“Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2022 оны 10-р сар
Үүрдийн гэрээ
Бурхантай гэрээнд орсон бүх хүн онцгой хайр, нигүүлслийг хүртэх эрхтэй.
Дайнууд болон дайны цуурхлуудад автсан энэ дэлхийд үнэн, гэрэл болон Есүс Христийн цэвэр хайр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна. Христийн сайн мэдээ гайхамшигтай бөгөөд бид үүнээс судалж мөн зарчмуудаар нь амьдрахаар адислагдсан билээ. Бид хаана байгаагаасаа үл хамааран сайн мэдээг хуваалцаж мөн үүний үнэнийг гэрчлэх боломжтой байдагтаа баярладаг.
Би Абрахамын гэрээ мөн Израилын цугларалтын ач холбогдлын талаар байнга ярьдаг. “Сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртсэнээр бид өөрсөд дээрээ Есүс Христийн ариун нэрийг авдаг. Баптисм бол Абрахам, Исаак, Иаков болон тэдний үр удамд Их Эзэний эрт дээр үеэс өгсөн бүх амлалтын хамтран залгамжлагчид болоход чиглүүлдэг хаалга юм.1
“Шинэ бөгөөд үүрдийн гэрээ”2 (Сургаал ба Гэрээ 132:6) болон Абрахамын гэрээ нь угтаа нэг бөгөөд Бурханы мөнх бус эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй өөр өөр цаг үед хийсэн гэрээг хоёр янзаар нэрлэж буй нэршил юм.
Үүрдийн гэсэн тэмдэг нэр нь энэ гэрээ дэлхийн үүслээс ч өмнө байсныг илтгэнэ. Тэнгэр дэх Их зөвлөгөөнөөр хэлэлцсэн төлөвлөгөөнд бид бүгд Бурханы дэргэдээс тусгаарлагдана гэсэн гунигтай мэдээ орсон байв. Гэсэн хэдий ч Бурхан Уналтын үр дагаврыг даван туулах Аврагчийг бидэнд өгнө хэмээн амласан. Бурхан Адамд баптисмынх нь дараа ийн хэлэв.
“Чи бол бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд өдрүүдийн эсвээс жилүүдийн төгсгөлгүй байсан түүний жаягийн дагуу бөлгөө.
“Болгоогтун, чи надад нэг, Бурханы хүү билээ; мөн ийн бүгд миний хөвгүүд болж болно” (Мосе 6:67–68).
Адам, Ева хоёр баптисмын ёслолыг хүлээн авч, Бурхантай нэг болох үйл явцаа эхлүүлж, гэрээний зам дээр гарцгаасан юм.
Бид бүхэн тэр зам дээр гарснаар амьдралын шинэ замтай болдог. Бид Бурхантай харилцах харилцаа тогтоосноор Түүнд биднийг адисалж, өөрчлөх боломжийг олгодог. Гэрээний зам нь биднийг Түүн рүү эргэн очих зам дээр гаргадаг. Бид амьдралдаа Бурханыг ялуулснаар гэрээ биднийг Түүнд улам ойртуулна. Бүх гэрээ нь холбох зорилготой бөгөөд үүрдийн холбоо бүхий холбоо хамаарлыг үүсгэдэг.
Онцгой хайр ба нигүүлсэл
Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүр мөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээнд орсон бүх хүн онцгой хайр, нигүүлслийг хүртэх эрхтэй. Еврей хэлэнд энэ гэрээний хайрыг hesed гэдэг(חֶסֶד).3
Hesed-тэй дүйцэх англи үг одоо хэр нь олдоогүй. Библийн Хаан Жэймсийн хувилбарыг орчуулсан орчуулагчид hesed-ийг англи дээр хэрхэн буулгах тал дээр нэлээд зүдэрсэн байх. Тэд ихэвчлэн “нигүүлсэнгүй хайр” гэдэг үгийг сонгодог. Энэ нь hesed-ийн ихэнх утгыг агуулдаг боловч бүх утгыг гаргадаггүй байна. Бусад орчуулагч “нигүүлсэл”, “сайн сайхан” гэж ч буулгаж үзсэн байв. Hesed гэдэг нь хоёр талын нэг нэгэндээ үнэнч, итгэл үүсгэсэн гэрээний харилцан заалтыг тодорхойлж буй өвөрмөц хэллэг юм.
Селестиел гэрлэлт нь ийм гэрээний харилцан заалттай байдаг. Эхнэр нөхөр хоёр Бурхантай мөн бие биетэйгээ нэг нэгэндээ үнэнч, итгэлтэй байх гэрээнд ордог.
