Орон нутгийн хуудсууд
Мормоны Ном
Мормоны Номыг “манай шашны тулгуурын чулуу” (Мормоны Номын удиртгал) хэмээн бошиглогч Иосеф Смит заасан. Өөр нэг тохиолдолд тэрээр: “Мормоны Номыг болон илчлэлтүүдийг авчих юм бол манай шашин хаана байх вэ? Бидний шашин байхгүй байх байсан” гэж хэлжээ.
Бид уруу таталтаар дүүрэн, маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд амьдарч байна. Уруу таталт ихсэж, зөв бурууг ялган танихад улам хэцүү болж буй өнөө үед Мормоны Ном хэрхэн бидний итгэлийг хөгжүүлж, гэрчлэлийг нэмэгдүүлж, хожмын үед үнэн зөв сургаалаар хангаад зогсохгүй бидний амьдралд зам заагч луужин болдог тухай бошиглогч Рассэлл М.Нэлсон ийн хэлжээ. “Цаашилбал, Мормоны Номыг байнга шимтэн уншихаас өөр бидний итгэлийг хөгжүүлдэг зүйлс цөөн байдаг. Өөр ямар ч ном Есүс Христийн талаар ийм хүчтэй, тодорхой гэрчилдэггүй. Уг номын бошиглогчид Их Эзэнээр өдөөгдөн бидний энэ цаг үеийг харсан ба бидэнд хамгийн их ач тустай гэсэн сургаал, үнэнүүдийг сонгожээ. Мормоны Ном бол хожмын өдрүүдэд зориулсан бидний эсэн мэнд гарах гарын авлага юм.”
Улаанбаатар Зүүн Гадасны Сансар тойргийн гишүүн О.Мөнхтуяа: “Би 14 настай байхдаа Сүмийн номлогчидтой танилцсан. Тэд надад Сүмийг танилцуулж, Мормоны Ном өгсөн. Тэд манай гэр бүлд хичээл заагаад явах болгондоо Мормоны Номоос унших хэсгүүдийг даалгаж өгөн, би унших даалгавраа цаг тухайд нь хийсэн байдаг байлаа. Мормоны Номыг унших үед энэ ном бусдаас онцгой төдийгүй Бурханд улам ойртуулдаг гэдгийг би мэдэрдэг байсан. Би 15 настайдаа баптисм хүртэхээсээ өмнө Мормоны Номыг аль хэдийн уншаад дуусгасан байв. Барьсан номоо дуустал уншдаггүй байсан надад юу энэ номыг уншиж дуусгахад нөлөөлсөн юм бол? Мормоны Номыг дарамт, шахалтаар уншихаас илүүтэй шимтэн уншсанаар цаг хугацаа өнгөрч байгааг ч үл анзаарч, зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрж, Ариун Сүнсийг мэдэрч эхэлдэг. Дараа нь зөв зүйл хийж байгаа үед энэ танил мэдрэмж төрж, яваандаа Ариун Сүнсний мэдрэмжийг таньж эхэлдэг юм билээ. Би семинарт явдаг байхдаа Мормоны Номын төгс эзэмших судруудыг цээжилдэг байсан ба уруу таталттай тулгарах үед эдгээр нь Ариун Сүнсний дуу хоолой болж, надад юу хийх ёстойг сануулдаг байсан. Жишээ нь, залбирлууд маань тэр даруй хариулагдахгүй байгаа мэт санагдах үед 2 Нифай 32:8–9 дээрх үгс надад залбирахдаа шантрах ёсгүйг сануулдаг байв. Би энэрлийг хөгжүүлэхгүйгээр Бурханы өмнө юу ч биш гэдгээ ойлгосноор Моронай 7:45 дээрх энэрлийн зан чанаруудыг хөгжүүлэх гэж чармайдаг байв. Бас Сүмийн дуудлагатаа түүртэх үедээ 1 Нифай 3:7 дээр “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” хэмээн Нифайн эцэгтээ хандаж хэлсэн үгсийг санаад урам авдаг байсан. Энэ мэт дуртай судрын хэсгүүдээ өөртэйгөө адилтгаж (1 Нифай 19:23), амьдралдаа хэвшүүлэх гэж хичээснээр одоо сайн мэдээний дагуу амьдрах нь тийм ч хэцүү санагдахаа больсон байна. Хүүхдүүдтэйгээ хамт дуртай судрыг нь хамт цээжилбэл Ариун Сүнс тэдэнд хэрэгтэй үед нь бидний өмнөөс ярьж, хийх ёстой зүйлсийг нь сануулна гэдэгт би итгэдэг.
Би Мормоны Номоор дамжуулан энэ Сүм үнэн гэсэн гэрчлэлтэй болсон. Учир нь Мормоны Ном үнэн тул би Бурхан, Аврагч хоёр амьд мөн Тэд Иосеф Смитээр дамжуулан энэ Сүмийг сэргээсэн гэдгийг мэддэг болсон. Миний Сүмдээ итгэх итгэл Мормоны Номоор дамжин хүчирхэгжсэн” гэж Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцлаа.
Бидний хайрт бошиглогч Мормоны Номын талаар: “Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч байгаад судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна. . . . Бид Мормоны Ном бол Бурханы үг эргэлзээгүй мөн гэдгийг зүрхнийхээ угаас гүн гүнзгий мэдрэх хэрэгтэй. Бид үүнгүйгээр нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй болтлоо тийм гүн гүнзгий мэдрэх ёстой” хэмээн хэлсэн.