2011
Түүний зовлон бидний зовлонг хөнгөвчилсөн юм
2011 оны дөрөвдүгээр сар


Түүний зовлон бидний зовлонг хөнгөвчилсөн юм

Барбара Винтер, Аризона, АНУ

Би нярай хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч учир заримдаа дөнгөж саяхан төрсөн өвчтэй хүүхдүүдийг асарч сувилдаг. Нэг орой төрөх хугацаанаасаа 17 долоо хоногийн өмнө төрсөн, ердөө 500-хан грамм жинтэй нэг бяцхан хүүг надад хариуцуулж өглөө. Гар нь өөдсийн чинээхэн, хөл нь миний хурууны дайтай, тавхай нь миний эрхий хуруунаас томгүй, амьсгалын замын ноцтой хүндрэлтэй хүүг эмч нар тэр шөнийг давахгүй байх гэж байсан юм.

Хуруун чинээ бяцхан хүү амь тэмцэж байсан тэр үед нярайн тасаг тэр чигээрээ амьсгаа даран нам гүм болов. Хүн бүр, ялангуяа тэр шөнө бяцхан нялх хүүгийн сувилагч байсан би сэтгэлийн хямралд автагдав. Аав, ээж хоёр нь түүнтэй хамт өдрийн ихэнхэд байсан болохоор туйлдталаа ядарсан байлаа. Ээж нь жаахан амрахаар өрөөндөө эргэж ирэв. Амрах нь түүнд маш чухал байлаа.

Хүүгийн өрөө түүнийг амьд байлгахад шаардлагатай торниулагч (инкубатор), хяналтын аппаратууд, агааржуулагч, амьсгалын аппаратаар өвч тоноглогдсон байлаа. Тэр хүү хүнд өвчтэй болохоор эрчимт эмчилгээ шаардлагатай байв. Тиймээс тэр шөнө надад өөр ажил хариуцуулж өгөөгүй юм. Би шөнөжингөө түүний дэргэд байж, эм өгөн, нүд цавчилгүй хяналт тавьж, асарч сувилан, шинжилгээ авч завгүй байлаа.

Шөнө орой болох тусам, хэрэв би түүний ээж байсан бол надад ямар байх байсан бол гэдгийг төсөөлөн бодохыг хичээлээ. Зүрх шимшрэн өвдөх нь тэсэхийн аргагүй байх байсан болов уу.

Би нүүрийг нь зөөлхөн угааж, өөдсийн чинээхэн гар, хөлийг нь барьж үзэн, зөөлхөн шинэ хөнжил сольж өгөн, ихэд болгоомжтойгоор өлгийднө. Хөөрхий, алгын чинээхэн энэ өвчтөндөө би өөр юу хийж чадах билээ гэж бодлоо. Ээж нь байсан бол юу хийх бол? Тэнгэрлэг Эцэг надаар юу хийлгэхийг хүсэх бол?

Энэхүү хонгорхон, гэм зэмгүй бяцхан хүүхэд Тэнгэр дэх Эцэгтээ удахгүй эргэж очих ч юм бил үү. Тэр айж байгаа болов уу гэж бодсоноо би өөрийнхөө хүүхдүүдийг бодлоо. Хүүхдүүд ээ бага байхад мөн тайван биш байгаа үед нь би тэдэнд дуу дуулж өгдөг байж билээ. “Би Бурханы хүүхэд” дуу тэдний дуртай дуу байлаа. Би уйлахгүй байхыг хичээн, тэр жаахан хүүхдэд “Би Бурханы хүүхэд” дууг дуулж өгөв.

Би сувилагчийн хувьд бяцхан хүүгийн цусны эргэлтийг тоолон, гуурсуудыг харж, зүрхнийх нь цохилтыг чагнан, хяналтын аппарат дээр тоонуудыг харж байсан бол Хожмын Үеийн Гэгээнтний хувьд селестиел сүнсийг харж, авралын төлөвлөгөөг гайхан биширч байлаа.

Шөнө орой болох тусам хүүгийн бие улам муудав. Эцэстээ уушгинаас нь цус алдаж байдал бүр дордов.

Маргааш өглөө нь бяцхан өвчтөн маань чимээгүйхэн нөгөө ертөнцөд одлоо. Тэр бяцхан хүү ээжийнхээ өврийг орхиж, “[түүнд] амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигдав” (Aлма 40:11).

Тэр шөнө би Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрт улам ойртсон билээ. Хүн төрөлхтнийг болон намайг хайрладаг Их Эзэний хайрыг би бүр илүү сайн ойлголоо. Их Эзэнийг хайрладаг миний хайр тийм гүн гүнзгий юм байна гэдгийг мэдэрч, бүр гайхаж билээ. Тэгээд би улам эелдэг уриалгахан, илүү уучламтгай, улам өрөвч зөөлөн сэтгэлтэй болж нэгэн өдөр, нэгэн сэтгэл догдлом үед Түүнтэй илүү адилхан болсон байхыг хүсэх хүслээ мэдрэв.