“Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материалын оршил (Шашин судлал 250),” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“Оршил,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материалын оршил (Шашин судлал 250)
“Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ” ангид тавтай морилно уу! Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Дэлхийн түүхэн цаг үеүдээс өнөө үед Аврагчийн тухай мэдлэг бодгаль бүрд зайлшгүй хэрэгтэй байна” (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Лиахона, 2021 оны 10-р сар) хэмээн тунхагласан. Энэхүү цуврал хичээл нь суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний үүрдийн сайн мэдээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн, Түүний хүч болон Цагаатгалыг хувийн амьдралдаа татан оролцуулах итгэлээ өсгөх ер бусын боломжийг олгоно.
Энэхүү цуврал хичээлийн зорилго юу вэ?
Шашны институт, семинарын зорилго нь “өсвөр үеийнхнийг болон залуучуудыг Есүс Христийн сургаал болон Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахуйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).
Энэ цуврал хичээл танд болон таны суралцагчдад энэ зорилгодоо дараах байдлаар хүрэхэд тусална. Үүнд:
-
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан таныг хүчирхэгжүүлж, цэвэршүүлж, төгс болгохын тулд Түүнд болон Түүний хүч чадалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх сургалтад оролцох;
-
илчлэлт хүлээн авах чадвараа нэмэгдүүлэх;
-
Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн тэнгэрлэг үүргийг тодорхойлох, тайлбарлах, гэрчлэх;
-
Есүс Христийн зарлигуудыг дагаж, Түүнтэй байгуулсан гэрээний харилцаагаа хүндэтгэснээр Түүний итгэлтэй шавь байх амлалтаа бэхжүүлэх;
-
Аврагчийг хайрлах хайраа гүнзгийрүүлж, Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ талархах арга замуудыг хайж олох зэрэг багтана.
Энэ цуврал хичээл ямар бүтэцтэй вэ?
Энэ цуврал хичээл 6 бүлэг, 28 хичээлтэй. Бүлэг бүр нь Их Эзэний мөнх бус байдлын өмнөх, дараах болон мөнх бус байдал дахь номлолын чухал талыг хамардаг.
Хичээл бүрийг ангид 50 минут суралцахаар төлөвлөсөн. Долоо хоногт нэг удаа ордог 90 минутын ангийн хувьд хэсэг бүрийн доторх хичээлүүдийн сэдэв нь нягт уялдаа холбоотой тул багш хоёр хичээлийг нэгтгэж болно.
Хичээл бүр хичээлд бэлтгэх материал болон багшийн материалаас бүрдэнэ. Эдгээр хичээл нь ул суурьтай бэлтгэхэд урих; илүү гүн гүнзгий суралцахад болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход туслах үйлдлийг хийхэд суралцагчдыг урамшуулан дэмжих зорилготой.
Та сургалтын материалыг судлах явцдаа суралцагчдынхаа хэрэгцээнд хэрхэн хамгийн сайн нийцүүлэхээ мэдэхийн тулд Их Эзэнээс тусламж гуйн залбираарай. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Нээлттэй бай, ялангуяа Сүнсэнд нээлттэй бай. Хичээлийн төлөвлөгөөндөө бага ч гэсэн зай үлдээ. Хэрэв та гэрчлэлээ хуваалцах, орчин үеийн асуудлын талаар хэлэлцэх зэрэгт хичээлийн цагаас авах хэрэгтэй бол үүнийг Сүнсний удирдамжаар, зохимжтой гэсэн үед нь хийгээрэй. …
… Суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг сана. (“Angels and Astonishment” [Шашны институт, семинарын сургалтын нэвтрүүлгийн үеэр хэлсэн үг, 2019 оны 6-р сарын 12], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Хичээлд бэлтгэх материал
Бэлтгэх материалыг танд болон таны суралцагчдад хичээлд бэлдэх явцдаа судлахад зориулсан. Энэ нь судрын болон Сүмийн удирдагчдын сургаал, видеонууд болон хичээлийн сэдэвтэй холбоотой нэмэлт эх сурвалжуудыг агуулсан “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” гэсэн хэсгүүдээс бүрддэг.
Мөн хичээлд бэлтгэх материалд суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ гүнзгийрүүлэх, ангийн ярилцлагад өөрсдийн хувь нэмрийг оруулах бэлтгэлээ хангахад чиглэгдсэн асуулт, үйл ажиллагаанууд орсон. Жишээлбэл: 4-р хичээлд бэлтгэх материал буюу “Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох” гэсэн хичээлд суралцагчдыг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урьсан.
Бэлтгэх материалыг ашиглах нь суралцагчдад “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийл[эхэд]” (Сургаал ба Гэрээ 88:118) тусална. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.
