Анхны үзэгдлийн тэмдэглэл
Тойм
Иосеф Смит 14 настай байхдаа баруун Нью-Йорк мужид эцэг эхийнхээ гэрийн ойролцоох ойн төгөлд Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг өөрт нь үзэгдсэн хэмээн тэмдэглэн үлдээжээ. Иосеф өөрийн нүгэлд санаа зовж, ямар сүнслэг замаар явахаа мэдэхгүй эргэлзсэн үедээ цуглаанд очиж, судар уншиж, залбиран, удирдамж эрэлхийлсэн юм. Үүний хариуд тэр тэнгэрлэг илэрхийлэл хүлээн авчээ. Иосеф бидний мэдэх Анхны үзэгдлийг хэд хэдэн өөр тохиолдолд хуваалцаж, баримтжуулсан. Тэрээр уг үзэгдлийн талаар дөрвөн өөр тэмдэглэл бичсэн буюу бичихийг бичээчдэд даалгасан юм.
Иосеф Смит амьд байх хугацаандаа Анхны үзэгдлийн талаар хоёр тэмдэглэл хэвлүүлжээ. Эдгээрийн эхнийх нь өнөөдөр Иосеф Смитийн түүх хэмээн алдаршсан бөгөөд энэ нь Агуу Үнэт Сувд номд албан ёсоор орж, ингэснээр хамгийн сайн мэддэг тэмдэглэл болсон юм. Иосеф Смитийн хамгийн анхны намтар болон хожим бичсэн тэмдэглэл дэх хэвлэгдээгүй хоёр тэмдэглэл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ажиллаж байсан түүхчдийг 1960-аад оны үед тэдгээрийг дахин нээж илрүүлэн хэвлэн нийтлэх хүртэл ерөнхийдөө мартагдсан байв. Тэр цагаас хойш хожмын үеийн гэгээнтэн эрдэмтэд эдгээр баримт бичгийн талаар Сүмийн сэтгүүлүүдэд мөн Сүмийн эзэмшлийн болон Сүмийн харьяа хэвлэлд хэвлүүлсэн бүтээлүүдэд, түүнчлэн бусад газарт удаа дараа хэлэлцэж байсан.1 Анхны тэмдэглэлээс гадна Иосеф Смитийн үзэгдлийн талаар түүний үеийн хүмүүсийн тэмдэглэсэн таван тодорхойлолт байдаг.2
Анхны үзэгдлийн талаарх өөр өөр тэмдэглэлүүд нь онцолсон, нарийвчилсан байдлаараа ялгаатай ч нэг ижил түүхийг өгүүлдэг. Хувь хүн өөрт тохиолдсон үйл явдлаа өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр бүлэг хүнтэй олон жилийн туршид хуваалцахдаа, уг үйл явдлынхаа өөр өөр хэсгийг онцлон авч үзэж, өвөрмөц мэдээлэл өгсөн байдаг хэмээн түүхчид үздэг. Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд өөр хоорондоо ялгаатай байдагтай адил зүйлийг Паулын Дамаск руу орох замдаа харсан үзэгдлээс болон Хувиралтын уулан дээр төлөөлөгчдөд тохиолдсон явдлын талаарх судрын тэмдэглэлээс олж харж болно.3 Хоорондоо ялгаатай ч гэлээ, Анхны үзэгдлийн талаарх бүх тэмдэглэлийн үндсэн агуулга өөр хоорондоо нийцдэг. Зарим хүн Анхны үзэгдлийн түүхийг өөр өөр маягаар өгүүлсэн байгаа нь зохиомол гэдгийг нь баталж байна хэмээн эндүүрэн мэтгэлцдэг. Харин ч эсрэгээрээ, түүхэн олон баримт байгаа нь энэ гайхамшигт үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэх боломжийг бидэнд олгодог бөгөөд цөөхөн байсан бол бид ингэж чадахгүй байх байсан.
Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд
Иосеф Смитийн болон түүний үеийн хүмүүсийн Анхны үзэгдлийн тухай тэмдэглэл бүр нь өөрийн түүх, агуулгатай бөгөөд энэ нь үйл явдлыг хэрхэн эргэн санах, бусадтай хуваалцах, тэмдэглэх зэрэгт нөлөөлжээ. Эдгээр тэмдэглэлийг авч үзье.