Hesed гэдэг нь Бурханы Өөртэй нь гэрээнд орсон хүмүүст үзүүлдэг онцгой хайр, нигүүлсэл юм. Бид ч бас Түүнд hesed харуулдаг.
Бурханд Өөртэй нь гэрээ байгуулсан хүмүүст зориулсан hesed байдаг тул Тэр тэднийг хайрлах болно. Тэр тэдэнтэй үргэлжлүүлэн ажиллаж, тэдэнд өөрчлөх боломжуудыг санал болгоно. Тэр тэднийг наманчлах үед өршөөнө. Хэрэв тэд замаасаа гарвал Тэр Өөрт нь буцаж очих замаа олоход тэдэнд туслах болно.
Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ хийхээс өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээнд орсноор Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг.
Та нар Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд өгсөн түүхэн тунхаглалын талаар мэднэ шүү дээ. Энэ нь илчлэлтээр ирсэн ба Их Эзэн Иосефт ийн хэлсэн: “Энэ амлалт тэрчлэн та нарынх билээ, учир нь та нар Абрахамынх, мөн уг амлалт Абрахамд өгөгдсөн буюу” (Сургаал ба Гэрээ 132:31).
Тиймээс, энэ үүрдийн гэрээ нь сайн мэдээний агуу Сэргээлтийн нэг хэсэг болж сайн мэдээний бүрэн байдалд сэргээгдсэн. Үүнийг бодоод үз дээ! Ариун сүмд хийдэг гэрлэлтийн гэрээ нь Абрахамын гэрээтэй шууд холбоотой. Ариун сүм дэх хосуудад Абрахам, Исаак, Иаков нарын итгэлтэй үр удамд зориулсан бүх адислал боломжтой.
Бид бүгд Адам шиг баптисмаар дамжуулан өөр өөрсдийн гэрээний зам дээр гарцгаадаг. Дараа нь бид ариун сүмд гэрээний замд улам гүн ордог. “Абрахамын гэрээний адислалуудыг ариун сүмд хүртдэг. Эдгээр адислал нь биднийг амилуулагдах үед “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүдийг өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суугийн тулд өвлөх’ [Сургаал ба Гэрээ 132:19]”4 боломжтой болгоно.
Бид Хуучин Гэрээний сүүлийн бичвэрээс Елиа “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ” (Малахи 4:6) хэмээх Малахийн амлалтыг уншдаг. Эртний Израилд эцгүүдийн тухай өгүүлэхэд Абрахам, Исаак, Иаков нар багтдаг байсан. Моронайн бошиглогч Иосеф Смитэд эш татсан энэ шүлгийн өөр хувилбарыг унших үед “Тэрээр [Елиа] эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” (Иосеф Смит—Түүх 1:39) хэмээх энэ амлалт ойлгомжтой болдог. Эдгээр эцгийн тоонд Абрахам, Исаак, Иаков нар зүй ёсоор багтана. (Сургаал ба Гэрээ 27:9–10-ыг үзнэ үү.)
Есүс Христ: Гэрээний төв
Аврагчийн цагаатгагч золиос нь Эцэгийн хүүхдүүддээ өгсөн амлалтуудыг гүйцэлдэх боломжоор хангасан. Есүс Христ “зам, үнэн, амь учраас хэн ч [Түүгээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6). Бидний Аврагч, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ачаар Абрахамын гэрээ биелэх боломжтой болсон. Есүс Христ Абрахамын гэрээний төвд оршдог.
Хуучин Гэрээ нь судрын номоос гадна түүхэн ном юм. Та Сараи, Абрам хоёрын гэрлэлтийн талаар уншиж байснаа санаж байна уу? Тэд үр хүүхэдгүй байсан тул Сараи Эзэний заавраар өөрийн зарц бүсгүй Хагарыг Абрамд татвар эм болгон өгөв. Хагар Ишмаелыг төрүүлэв.5 Абрам Ишмаелд хайртай байсан ч тэр гэрээ байгуулах хүүхэд биш байв. (Эхлэл 11:29–30; 16:1, 3, 11; Сургаал ба Гэрээ 132:34-ийг үзнэ үү.)
Бурханы адислалаар, Сараигийн итгэл хариулагдан,6 уг гэрээ Сараигийн хүү Исаакаар (Эхлэл 17:19-ийг үзнэ үү) байгуулагдаж болохын тул тэрээр өтөл насандаа жирэмсэлж, хүү гэрээнд төрсөн.
