“16-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн агуу цагаатгагч золиосыг хүлээн авах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“16-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
16-р хичээлд бэлтгэх материал
Аврагчийн агуу цагаатгагч золиосыг хүлээн авах
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Бүхий л хүн төрөлхтний түүхийн явц дахь хамгийн агуу үйл явдал, хамгийн чухал ач холбогдол бүхий үйлс бол Их Эзэн Есүс Христийн цагаатгагч золиос юм” хэмээн гэрчилжээ (“Testify of the Restoration,” New Era, Apr. 2017, 3). Судалж байхдаа та Их Эзэн цагаатгагч золиосоо гүйцэтгэхдээ юу юуг тэвчиж, давж гарсан талаар бод. Мөн Түүний таны төлөө хийсэн зүйлд хэрхэн талархлаа илэрхийлж болох тухай эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Яагаад надад Аврагчийн Цагаатгал хэрэгтэй вэ?
Адам, Ева хоёрын уналт нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд урагшлахад зайлшгүй шаардлагатай нэгэн алхам байсан. Энэ нь бидэнд дэлхий дээр ирж, сонгох эрхээ эдэлж, гэр бүл зохиож, баяр баяслыг мэдэрч, сурч, өсөж хөгжих боломжийг олгосон (2 Нифай 2:19–25-ыг үзнэ үү).
Гэвч энэхүү урагшлах алхам нь доошлох алхмыг ч бас авчирсан. Уналтын улмаас хүн бүр унасан байдлыг өвлөн авч, сүнсний болон биеийн үхлийг туулах болсон (Алма 42:5–9, 14-ийг үзнэ үү). Бид эдгээр нөхцөл байдлыг өөрсдийн хичээл зүтгэл, ажил үйлсээр даван гарч чадахгүй байв (2 Нифай 2:5, 8-ыг үзнэ үү). Бошиглогч Иаков Их Эзэний “хязгааргүй цагаатгал”-гүйгээр бид “дахин хэзээ ч босохгүй” Бурханы оршихуйгаас үүрд таслагдах байсан хэмээн заажээ (2 Нифай 9:7–9-ийг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Аврагчийн Цагаатгал бидэнд Уналтын үр дагаврыг хэрхэн даван гарахад тусалдаг тухай гэрчилсэн.
Аврагчийн Гэтэлгэл хоёр талтай. Нэгдүгээрт: Энэ нь Адамын зөрчлийг цагаатгаж, үүнээс ирсэн Хүмүүний Уналтын шууд үр дагавар болох биеийн үхэл, сүнсний үхэл хоёрыг даван туулах явдал мөн. Хүмүүс биеийн үхлийг сайн ойлгодог. Сүнсний үхэл бол хүн Бурханаас тусгаарлагдах явдал юм. … Биеийн болон сүнсний үхлээс аврах энэхүү гэтэлгэл бүх хүмүүнд хамаатай бөгөөд ямар нэг болзол, нөхцөлгүй.
Аврагчийн Цагаатгалын хоёр дахь тал нь бид Уналтын шууд бус үр дагавар болох өөрсдийн нүглүүдээс гэтэлгэх явдал билээ. Энэ нь Адамын зөрчлөөс ангид юм. …
Бид үйлдэлдээ хариуцлага хүлээдэг бөгөөд сонголтууд хийдэг учраас нүглүүдээсээ гэтэлгэгдэх нь болзолтой төдийгүй энэхүү болзол нь нүглээ хүлээх, улмаар орхиж, бурханлаг амьдрал руу эргэх буюу өөрөөр хэлбэл наманчлахыг шаарддаг [Сургаал ба Гэрээ 58:43-ыг үзнэ үү]. (“Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128–129)
2-р хэсэг
Гетсемани болон загалмай дээрх Аврагчийн зовлон шаналлын талаар тунгаан бодох нь Түүнд талархах сэтгэлийг минь хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Есүс төлөөлөгчидтэйгөө Сүүлчийн зоог идэж, тэдэнд ариун ёслолыг танилцуулсны дараа тэднийг Гетсеманийн цэцэрлэг рүү авч явав. Тэрээр тэнд залбирч, бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан.
Есүсийг Гетсеманид төсөөлөхийн аргагүй зовлон шаналлыг тэвчин гарсны дараа шавь нь Түүнээс урвав. “Түүнийг баривчилж, гүтгэлгээр ялласан” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Иудейчүүдийн шашны удирдагчид Аврагчийг баривчлан хорьж байхдаа Түүнийг тохуурхан шоолж, нулимж, алгадан, гүтгэн доромжилж байсан (Матай 26:47–68-ыг үзнэ үү).
Иудейчүүдийн удирдагчдад Есүст алах ял оноох эрх мэдэл байгаагүй тул Түүнийг Ромын захирагч Пилат дээр авчирчээ. Пилат ард түмнээс эмээсэн тул Есүсийг цовдлон алахыг зарлиг болгосон. Цовдлоход бэлдэн Христийг ташуурдаж, дараа нь Ромын цэргүүд түүнийг тохуурхан шоолж байв. Тэд Түүний гар, хөлийг хадан, хоёр ялтны дунд загалмай дээр өргөв (Матай 27:11–38-ыг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки Есүсийг загалмай дээр байх үед “Гетсеманийн тэрхүү хэмжээлшгүй тарчлал, зүрх шимшрэм өвдөлт дахин давтагдсан юм” хэмээн заасан (“Гетсеманийн ариусгагч хүч,” Лиахона, 2011 оны 4-р сар). Ойролцоогоор зургаан цагийн дараа “Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа” (Марк 15:34).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүсийн ийнхүү шаналан орилсон тухай дараах мэдэгдлийг хэлжээ.
Хүүгийнхээ агуу золиосыг ганцаардмал байсан шиг нь бүрэн төгс байлгахыг хүссэн тул түр зуур Эцэг Өөрийн Сүнсний тайвшралыг мөн Өөрийн хувийн оршихуйн дэмжлэгийг ч Есүсээс холдуулсан. … Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд [Есүс Христ] зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй сүнсээрээ үхэх буюу тэнгэрлэг Сүнс холдон одох, тэр чигтээ найдваргүйгээр ганцаараа хоцорсон мэт мэдрэмж ямар байдгийг Өөрийн биеэр амсах хэрэгтэй байлаа.
… Есүс тэр урт, ганцаардмал замаар явсан учраас бид орь ганцаараа тэрхүү замаар алхах шаардлагагүй болсон. (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97)
3-р хэсэг
Би Их Эзэний цагаатгагч золиосыг хүлээн авахын тулд юу хийж чадах вэ?
Их Эзэн таны өмнөөс зовж шаналсныг ойлгож, Түүнд талархлаа илэрхийлдэг байх нь чухал. Та гэм нүглээ наманчлахыг сонгосноор Түүний Цагаатгалын бодит байдалд итгэх итгэлээ илүү их харуулж буй хэрэг юм. (Үүний жишээг та 3 Нифай 9:12–13, 21–22 дээрээс, Их Эзэн айлчилж ирэхээсээ өмнө нифайчууд, леменчүүдийг наманчлахад урьж байгаагаас харах боломжтой.)
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний наманчлалын бэлгийн талаар ийн хэлсэн.
Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. …
Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг. (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).