Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57: “Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”


“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57: ‘Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Үхэртэй малчин

Анхны шан, Жэймс Тэйлор Харвүүд

5-р сарын 17–23

Сургаал ба Гэрээ 51–57

“Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”

Судраас суралцах нь Их Эзэний дуу хоолойг танихад танд тусална. Учир нь Тэр Өөрийн Сүнсээр дамжуулан судруудыг өгсөн юм (Сургаал ба Гэрээ 18:34–36-г үзнэ үү).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1830-аад оны Сүмийн гишүүдийн хувьд гэгээнтнүүдийг цуглуулж, Сион хотыг барьж байгуулах олон бодит ажил сүнслэгээс гадна материаллаг ажил үүрэг байсан ба гэгээнтнүүдийн суурьших газрыг хэн нэгэн худалдан авч, хуваарилж өгөх гэх мэт олон бодит асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байлаа. Хэн нэгэн нь ном болон бусад материалыг хэвлэх хэрэгтэй байсан. Мөн хэн нэгэн нь Сионы хүмүүсийг бараа бүтээгдэхүүнээр хангах дэлгүүр ажиллуулах хэрэгтэй байв. Сургаал ба Гэрээ 51–57-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн эдгээр ажил үүргийг хариуцах хүмүүсийг томилж, хэрхэн хийж гүйцэтгэхийг зааварласан бөгөөд Миссурийн Индепенденсийг Сионы “төв газар” болохыг зарласан (Сургаал ба Гэрээ 57:3).

Хэдийгээр газар худалдан авах, хэвлэх, дэлгүүр ажиллуулах зэрэг ур чадвар Сионыг байгуулах ажлын материаллаг хэсэгт чухал ч эдгээр илчлэл нь Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдээс сүнслэг байдлын хувьд Сионы хүмүүс гэж нэрлэгдэхүйц зохистой болоосой гэж хүсдэгийг мөн заадаг. Тэрээр бидний хүн нэг бүрийг гэмшдэг сүнстэй, өөрсдийн томилогдсон үүрэг хариуцлагад “чанд шаргуу зогс[ож байдаг]” “итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал” байхад дууддаг (Сургаал ба Гэрээ 51:19; 52:15; 54:2-ыг үзнэ үү). Хэрэв бид ийн хийж чадвал, бидний мөнх бус байдлын ур чадвар ямар байхаас үл хамааран Их Эзэн Сионыг байгуулахад биднийг ашиглах ба “хотыг тухайн цагт нь яаравчлуулах болно” (Сургаал ба Гэрээ 52:43).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 51

Их Эзэн намайг итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байгаасай гэж хүсдэг.

Хэрэв та 1831 онд Сүмийн гишүүн байсан бол таныг өмч хөрөнгөө бишопоор дамжуулан Сүмд өгөх замаар өргөлийн хуулийн дагуу амьдрахад урих байсан. Харин тэр ихэнх тохиолдолд хариуд нь өргөл болгон өгсөн зүйлийг тань эргүүлэн, заримдаа бүр илүү ихийг нэмж өгөх байсан. Гэхдээ өргөл болгон өгсөн өмч хөрөнгө тань зөвхөн таных биш, харин таны ажил үүрэг болох байв.

Өнөөдөр энэ үйл явц өөрчлөгдсөн ч өргөл болон ажил үүргийн зарчмууд Их Эзэний ажилд амин чухал хэвээр. Ахлагч Квинтин Л.Күкийн дараах үгсийг бодож үзнэ үү. Тэрээр: “Бид Бурханы өмнө хариуцлага хүлээх ёсгүй, бас өөрсдийнхөө болон бусдын төлөө ямар ч үүрэг хүлээх учиргүй гэж боддог хүмүүс үй олноороо байгаа аюултай цаг үед аж төрж байна. Дэлхийн үй олон хүн аминч хүслээ хангахад хамаг анхаарлаа төвлөрүүлж …, ах нарынхаа манаач гэдэгт итгэдэггүй. Гэсэн хэдий ч, Сүмд бол эдгээр ажил үүрэг ариун итгэмжлэл мөн гэдэгт бид итгэдэг” хэмээн хэлсэн (“Ажил үүрэг—Ариун итгэмжлэл,” Ensign, Nov. 2009, 91 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104).

Та 51-р хэсгийг уншихдаа, Бурханы танд итгэл хүлээлгэн өгсөн зүйлийн тухай бод. “Даамал” (19-р шүлэг) болон “ариулан адисалсан” (5-р шүлэг) гэдэг үгс юу гэсэн утгатай вэ? Энэ үгс Бурханы танаас хүсэн хүлээдэг зүйлийн талаар юуг илэрхийлдэг вэ? Даамал байхын утга учрыг танд заах ямар ямар зарчмыг та 51-р хэсэг болон ахлагч Күкийн үгсээс олж мэдсэн бэ? (Ялангуяа 9, 15–20-р шүлгүүдийг үзнэ үү).

Мөн Матай 25:14–30; “The Law of Consecration,” video, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 52:14–19

Хууран мэхлэлтээс зайлсхийх загварыг Бурхан өгсөн.

