2016
Зарефатын бэлэвсэн эмэгтэйн адил: Мацгийн өргөлийн гайхамшиг
2016 оны 7-р сар


Зарефатын бэлэвсэн эмэгтэйн адил: Мацгийн өргөлийн гайхамшиг

Зохиогчид нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид мацгийн өргөлөө илүү өгөөмөр өгөх тухай бодож байхдаа хүн Их Эзэнээс бүтэн талх авалгүйгээр зүсэм ч талх эргүүлэн өгч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон.

the-widow-of-zarephath

Гэрэл зургийг Рөүз Даток Долл

Дэлхий даяар олон гэр бүл, ялангуяа эдийн засгийн хямралын үед санхүүгийн хүнд байдалд ороод байгаа билээ.1 Хэдэн жилийн өмнө бид орон нутгийнхаа тойргийн хэдэн гэр бүлд тусламж хэрэгтэй байгааг олж харахдаа ийм хямралын нөлөөг мэдэрсэн юм. Тэр жилийн эхээр бишоп гачигдагсдад туслахын тулд мацгийн өргөлөө өгөөмрөөр өгнө үү гэсэн гадасны ерөнхийлөгчийн урилгыг бидэнтэй хуваалцаж билээ.

Хэдийгээр удирдагчид өөрсдийн нөхцөл байдлыг харж, мацгийн өргөлөө илүү өгөөмрөөр өгөх боломжтой эсэхээ бодож үзэхийг хүссэн ч хэр ихийг өгөх хэрэгтэй гэдгийг тодорхой хэлсэнгүй. Гэхдээ Сүнс Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн (1897–1988) олон жилийн өмнө хуваалцаж байсан зөвлөгөөг бидэнд сануулсан билээ. Тэрээр “Та нар Сүмд болон Бурханы хаант улсыг барьж байгуулахад өргөл өгснөөрөө санхүүгийн хувьд одоо байгаагаасаа дордохгүй гэдэгт би баттай итгэдэг нэгэн. … Хүн Их Эзэнээс бүтэн талх авалгүйгээр зүсэм ч талхыг эргүүлэн өгч чадахгүй. Энэ бол миний амьдралын туршлага юм. Хэрэв Сүмийн гишүүд мацгийн өргөлийн хандиваа хоёр дахин нэмэгдүүлэх юм бол Сүм дэх сүнслэг байдал нь хоёр дахин өсөх болно. Бид үүнийг оюун санаандаа марталгүй хадгалан, хандивлахдаа өгөөмөр байх ёстой”2 хэмээн хэлжээ.

Мацгийн өргөлөө нэмэгдүүлэх нь гэр бүлийн хувьд золиослол гэдгийг бид мэдэж байсан ч ерөнхийлөгч Ромнигийн сургаал, амлалтыг анхааралтай авч үзсэн юм. Бид гэр бүлээрээ асар их адислагдсан бөгөөд мацгийн өргөлөө нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хүчтэй мэдэрсэн билээ.

Түүнээс гадна бид гэр бүлээрээ хувиа хичээх хандлагаа ялан дийлэхийг хүсэж байв. Бид аливаа зүйлийг олж авах, хүслээ гүйцэлдүүлэхэд төвлөрсөн нийгэмд амьдарч байгаа учраас хүүхдүүд минь хувиа хичээсэн хүмүүс болж өсөх вий гэж санаа зовж байлаа. Гэхдээ бид ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) “Мацгийн хуулийг дагаснаар хүн өөрийгөө өөгшүүлэх, аминч үзлээ ялан дийлэх хүч чадлынхаа ундаргыг олж авдаг”3 хэмээн хэлсэн үгэнд итгэж байв.

Мацгийн өргөлөө илүү өгөөмрөөр өгч эхэлсэн эхний гурван сард бид олон адислалыг олж харсан. Бид хүнсэндээ бага мөнгө зарцуулж мөн манай хийн түлшний сав илүү удаан хэрэглэгдэж байх шиг санагдаж байв. Хүүхдүүдийн хэрэгцээ багасаж, гэр оронд хувиа хичээсэн байдал бараг алга болсон байлаа.