Бурхан Сараи, Абрам хоёрт Сара, Абрахам гэдэг шинэ нэр өгөв (Эхлэл 17:5, 15-ыг үзнэ үү). Эдгээр шинэ нэрийг өгснөөр энэ гэр бүлийн шинэ амьдрал, шинэ хувь заяа эхэлсэн.
Абрахам Ишмаел, Исаак хоёрт хоёуланд нь хайртай байв. Бурхан Ишмаел өсөж үржин, агуу үндэстэн болно хэмээн Абрахамд хэлсэн (Эхлэл 17:20-ийг үзнэ үү). Бурхан ийн айлдахдаа үүрдийн гэрээг Исаакаар байгуулна гэв (Эхлэл 17:19-ийг үзнэ үү).
Сайн мэдээг хүлээн авах хүн бүр Абрахамын удамд тооцогдоно. Галат номоос бид:
“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.
“… Та нар бүгд Христ Есүс дотор нэг болой”
“Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн (Галат 3:27–29) хэмээн уншдаг.
Ийн бид төрөлт, үрчлэлт аль алинаар нь гэрээний өв залгамжлагчид болж болно.
Исаак, Ребека хоёрын хүү Иаков гэрээнд төрсөн бөгөөд дээр нь тэр гэрээнд орохыг өөрөө сонгосон. Та нарын мэдэж байгаачлан, Иаковын нэр “Бурханыг амьдралдаа ялуул” эсвэл “Бурхантай хамт ялагч нэгэн”7 гэсэн утгатай Израил (Эхлэл 32:28) болж өөрчлөгдсөн билээ.
Гэтлэл номоос бид “Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав” (Гэтлэл 2:24) гэж уншдаг. Бурхан Израилын хүүхдүүдэд “Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар Миний үнэт өмч байх болно” (Гэтлэл 19:5) хэмээн айлдав.
“Үнэт өмч” гэдэг үгийг еврей хэлний segullah гэдэг үгээс орчуулсан бөгөөд өндөр үнэтэй зүйл буюу “өмч” гэсэн утгатай.”8
Дэд хууль номд гэрээний ач холбогдлыг өгүүлдэг ба Шинэ Гэрээний төлөөлөгчид энэ гэрээний тухай мэддэг байв. Петр сүмийн дааман хаалган дээрх суунги гуйлгачныг эдгээснээр тэнд байсан хүмүүст Есүсийн тухай заасан. “Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ (Үйлс 3:13).
Та нар тэдгээр эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр газар дэлхийн бүх овог отог ерөөгдөх болно” гэж Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм (Үйлс 3:25) гээд Петр тэдэнд хандсан яриагаа төгсгөв. Бурханы гэрээг гүйцэлдүүлэх нь Христийн тохинууллын нэг хэсэг байсныг Петр тэдэнд ойлгуулсан.
Их Эзэн эртний америкчуудад яг адил зүйлийг номлосон ба тэнд амилсан Христ хүмүүсийн хэн болохыг тэдэнд хэлж өгсөн. Тэрээр ийн хэлсэн.
“Та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; мөн Абрахамд хэлсэн нь: Мөн чиний үр удмаар дэлхийн бүх үндэстнүүд адислагдах болно хэмээн, та нарын эцэг өвгөдтэй Эцэгийн хийсэн гэрээнийх болой та нар.
“Эцэг та нарын төлөө намайг түрүүнд нь босгосон, мөн та нарын хүн нэг бүрийг алдсуудаас нь эргүүлснээр адислахын тулд намайг илгээсэн; мөн та нар гэрээний хүүхдүүд учраас энэ юм” (3 Нифай 20:25–26).
Та үүнийг хэчнээн чухал болохыг ойлгож байна уу? Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахидаг хүмүүс нүглийг эсэргүүцэх чадвартай болдог! Гэрээнүүдээ сахидаг хүмүүс дэлхийн байнгын нөлөөг эсэргүүцэх хүчтэй байх болно.
Номлолын ажил: Гэрээг хуваалцах нь
Их Эзэн сайн мэдээг түгээж, гэрээг хуваалцахыг бидэнд тушаасан. Ийм л зорилгоор бид номлогчидтой байдаг. Тэр Өөрийн хүүхэд бүрийг Аврагчийн сайн мэдээг сонгох боломжтой байж, гэрээний зам дээр үлдээсэй хэмээн хүсдэг. Бурхан эрт дээр үед Абрахамтай хийсэн гэрээтэй нь бүх хүн холбогдоосой хэмээн хүсдэг.
