“11-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“11-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
11-р хичээлд бэлтгэх материал
Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь
Дэлхийн олон газарт янз бүрийн сүм хийдэд очигсдын тоо буурч байгаа энэ цаг үед Есүс Христ яагаад мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр сүм байгуулж, үүнийгээ хожмын өдрүүдэд сэргээсэн тухай илүү гүнзгий ойлголттой болох нь онцгой чухал байж болох юм. Суралцах явцдаа та Их Эзэний сэргээгдсэн Сүм таны амьдралд илүү их зорилго, хүч чадал, баяр баясгаланг хэрхэн авчирсан эсвэл авчирч чадахыг бод.
1-р хэсэг
Зөвхөн Их Эзэний Сүмд гишүүн байснаар ямар онцгой адислалуудыг хүртэж болох вэ?
Төлөөлөгч Паул Их Эзэний Сүм нь “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь” (Ефес 2:20) хэмээн заасан байдаг. Есүс Христ мөнх бус амьдралынхаа тохинууллын үеэр арван хоёр эрэгтэйг сонгож, Өөрийн төлөөлөгчөөр томилсон. Тэрээр тэдэнд санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг өгсөн бөгөөд ингэснээр тэд Түүний Сүмийг удирдаж, Түүний сайн мэдээг зааж, Түүний бодит байдлын талаар гэрчилж, Түүний нэрээр үйлдэх боломжтой болсон юм (Матай 10:1, 7–8; 16:19; Үйлс 1:21-22; Сургаал ба Гэрээ 107:23-ыг үзнэ үү).
Есүс Христ амилсныхаа дараа, авралын ажлыг удирдан чиглүүлэх санваарын түлхүүрүүдийг атгасан төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг үргэлжлүүлэн удирдсан. Гэсэн хэдий ч олон хүн Түүний дуудсан үйлчлэгчдийг эсэргүүцэж, Сүмийн гишүүд алдаа гаргаж эхэлжээ. Төлөөлөгчдийг нас барсны дараа “хүмүүс сайн мэдээний зарчмуудыг гуйвуулж, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудыг эрх мэдэлгүйгээр өөрчлөв. Энэхүү өргөн цар хүрээтэй урвалтын улмаас Их Эзэн санваарын эрх мэдлийг дэлхийгээс татан авчээ” (Gospel Topics, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org). Үүнийг Их урвалт гэдэг.
Энэ урвалтын байдал 1820 онд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэх хүртэл үргэлжилсэн (Иосеф Смит—Түүх 1:16-20-г үзнэ үү). Энэ үзэгдлээс хойш хэдэн жилийн дараа Есүс Христ Иосеф Смит рүү тэнгэр элч нарыг илгээсэн бөгөөд тэд түүнд санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг хүртээсэн (Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 110:11–16; 128:19–21-ийг үзнэ үү) ). Энэхүү бурханлаг эрх мэдлээр дамжуулан Есүс Христ төлөөлөгчдийг шинээр дуудаж, Сүмээ дэлхий дээр дахин сэргээсэн билээ (Сургаал ба Гэрээ 1:30-ийг үзнэ үү).
Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга эдүгээ Их Эзэний Сүмийг удирдахад шаардлагатай бүх эрх мэдэл, санваарын түлхүүрүүдийг атгадаг. Энэ нь илүү сайн болж, Христтэй ойр байхыг хүсдэг бидний хүн нэг бүрийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “шүтлэг бишрэлтэй хүмүүс”-ийн хувьд сүмд явах нь чухал болохыг дурдаад, “Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд маань тусалдаг” гэж дүгнэсэн (“Сүмд явах хэрэгцээ,” Лиахона, 2021 оны 10-р сар, 24). Тэрээр дараа нь ийн хэлсэн.
Бид мэдээж эрт цагийн болон орчин үеийн судрууд Их Эзэн Есүс Христийн эрх мэдлээр удирдуулдаг сүмийн гарал үүсэл, сүмд явах хэрэгцээний талаар тодорхой заан сургадаг гэдгийг баталж байна. Бид мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүм Түүний сургаалын бүрэн дүүрэн байдлыг заахын тулд мөн Бурханы хаант улсад ороход шаардлагатай ёслолуудыг Түүний санваарын эрх мэдлээр гүйцэтгэхээр үүсгэн байгуулагдсан гэдгийг гэрчилж байна.[Иохан 3:5-ыг үзнэ үү]. Сүмд явахаас татгалзаж, зөвхөн хувийн сүнслэг байдалдаа найддаг гишүүд өөрсдийгөө санваарын хүч, адислал, сэргээгдсэн сургаалын бүрэн дүүрэн байдал, сургаалыг хэрэгжүүлэх урам зориг, боломж зэрэг сайн мэдээний хамгийн чухал зүйлсээс тусгаарлагддаг. Тэд гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх эрхтэй болох боломжоо алддаг. (“The Need for a Church,” Liahona, Nov. 2021, 25)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс мөн ийн заажээ.
