Ирээд, Намайг дага
12-р сарын 2–8: “Тэднийг зөв замд байлгахын тулд.” Moронай 1–6


“12-р сарын 2–8: ‘Тэднийг зөв замд байлгахын тулд.’ Моронай 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“12-р сарын 2–8. Моронай 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Алма Мормоны усанд хүмүүст баптисм хүртээж буй нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Алма Мормоны усанд баптисм хүртээсэн нь, 1949–1951, хавтан дээрх тосон будаг, 35 7/8 × 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

12-р сарын 2–8: “Тэднийг зөв замд байлгахын тулд”

Moронай 1–6

Моронай нифайчуудын тухай эцгийнхээ цэдгийг бичиж мөн жаредчуудын цэдгийг хураангуйлж дуусаад, цэдэг хөтлөх ажил нь дууссан гэж бодсон (Моронай 1:1-ийг үзнэ үү). Бүрмөсөн устаж үгүй болсон хоёр үндэстний талаар хэлэх өөр зүйл байсан гэж үү? Гэвч Моронай бидний цаг үеийг харсан Мормон 8:35-ыг үзнэ үү) төдийгүй “ирээдүйн нэг өдөр, … чухал байж магад хэмээх тул өөр цөөн хэдэн зүйл” (Моронай 1:4) бичихээр сүнсээр өдөөгджээ. Тэрээр өргөн хүрээний урвалт болохыг бас энэ нь санваарын ёслолууд болон шашны талаар ерөнхийд нь төөрөгдөл авчирна гэдгийг мэдэж байв. Тийм ч учраас тэрээр ариун ёслол, баптисм, Ариун Сүнсний бэлгийг хүртээх болон бусад итгэгчийн хамт “[бие биеэ] зөв замд байлгахын тулд, итгэлийнх нь үүсгэгч мөн төгсгөгч нь болох Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан” (Моронай 6:4) цуглахын адислалуудын талаар тодорхой мэдээлэл өгсөн байж магадгүй. Их Эзэн Моронайн амь насыг хамгаалж, “цөөн хэдэн зүйл бичих” (Моронай 1:4) боломжийг түүнд олгосонд талархах шалтгааныг эдгээр эрхэм нандин санаа бидэнд өгдөг билээ.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Моронай 1

Би эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс Христийг дагаж чадна.

Моронай 1-ийг уншиж байхад тань Их Эзэнд болон дуудлагадаа итгэлтэй байсан Моронайн юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ? Хүн Христийг ямар ямар арга замаар үгүйсгэж болох вэ? (Моронай 1:2–3). Та сорилт бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарсан ч хэрхэн Есүс Христэд үнэнч байж чадахаа тунгаан бод.

Моронай 2–6

Санваарын ёслолуудыг Их Эзэний зарлигласнаар гүйцэтгэх ёстой.

Моронай эдгээр бүлгийг бичиж байхдаа амиа хамгаалахаар зугтсаар байв. Ёслолуудыг хэрхэн гүйцэтгэх гээд ариун ёслолын нарийн ширийн зүйлсийн талаар бичихэд тэр яагаад санаа тавьсан бэ? Та Моронай 2–6-г уншихдаа энэ талаар тунгаан бод. Эдгээр нь Их Эзэнд яагаад чухал гэж та бодож байна вэ? Таныг судраас судлахад чиглүүлэх асуултууд:

Гишүүний баталгаа (Моронай 2; 6:4).Моронай 2:2 дээрх Аврагчийн зааварчилгаа гишүүнээр батлах ёслолын талаар танд юу заадаг вэ? “Ариун Сүнсний хүчээр нөлөөлөгдөж мөн цэвэршигдэх” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг та хэрхэн тайлбарлах вэ? (Моронай 6:4).

Санваарын томилгоо (Моронай 3).Хэн нэгнийг санваарт томилогдоход бэлтгэхэд туслах юуг та энэ бүлгээс олж мэдсэн бэ? Ёслол гүйцэтгэхээр бэлтгэхэд нь хүнд тусалж болох юуг та олсон бэ?