1832 оны тэмдэглэл. Иосеф Смитийн өөрийн гараар бичсэн цорын ганц тэмдэглэл болох Анхны үзэгдлийн хамгийн эртний тэмдэглэлийг 1832 оны хоёрдугаар хагаст бичсэн Иосеф Смитийн хэвлэгдээгүй товч намтраас олж болно. Энэхүү тэмдэглэлд Иосеф Смит өөрийн нүглийн талаарх ойлголтыг болон Шинэ Гэрээнээс уншаад түүнийг гэтэлгэл рүү хөтлөх сүмтэй таарч тохирох тэрхүү сүмийг олж чадаагүйдээ сэтгэл гонсойж байгаа тухай дүрслэн өгүүлдэг. Тэрээр Есүс Христийн Цагаатгалыг мөн энэхүү цагаатгалын санал болгосон хувийн гэтэлгэлийг онцолжээ. Тэрээр “Их Эзэн” ирж, нүглийг нь уучилсан гэж бичсэн. Энэхүү үзэгдлийн үр дүнд Иосеф баяр баясгалан, хайрыг мэдэрсэн боловч түүний тэмдэглэлд итгэсэн нэг ч хүнийг олж чадаагүйгээ тэмдэглэсэн байдаг. 1832 оны тэмдэглэлийг эндээс уншина уу.
1835 оны тэмдэглэл. 1835 оны намар Иосеф Смит Огайогийн Көртландаас ирсэн зочин Робэрт Мэттьюст Анхны үзэгдлийнхээ тухай ярьж өгчээ. Иосефын тэмдэглэлд бичээч Уоррэн Парришийн бичсэн аль сүм зөв болохыг олж мэдэх гэсэн түүний оролдлого, залбирч байхад нь түүнд тулгарсан эсэргүүцэл мөн тэрбээр өөр нэгэн бурханлаг хүмүүний дараа дахин ирсэн бурханлаг хүмүүний дүр төрхийн талаар өгүүлсэн байдаг. Мөн энэ тэмдэглэлд үзэгдэлд тэнгэр элчүүд айлчлан ирснийг тэмдэглэдэг. 1835 оны тэмдэглэлийг эндээс уншина уу.
1838 оны тэмдэглэл. Өнөөдөр хожмын үеийн гэгээнтнүүдийн хамгийн сайн мэддэг Анхны үзэгдлийн тухай өгүүлэл бол 1838 оны тэмдэглэл юм. 1842 онд Иллинойн Науву дахь Сүмийн сонин болох Times and Seasons-д анх хэвлэгдсэн энэхүү тэмдэглэл асар их эсэргүүцэж байсан цаг үед Иосеф Смитийн өгүүлсэн урт түүхийн нэг хэсэг байв. 1832 оны тэмдэглэлд залуу Иосеф Смитийн уучлал эрэлхийлж буй тухай илүү хувийн түүхийг онцолсон байдаг бол 1838 оны тэмдэглэлд “Сүмийн өсөлт, дэвшил”-ийн эхлэл хэмээх үзэгдэлд анхаарлаа хандуулдаг. 1835 оны тэмдэглэлтэй адил, энэхүү өгүүллийн гол асуулт нь аль сүм үнэн бэ? гэсэн асуулт юм. 1838 оны тэмдэглэлийг эндээс уншина уу.
