2016
Би шаардлага хангахгүй байгаагаа мэдэрсэн
2016 оны 7-р сар


Би шаардлага хангахгүй байгаагаа мэдэрсэн

Нэрээ нууцлав, Шведийн Стокгольм

women-sitting-on-the-couch

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдах үедээ зав муутай залуухан ээж байлаа. Би Сүмд өсөж, амьдралынхаа турш Сүмийн сургаалын дагуу амьдарсан ч төгс биш гэдгээ мэддэг байсан бөгөөд надад тойргийнхоо зовж зүдэрч байгаа эгч нарт туслах чадвар байгаа эсэхэд эргэлзэж байв.

Нэгэн ням гаргийн өдөр би сүм дээр сэтгэлээр ихэд унаж билээ. Бүхэл өдөржин миний тусламж хэрэгтэй болсон эгч нар над дээр ирж, ярилцав. Заримд нь халамжийн тусламж хэрэгтэй байхад заримд нь зүгээр л сонсох хүн хэрэгтэй байсан юм. Дараа нь Сүнс надад ариун ёслолын цуглаан эхлэхэд орох хэрэггүй гэсэн мэдрэмж өгөв. Гайхалтай нь, би тэнд тайтгарал, тусламж хэрэгтэй төдийгүй ариун ёслолын цуглаан дуустал хүлээх боломжгүй нэгэн идэвх султай эгчтэй санаандгүй тааралдаж билээ.

Би сүмээс гарахдаа маш их ядарсан байв! Би гэртээ харих замынхаа туршид машин дотроо уйллаа. Миний толгойд “Бишоптойгоо ярилц!” гэсэн үгс орж ирэв. Бишоп надад дуудлагаа хэрхэн түүртэхгүй хийх талаар ямар нэг ухаалаг зүйл хэлэх байх гэж би бодсон ч сүм дээр олон цагийг өнгөрүүлсэн түүнд саад болохыг хүссэнгүй. Би түүн рүү утасдахаа хойшлуулахаар шийдэх яг тэр мөчид утас дуугарлаа. Энэ нь манай бишоп байв. Түүнд над руу залга гэсэн мэдрэмж төрсөн байлаа.

Би бишоптоо ийм их зүйлийг нэг дор шийдвэрлэх нь надад ямар хүнд байсныг мөн илүү олон эгчид тусалж чадаагүйдээ сэтгэлээр унаж байгаагаа хэллээ. Тэр намайг тэвчээртэй сонсов. Бас түүнтэй зарим нэгэн халамжийн асуудлуудыг ярилцахад миний сэтгэл санаа арай дээрдсэн байлаа.

Би түүнтэй ярьж дуусахдаа “Танд дуудлагаа хэрхэн түүртэхгүй хийх талаар надад хэлэх ямар нэг ухаалаг зүйл байгаа гэж бодсон” гэдгээ хэлэв. Тэр тэгээд хэлчих зүйл байсан ч болоосой, харамсалтай нь алга даа гэж надад хариулсан юм.

Хэдийгээр тэр миний асуултад хариулаагүй ч би утсаа тавихдаа баяртай байв. Их Эзэн удирдамж, дэмжлэг хэрэгтэй үед маань хариулсан болохыг би мэдэрсэн.

Дараагийн хэдэн долоо хоног би дахиад л өөртөө итгэлгүй байсан бөгөөд Халамжийн нийгэмлэгийн илүү сайн ерөнхийлөгч болохын тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэхийн төлөө залбирав. Нэгэн өдөр намайг Ерөнхий чуулганыг сонсож байх үед нэг үг миний анхаарлыг татаж, Сүнс миний зүрх сэтгэлд хүчтэй ярьсан билээ. Би ганцаараа байх үедээ шаардлага хангахгүй байсан учраас шаардлага хангахгүй байна даа гэсэн мэдрэмж надад төрж байсныг ойлгосон юм.

Бишоп үлгэр жишээгээрээ Ариун Сүнсийг сонсох нь ямар чухал болохыг надад харуулсан. Сүмд дуудлагуудаа хийж гүйцэтгэхэд тусалдаг хамгийн гол зүйл бол бидний авьяас, ур чадвар биш харин Сүнс юм. Удаан хугацааны дараа би анх удаа амар амгалан, итгэл найдварыг мэдэрч билээ.

Би туршлага дутмаг, гэр бүлдээ завгүй хэвээр байсан ч дуудлагаа төгс хийх ёстой гэж бодохоо больсон юм. Тэнгэрлэг Эцэг хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэрэгтэй зүйлсээр намайг хангаж, зарлигуудыг нь дагаж байгаа үед бидний хичээл зүтгэлийг өсгөн нэмэгдүүлж чадна.