Ариун ёслол (Моронай 4–5; 6:6).Ариун ёслолыг долоо хоногийнхоо сүнслэг онцгой зүйл болгохын тулд та юу хийж болох вэ?

Баптисм (Моронай 6:1–3).Та баптисмынхаа шаардлагуудыг үргэлжлүүлэн хангахын тулд юу хийж байна вэ?

Адислал хүлээн авч буй залуу эмэгтэй

Есүс ёслолуудыг хэрхэн үйлдэхийг заасан.

Та сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, эдгээр ёслолын талаар боддог, оролцдог эсвэл бусдыг эдгээр ёслолд бэлтгэдэг арга замаа хэрхэн өөрчлөх вэ?

Мөн Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү.

Дүрд тоглон үзүүлэх. Сурч байгаа зүйлээ санах нэг гайхалтай арга зам бол үүнийг бусдад тайлбарлаж өгөх юм. Жишээ нь: Дараахтай адил жишээнүүдийг жүжигчлэн тоглох гээд үзээрэй: Найз тань баптисм хүртэхэд бэлэн эсэхтээ эргэлзэж байна. Та Моронай 6-г ашиглан түүнд хэрхэн тусалж болох вэ?

Moронай 4–5

Ариун ёслолоос хүртэх нь надад Есүс Христэд ойртоход тусалдаг.

Та ариун ёслолын залбирлыг олон удаа сонсож байсан ч эдгээр үг ямар утга учиртайг хэр олон удаа нухацтай бодож байсан бэ? Магадгүй та ариун ёслолын хоёр залбирлыг цээжээрээ бичих гээд үзэж болох юм. Тэгээд бичсэн зүйлээ Моронай 4:3 болон 5:2-той харьцуул. Та эдгээр залбирлаас өмнө нь анзаараагүй ямар нэгэн зүйлийг ажигласан уу?

Судлах явцдаа “Цовдлогдсон Нэгэнийг саная” (Дуулал, д. 102) гэх мэт ариун ёслолын дууллыг оруулахыг бод.

Моронай 6:4–9

семинар шигтгээ зураг
Есүс Христийн шавь нар нэг нэгнийхээ бодгальд санаа тавьдаг.

Христийг дагах сонголт нь хувь хүнийх боловч итгэл нэгтнүүд биднийг “зөв зам дээрээ байхад” (Моронай 6:4–5) тусалж чадна. Моронайн үед амьдарч байсан Сүмийн гишүүд бие биеэ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийдэг байсан бэ? Моронай 6:4–9-ийг уншихдаа, “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологд[охоос]” (Моронай 6:4) ирдэг адислалуудыг тунгаан бод.

Та бас тойрог, салбарынхаа хүмүүсийн тухай бодож болох юм. Тэнд шинээр эсвэл саяхнаас эргэн ирж байгаа таны хайр онцгой хэрэгтэй байгаа хэн нэгэн байна уу? Та тэдний Сүм дээрх туршлагыг Моронайн дүрсэлсэнтэй адил болоход хэрхэн тусалж чадах вэ? Та ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Сүмд явах хэрэгцээ” (Лиахонa, 2021 оны 11-р сар) хэлсэн үгийн нэг дэх хэсгээс санаа авч болно.

Та “Бурханы сайн үгээр тэжээгдэх” (Моронай 6:4) гэдэг нь юу гэсэн утгатайг тунгаан бодох үедээ үрийн тухай эсвэл нялх хүүхдэд хэрэгтэй тэжээлийн тухай, хэрэв үүнийг үл тоомсорловол юу болохыг бодож үзэх нь тустай байж болох юм. Та бусдыг сүнслэгээр “тэжээхэд” хэрхэн тусалж чадах талаар санаа авах бол Моронай 6:4–9-ийг судална уу. Итгэл нэгт шавь нар таныг тэжээхэд хэрхэн тусалж байсан бэ?

“Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологдох” мөн Сүмийн цуглаанд “ойр ойрхон цуглах нь” яагаад чухал байдаг нь хүн бүрд ойлгомжгүй байж болно. Та Есүс Христийн Сүмийн гишүүн байгаадаа талархаж явдаг шалтгаанаа хэрхэн тайлбарлах вэ? (Ерөнхийлөгч Өүксийн “Сүмд явах хэрэгцээ” захиасны бусад хэсгийг үзнэ үү).

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Moронай 2–6

Ариун Сүнс бол ариун нандин бэлэг юм.

  • Ариун Сүнс эсвэл Сүнсний талаар Моронай 2–6-д хэд хэдэн удаа дурдсан байдаг. Та хүүхдүүдийг Сүнсний тухай гарч буй бүх шүлгийг олж уншаад, Ариун Сүнсний тухай мэдэж авсан зүйлсээ жагсаахыг хүсэж болно. Та нар бас Сүнсний нөлөөг мэдэрсэн туршлагаасаа бие биетэйгээ хуваалцаж болно.

Moронай 4–5

Би Есүс Христийг үргэлж санана гэдгээ харуулахаар ариун ёслолоос хүртдэг.

  • Ариун ёслолын залбирлыг хүүхдүүдтэйгээ хамт унших нь ариун ёслолын илүү утга учиртай туршлага хэрхэн олж авах талаар ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно. Энэ нь тэдэнд нэг найзыгаа ариун ёслолд анх удаа ирж байна гэж төсөөлөхөд тустай байж болох юм. Бид ариун ёслол гэж юу болохыг мөн энэ нь яагаад ариун болохыг найздаа хэрхэн тайлбарлах вэ? Хүүхдүүдийг Моронай 4 эсвэл 5-аас ямар нэг зүйл ашиглаж тайлбарлахад урамшуул. Бага насны хүүхдүүд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 108-ыг ашиглаж болно.

  • Даруухнаар, намуухнаар (Хүүхдийн дууны ном, 11) зэрэг хүүхдүүдэд Есүсийн талаар бодоход тусалдаг дууг хамтдаа дуулахыг бод. Та нар бас ариун ёслол дээр хүндэтгэлтэй суух дадлага хийж болно.

Моронай 6:1–3

Би баптисм хүртэхэд бэлдэж чадна.

  • Хэн баптисм хүртэж болох вэ? Энэ асуултын хариултуудыг Моронай 6:1–3-аас олоход хүүхдүүддээ тусал. “Харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэлтэй” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Моронай 6:2). Энэ нь биднийг баптисм хүртэхэд хэрхэн бэлтгэж тусалдаг вэ? Хүүхдүүддээ баптисм хүртэхээр хэрхэн бэлдэж байснаа ярьж өгөхийг бод.

Моронай 6:4–6, 9

Бид ариун ёслолоос хүртэж, бие биедээ туслахаар сүмд явдаг.

  • Хүүхдүүд таныг яагаад Сүмд явах дуртайг мэдэх үү? Моронай 6:4–6, 9-ийг унших нь бидний сүм дээр хийдэг зарим зүйлийг ярилцах боломжийг олгож болох юм. Магадгүй тэд эдгээр зүйлийг (залбирах, заах, дуулах, ариун ёслол хүртэх гэх мэт) хийж байгаагаар өөрсдийгөө зурж болно.

  • Моронай 6:4-ийг хамтдаа уншсаны дараа, та болон танай хүүхдүүд тэжээллэг хоол хүнсний зураг, жишээнүүдийг хараад, бие махбодоо тэжээхийг “Бурханы сайн үгээр тэжээгдэхтэй” харьцуулж болно.  

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Моронай агуйд нуугдаж байгаа нь

Моронай агуйд, Хорхе Кокко