1842 оны тэмдэглэл. Chicago Democrat ын редактор Жон Вэнтвортын хожмын үеийн гэгээнтнүүдийн талаар мэдээлэл авахыг хүссэн хүсэлтийн дагуу үйлдсэн энэхүү тэмдэглэлийг 1842 онд Times and Seasons сонинд нийтлүүлжээ. (Нийтлэг мэддэг энэхүү “Wentworth letter” нь мөн Итгэлийн тунхгийн эх сурвалж юм.)4 Мормон итгэл үнэмшлийг мэддэггүй хүмүүст зориулан хэвлүүлэх зорилготой уг тэмдэглэл нь товч бөгөөд ойлгомжтой юм. Өмнөх тэмдэглэлүүдийн нэгэн адил Иосеф Смит төөрөлдсөн байснаа мөн залбирлынх нь хариуд хоёр Хүн түүн дээр ирснийг тэмдэглэн бичсэн байдаг. Дараа жил нь Иосеф Смит энэ тэмдэглэлээ багахан өөрчлөөд, Израилын Даниел Рупп хэмээх түүхч хүн рүү илгээсэн бөгөөд тэрээр He Pasa Ekklesia [The Whole Church]: An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States5 номдоо нэг бүлэг болгон хэвлэжээ. 1842 оны тэмдэглэлийг эндээс уншина уу.
Ам дамжсан тэмдэглэлүүд. Иосеф Смитийн өөрийнх нь ярьсан эдгээр тэмдэглэлээс гадна Иосеф Смитийг үзэгдлийнхээ талаар ярихыг сонссон хүмүүс таван тэмдэглэл бичсэн байдаг. Эдгээр тэмдэглэлийг эндээс уншина уу.
Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай тэмдэглэлүүдийн талаарх маргаан
Анхны үзэгдлийн олон янз байдал болон тэмдэглэлүүдийн тоо нь зарим шүүмжлэгчийг Иосеф Смитийн тайлбар туршлагынх нь бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Түүний итгэл үнэмшлийн эсрэг хоёр үндэслэл байдаг ба эхний асуултууд нь үйл явдлын талаарх Иосеф Смитийн дурсамж; хоёр дахь асуултууд нь тэр өөрийн түүхийг цаг хугацааны явцад дэлгэрэнгүй болгосон эсэх талаар юм.
Ой санамж. Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхтэй холбоотой нэг маргаан бол түүхэн нотолгоо Иосеф Смитийн 1820 онд Нью-Йорк дахь Палмирагийн болон үүний ойр орчим дахь шашны сэргэлтийн талаарх тайлбарыг дэмждэггүй гэж үзэж байгаа явдал юм. Энэ нь Иосефын шашны ер бусын хүсэл эрмэлзэл болон тэмдэглэлийн аль алиныг үгүй хийж байна гэж зарим хүн үздэг.
Гэсэн хэдий ч, баримтат нотолгоо нь Иосеф Смитийн шашны сэргэн мандалтын талаарх мэдэгдлийг дэмждэг. Түүний амьдарч байсан бүс нутаг шашин шүтэх идэвх зүтгэлээрээ алдаршиж, шашны сэргэн мандалтын голомтуудын нэг болж байсан нь маргаангүй. 1800-аад оны эхэн үед сургаал айлдаж байсан хүмүүс хуаран барьж шашныг сэргээхээс гадна хөрвөгчдийг хайж байсан тул энэ бүсийг “шатсан дүүрэг” гэж нэрлэж байв.6 Жишээлбэл, 1818 оны 6-р сард Палмирад Методист кампын цуглаан болж, дараа зун нь методистууд Смитийн гэр бүлийн фермээс 24 километрийн зайд байрлах Нью-Йоркийн Вена (одоогийн Фелпс) хотод дахин цугларчээ. Аялан явж байсан методист номлогчийн тэмдэглэлд 1819, 1820 онуудад Иосефын газар зүйн бүс нутагт шашны сонирхол маш их байгаа тухай тэмдэглэсэн байдаг. Сэргэн мандалтын арга зүйч, методист багш, гэгээнтэн Жорж Лэйн энэ хоёр жилд тус бүс нутагт байсан бөгөөд “Шинэчлэлийг хэрэгжүүлэх Бурханы аргын тухай” ярьсан гэж тэд мэдээлсэн байдаг.7 Энэхүү түүхэн нотолгоо Иосефын тайлбартай нийцэж байгаа юм. Тэрбээр түүний амьдарч байсан хэсэгт шашны энэхүү ер бусын сонирхлыг “методистуудаас эхэлсэн” гэж хэлсэн. Тэрээр Иосефыг “методист урсгалд ямар нэг байдлаар татагдсан” гэж хэлсэн байдаг.8