Дэлхий дээр санваарын хүч байгаагүй бол дайсан эрх чөлөөтэй хэрэн хэсэж, ямар ч саадгүй засаглах байсан. Мөн биднийг удирдан, чиглүүлж мөн сэнхрүүлэх Ариун Сүнсний бэлэг байхгүй байх байсан. Их Эзэний нэрээр ярих бошиглогчид болон ариун нандин, мөнхийн гэрээнүүд байгуулах ариун сүмүүд ч байхгүй байх байсан төдийгүй адислах, баптисм хүртээх, эдгээх, тайтгаруулах эрх мэдэл байхгүй байх байсан. (“Blessings of the Priesthood,” Ensign, Nov. 1995, 32)
2-р хэсэг
Сүмд идэвхтэй явах нь намайг болон бусдыг хэрхэн адислах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Сүмд явахын адислалын талаар ийн заасан.
Бурханы эцсийн зорилго бол бидний өсөлт хөгжил гэдгийг ойлгох нь чухал. … Үүнээс хүртэхэд зүгээр л илүү сайн байх эсвэл сүнсний мэдрэмжийг мэдрэхээс илүү их зүйлийг шаарддаг. Үүнд: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усан болон Сүнсний баптисм, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих зэрэг нь орно. Хүмүүн үүнийг тусгаарлагдсан орчинд бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй учраас “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд” бие биенээ дэмжих гэгээнтнүүдийг бий болгох нь Их Эзэний сүмийг үүсгэх болсон гол шалтгаан юм [2 Нифай 31:18]. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–102)
Гэгээнтнүүдийн нэг хэсэг байх нь биднийг хэрхэн хүчирхэгжүүлж, Есүс Христтэй ойртуулж болох талаар төлөөлөгч Паул заасан.
Мөн ахлагч Кристоффэрсон Сүмийн бусад гишүүнтэй харилцах туршлага нь бидэнд Их Эзэний сайн мэдээг хэрэгжүүлэхэд шаардлагатай боломжуудыг олгодог гэж тайлбарлажээ.
Сүмийн гишүүд Христийн бие болохын хувьд өдөр тутмынхаа бодит амьдралд нэг нэгнээ тохинуулдаг. Бид хэн нэгнийг гомдоон, өөр нэг нь биднийг бас гомдоох явдал гардаг. Бид нэг нэгнийхээ тэвчээрийг өөрсдийн онцлог болсон зан аашаар байнга сорьдог юм шиг санагддаг. Бид Христийн биеийн нэг хэсэг болсноор ердийн ойлголт, өргөмжлөгдсөн үгсийн хүрээнээс халин, “хайранд хамтдаа амьдарч” сурах явцдаа “бодит” туршлага хуримтлуулах ёстой [Сургаал ба Гэрээ 42:45]. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)
3-р хэсэг
Тойрог, салбараа хүн бүрд илүү нээлттэй, дотно хүлээж авдаг газар болгохын тулд би юу хийж чадах вэ?
Сүм дэх халуун дулаан, чин сэтгэлийн харилцаа танд ямар мэдрэмж төрүүлдэг талаар бод. Хэзээ та тойрог, салбарынхаа хэн нэгэнд ийнхүү мэдрэхэд нь тусалсан бэ?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Кэрол М.Стэфэнс эгчийн хуваалцсан нөхөрлөлийн жишээг авч үзье.
Сүмд идэвхгүй болсон эсвэл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоогүй олон найз [Мариад] байдаг. Өдөр бүр тэрээр итгэлээ ашиглаж, түүний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбиран, тийнхүү хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлддэг байна. Тэр утсаар ярьж, хайраа илэрхийлэн, найзууддаа “Чи бидэнд хэрэгтэй байна” гэж хэлдэг. Тэр гэртээ долоо хоног бүр гэр бүлийн үдэш зохиож, хөршүүдээ болон гишүүд, номлогчдыг ирж оролцохыг урин, хоолоор дайлдаг ажээ. Тэрээр хүмүүсийг сүмд ирэхэд урьж, тэдний ирэхийг хүлээн, ирэхэд нь хажууд нь суудаг. (“Бидэнд баярлах агуу шалтгаан бий,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 136)