Ийнхүү номлолын ажил нь Израилын агуу цугларалтын чухал хэсэг болдог. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр тохиож буй хамгийн чухал ажил юм. Чухал, ач холбогдлоор нь юутай ч харьцуулшгүй. Их Эзэний номлогчид буюу Түүний шавь нар өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу уриалга, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэгт оролцож байна.
Гэвч үүнээс ч илүү зүйл бий. Хөшигний нөгөө талд буй хүмүүст сайн мэдээг түгээх зайлшгүй хэрэгцээтэй байна. Бурхан Өөрийн гэрээний адислалуудыг хөшигний хоёр талд буй бүх хүнийг хүртээсэй хэмээн хүсдэг. Гэрээний зам хүн бүрд нээлттэй. Энэ замаар хүн бүр бидэнтэй алхаасай хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Өөр ямар ч ажил ийм өргөн хүрээг хамардаггүй. “Зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудах бүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу” (Хиламан 3:27).
Мелкизедек санваар сэргээгдсэнээр гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн мэдээний “сүнсний бүх адислалыг” (Сургаал ба Гэрээ 107:18; тодотгол нэмэгдсэн) хүртэх эрхтэй.
1836 онд Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр Их Эзэний удирдамжаар Елиа хүрч ирсэн. Түүний зорилго юу байсан бэ? “Хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх буюу” (Сургаал ба Гэрээ 110:15). Елиас мөн адил хүрч ирсэн. Түүний зорилго юу байсан бэ? Иосеф Смит, Оливер Каудери хоёрт “бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав” (Сургаал ба Гэрээ 110:12) гэж хэлсэн. Ийнхүү Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын эрх мэдлийг болон Абрахамын гэрээний онцгой адислалуудыг бусдад дамжуулах эрхийг олгосон юм.9
Сүмд бид гэрээний замаар ганцаараа мөн хамтдаа аялцгаадаг. Гэрлэлт, гэр бүл нь нэгнээ гэх нандин холбоогоор онцгой хайрыг бий болгодог шиг бид гэрээгээр дамжуулан өөрсдийгөө Бурхантай дээш холбосон шинэ харилцаа ч мөн адил хайрыг бий болгодог.
Энэ нь “Бурхан өөрийг нь Бурханаа болгогч тэднийг хайрладаг” (1 Нифай 17:40) гэсэн Нифайн санаатай дүйцэж байж ч болох юм. Энэ нь онцгой хайр, нигүүлсэл гэрээ буюу hesed-ийн нэг хэсэг учир Бурхантай ийм холбоонд орж, нандин харилцаа үүсгэсэн хүн бүрд, бүр “мянган үеийг нь хүртэл” (Дэд хууль 7:9) боломжтой байдаг шалтгаан юм.
Бурхантай гэрээ байгуулах нь Түүнтэй харилцах харилцааг маань үүрд өөрчилдөг. Энэ нь биднийг илүү их хайр, нигүүлслээр адисалдаг.10 Энэ нь бидний одоо хэн байгаа мөн болох ёстой хүнээ болоход Бурханы бидэнд туслах арга замд нөлөөлдөг. Бид ч бас Түүний хувьд “үнэт өмч” (Дуулал 135:4) юм хэмээх амлалтыг бидэнд өгсөн.
Амлалт ба эрх
Ариун гэрээнүүдэд орж, эдгээр гэрээгээ сахидаг хүмүүст “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь” (Сургаал ба Гэрээ 14:7) болох мөнх амьдрал хийгээд өргөмжлөл амлагдсан билээ. Есүс Христ бол эдгээр гэрээний батлан даагч мөнөөс мөн (Еврей 7:22; 8:6-г үзнэ үү). Бурханыг хайрладаг мөн Түүнийг амьдралынхаа бусад бүх зүйлд ялуулдаг, гэрээгээ сахигчид Түүнийг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөгөө болгосон байдаг.
Өнөө үед бид патриархын адислал авч мөн эртний патриархуудтай хэрхэн холбогддогоо мэдэж авах боломжтой. Эдгээр адислал нь мөн ирээдүйд болох зүйлсийг харах боломж олгодог.
Гэрээт Израилын хувьд бидний дуудлага бол Сүмийн гишүүн бүр Бурхантай гэрээ байгуулснаар ирэх баяр хөөр, эрх мэдлийг ойлгож байгаа эсэхийг нягтлах явдал юм. Энэ нь гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүрийг өөрсдийн нөлөөлж чадах хүмүүстээ сайн мэдээг хуваалцахад урамшуулах дуудлага юм. Энэ нь бас бид бүгд Бурханы хүмүүс байж, Тэр бидний Бурхан байж болохын тулд баптисм хүртээж мөн Израилыг цуглуулахад туслахаар заавар авч илгээгдсэн номлогчдыг дэмжиж, урамшуулах явдал юм (Сургаал ба Гэрээ 42:9).
