“Аглаг буйд дахь бидний гэрэл,” Лиахона, 2024 оны 1-р сар.
Аглаг буйд дахь бидний гэрэл
Мормоны Номыг чин сэтгэлээсээ уншдаг, үүний дүрмээр амьдардаг, үүний үнэн эсэх талаар залбирдаг хүмүүс Ариун Сүнсийг мэдэрч, Аврагчид итгэх итгэл, Аврагчийн талаарх гэрчлэлээ нэмэгдүүлэх болно.
Би бүр өсвөр насандаа Мормоны Номын талаар гэрчлэлтэй болсон юм. Ялангуяа Жаредын ахын болон түүний хүмүүсийн “амлагдсан нутаг” (Ифер 2:9) руу хийсэн аяны түүхэд сэтгэл татагддаг байв.
Гэрэлгүй хөлгөөр аялах нөхцөл байдалд орсон Жаредын ахыг “Болгоогтун, Ай Их Эзэн, бид энэ их усыг харанхуйд гатлахыг та зөвшөөрнө гэж үү?” гэж асуухад Их Эзэн хариуд нь “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” (Ифер 2:22, 23) гэж асуужээ.
Жаредын ах Их Эзэнийг бүхнийг чадагч хүчтэй гэж мэдэж байсан. Тэрээр Их Эзэн бол бүхий л гэрлийн эх үүсвэр гэдгийг мэддэг байв. Тэрээр Их Эзэнийг Өөрийн хүмүүст гачигдалтай үед Түүнийг дууд хэмээн зарлигласныг мэдэж байлаа. Иймээс Жаредын ах Их Эзэнд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, 16 ширхэг чулуу бэлджээ. Тэрээр тэгээд Их Эзэнээс “Тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” (Ифер 3:4) чулуунд хүрэхийг гуйсныг та нар санаж байгаа.
Энэ түүхийг анх удаа уншсанаас хойш чулуунуудад хуруугаа хүргэсэн Их Эзэний дүр төрх оюун санаанаас минь гарахгүй байв. Энэ үйл явдал нүдний минь өмнө болсон мэт тодхон байлаа. Магадгүй гэрэлд сарнисан харанхуйн дүр зураг надад бодит учраас тэр байх.
Би Ариун Сүнсийг мэдрэхгүй үедээ болон Их Эзэний Сүнстэй хамт байхгүй үедээ харанхуйг мэдэрдэг. Гэхдээ Мормоны Номыг унших үед гэрэл эргэж ирдэг. Мормоны Ном миний хувьд Их Эзэний мутар хүрсэн гэрэлт чулуу мэт байсаар ирсэн. Энэ нь амьдралын минь аяллыг гэрэлтүүлсэн.
Үүрд байх гэрэл
Эртний америкчуудад Их Эзэний мутраар авчрагдсан тэр хүмүүсийн адил бид бүгд өргөмжлөлийн амлагдсан нутаг руу аялах аяныхаа үеэр шуурга, хар өдрүүдтэй тулгардаг. Гэхдээ Их Эзэн Өөрийн жаредчууд, нифайчуудын төлөө хийсэн зүйлээ бидний төлөө хийх болно. Хэрэв бид Түүнийг дуулгавартай дагаж, Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, Түүнээс тусламж хүсвэл Тэрээр биднийг чиглүүлж, замыг маань гэрэлтүүлэх болно.
Их Эзэн Нифайд “Мөн түүнчлэн аглаг буйдад би та нарын гэрэл байх болно; мөн би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал; иймийн тул, та нар миний зарлигийг дагахын хэрээр, та нар амлагдсан нутгийн зүг удирдагдах болно; мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно” (1 Нифай 17:13) хэмээн хэлсэн.
Их Эзэн Нифайн ах Иаковт “Үгсийг минь анхааран сонсох тэдэнд би үүрд гэрэл байх болно” (2 Нифай 10:14) гэж хэлжээ.
Бошиглогч Абинадай Аврагчийн тухай “Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл” (Мозая 16:9) хэмээн гэрчилсэн.
