Би бусдаас өөр байхыг хүсэхгүй байна!
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10).
Мика бүжгийн хичээлээ үргэлж тэсэн ядан хүлээдэг байв. Тэр хөгжим сонсож, эрвээхэйн дасгалаа хийж, хөдөлгөөнөө яг зөв хийх дуртай байлаа. Тэр ялангуяа ангийнхан нь бүгдээрээ хөдөлгөөнөө зэрэг хийхэд дуртай. Тэднийг ийн хийхэд бүжигчид бүгдээрээ адилхан мэт харагддаг байлаа. Тэр Дауны синдромтой цорын ганц хүн биш юм шиг санагддаг байв.
Тэд өнөөдөр бүжгийн шинэ алхаа сурч байлаа. Мика багшийнхаа агаарт дүүлэн үсрэхийг харав. Тэр бас бусад охидын хийх гэж хичээж байгааг ч ажиглалаа. Зарим нь үүнийг шууд хийж байхад, зарим нь хэд хэдэн удаа оролдож байж хийж байв. Мика хэд хэдэн удаа хичээсэн ч зөв хийж чадахгүй л байв.
“Багш аа, надад туслаач?” гэж Мика асуулаа.
Хажуу дахь охин нь Мика руу харав. Дараа нь найз руугаа дөхөөд, “Тэр яагаад ингэж яриад байгаа юм бэ?” гэж шивнэв. Хоёр охин хоёулаа эргэж хараад, Мика руу харлаа.
Мика ангиасаа гэртээ харих замдаа юу ч хэлсэнгүй.
Тэднийг гэртээ ирэхэд ээж нь гал тогоонд гурил зуурч байв. Ээжийнх нь хацар гурил болсон байлаа. Заримдаа үүнд нь Мика инээдэг байсан ч өнөөдөр тэр цүнхээ шалан дээр хаяад, ширээний хажуугийн сандал руу шигдэн суув.
“Бүжиг хэр байв?” гэж ээж нь асуулаа.
“Муухай байсан. Намайг тусламж хүссэн чинь нэг охин намайг инээдтэй ярьж байна гээд над руу ширтээд байсан” гэж Мика хариулав. Мика сэтгэлээр унасан байдалтай байлаа. “Би дахин бүжиглэмээргүй байна” гэхэд
“Өө Мика минь!” гэж ээж нь хэлээд, “Би маш их харамсаж байна. Ээж, аав хоёр нь чиний бүжиглэхийг харах дуртай шүү дээ. Бид чамайг шаргуу хөдөлмөрлөж байгаагаар чинь их бахархдаг!” гэлээ.
Мика нулимс нь урсахыг мэдрэв. “Би Дауны синдромдоо дургүй. Миний царай өөр байгаад дургүй хүрдэг. Шинэ зүйл сурах надад ийм хэцүү байдаггүй ч болоосой. Би ярихдаа хүртэл дадлага хийх хэрэгтэй болдог!” гэлээ.
Аав нь Микагийн дэргэд суугаад, охиноо тэвэрлээ. “Мика бид чамд маш их хайртай. Бид чиний юуг ч өөрчлөхгүй ээ” гэв.
Гэвч Мика толгой сэгсрэн, нүүрээ гараараа халхлаад, “Би өөр байхыг хүсэхгүй байна. Би Дауны синдромоосоо салмаар байна!” гэлээ.
Аав, ээж хоёр нь хэсэг чимээгүй байв.
“Надад нэг санаа байна” гэж ээж хэлэв. Мика гараа аван өндийж харлаа. “Бид яагаад Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, чиний тухай юу гэж боддогийг нь асууж болохгүй гэж?” гэлээ.
Мика энэ тухай бодов. Тэр залбирах дуртай байлаа. Тэр удаан гэгч толгойгоо дохиод, “Та надад асуултаа мартахгүйн тулд бичиж өгч болох уу?” гэв.
Ээж нь асуултыг нь бичиж өглөө. Тэгээд Мика цаасаа аваад, залбирахаар өрөөндөө оров.
Микаг хэдэн минутын дараа гал тогоонд орж ирэхэд түүний царай чийдэн мэт гэрэлтсэн байлаа. “Тэнгэрлэг Эцэг хариулсан” гэж тэр хэлэв.
“Тэр юу гэж хэлсэн бэ?” гэж ээж асуулаа.
“Тэр ‘Мика Би чамайг байгаагаар чинь хайрладаг’ гэсэн. Тэр үүнийгээ МАШ ЧАНГА хэлсэн!” гэлээ.
Дараагийн долоо хоногт Мика бусад охин Дауны синдромынх нь талаар юу гэж бодож байгаад санаа зовохоо больсон байв. Харин тэр гунигтай харагдсан Сара гэдэг өөр нэг охиныг анзаарав. Сара ч бас шинэ хөдөлгөөнөө сурч чадахгүй байжээ.
Мика гэртээ хариад, Сарад зурвас бичихээр шийдэв. Тэр олон зүрх зурлаа. Ээж нь түүнд бичихэд нь туслав.
“Хайрт Сара минь ээ, Чи бол гайхалтай сайн бүжигчин. Би чиний найз болмоор байна. Чамайг манай бүжгийн ангид байгаад би баяртай байна” гэж Мика бичлээ.
Мика Сарад зурвасаа өгөхийг тэсэн ядан хүлээж байв. Тэр Сараг бүжиглэж байхдаа аз жаргалтай байж, хайрыг мэдрээсэй гэж хүсэж байлаа.