Олон хүн сүнслэг илэрхийлэл авсан гэх болсон тул эхэн үеийн гэгээнтнүүд хууртагдах вий хэмээн санаа зовниж байлаа. Хэн “[Бурханаас] хүлээн зөвшөөрөгд[сөнийг]” хэрхэн тэд мэдэх билээ? (15-р шүлэг). Сургаал ба Гэрээ 52:14–19-д Их Эзэн тус болох загварыг өгсөн. Та дэлхийн хуурамч захиасуудыг илрүүлэхэд энэхүү загварыг хэрхэн ашиглаж болох вэ? Та мөн энэ загварыг ашиглан өөрөө өөртөө дүгнэлт хийж болно. Эдгээр шүлэгт байгаа үг хэллэгийг ашиглан “Намайг ярих үед сүнс маань гэмшдэг үү?” гэх мэт асуулт бичих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 54

Би бусдын сонголтын улмаас зовж шаналсан үедээ Их Эзэнд хандаж болно.

Огайод цугларах болсонтой холбоотойгоор Ньюел Найтаар удирдуулсан хэсэг гэгээнтэн Нью-Йоркийн Колесвиллээс ирсэн бөгөөд тэдэнд амьдрах газар хэрэгтэй байлаа. Леман Копли Көртландын ойролцоо томоохон фермтэй байсан ба гэгээнтнүүдийг өөрийн газарт суурьшуулан амьдруулахаар гэрээлсэн байв. Гэвч гэгээнтнүүд түүний эдлэнд суурьшиж эхлэнгүүт Копли итгэл алдарч, гэрээгээ зөрчин, гэгээнтнүүдийг эдлэнгээсээ хөөжээ (Гэгээнтнүүд, 1:125–128-ыг үзнэ үү).

54-р хэсэгт цэдэглэснээр, гэгээнтнүүд энэ нөхцөл байдалд яах ёстойг Их Эзэн Ньюел Найтад хэлсэн байдаг. Өөр хүн амлалтаа зөрчих эсвэл хийсэн буруу сонголт нь танд нөлөөлөх үед туслах ямар зүйлийг та энэ илчлэлтээс олж мэдсэн бэ?

Ногоон талбай

Леман Коплейгийн Сүмд өгөхөөр амласан байсан Огайо дахь фермийн газар

Сургаал ба Гэрээ 56:14–20

Зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүс адислагдсан болой.

Эдгээр шүлэгт Их Эзэн баян, ядуу хүмүүсийн аль алинд нь хандан ярьсан бөгөөд энэ хоёр бүлэг хүнд өгсөн Түүний зөвлөгөөг харьцуулах нь сонирхолтой байж магадгүй. Эдгээр шүлэг дэх юу нь танд хамааралтай санагдсан бэ? Баялгуудад анхаарах нь таны бодгалийг хэрхэн “ялзруулах” вэ”? (16-р шүлэг). Материаллаг эд зүйлсийн хувьд “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (18-р шүлэг) байх гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Мөн Иаков 2:17–21-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 51:9.Гэр бүлийнхнийхээ дуртай тоглоомыг тогло. Тэгээд хэрэв хэн нэгэн нь булхайцвал тоглоом ямар байх байсныг ярилц. Нэг нэгэндээ “шударга хандах” нь яагаад чухал вэ? Биднийг “нэг байхад” шударга байдал хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 52:14–19.Та эдгээр шүлэгт дүрсэлсэн загварыг ярилцахдаа хувцас оёход эсвэл гар урлалд ашигладаг эсгүүрээ үзүүлбэл гэрийнхэнд тань сонирхолтой байж магад. Хууран мэхлэлтээс зайлсхийхэд зориулан өгсөн Их Эзэний загварын талаар ярьж байх зуураа та нар ямар нэгэн зүйлийг эсгүүрээр хамтдаа хийж болох юм.

Сургаал ба Гэрээ 53:1.Та Сидней Гилбертийн адил Их Эзэнээс “өөрийнхөө дуудлагын талаар” асууж байсан туршлагаасаа гэрийнхэнтэйгээ хуваалцах талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 54:2; 57:6–7.Бурханы биднээс хийхийг хүссэн зүйлд “чанд шаргуу зогсох” (Сургаал ба Гэрээ 54:2) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та гэр бүлийн гишүүдийг босож зогсоод, Бурханы тэднээс хийхийг хүссэн ямар нэгэн зүйлийг нэрлэхэд урьж болно.

Сургаал ба Гэрээ 55.Их Эзэн Виллиам Фелпсийн зохиогч, хэвлэгчийн ур чадварыг хэрхэн ашигласан бэ? (жишээ болгон түүний зохиосон дууллын жагсаалтыг дууллын номын Зохиогчийн индексээс харна уу). Гэр бүлийн гишүүд бие биенээсээ олж хардаг авьяас, ур чадварын тухай ярьж болох юм. Бидний авьяас чадвар Их Эзэний ажилд хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бяцхан горхи урсаж байна,” Хүүхдийн дууны ном, 116.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хувийн тэмдэглэл хөтөл. Суралцаж байхад төрсөн бодол санаа, асуулт, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхдээ тэмдэглэл юм уу дэвтэр ашиглах нь танд ашиг тустай байж болох юм.

Гишүүд Эдвард Партрижид эд бараа өгч байгаа нь

Бишоп Партриж өргөл хүлээн авсан нь, Албин Вэсэлка