“8-р сарын 29-өөс 9-р сарын 4: Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: ‘Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 29-өөс 9-р сарын 4: Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
8-р сарын 29-өөс 9-р сарын 4
Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12
“Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл”
Та Сургаалт үгс, Номлогчийн үгсийг судалж байхдаа, заадаг хүүхдүүдээ бод. Эдгээр судрын ямар захиас тэдэнд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаалт үгс номд дурдсан зүрх, гэрэл, зам зэрэг зүйлсийн зургийг самбарт зур. Хүүхдүүдэд Сургаалт үгс 3:5; 4:18, 26-г уншихад нь туслаад, эдгээр зүйлийн талаар судраас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад уриарай.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж чадна.
Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж найдах үедээ бид Түүнд итгэлтэй болж, Түүнийг бидэнд туслах болно гэдгийг мэднэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Та Сургаалт үгс 3:5-ыг уншихдаа Аврагчийн зургийг нэг хүүхдээр бариул. Таны хувьд Их Эзэнд итгэх гэдэг нь ямар утга учиртай болохыг хүүхдүүдэд хэл. “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ” гэсэн өгүүлбэрийг хэд хэдэн удаа давтах зуур хүүхдүүдийг гараараа зүрхийг дүрслэхэд эсвэл гараа зүрхэн тушаа тавихад урь.
-
Самбар дээр том зүрх зураад, Их Эзэнд итгэдгээ харуулахын тулд хийх зүйлсээ бодоход нь хүүхдүүдэд тусал. Өөрсдийнхөө санааг зүрхэн дотор эсвэл цаасан дээр зурахад тэднийг урь. Санаагаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
Би эелдэг үгсийг хэрэглэж чадна.
Бухимдсан эсвэл урам хугарсан үед бид уураар хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдаг. Сургаалт үгс 15:1, 18-д уурыг хэрхэн зайлуулах талаар бидэнд заадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Сургаалт үгс 15:1-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, тэдэнд танил биш үг хэллэгийг тайлбарлаж өг. Хүүхдийн уурлаж магадгүй нөхцөл байдлын (ах, эгчтэйгээ маргах гэх мэт) хэдэн жишээг хуваалц. Ууртай үгсийн оронд хэрэглэж болох “эерэг хариулт” эсвэл эелдэг үгсийн талаар бодоход тэдэнд тусал. Эдгээр зүйлийг аядуу зөөлөн, тайван дуу хоолойгоор хэрхэн хэлэхийг давтахад нь тэдэнд туслаарай.
-
“Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг эелдэг сайхан сэтгэлийн тухай дууг хамтдаа дуул. Энэ дуу сайхан сэтгэлтэй байх талаар бидэнд юу зааж байна вэ?
-
“Уурлахдаа удаан” (Сургаалт үгс 15:18) байх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та (эсвэл таны таньдаг хүн) уурлахын оронд сайхан ааш гаргасан тухай өөрийн түүхийг яриарай. Хүүхдүүдэд туршлагаасаа хуваалцах боломж олго. Уурлахын оронд хийж чадах сайн зүйлсийнхээ талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, тэд Есүсийн талаар бодож, Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэж мөн Хүүхдийн хэсгийн дууг аман дотроо дуулж, боломжтой бол зүгээр л алхаж болно.
Би өөрт байгаа зүйлсийг бусадтай хуваалцаж чадна.
Бага насны хүүхдүүд эргэн тойрондоо байгаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах талаар сурч мэдэж чадна. Тэднийг байгаа зүйлээ бусадтай хуваалцахад хэрхэн сүнслэгээр урамшуулж туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилж, тусалж буй бусдын болон Аврагчийн хэд хэдэн зургийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 42, 44, 46 гэх мэт). Зураг бүр дээрх үйл явдлыг ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд Сургаалт үгс 22:9-ийг уншиж өг. “Үгээгүйчүүлд хоолноосоо” өгөх нь үйлчлэх нэг арга мөн боловч тусламж хэрэгтэй хүмүүст туслах өөр олон арга зам бий гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг хэн нэгэнд тусалж байгаагаар өөрсдийгөө зурахад урь.
-
Зураг, будгийн харандаа гэх мэт хүүхдүүдтэй хуваалцаж болох хэд хэдэн зүйлийг ангид авчир. Та хүүхэд бүрд нэг зүйл өгөхдөө “Би [хүүхдийн нэр]-тэй хуваалцана” гэж хэлээрэй. Хүүхдүүдэд тухайн зүйлийг ээлжлэн нэг нэгэнтэйгээ хуваалцах боломжийг олго. Бусадтай хуваалцаж болох өөр ямар ямар зүйл бидэнд байдаг вэ?
