“17-р хичээлийн багшийн материал: Үхлийг давсан Есүс Христийн ялалтаас найдварыг олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“17-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
17-р хичээлийн багшийн материал
Үхлийг давсан Есүс Христийн ялалтаас найдварыг олох
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Үхлээс амилах нь бидний итгэлийн хувийн тулгуур багана болдог. Энэ нь бидний сургаалд утга учрыг, бидний зан байдалд сэдлийг, ирээдүйд найдварыг нэмдэг” хэмээн заасан (“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73). Энэ хичээлийн үеэр суралцагчид Аврагчийн Амилалтын бодит байдлын талаар ярилцаж, мөнх бус бие махбодтой хамт ирдэг сорилт бэрхшээлүүдтэй тулгарах үед энэ нь тэдэнд хэрхэн найдвар өгдөг талаар хуваалцах болно.
Заах зөвлөмж
Нүдээр харсан олон гэрч Есүс Христийн амилсныг гэрчилдэг.
Та суралцагчдыг Есүс Христийн Амилалт хувь хүнийх нь хувьд тэдэнд яагаад чухал болох талаар хэдэн өгүүлбэр бичихэд урьснаар хичээлийг эхлүүлж болно. Тэгээд жижиг бүлгүүд болж эсвэл ангиараа хуваалцах цаг гарга. Суралцагчдыг хичээлийн үеэр юуны талаар илүү дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэйг тогтоохын тулд дараах асуултуудаас аль нэгийг эсвэл хэд хэдийг тавьж болно.
-
Яагаад бидний бие махбод мөнхийн хувь заяанд маань чухал байдаг вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү.)
-
Хэрэв амилалт гэж байгаагүй бол юу болох байсан бэ? (1 Коринт 15:17–22; 2 Нифай 9:8–9-ийг үзнэ үү.)
-
Яагаад Есүс Христийн Амилалтын талаарх ойлголт, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь чухал байж болох вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны мэдэгдлийг дахин уншиж болно.)
Амилсан Христ бунхны дэргэд Мариад үзэгдэж байгаа зургийг үзүүлж болно. Иохан 20:14–18-ыг хамтдаа уншаад, амилсан Их Эзэнийг харахад Мариад ямар байсныг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг бодол санаа, мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцахад урина уу.
Бэлтгэх материалын 1-р хэсэгт суралцагчдад амилсан Христийг нүдээр харсан нэг гэрчийн түүхийг сонгож, тэрхүү үйл явдлын талаар өөрт төрсөн бодол, мэдрэмжээ бичихийг тэднээс хүссэн гэдгийг сануул. Суралцагчдад өөрсдийн хэсгийг уншиж нягтлах эсвэл шаардлагатай бол нэгийг сонгох хугацаа өг. Дараа нь тэднээс жижиг бүлгүүдэд хуваагдаж, өөрсдийн судалсан түүхээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэгээд дараах асуултыг тавьж болно.
-
Амилалтын талаарх эдгээр түүх хэн нэгний Есүс Христэд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Та дараах нөхцөл байдлыг тайлбарлаж өгч болно. “Би Есүс Христ агуу багш, шашны удирдагч байсан гэдэгт итгэдэг. Би Түүний ёс суртахууны сургаалыг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн Амилалт үнэхээр тохиолдсон гэдэгт итгэдэггүй” гэж хэлсэн найздаа юу гэж хэлэхээ эргэцүүлэн бод.
Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож дараах асуултуудын заримыг тавьж болно.
-
Энэ мэдэгдэлд төлөөлөгч Паул юу гэж хариулах байсан бол? (Та 1 Коринт 15:14, 17–22-ыг эргэн харж болно. Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнүүдийг тодорхойлж болно. Амилалт нь Их Эзэний сайн мэдээний зайлшгүй чухал хэсэг юм. Есүс Христийн Амилалтын ачаар бүгд амилуулагдана.)
-
Яагаад Есүс Христийн Амилалт Түүний сайн мэдээний гол цөм болдог вэ? Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаарх ямар үнэн Тэр амилсан учраас номлогддог вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг уншиж болно.)
-
Есүс Христийн ачаар та болон бүх хүн амилуулагдах болно гэдгийг мэдсэнээр танд ямар бодол мэдрэмж төрж байна вэ? (Хэрэв та хүсвэл, энэ асуултын талаарх өөрийн сэтгэгдлийг хуваалцаж болно.)