Жишээлбэл, бид орон нутгийнхаа хүнс хандивлах үйл ажиллагаанд оролцох үед хүүхдүүд илүү их өгөхөд биднийг урамшуулж байв. Бид жилийн хүнсний нөөцийнхөө тооллогыг хийгээд, үнэндээ хоёр жилийн хоол хүнсний нөөцтэй болсноо мэдсэн. Үүнээс гадна, өмнө нь бид сард 22.7 кг жинтэй нэг уут будаа хэрэглэдэг байв. Одоо яг ийм хэмжээтэй будааг 2 сарын турш хэрэглэдэг болсон. Манай хүнсний нөөц өсөн үржиж байгаа мэт санагдаж байлаа.

the-widow-of-zarephath

Энэ нь бидэнд Зарефатын бэлэвсэн эмэгтэйн түүхийг санагдуулсан юм. Өлсгөлөнгийн үеэр бошиглогч Елиа өөрийг нь хооллох боломжгүй нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс ус, талх авчрахыг хүсдэг. Харин тэр эмэгтэй хариуд нь, “Таны Бурхан Эзэний амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв” (1 Хаадын Дээд 17:12).

Бошиглогч түүнд “аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй хэмээн амласан байдаг. …

Тэр эмэгтэй яван, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв” (1 Хаадын Дээд 17:14–15). Гэр бүлээ сүүлчийн удаа хооллоход л хүрэх хул аяган дахь гурил нь өсөж үржин, түүний гэр бүлийг болон бусдыг олон өдрийн турш хооллох боломжтой болсон юм. Мацгийн өргөл дээр үндэслэсэн үүнтэй адил гайхамшиг манай гэр бүлд ч бас тохиолдож байлаа.

Санхүүгийн хүнд нөхцөлд байхад ялангуяа Зарефатын бэлэвсэн эмэгтэйн адил гачигдагсдад мацгийн өргөлөө өгөөмрөөр өгч, тусламж үзүүлэх нь хэцүү байж болно. Хэмжээнээс үл хамааран мацгийн өргөлөө өгөөмрөөр өгөх нь Их Эзэнд болон Түүний анхаарал тавин халамжилна гэсэн амлалтад итгэхийг шаарддаг. Гэхдээ Их Эзэн амлалтаа биелүүлдэг бөгөөд бид хэчнээн их хуваалцах хүсэлтэй байна, төчнөөн их адислагдах болно гэдгийг гэр бүлийн минь туршлага зааж өгсөн билээ.

Ерөнхийлөгч Ромни: “Зөвхөн ядуусын тусын тулд өгөх бус, харин өөрийн сайн сайхны төлөө өг. Өөрийн биеийг Бурханы хаант улсад өгөхийн тулд эд баялаг, цаг заваа хангалттай өргөл болгон барь”4 хэмээн хэлсэн. Мацгийн өргөлөө өгөөмрөөр өгсөн нь манай гэр бүлд ядуусыг халамжилснаар ирэх баяр баяслыг мөн өөрсдийн сүнслэг байдалд хүч чадлыг олж авахад тусалсан юм.

jesus-blessing-loaves-and-fishes

Талх болон загас Рөүз Даток Долл

Бид зүсэм талх өгөх хүслийнхээ хариуд олон бүтэн талх авсан билээ. Мацгийн өргөлөө илүү өгөөмөр өгөх хүсэл маань бидний хүнсний нөөцийг хоёр дахин өсгөн нэмэгдүүлсэн. Үнэхээр Их Эзэний таван талх, хоёр загасыг авч, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүдийг хооллон, 12 сагсыг дүүргэсэн тэрхүү өсгөн үржүүлэх хүч нь (Матай 14:16–21-ийг үзнэ үү) үнэн хэрэгтээ, Зарефатын бэлэвсэн эмэгтэйн хул аягыг дүүргэж, бидний хүнсний нөөцийг үржүүлэн нэмэгдүүлсэн хүч мөн билээ. Гэхдээ бидний олж авсан хамгаас агуу ашиг тус хоол хүнсийг үржүүлэн өсгөснөөр ирээгүй, харин гэр бүл доторх аминч үзлийг багасгаж, сүнслэг байдлыг нэмэгдүүлснээр ирсэн.

Сүмийн мацгийн санд хэцүү байгаа үедээ ч өгөөмрөөр хандивлавал Их Эзэн бидний хичээл зүтгэлийг үнэлж, өөрсдийн маань төсөөлж чадахаас ч илүү ихээр адислах болно гэдгийг бид гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. Жишээ нь, Хэнри Б.Айринг, “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?“ 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3-7.

  2. Марион Ж.Ромни, Нийгмийн халамж, хөдөө аж ахуйн уулзалт, 1971 оны 4-р сарын 3, 1.

  3. Спэнсэр В.Кимбалл, “Becoming the Pure in Heart,” Ensign, 1978 оны 5-р сар, 80.

  4. Марион Ж.Ромни, “The Blessings of the Fast,” Ensign, 1982 оны 7-р сар, 4.