Семинар
Сүнслэг мэдлэг олж авах


“Сүнслэг мэдлэг олж авах,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2021)

“Сүнслэг мэдлэг олж авах,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал

судар уншиж буй залуу эрэгтэй

Сүнслэг мэдлэг олж авах

Бурхан бүх үнэний эх сурвалж мөн

  1. Бурхан бүхнийг мэддэг бөгөөд бүх үнэний эх сурвалж юм. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд Өөртэй нь адил болж өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг учраас биднийг “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхэд” (Сургаал ба Гэрээ 88:118) урамшуулан дэмждэг. Бид үнэнийг эрэлхийлэхдээ, бидэнд заах мөн биднийг адислах Түүний мэргэн ухаан, хайр, хүч чадалд найдсанаар Түүнд бүрэн дүүрэн итгэж болно. Хэрэв бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлэх юм бол Тэрээр үнэнийг бидний оюун санаа, зүрх сэтгэлд Ариун Сүнсээр дамжуулан илчилнэ хэмээн амласан байдаг.

  2. Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахын тулд сүнслэг мэдлэг хэрхэн олж авахыг заасан. Тэрээр уг мэдлэгийг олж авахын тулд бидний дагах ёстой нөхцөлийг өгсөн байдаг. Түүний бурханлаг загвар нь үнэнийг мэдэх гэсэн чин сэтгэлтэй мөн Бурханы илчилсэн зүйлийн дагуу амьдрах хүсэлтэй байхыг биднээс шаарддаг. Чин сэтгэлийн хүсэл нь залбирлаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхэд мөн Бурханы үгийг нухацтай судлахад биднийг хөтлөх болно.

  3. Зарим үед Сүмийн сургаал, зан үйл, түүхийн талаар ойлгоход бэрх шинэ мэдээлэл, асуулт гарч ирж магадгүй.

    Асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь үнэнийг мэдэж авахын төлөөх бидний хүчин чармайлтын амин чухал хэсэг юм. Бидний оюун ухаанд орж ирдэг зарим асуулт Ариун Сүнсээр өдөөгдсөн байж болно. Сүнсээр өдөөгдсөн асуултыг бид ойлголтыг маань гүнзгийрүүлдэг мөн Их Эзэн бидэнд заах хүсэлтэй гэсэн итгэлийг хүчирхэгжүүлдэг Бурханы бэлэг хэмээн үзэх нь зүйтэй. Асуулт ямар эх сурвалжаас үүдэн гарсан эсэхээс үл хамааран бодох, эргэцүүлэх, оюун ухаанаа тэлэх, ойлголтыг маань гүнзгийрүүлэх Их Эзэний нөлөөллийг хүлээн авах чадвараар бид адислагдсан. Асуулт тавьж, хариулт авахаар эрэлхийлж буй хандлага, зорилго нь Ариун Сүнсээр дамжуулан суралцах бидний чадварт ихээхэн нөлөөлнө.

  4. Биднийг мөнхийн үнэнийг олж мэдэж, ойлгон, асуулт эсвэл асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлэх үед дараах гурван зарчим биднийг удирдан чиглүүлэх болно. Тухайлбал:

    • Итгэлээр үйлд.

    • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

    • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.

1-р зарчим: Итгэлээр үйлд

  1. Бид Бурханд итгэхийг сонгож, эхлээд Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, сургаалаас суралцан, зарлигуудад нь дуулгавартай байснаар итгэлийнхээ дагуу үйлддэг.

  2. Бид ойлголтоо хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлж байхдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний Сэргээлт, томилогдсон бошиглогчдынх нь сургаалын талаар аль хэдийн бий болсон гэрчлэл дээрээ тулгуурлах нь зүйтэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” гэж заасан (“Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Их Эзэн биднийг “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээн урьсан.

  3. Тэр даруй асуултынхаа хариултыг олох боломжгүй үед, Тэнгэрлэг Эцэг бидний авралд шаардагдах бүхнийг илчилсэн ч бүх үнэнийг хараахан илчлээгүй байгаа гэдгийг санаж байх нь тустай. Бид хариултыг үргэлжлүүлэн эрэлхийлэхдээ хэзээ нэгэн цагт хариултаа олно гэдэгт найдан, итгэлтэй амьдрах ёстой. Бид аль хэдийн хүлээн авсан үнэнд болон гэрэлд итгэлтэй байх юм бол илүү их зүйлийг хүлээн авах болно. Бидний асуулт болон залбирлын хариулт ихэвчлэн “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгддөг.

2-р зарчим: Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

  1. Сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа бид тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэв дотор авч үзэх хэрэгтэй. Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг. Энэ нь дэлхийн таамаглал, ойлголтыг хүлээн авахын оронд асуултыг дахин боловсруулж (асуултыг өөр өнцгөөс харж), үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харах боломжийг бидэнд олгодог. Бид “Би Тэнгэрлэг Эцэг болон Түүний төлөвлөгөөний талаар мөн хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар юуг аль хэдийн мэдэж байгаа вэ?” болон “Сайн мэдээний ямар сургаал энэ утга санаа, асуудалтай холбоотой эсвэл тэдгээрийг тодорхойлдог вэ?” гэх мэт асуултыг тавьж болно.