Итгэлээр суралцахад зөвхөн идэвхгүй хүлээн авах биш, харин үүнд сүнсний болон оюун санааны мөн бие бялдрын хувьд хичээж чармайх шаардлагатай. …
… Суралцагч мэдлэгийг өөртөө олж авахын тулд итгэлээ хөгжүүлж, үйлдэх ёстой. (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64)
Та суралцагчдад сүнслэг суралцахуйг хичээнгүйлэн эрэлхийлдэг хүмүүс үүнийг хүлээн авна гэсэн Их Эзэний амлалтыг бататган сануулах боломжийг хайж болно (Матай 7:7; Сургаал ба Гэрээ 42:61; 88:63-ыг үзнэ үү).
Багшийн материал
Хичээл бүрийн багшийн материалын оршлоос суралцагчдаас хүсэн хүлээж буй үр дүнгийн тайлбарыг олох боломжтой. Уг оршлын дараа хичээлийн бүтэц, судрууд болон Сүмийн удирдагчдын сургаал, онцлох үнэн, хэлэлцүүлэгт туслах материал, амьдралд хэрэгжүүлэх санаа зэргийг багтаасан санал болгож буй заах санаанууд өгөгдсөн.
Та багшийн материалыг судалж байхдаа, энэ нь суралцагчдын бэлэн байдалд хэрхэн тулгуурладаг болохыг анхаараарай. Суралцагчдын бэлэн байдалд байнга тулгуурлах нь хичээл болгонд бэлэн байхын ач холбогдлыг мэдрэхэд тэдэнд тусална. (Тайлбар: Хэрэв та хичээлийн дундуур нэмэлт агуулгыг танилцуулбал суралцагчид бэлтгэх материалыг судлах явцад сурсан, мэдэрсэн зүйлээ хуваалцах цаггүй болж болзошгүй гэдгийг санаарай.)
4-р хичээлийн дараах асуултуудын эхнийх нь багшийн материал хэрхэн суралцагчдын бэлэн байдалд тулгуурладаг болохыг харуулсан жишээ юм. Үүнд:
Би заахад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?
Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө хүүхдүүдэд заахад бэлтгэж, зааж сургахад тань туслах болно. Судруудыг хичээнгүйлэн судалж, сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэл тань Сүнсний удирдамжийг хүлээн авах шаардлагыг хангахад танд туслах болно (Сургаал ба Гэрээ 11:21-ийг үзнэ үү).
Суралцагчдадаа заах, хамтдаа суралцахад бэлтгэхдээ дараах асуултуудын нэг юм уу заримыг тавих нь танд тустай байж магадгүй.
-
Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч, суралцагчдынхаа хэрэгцээг ойлгохын тулд залбирсан уу? Би тэдэнд хамгийн их хэрэгтэй байж болох зүйлсийг хэрхэн ялган таних вэ?
-
Би судар, хичээлд бэлтгэх материал, багшийн материалын үндэс суурийг хангалттай сайн судалсан уу? Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд нийцүүлэн тохируулах зүйл байна уу?
-
Би энэ хичээл дээр Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнснээс суралцахад нь суралцагчдадаа хэрхэн тусалж болох вэ?
-
Би суралцагч бүрийг идэвхтэй оролцоход нь хэрхэн тусалж чадах вэ? Тэдэнд сурч буй зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хувийн төлөвлөгөө гаргахад шаардлагатай цаг хугацааг гаргаж өгөхөд би хэрхэн анхаарч болох вэ?
-
Би суралцагчдад үнэ цэнтэй гэдгээ болон ангийнхаа нэгэн хэсэг гэдгээ мэдрэх, бие биетэйгээ хуваалцах, харилцан суралцах сургалтын таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ? (Сургаал ба Гэрээ 88:78, 122-ыг үзнэ үү.)
Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахад зориулан хэрхэн зохицуулах вэ?
Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаар. Тэдгээр суралцагчийг оролцуулж, амжилт гаргахад нь туслахын тулд үйл ажиллагаа болон хүлээлтийг тохируулан өөрчил. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл disabilities.ChurchofJesusChrist.org-ын Disabilities хуудсан дээрх эх сурвалжтай танилцана уу.
Суралцагчид кредит авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Институт төгсөх кредит авахын тулд суралцагчид дараах зүйлсийг хийх ёстой. Тухайлбал:
-
Хичээлийн бэлтгэх материалыг 75-аас доошгүй хувьтай судалсан байх,
-
хичээлийн 75 хувьд хамрагдсан байх,
-
суралцах туршлагуудын аль нэгийг хийж дууссан байх шаардлагатай. Үүнд: Судлах тэмдэглэл хөтлөх, гурван эсээний асуултад хариулж бичих, цуврал хичээлийн агуулгатай холбоотой сургалтын төслийг (багшийн зөвшөөрснөөр) өөрөө боловсруулж, гүйцэтгэх; эсвэл бэлтгэх материал дахь бүх асуулт, үйл ажиллагаанд хариулж бичих зэрэг орно. (Тайлбар: Суралцагчид хариултаа танд өгөх шаардлагагүй; улирлын төгсгөлд юу хийж гүйцэтгэснээ харуулахад л хангалттай). Институт суралцах туршлагыг дээшлүүлдэг хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.