номлолд, Соёлмаа Ютагийн Прово номлолд тус тус дуудагдан үйлчилсэн юм.