Нэмж дэлгэрүүлсэн зүйлс. Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхтэй холбоотой байнга гардаг хоёр дахь маргаан бол тэрээр өөрийн түүхийг цаг хугацааны явцад дэлгэрэнгүй болгосон явдал юм. Энэхүү маргаан нь Иосеф Смитийн харсан гэж хэлсэн тэнгэрлэг хүмүүсийн тоо болон таних тэмдэг хэмээх хоёр нарийн зүйл дээр төвлөрдөг. Иосефын Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд цаг хугацаа өнгөрөх тусам тэнгэрлэг хүмүүсийг илүү нарийвчлан тодорхойлдог. 1832 оны тэмдэглэлд “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж би Их Эзэнийг харсан” хэмээн өгүүлдэг. Өөрийн 1838 оны тэмдэглэлд тэрээр “хоёр Хүн зогсож байхыг би харав,” Тэдний нэг нь нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол миний Хайртай Хүү” хэмээсэн гэж тэмдэглэсэн байдаг. Үүний үр дүнд шүүмжлэгчид Иосеф Смит нэг хүнийг, тухайлбал “Их Эзэн”-ийг харсан хэмээн мэдээлж эхэлсэн ба тэгээд Эцэг, Хүү хоёуланг харсан гэдгээ сүүлд нь мэдэгдсэн хэмээн маргалддаг.9
Нотлох баримтыг харах өөр, илүү тогтсон арга замууд бий. Цаг хугацааны туршид өгүүлэмжийн үндсэн зохицлыг эхэнд нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд: Дөрвөн тэмдэглэлийн гуравт нь Иосеф Смитэд Анхны үзэгдлээр хоёр Хүн ирсэн гэж тодорхой бичсэн байдаг. Илүү өргөн цар хүрээтэй нь Иосеф Смитийн 1832 оны тэмдэглэл бөгөөд үүнийг нэг эсвэл хоёр Хүний тухай хэмээн уншиж болно. Хэрэв нэг тэнгэрлэг Хүн гэж хамааруулж унших юм бол энэ нь түүний нүглийг уучилсан хүн байх нь бараг л тодорхой. Хожим өгүүлсэн тэмдэглэлүүдэд, эхний бурханлаг Хүн нь Иосеф Смитэд хоёр дахь бурханлаг Хүнийг буюу Есүс Христийг “сонс” гэж тушаасан бөгөөд дараа нь Есүс Христ уучлан өршөөх захиас бүхий гол захиасыг дамжуулсан болно.10 Иосеф Смитийн 1832 оны тэмдэглэлээс харахад, өршөөл үзүүлэгч Есүс Христэд төвлөрсөн байж магадгүй юм.
1832 оны тэмдэглэлийг унших өөр нэг арга бол Иосеф Смит хоёр хүмүүнийг “Их Эзэн” хэмээн нэрлэсэн явдал юм. Түүний тэмдэглэлийг илүү сонирхолтой болгох маргаан нь 1832 оны тэмдэглэлд зөвхөн нэг бурханлаг хүмүүний дүр төрхийг дүрсэлсэн гэж таамаглаж байгаад оршино. Гэхдээ 1832 оны тэмдэглэлд зөвхөн нэг хүмүүн ирсэн гээгүй. “Их Эзэн” хэмээх хоёр эшлэл цаг хугацааны хувьд салж байгааг анхаарна уу. Эхлээд “Их Эзэн” тэнгэрийг нээдэг; дараа нь Иосеф Смит “Их Эзэнийг” хардаг. Энэхүү тэмдэглэлийг уншихад, Иосефын 1835 оны тэмдэглэлтэй нийцэж байгаа бөгөөд нэг хүмүүн бие эхлээд айлчлан ирсний дараа удалгүй өөр хүмүүн бие ирсэн. Тиймээс Иосеф Смит нэг хүмүүн биеийг харсан бөгөөд дараа нь нөгөөг харсан мөн хоёуланг “Их Эзэн” хэмээн нэрлээд, “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж, би Их Эзэнийг харсан” гэсэн утгаар 1832 оны тэмдэглэлийг ул суурьтай унших боломжтой юм.11