Паул Есүс Христ үхлийг ялан дийлсэн болохоор бид баясаж болно хэмээн заав.
Далын ахлагч Пол В.Жонсоны охин Алисагийн тухай дараах түүхийг хуваалц.
Бараг жилийн өмнө бидний охин Алиса нас барсан юм. Тэр бараг найман жилийн турш хэд хэдэн хагалгаанд орж, төрөл бүрийн эмчилгээ хийлгэн, сэтгэл хөдөлгөм гайхамшиг, гүн гүнзгий харамслыг мэдрэн, хорт хавдартайгаа тэмцэж байв. Бид түүний биеийн байдал муудан, мөнх бус амьдралынхаа төгсгөлд ирж байгааг харсан. Гялалзсан нүдтэй бяцхан охиноос авьяаслаг, сайхан эмэгтэй, эх хүн болон өссөн хайртай охинд минь ийм зүйл тохиолдож байгааг харахад элэг эмтэрмээр байв. Миний хувьд сэтгэл зүрх минь урагдаж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. (“Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113)
-
Та эсвэл таны таньдаг нэг хүн үүнтэй адил мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хэрэв тийм бол ямар нөхцөл байдал байсан бэ?
Суралцагчдаар бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Жонсоны мэдэгдлийг уншуулна уу. Та тэдэнд ая тух, найдвар авчрах сургаалыг олж мэдэхийг санал болгож болно. Тэгээд дараах асуултыг тавьж болно.
-
Амилалтын сургаал нь хүнд хэцүү өвчин, амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэмтэл бэртэл, төрөлхийн согог, эсвэл хайртай хүнээсээ хагацсанаас болж зовж буй хүмүүст хэрхэн тайтгарал, найдвар авчирч болох вэ? (Суралцагчид Бид үл муудах хийгээд үхэшгүй байдалд амилуулагдах болно гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлж болно.)
-
Амилалтын бодит байдлыг ойлгох нь танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд хэрхэн тусалж байсан бэ?
Алисад тохиолдсон зүйлийн талаар илүү ихийг хуваалцаж болно.
Алиса өөртэй нь адил төрлийн хавдар туссан хүмүүсийн амьд үлдэх магадлалыг судалсан бөгөөд үр дүн нь найдвар муутай байв. Тэрээр “Гэхдээ эдгэрэх боломж байгаа учраас би айхгүй байна. Есүс аль хэдийн миний болон та бүхний хорт хаврыг эдгээсэн. … Би илүү сайн болох болно. Би үүнийг мэдсэндээ баяртай байна” гэж бичсэн байсан юм.
Бид хорт хавдар гэсэн үгийг өөрт буй аль нэгэн биеийн болон оюун санаа, сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул талаар сольж болно. Амилалтын ачаар тэдгээр нь ч аль хэдийн эдгэрсэн билээ. (“Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112)
-
Бид Алиса, ахлагч Жонсон хоёрт тохиолдсон явдлаас юу сурч болох вэ?
“Христ амилсан!” (Дуулал, д.105) дууллыг дуулж эсвэл “Есүс Христ амьд – Тэр амьд учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг” (2:26) видеог үзэж болно.
Дараах асуултуудыг эсвэл суралцагчдад илүү хамааралтай гэж үзсэн хэдэн асуултыг үзүүлээд, суралцагчдаас өөрт төрсөн бодол санаа, мэдрэмж, сэтгэгдлээ тунгаан бодож, бичиж тэмдэглэхийг хүс.
-
Аврагчийн Амилалт танд мөнх бус амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед хэрхэн амар амгалан, найдварыг авчирсан бэ эсвэл авчирч болох вэ?
-
Та Амилалтын талаар олж мэдсэн зүйлээ өөрийн болон өөр хэн нэгний гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж болох вэ?
Бичиж тэмдэглэх, эргэцүүлэн бодоход хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс .
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг дараагийн хичээлд бэлдэхэд нь урамшуулан дэмжихийн тулд дараах зурвасыг илгээж болно. Та 18-р хичээлд бэлтгэх материалыг судлахдаа, ач ивээл таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тунгаан бодоорой.