Санваарын ёслолуудад оролцож, Бурхантай гэрээ байгуулсан, гэрээндээ үнэнч эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хүчийг шууд хүлээн авах боломжтой. Бид Их Эзэний нэрийг өөрсөд дээрээ хувиараа болон нийтээрээ хүлээн авдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зөв нэрийг ашиглах эрмэлзэлтэй байх нь Түүний нэрийг өөрсөд дээрээ нийтээрээ авч буй чухал арга зам юм. Үнэн хэрэгтээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн болон гишүүдийнх нь сайхан сэтгэлийн үйлдэл бүр Бурханы hesed илрэл юм.
Израил яагаад тараагдсан бэ? Хүмүүс зарлигуудыг зөрчиж, бошиглогчид руу чулуу шидэв. Хайрлаж бас шаналсан Эцэг Израилыг ийш тийш тараан энэ бүхэнд хариулав.11
Гэвч Тэр тараахдаа хэзээ нэгэн өдөр Израил Өөрийнх нь сүрэгт дахин цугларна хэмээн амласан.
Иудагийн овог Их Эзэний нэг дэх ирэлтэд дэлхийг бэлтгэх үүрэг хүлээсэн байв. Энэ овгоос Мариа Бурханы Хүүгийн эх болохоор дуудагдсан юм.
Иосефын овог Иосефын болон Асенатын хөвгүүд болох Ефраим, Манассегаар (Эхлэл 41:50–52; 46:20-ийг үзнэ үү) дамжуулан Израилын цугларалтыг удирдах, дэлхийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үүрэг хүлээсэн.
Ийм төгсгөлгүй hesed харилцаанд Бурханы Израилыг цуглуулах хүсэл нь байдаг л зүйл юм. Тэр бидний Тэнгэрлэг Эцэг билээ! Тэр хөшигний хоёр талд буй Өөрийн бүх хүүхдийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоосой хэмээн хүсдэг.
Хайрын зам
Гэрээний зам бол гайхамшигт hesed буюу бие биедээ өрөвч нигүүлсэнгүй хандаж, хүрч үйлчлэх хайрын зам юм. Энэ хайрыг мэдрэх нь чөлөөлөлт, сэргэлт юм. Бурханыг болон Түүний бүх хүүхдийг хайрлах хайраар дүүрэн байх нь таны мэдэрч болох хамгийн агуу баяр баясгалан юм.
Бурханыг өөр хэнээс ч, юунаас ч илүүтэй хайрласнаар жинхэнэ амар амгалан, тайтгарал, итгэл, баяр баясгалан авчрах нөхцөл бүрдэнэ.
Гэрээний зам гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа буюу бидний Түүнтэй харилцах hesed-ийг хэлнэ. Бид Бурхантай гэрээнд орсноор үргэлж хэлсэндээ хүрдэг Түүнтэй гэрээ байгуулдаг. Тэр сонгох эрхийг маань зөрчилгүйгээр, сонгох эрхээ авч үлдэхэд маань туслахын тулд чадах бүхнээ хийх болно.
Мормоны Ном энэ үүрдийн гэрээний эшлэлүүдээр эхэлж мөн төгсдөг. Мормоны Ном нь гарчгаасаа эхлээд Мормон, Моронай хоёрын сүүлийн гэрчлэл хүртэл гэрээний талаар дурддаг (Мормон 5:20; 9:37-г үзнэ үү). “Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилыг цуглуулж эхэлснийг болон Абрахам, Исаак, Иаков нартай хийсэн гэрээнүүдээ биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлон харуулж буй тэмдэг юм.12
Хүндэт ах эгч нар аа, бид дэлхийн түүхэн дэх энэ чухал цаг үед үүрдийн гэрээний давуу чанар, хүч чадлын талаар дэлхийд заахаар дуудагдаад байна. Тэнгэрлэг Эцэг биднээс энэ агуу ажлыг хийхийг хүсэн хүлээж байдаг.
Энэ захиасыг 2022 оны 3-р сарын 31-нд Ерөнхий чуулганы удирдагчдын хурал дээр хэлсэн болно.
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, October 2022-ын орчуулга. Mongolian. 18317 363