Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50: “Бурханаас буй тэр нь гэрэл болой”


“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50: ‘Бурханаас буй тэр нь гэрэл болой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Нар мандах үеийн усан цөөрөм

5-р сарын 10–16

Сургаал ба Гэрээ 49–50

“Бурханаас буй тэр нь гэрэл болой”

“Гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (Сургаал ба Гэрээ 50:24). Та хэрхэн Бурханд үлдэж, гэрлийг хүлээн авч байгаагаа тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагч бол бидний “сайн хоньчин” (Сургаал ба Гэрээ 50:44). Тэрээр заримдаа хоньдыг хэсүүчлэн төөрдөг бөгөөд хээр олон аюул бий гэдгийг мэддэг. Тиймээс Тэр биднийг “хуурамч сүнснүүд нь дэлхийд тархан, дэлхийг мэх[лэх]” (Сургаал ба Гэрээ 50:2) гэх мэт аюулаас холдуулан, Өөрийн сургаалын аюулгүй байдал руу хайраар хөтөлдөг юм. Түүнийг дагана гэдэг нь ихэнхдээ буруу үзэл бодол эсвэл ёс уламжлалыг орхих гэсэн үг юм. Огайод байсан Леман Коплей болон бусад хүний хувьд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн ч буруу итгэл үнэмшлээсээ салж чадахгүй байв. Сургаал ба Гэрээ 49-д Их Эзэн гэрлэлт, Аврагчийн Хоёр дахь ирэлт зэрэг сэдвийн талаарх Леманы урьдын итгэл үнэмшлийг засаж залруулсан үнэнийг тунхагласан. Түүнчлэн Огайо дахь хөрвөгчдийг “өөрсдөө ойлгож чадаагүй … сүнснүүдийг хүлээн [авахад]” (Сургаал ба Гэрээ 50:15) Их Эзэн Сүнсний жинхэнэ илэрхийллийг хэрхэн ялган танихыг тэдэнд заажээ. Сайн Хоньчин тэвчээртэй байсан ба эхэн үеийн эдгээр гэгээнтэн бидний адил “бяцхан хүүхдүүд” бөгөөд “ач ивээл хийгээд мэдлэгт өсөх ёстой” (Сургаал ба Гэрээ 50:40) гэдгийг Тэрээр мэдэж байсан.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 49:5–23

Сайн мэдээ надад худал хуурмаг сургаалыг ялган танихад тусалж чадна.

Сүмд нэгдэхээсээ өмнө Леман Коплей Христийн Хоёр дахь ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэг буюу Шейкерүүд гэгддэг шашны бүлэгт харьяалагддаг байжээ (“Leman Copley and the Shakers,” Revelations in Context, 117–121-ийг үзнэ үү). Иосеф Смит Лемантай ярилцсаныхаа дараа шейкерүүдийн сургаалын талаар Их Эзэнээс тодруулга авахыг эрэлхийлсэн ба Их Эзэн хариу болгон 49-р хэсэг дэх илчлэлтийг өгчээ.

Та шейкерүүдийн зарим итгэл үнэмшлийг 49-р хэсгийн тоймоос уншиж болно. Тэдгээр итгэл үнэмшлийг засаж залруулсан 5–23-р шүлэг дээрх үнэнийг тэмдэглэх юм уу бичиж ав. Өнөөгийн дэлхий дээрх өөр бусад худал хуурмаг сургаал, ёс уламжлалын талаар бод. Тэдгээрээс өөрийгөө хамгаалахад сайн мэдээний ямар үнэнүүд танд тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 49:15–17

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд нэн чухал.

Та Сургаал ба Гэрээ 49:15–17-оос гэрлэлтийн тухай ямар үнэнийг мэдэж авсан бэ? Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд нэн чухал гэж та боддог вэ? Ахлагч Дэвид А.Бэднар дараах хоёр шалтгааныг өгсөн. Үүнд: “1-р шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй сүнснүүдийн мөн чанар нь бие биенээ гүйцээдэг бөгөөд төгс болгодог юм, мөн тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс өргөмжлөл өөд хамтдаа дэвшихээр зориулагдсан байдаг. … 2-р шалтгаан: Тэнгэрлэг загвараар хүүхдүүдийг мөнх бус байдалд авчирч, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хэрэгтэй” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84).

Түүнчлэн Эхлэл 2:20–24; 1 Коринт 11:11; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2017 оны 5-р сар, 145-ыг үзнэ үү.

Ариун сүмийн гадна буй хос

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт Бурханаар томилогдсон.

Сургаал ба Гэрээ 50

Их Эзэний сургаалууд Сатаны хууран мэхлэлтээс намайг хамгаалж чадна.

