“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44: ‘Миний Сүмийг эрхлэх хууль,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
4-р сарын 19–25
Сургаал ба Гэрээ 41–44
“Миний Сүмийг эрхлэх хууль”
Их Эзэн “Хэрэв чи асуух аваас, чи илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” [Сургаал ба Гэрээ 42:61] хэмээн амласан. Та өөрт хэрэгтэй илчлэлтээ хүлээн авахын тулд юу асууж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1830–1831 оны үе дэх Сүмийн хурдацтай өсөлт, ялангуяа Огайогийн Көртландыг зорин ирж буй шинэ хөрвөгчдийн цуваа гэгээнтнүүдийн сэтгэлийг хөдөлгөн, урамтай байсан хэдий ч, зарим асуудлыг үүсгэж байв. Та ихсэж буй итгэгчдийг, ялангуяа тэднийг өмнөх итгэл үнэмшлийнхээ сургаал, уламжлалаасаа салахгүй байгаа үед хэрхэн хурдан нэгтгэх вэ? Жишээ нь, Иосеф Смит 1831 оны 2-р сарын эхээр Көртландад ирээд, шинэ гишүүд Шинэ Гэрээний үеийн Христэд итгэгчдийг жинхэнэ утгаар нь дуурайхыг оролдон, нийтийн өмч хөрөнгөө хамт хэрэглэж байгааг харав (Үйлс 4:32–37-г үзнэ үү). Их Эзэн энэ болон бусад сэдэв дээр зарим чухал залруулга болон тодруулга хийсний ихэнх нь Түүний “миний Сүмийг эрхлэх хууль” (59-р шүлэг) хэмээх Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн илчлэлтээр дамжин ирсэн. Бид энэ илчлэлтээр Их Эзэний Сүмийг байгуулах үндэс болсон үнэнүүдийг мөн сурч мэдэх зүйлс үргэлж гарна гэдгийг тодотгосон “Хэрэв чи асуух аваас, илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 42:61) хэмээх чухал амлалттай нь хамт сурдаг.
Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:114–119-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
“Миний хуулийг хүлээн авч мөн үүнийг үйлддэг тэр нь миний шавь болой.”
1831 оны эхээр гэгээнтнүүд Бурханы Огайод илчилнэ хэмээн амласан хуулийг хүлээн авахаар тэнд цугларч эхлэв (Сургаал ба Гэрээ 38:32-ыг үзнэ үү). Гэвч эхлээд Их Эзэн Өөрийнх нь хуулийг хүлээн авахын тулд шавь нар нь хэрхэн бэлтгэх ёстойг заасан. Та 1–5-р шүлгээс Бурханы хуулийг хүлээн авахад гэгээнтнүүдэд туслах ямар зарчмуудыг олж мэдсэн бэ? Эдгээр зарчим Түүнээс заавар хүлээн авахад танд хэрхэн тусалж болох вэ?
Бурханы хууль Түүний Сүмээс гадна бидний амьдралыг ч зохицуулж чадна.
Гэгээнтнүүд Сургаал ба Гэрээ 42:1–72 дээрх илчлэлтийг бошиглогчийн хүлээн авч байсан хамгийн чухал илчлэлтүүдийн нэг гэж үзэж байв. Энэ нь Огайогийн хоёр сонинд нийтлэгдэж, хэвлэгдэх зүйлсийн эхэнд багтсан байлаа. Үүнийг зүгээр “хууль” гэдгээр нь олон хүн мэддэг болсон байв. Их Эзэн энэ хэсгийн олон зарчмыг урьд өмнө нь илчилсэн байжээ. Энэ хэсэгт Их Эзэний Өөрийн гэгээнтнүүдийг дуулгавартай дагаасай хэмээн хүссэн бүх зарлиг ороогүй ч эдгээр зарчмыг шинээр сэргээгдсэн Сүмд дахин дахин давтах нь яагаад чухал байсныг бодууштай.
42-р хэсгийг дараахтай адил байдлаар хэсэгчлэн уншиж мөн тус бүрд нь заагдаж буй зарчмуудыг олж тогтоох нь тустай байж болох юм. Та уншихдаа Сүмийг авч явах энэ хууль хувийн амьдралаа авч явахад тань хэрхэн туслах талаар бодож үз.
Мөн 3 Нифай 15:9-ийг үзнэ үү.
Гэгээнтнүүд хэрхэн ядуусыг дэмжихийн тулд [өөрсдийн] “өмч хөрөнгөө өргөл болгон өргөдөг” байсан бэ?