  2. Түүхэн үйл явдалтай холбоотой асуултыг ч гэсэн мөнхийн талаас нь шинжлэн судлах хэрэгтэй байж болно. Бид Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөөнд итгэх итгэл дээрээ зангуугаа тавьсан хэвээр байж чадвал асуудлыг илүү тодорхой харах боломжтой. Түүнээс гадна, орчин үеийн үзэл бодол, хандлагыг тулгалгүйгээр тухайн үеийн соёл, жишгийг харгалзаж үзэн, зохих түүхэн хүрээнд нь түүхтэй холбоотой асуултыг шинжлэн судлах нь тустай байж болно.

  3. Түүхэн баримтууд нь ёслол, гэрээнүүд, сургаалын аврах хүч чадлын талаар өгүүлдэггүй гэдгийг санах нь чухал. Сэргээлтийн гайхамшгийг нээж илрүүлэхийн оронд ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулах нь хайрцган доторх гайхалтай бэлгийг үзэлгүйгээр зөвхөн хайрцгийг нь сонирхохтой адил юм.

3-р зарчим: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл

  1. Их Эзэний тогтоосон сүнслэг мэдлэгийг олж авах үйл явцын нэг хэсэг болгон Тэрээр үнэн болон удирдамжийг Өөрийн хүүхдүүдэд илчлэх эх сурвалжийг бий болгосон. Эдгээр эх сурвалж нь Христийн гэрэл, Ариун Сүнс, судар мөн эцэг эх, Сүмийн удирдагчид юм. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь өнөө үеийн дэлхий дээрх Их Эзэний бошиглогчид бөгөөд үнэний амин чухал эх сурвалж билээ. Их Эзэн тэднийг Өөртэйгөө ярилцуулах зорилгоор сонгон, томилсон.

  2. Түүнээс гадна бид үнэнийг бусад найдвартай эх сурвалжаас судлах боломжтой. Гэхдээ үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй. Бид олон хүн “мууг сайн, сайныг муу гэж” (Исаиа 5:20) нэрлэж буй цаг үед амьдарч байна. Сатан бол худал хуурмагийн эцэг бөгөөд үнэнийг мушгин гуйвуулж, биднийг Их Эзэнээс болон Түүний томилсон үйлчлэгчдээс нүүр буруулахад ятгахыг эрэлхийлдэг. Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална. Бид Ариун Сүнснээс тусламж эрэлхийлж, Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжид хариулт мөн удирдамж авахаар хандвал зөв, бурууг ялган таних чадвараар адислагдана. “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” хэмээсэн Их Эзэний амлалтад бид найдаж болно (Moронай 10:5).

Бусдад сүнслэг мэдлэг олж авахад нь туслах

  1. Хүмүүсийг Сүмийн сургаал, зан үйл, түүхийн талаар асууж, сонирхон ирэх үед бид тэдний үнэнийг эрэлхийлж буй эрэл хайгуулд хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох вэ? Бид дараах арга замаар тэдэнд туслах боломжтой.

  2. Анхааралтай бөгөөд залбирч сонс. Тэдний жинхэнэ асуултад хариулахаасаа өмнө анхааралтай сонсож, тодруулж, ойлгохын тулд эрэлхийл. Асуултынх нь үнэн зорилго, мэдрэмж, итгэл үнэмшлийг ойлгохын тулд нухацтай эрж хай. Тэдний асуусан зүйлд хэрхэн илүү сайн тусалж болох удирдамжийн төлөө залбир.

  3. Сайн мэдээний үнэнийг зааж, гэрчил. Судрын болон орчин үеийн бошиглогчдын тохирох сургаалаас мөн уг сургаал таны амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар хуваалц. Ярьж байгаа хүндээ асуултаа сайн мэдээний болон авралын төлөвлөгөөний агуулгын хүрээнд шинжлэн судлахад эсвэл өөрчлөн боловсруулахад тусал.

  4. Тэднийг итгэлийнхээ дагуу үйлдэхэд урь. Их Эзэн биднээс сүнслэг мэдлэгийг өөрсдөө эрэлхийлэхийг шаарддаг гэдгийг сана. Тиймээс бид бусдыг залбирах, зарлигуудад дуулгавартай байх, Бурханы үгийг тууштай судлах, тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг, ялангуяа Мормоны Номыг ашиглах замаар итгэлээр үйлдэхэд урих ёстой. Шаардлагатай бол тэднийг нэмэлт мэдлэг олж авах хүртлээ Ариун Сүнсийг мэдэрч байсан үеийнхээ туршлагыг эргэн санаж, сурч мэдсэн үнэндээ үнэнч хэвээр үлдэхэд урамшуулан дэмж.

  5. Явцыг хяна. Хариулт хайж олно гэж амла, дараа нь сурч мэдсэн зүйлээ хуваалцах замаар эхэлсэн ажлаа дуусга. Түүнээс гадна хариултыг хамтдаа хайж болно. Хувийн илчлэлт өгнө хэмээсэн Их Эзэний амлалтад итгэдэг гэдгээ илэрхийл.