-
“Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116) зэрэг үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуул. Эсвэл “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” (ChurchofJesusChrist.org) зэрэг видео бичлэгийг үзүүл. Бусдад туслахад ямар санагддагийг хүүхдүүдээс асуу.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаалт үгс 1:7; 2:5; 15:33; 16:6; Номлогчийн үгс 12:13
“Бурханаас эмээх” гэдэг нь Түүнийг хайрлаж, дагах гэсэн үг юм.
Сургаалт үгс, Номлогчийн үгсийн чухал захиасын нэг нь “Бурханаас эмээж, түүний зарлигийг дагах” (Номлогчийн үгс 12:13) явдал юм. Бурханаас эмээх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүмүүсийн эмээдэг зарим зүйлийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь тэднээс Сургаалт үгс 1:7, Номлогчийн үгс 12:13-ыг уншихыг хүс. Бурханаас эмээх гэж юу гэсэн үг вэ? Энэ асуултад хариулахад туслахын тулд нэг хүүхдээс “эмээх” гэдэг үгийг “хүндэтгэх” гэдэг үгээр солиод шүлгийг уншихыг хүс. “Хайр,” “дуулгавартай байдал,” “дагах” зэрэг үгсийг ашиглан энэ үйл ажиллагааг давт. Энэ нь Бурханаас эмээх тухай бидний ойлголтыг өөрчлөхөд хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхэд бүрийг Сургаалт үгс 1:7; 2:5; 15:33; 16:6 зэрэг шүлгүүдээс нэг нэгийг уншихаар сонгож, “эмээх” гэдэг үгийг тэдгээрээс хайхад урь. Биднийг Их Эзэнээс эмээхэд буюу Түүнийг бишрэн хүндэтгэх үед ирэх адислалын талаар тэдний сонгосон шүлэгт юу гэж зааж байгааг хуваалцахыг хүүхдүүдээс хүс (мөн Сургаалт үгс 14:26–27-г үзнэ үү). Бид Их Эзэнийг хайрлаж, хүндэлдэг гэдгээ Түүнд хэрхэн харуулах вэ?
“Бүх зүрхээрээ Их Эзэнд итгэ.”
-
Сургаалт үгс 3:5–7-г хамт уншаад, эдгээр шүлэгт байгаа бидний хийж болох мөн хийж болохгүй зүйлсийг жагсааж бичихийг хүүхдүүдээс хүс. Эдгээр нь тус бүрдээ ямар утга илэрхийлж болохыг тэднээс асуу. Бид итгэдэг хүмүүсээсээ ямар зан чанарыг олж хардаг вэ? Их Эзэнд итгэхэд маань тусалдаг ямар ямар зан чанар Түүнд байдаг вэ?
-
“Өөрийн ойлголтод бүү түшиглэ” гэдгийн утгыг харуулахын тулд ном эсвэл цаас зэрэг төрөл бүрийн эд зүйлд саваа юм уу харандааг түшүүлж тогтоох оролдлогыг хүүхдүүдээр хийлгэ. Аль нь илүү сайн тогтож байна вэ? “Их Эзэнд итгэх,” “өөрсдийн ойлголтод” найдахгүй байх нь яагаад чухал вэ?
“Эелдэг хариулт уурыг зайлуулна.”
Уурлаж ярих нь бухимдалтай нөхцөл байдлыг улам дордуулдаг. Бидний хэлж байгаа үгс, хандах хандлага уур хилэнг үлдэн хөөдөг гэж эдгээр шүлэгт заадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр уур хилэн, хэрүүл маргаан гэсэн үгсийг бичээд, хүүхдүүдэд байж болох жишээ тайлбарыг хуваалц. Дараа нь хүүхдүүдээс Сургаалт үгс 15:1, 18; 16:32-ыг уншаад, маргалдаж байгаа хүүхдүүдэд өгөх зөвлөгөөг олохыг хүс. Хүүхдүүдийг санаагаа хуваалцах бүрд самбар дээрх тухайн үгсийн аль нэг хэсгийг арилгахад урь. Амар амгаланг авчирдаг Христийнхтэй адил зан чанарыг дүрсэлсэн үгсээр тэдгээр үгийг солиход тэднийг урь.
-
Сургаалт үгс 15:1, 18; 16:32-т заасан зүйлсийг Аврагч үлгэрлэн харуулсан тухай судрын түүхүүдийг бодоход хүүхдүүдэд тусал. Тэд Иохан 8:1–11; 18:1–11-ээс санаа авч болно. “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагчийн үлгэр жишээний тухай дууг хамтдаа дуул. Бид гэр бүлийн гишүүд, найз нөхөд, бусадтай харилцахдаа Есүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангид уншсан шүлгүүдээс дуртайгаа сонгоход хүүхдүүдэд тусал. Шүлгээ гэрийнхэнтэйгээ хуваалцаж, юу сурч мэдсэнээ ярихад тэднийг урамшуул.