42-р хэсэгт илчлэгдсэн хуулийн чухал хэсгийг өргөлийн болон хариуцлагын хууль гэдгээр нь мэдэх болсон. Энэ хууль гэгээнтнүүдэд Христийн эртний дагалдагчдын адил хэрхэн “бүх зүйлийг нийтээр эзэмшин” (Үйлс 2:44; 4 Нифай 1:3), “тэдний дунд ядуус байхгүй” (Мосе 7:18) байсныг заасан. Гэгээнтнүүд өөрсдийн өмч хөрөнгийг бишопоороо дамжуулан Их Эзэнд өргөл болгон өгдөг (Сургаал ба Гэрээ 42:30–31-ийг үзнэ үү). Бишоп хариуд нь хэрэгцээтэй зүйлсийг нь (32-р шүлгийг үзнэ үү)—ихэвчлэн тэдний өргөл болгосон зүйлсийг болон хавьгүй илүүг буцаан өгдөг байв. Гишүүд ядууст туслахын тулд илүүдлээсээ хандивладаг байжээ (33–34-р шүлгийг үзнэ үү). Энэ хууль гэгээнтнүүдэд, ялангуяа Огайод ирэхийн тулд бүх зүйлээ орхисон хүмүүст агуу адислал болж байв. Олон гэгээнтэн хандив өгөхдөө өгөөмөр ханддаг байлаа.
Бид үүнийг өнөөдөр өөр өөрөөр хийж байгаа ч хожмын үеийн гэгээнтнүүд өргөлийн хуулийн дагуу амьдарсаар байна. Та Сургаал ба Гэрээ 42:30–42-ыг уншихдаа, Бурханы танд өгсөн зүйлсээр Түүний Хаант улсыг хэрхэн байгуулж мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг адисалж болох талаар тунгаан бод.
Линда К.Бөртон, “Намайг харь хүн байтал,” Ensign, May 2016, 13–15 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х.125–128-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 42:61, 65–68; 43:1–16
Бурхан Өөрийн Сүмийг удирдах илчлэлтийг өгдөг.
Та өөрийгөө Сүм илчлэлтээр удирдуулдгийг мэдсэндээ догдолж байгаа Сүмийн шинэ гишүүнтэй ярилцаж байгаагаар төсөөл. Та Сургаал ба Гэрээ 43:1–16-г ашиглан, түүнд Их Эзэн Өөрийн Сүмийг Өөрийн бошиглогчоор дамжуулан удирддагийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Та Сургаал ба Гэрээ 42:61, 65–68-ыг ашиглан, хувийн илчлэлт авах талаар хэрхэн зааж болох вэ?
Түүнчлэн “All Things Must Be Done in Order,” Revelations in Context, 50–53, history.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 41:1–5.Иргэний ямар ямар хууль байдаг вэ? Бидэнд эдгээр хууль ямар ашиг тустай байдаг вэ? Тэнгэрлэг Эцэгийн хууль, зарлигууд биднийг хэрхэн адисалдаг вэ? Гэр бүлийн гишүүд өөрсдийгөө Бурханы хуулиудыг дагаж байгаагаар зурж болно.
-
Сургаал ба Гэрээ 42:45, 88.Юу танай гэр бүлд “хайраар хамт амьдрахад” тань тусалж болох вэ? (мөн Мозая 4:14–15-ыг үзнэ үү). Нэг нэгнийхээ талаар эерэг зүйл бичиж эсвэл ярьж эсвэл “Гэр бүлийн хайр” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 44) зэрэг гэр бүлийн хайрын тухай дууллыг дуулах талаар бодож үз.
-
Сургаал ба Гэрээ 42:61.Та энэ шүлгийг эвлүүлдэг зураг цуг эвлүүлж байхдаа ч уншиж болно. Бурхан Өөрийн нууцуудыг—“илчлэлт дээр илчлэлтийг, мэдлэг дээр мэдлэгийг” хэрхэн илчилдэг тухай заахдаа эвлүүлдэг зураг ашигла. Гэр бүлийн гишүүд Бурхан өөрсдөд нь үнэнийг хэрхэн бага багаар илчилсэн тухай хуваалцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 43:25.Танай гэр бүлд 25-р шүлгийн тухай ярилцах боломж олгох аянгын дууг гаргах ямар нэг зүйл байж болох юм. Их Эзэний дуу хоолой хэрхэн “аянгын дуу хоолой” болдог вэ? Их Эзэний биднийг наманчлалд дуудаж болох арга замуудыг энэ шүлгээс хамтдаа хайж олно уу. Бид хэрхэн Их Эзэний дуу хоолойд илүү уриалгахан хандаж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би сургаалын дагуу амьдармаар байна,” Хүүхдийн дууны ном, 72; “Гэр бүлээрээ судар судлах санаанууд”-ыг үзнэ үү.