Тиймээс Иосефын улам бүр тодорхой болгож буй өвөрмөц дүрслэлийг туршлага дээр үндэслэн цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр гүнзгий ойлголтод хүргэж байгаагаар уншиж болно. Зарим талаар 1832 оны болон хожмын тэмдэглэлүүдийн хоорондох ялгаа нь бичгийн болон ярианы хэлийн ялгаатай байдалтай холбоотой байж болох юм. 1832 оны тэмдэглэл Иосеф Смитийн түүхээ бичих гэж оролдсон анхны тохиолдлыг харуулдаг. Тэрээр тэр жилдээ, “цаасан үзэг ба бэх мөн муруй эвдэрсэн тархай бутархай төгс бус хэлээр” хязгаарлагдаж байгаагаа мэдэрч байна гэдгээ найздаа бичжээ. Тэрээр энэхүү бичсэн үгээ “жижиг нарийхан шорон” хэмээн нэрлэсэн.12 Хожмын тэмдэглэлүүдийн цар хүрээг өргөжүүлэхэд илүү амархан ойлгогдож байсан бөгөөд тэдгээр нь яриагаа бичээчээр бичүүлэх зорилготой тэмдэглэлүүд байсан төдийгүй Иосеф Смитэд хялбар, амар байж, үгсийг илүү амархан урсгах боломжийг олгосон.
Дүгнэлт
Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын тухай гайхалтай үзэгдлийг мэдэрсэн гэдгээ удаа дараа гэрчилж байв. Анхны үзэгдлийн талаарх үнэн болон үүний эсрэг мэтгэлцээнийг дан ганц түүхийн судалгаагаар баталж чадахгүй. Иосеф Смитийн гэрчлэлийн үнэнийг мэдэх нь үнэнийг эрэлхийлэгч хүн бүрээс, эхлээд цэдгийг судалсны дараа Христэд итгэх хангалттай итгэлтэйгээр уг цэдэг үнэн эсэхийг Бурханаас чин сэтгэлээсээ, даруухнаар залбирч асуухыг шаарддаг. Хэрэв эрэлхийлэгч нь Ариун Сүнсээр илчилсэн үнэний дагуу үйлдэх чин хүсэлтэй байвал Иосеф Смитийн үзэгдэл үнэн гэдэг нь илэрхий болно. Энэ арга замаар хүн бүр Иосеф Смит ‘Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй’ хэмээн тунхаглахдаа чин сэтгэлээсээ хэлж байсан гэдгийг олж мэднэ.13
Энэхүү нийтлэлд танилцуулсан түүхэн агуулгад эрдэмтдийн оруулсан хувь нэмрийг Сүм хүлээн зөвшөөрдөг ба тэдний ажлыг зөвшөөрөлтэйгөөр ашигласан болно.
Анх 2013 оны 11-р сард хэвлэгдсэн.
Холбоотой сэдвүүд
-
Сайн мэдээний талаарх асуултуудад хариулах нь
-
Бурхан Тэргүүтэн
-
Бурхан Эцэг
-
Есүс Христ
-
Иосеф Смит
-
Сүмийн сэргээлт
-
Санваарын сэргээлт
Судрууд
Судрын эшлэлүүд
Видео бичлэг
“Сэргээлт”
“Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч”
“Номлолд бэлтгэх зам 14: Гордон Б.Хинкли”
Суралцах гарын авлага, материал
Ерөнхий материалууд
“History, circa Summer 1832,” The Joseph Smith Papers
“Journal, 1835–1836,” The Joseph Smith Papers
“History, circa June 1839–circa 1841 [Draft 2],” The Joseph Smith Papers
“History, circa Summer 1842,” The Joseph Smith Papers
“History, circa Summer 1844,” The Joseph Smith Papers
“Primary Accounts of Joseph Smith’s First Vision of Deity,” The Joseph Smith Papers
Сүмийн сэтгүүлүүд
“Preparing for the Restoration,” Ensign, 1999 оны 6-р сар
“Book of Mormon Personalities Known by Joseph Smith,” Ensign, 1983 оны 12-р сар