Есүс Христ Өөрөө “Би бол дэлхийн гэрэл ба амь” хэмээн гэрчилжээ. Тэрээр “Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ” (3 Нифай 9:18; 18:16) хэмээн нэмж айлдсан.
Гэрэл мэдрэх
Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд би хайртай. Надад түүний дэргэд үйлчлэх адислал тохиосон юм. Түүнийг өрөөнд орж ирэхэд тасалгаа тэр даруй илүү гэгээтэй болдог. Тэрээр Христийн гэрлийг өөртөө тээж явдаг.
Христийн гэрэл бол бодит. Энэ бол “Христээр дамжин Бурханаас ирдэг тэнгэрлэг хүч буюу нөлөө юм. Энэ нь бүх зүйлд гэрэл болон амьдралыг өгдөг билээ.” Энэ бол Бурханы хүүхдүүдийг Ариун Сүнс рүү мөн Есүс Христийн сайн мэдээ рүү хөтөлж чадах сүнслэг эрхэм бэлэг юм.1 Мормоны Номыг уншсанаар тэрхүү Гэрэл тодордог.
Заримдаа бидэнд аялалдаа хэрхэн туслуулж байснаа санахын тулд амьдралаа эргэн харах хэрэгтэй болдог. Бид эргэн санах үедээ Аврагчийн нөлөөг дахин мэдэрч чадна. Судруудад “Санагтун, санагтун” (Хиламан 5:12) хэмээснийг харахад “Нэг удаа харсан эсвэл мэдэрсэн зүйлээ бүү сана; харин тэрхүү гэрлийг дахин мэдэр” гэж байна гэж би боддог.
Зарим хүний хувьд сүнслэг гэрэл амархан ирдэггүй. Бусад хүний хувьд өөрсдөд нь тулгарч байгаа асуудлууд, дэлхийн сатааруулах зүйлсээс болж сүнслэг гэрлийг мэдрэхэд хэцүү байдаг. Гэхдээ хэрэв бид итгэлтэй байвал гэрэл заримдаа бидний таамаглаагүй арга замуудаар ирэх болно.
Ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Мормоны Номыг өдөр бүр залбирч судлахыг”2 зөвлөөд, Мормоны Номын Аврагч руу биднийг улам ойртуулдаг, сайн мэдээний гэрлийг мэдрэх, сайн мэдээний үнэнийг мэдэж авах, сайн мэдээний сургаалын дагуу амьдрахад тусалдаг хэд хэдэн арга замыг хуваалцсан.
Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр, бид Мормоны Номыг уншсанаар Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголт, үүнд талархах талархал маань өсөн нэмэгддэг.
Энэхүү ном бидний зүрх сэтгэлийг өөрчлөгдөхөд туслахын хэрээр (Мозая 5:2-ыг үзнэ үү) бид “дахин төрөх” (Мозая 27:25) хүсэлтэй болох болно.
Израилын цугларалтын талаар Мормоны Номын заасныг бид уншиж, судлаад, нас барсан хүмүүсээ хайж олон, ариун сүмд тэдний өмнөөс аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх хүслээ нэмэгдүүлэх болно.
Бид асуултынхаа хариултыг болон шийдвэр гаргах удирдамжийг мөн наманчлах, хилэнцтийг эсэргүүцэх хүчийг хүлээн авахдаа гэрлийг мэдрэх болно.
Мормоны Номд гардаг үнэнийг бид уншаад, бодгальдаа эдгэрэл, тайтгарал, сэргээлт, халамж хайр, хүч, тайвшрал, урам зориг мэдрэх болно.3
“Ай тэгвэл, энэ нь бодитой гэж үү?” Алма үнэн, мэдлэг, гэрчлэлийн соёолж өсөх үрийн талаар асуусан. “Би та нарт хэлнэ, Тийм ээ, учир нь энэ бол гэрэл; мөн гэрэл болгон ямар боловч сайн, учир нь энэ бол харагдах зүйл, тиймийн тул та нар энэ нь сайныг мэдэх ёстой” (Алма 32:35).