Огайо дахь шинэ хөрвөгчид судруудад амласан сүнслэг илэрхийллийг хүлээн авахыг хүсэн хүлээж байсан ч Сатан тэднийг хууран мэхлэхийг мөн адил хүсэж байв. Тэд хэн нэгний орилж хашхирах эсвэл ухаан алдан унаж байгаа нь Сүнсний нөлөө мөн эсэхийг мэдэхийг хүсжээ.

Танаас эдгээр шинэ хөрвөгч Ариун Сүнсний жинхэнэ илэрхийллийг хэрхэн танихыг мэдэж авахад болон Сатаны дуураймал зүйлсэд хууртагдахаас зайлсхийхэд туслахыг хүссэн гэж төсөөл. Сургаал ба Гэрээ 50 дээрх ямар ямар зарчмыг та хуваалцаж болох вэ? (ялангуяа 22–25, 29–34, 40–46-р шүлгүүдийг үзнэ үү).

Мөн 2 Tимот 3:13–17-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 50:13–24

Багш, суралцагчид Сүнсээр хамтдаа сэнхэрдэг.

Сургаал ба Гэрээ 50:13–24-ийг судлах нэг арга зам бол багш, суралцагч хоёрыг зураад, зураг тус бүрийн хажууд сайн мэдээнээс суралцах, заах талаар ямар нэгэн зүйлийг танд зааж байгаа үг хэллэгийг энэ шүлгүүдээс олж, жагсаан бичих явдал юм. Заах болон суралцахад Сүнсний ач холбогдлыг ойлгуулсан үйл явдал хэзээ танд тохиолдож байсан бэ? Та сайн мэдээний суралцагч болон багшийн хувьд гаргаж буй хичээл зүтгэлээ сайжруулахын тулд юу хийж болохоо бод.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 49:2.“Үнэнийг зарим талаар мэдэхийг хүсэж байна, гэвч бүгдийг бус” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та зарим хэсгийг нь халхалсан зураг үзүүлээд, гэр бүлийн гишүүдээрээ уг зургийг таалгаж болно. Биднийг үнэний зөвхөн зарим хэсгийг хүлээн авахад юу тохиолддог вэ? (2 Нифай 28:29-ийг үзнэ үү). Сайн мэдээний бүрэн дүүрэн байдал бидний хувьд хэрхэн адислал болдог вэ?

Сургаал ба Гэрээ 49:26–28.“Би та нарын өмнө явж мөн та нарын ар талын хамгаалагч байх болно; мөн би та нарын дунд байх болно” гэсэн Их Эзэний амлалтаар бид хэрхэн адислагдсан бэ? Гэр бүлийн гишүүд Их Эзэн “[тэдний] өмнө явж” эсвэл “[тэдний] дунд [байхыг]” мэдэрсэн туршлагуудаасаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 50:23–25.Та нар харанхуй өрөөнд цуглаад, Сургаал ба Гэрээ 50:23–25-ыг уншиж, лаа асаах юм уу гэрлийг нэг нэгээр нь асаах замаар аажмаар гэрэл нэм. Мөн та эдгээр шүлгийг өглөө нар мандаж байхыг харахдаа уншиж болох юм. Бид сайн мэдээний гэрлээ үргэлжлүүлэн нэмэхийн тулд юу хийж болох вэ? Гэр бүлийн гишүүдийг тухайн долоо хоногийн турш сайн мэдээний талаар сурч мэдсэн ямар нэгэн шинэ зүйлээ зурвас болгон бичээд, ширээний эсвэл гэрт байх өөр гэрэлд нааж, гэрийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 50:40–46.Сургаал ба Гэрээ 50:40–46-г уншсаныхаа дараа энэ тоймд байгаа Аврагчийн зургийг үзүүлээд, дараахтай адил асуултуудыг тавьж болно. Үүнд: Аврагч хургыг хайрладаг гэдгийг та яаж мэддэг вэ? Бидний хувьд Аврагч хоньчинтой юугаараа төстэй вэ? Судрын ямар үг хэллэг Аврагч бол хоньчин, бид Түүний хонь гэсэн утгыг илэрхийлдэг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Үргэлж гэрэлт,” Хүүхдийн дууны ном, 96.

Заах чадвараа сайжруулах

Уян хатан бай. Заах, ялангуяа гэрт заах хамгийн онцгой цаг мөчүүд ихэнхдээ гэнэт, санаандгүй гарч ирдэг. Гэр бүлээрээ хамт хооллох нь Бурханы үгэн дээр найрлах тухай ярилцлага өрнүүлэхэд сүнсээр өдөөж мөн шуургатай аадар бороо амийн усыг гэрчлэх боломж олгож болно. Хэрэв та сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн бол Их Эзэн “юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт” (Сургаал ба Гэрээ 100:6) өгөгдөх болно.

Христ хурганы хамт

Номхон дөлгөөн Хоньчин, Ёнгсунг Ким