Харанхуйд Аврагчийг олж харах
Миний найз Камрин 10 настай байхдаа баруун нүднийх нь эвэрлэг бүрхэвчийг гэмтээсэн, нүдний ховор, эдгэшгүй өвчнөөр өвчилсөн юм.4 Заримдаа тасралтгүй, тэсвэрлэшгүй өвдөх үедээ Камрин ямар ч гэрлийг харж чаддаггүй байв. Түүний эцэг эх охиноо хараагүй болох вий гэж санаа зовж байсан учир тайвшруулахыг хичээн, унтлагын өрөөнийх нь цонхыг халхалдаг байлаа. Камрины ээж Жанна:
“Түүнд ийм онош тавьснаас дөрвөн сарын дараа би түүний харанхуй өрөө рүү орсон юм. Миний нүд харанхуйд дасаад, Камриныг орондоо нялх хүүхэд шиг эвхрэн хэвтэж байхыг харав. Тэр намайг өрөөнд нь орж ирэхийг сонссон ч өвдсөнөөсөө болоод хөдлөх ч үгүй, бүр уйлах ч үгүй байв. Тэр бүлцийж хавдсан нүдтэй хэвтэж байлаа.
Би орных нь дэргэд өвдөглөн суугаад, түүний гарыг барин, ‘Би чамд хайртай’ гэснийг илэрхийлэх нууц дохиог буюу гарыг нь гурван удаа атгав. Жирийн үед тэр ‘Би танд илүү их хайртай’ гэдгээ илэрхийлэн, хариуд нь дөрвөн удаа атгадаг байсан ч энэ удаа хариу өгсөнгүй. Тэр маш их өвдөлт мэдэрч байв. Хацрыг минь даган нулимс урсаж, би нэгэн цагт сэргэлэн цовоо байсан, одоо атиралдан хэвтэх 10 настай охиноо хараад, зүрх минь зүсэгдэх шиг л болсон” гэж дурсан ярьсан юм.
Жанна зүрх сэтгэлдээ чимээгүйхэн залбирчээ.
“Тэнгэрлэг Эцэгийг бүхнийг мэддэг гэдгийг нь мэддэгээ би Түүнд хэлээд, ‘Охинд минь туслаач’ гэж залбирсан. Намайг залбираад сууж байхад дулаахан мэдрэмж намайг бүрхэв. Аврагч Есүс Христийн талаар ‘Тэр бол гэрэл. Түүнийг харанхуйд ол’ гэсэн бодол оюунд минь ирэхэд би тайвширсан” гэж тэр ярив.
Жанна толгойгоо өргөөд, Камрины чихэнд “Чи харанхуйд Аврагчийг олох хэрэгтэй” гэж шивнэжээ.
Түүний дараа Камрин Сүмийн library аппликэйшн дээрх дуулал, судрыг сонсож байгаад унтаад өгөв.
Камрины өвчин ихэнхдээ намждаг ч үрэвсэл сэдэрснээс болж түүнийг шаналах үед Жанна, нөхөр Даррины хамт түүнийг тайвшруулж, өрөөнийх нь цонхыг бүтээлгээр халхалдаг. Ийн өвдөх үеэрээ Камрин “Би Аврагчийг харанхуйд олдог”5 гэж хэлдэг.
Амьдрал “бүрэнхий мөн дүнсгэр аглаг буйд” (1 Нифай 8:4) мэт байх үед бид бас Аврагчийг харанхуйд олох хэрэгтэй болж магад. Мормоны Ном “Есүс бол Христ, мөнхийн Бурхан”6 гэсэн гэрчийн хамт Түүн рүү биднийг хөтлөх болно гэдгийг би гэрчилж байна. Мормоны Номыг чин сэтгэлээсээ уншдаг, үүний дүрмээр амьдардаг, үүний үнэн эсэх талаар залбирдаг хүмүүс Ариун Сүнсийг мэдэрч, Аврагчид итгэх итгэл, Аврагчийн талаарх гэрчлэлээ нэмэгдүүлэх болно гэдгийг би мэднэ.
Бид энэхүү “хамгийн зөв” номыг7 уншиж, нандигнан, өөрсдийн болон бусдын итгэлийг Дэлхийн Гэрэлд хүчирхэгжүүлэхийн тулд ашигласнаар үүнд талархаж буйгаа харуулдаг байх болтугай.