“26-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христтэй илүү адилхан болох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“26-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
26-р хичээлд бэлтгэх материал
Есүс Христтэй илүү адилхан болох
Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр “чин сэтгэлээсээ бүгдийг өөрийнх нь жишээг дагахыг хүссэн билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүнтэй илүү адилхан болохыг хичээх нь насан туршийн аялал юм. Бид үүнийг аажмаар, зөвхөн Аврагчийн тусламжтайгаар гүйцэтгэдэг (Моронай 10:32-ыг үзнэ үү). Та энэ хичээлийн материалыг судалж байх явцдаа, Аврагчтай адил болох хичээл зүтгэлээ илүү зорилготой болгохын тулд юу хийж болох талаар бодож үз.
1-р хэсэг
Их Эзэн намайг ямар хүн болоосой гэж хүсэх байсан бэ?
Нифайчууд болон леменчүүдийн дунд үйлдсэн тохинууллынхаа дараахан Есүс Христ шинээр дуудагдсан арван хоёр шавьдаа үзэгджээ. Тэрээр тэдэнд Өөрийн сайн мэдээний талаар илүү ихийг зааж, үүрэг хариуцлагад нь зааварчилсан (3 Нифай 27:13–26-г үзнэ үү). Аврагч “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн тэдэнд хэлсэн.
Аврагчтай адил “байх” урилгыг бүх шавьд нь зориулан өгсөн юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийнхүү заасан.
Бид баптисм хүртэхийг сонгосноор Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, өөрсдийгөө Түүгээр тодорхойлуулах сонголт хийдэг. Бид Түүнтэй илүү адил болж, Түүний зан чанарыг хөгжүүлнэ хэмээн амладаг. (“Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23)
Аврагчийн зан чанаруудаас хэдийг тунгаан бодоход нэг хором зарцуул. “Christlike Attributes” (2:53) видеог үзэх нь тустай байж болох юм.
Аврагчтай адил болох амлалт нь биднийг Түүний тухай мэдэхээс илүү зүйлд хөтөлдөг. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Бидэнд ямар нэг зүйлийг мэддэг болохыг заадаг дэлхийн сургуулиудтай адилгүй нь Есүс Христийн сайн мэдээ биднийг ямар нэг зүйл болоход урьдагт оршино. …
Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн биднийг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм. (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32)
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Аврагчтай адил болох бидний эрэл хайгуулын тухай ийн хэлсэн.
Тухайн хүний амьдрал Христийн загварт хамгийн ойр дөхөж очсон бол тэр хамгийн агуу мөн хамгийн адислагдсан мөн баяр баяслаар дүүрэн нэгэн юм. Энэ нь дэлхийн эд хөрөнгө, эрх мэдэл эсвэл нийгмийн байдалтай огт хамаагүй. Агуу байдал, адислагдсан байдал, баяр хөөртэй байдлын цорын ганц үнэн сорилго бол амьдрал нь Их Эзэн Есүс Христийнхтэй адил болоход хэр дөхсөн байгаад оршино. Тэр бол зөв зам, бүрэн үнэн ба элбэг дэлбэг амь юм. (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2)
2-р хэсэг
Би Есүс Христтэй илүү адилхан болохын тулд юу хийж болох вэ?
Далын ахлагч Скотт Д.Вайтинг Есүс Христтэй илүү адилхан болох үйл явцын талаар ийн заасан.
Түүнтэй адил болох сануулгыг ойлгох нь сайн зүйл боловч энэ ойлголтоо эгэл хүнээ алхам алхмаар өөрчлөх хүсэл тэмүүлэлтэйгээ нэгтгэх хэрэгтэй. Ийм хүсэлтэй болохын тулд бид Түүний хэн гэдгийг мэдэх ёстой. Бид Христийн зан чанаруудыг тодорхой хэмжээгээр мэддэг байх ёстой бөгөөд судар, шүтлэг бишрэлийн цуглаан болон өөр ариун газруудаас энэ зан чанаруудыг эрэлхийлэх ёстой. Бид Түүний тухай илүү ихийг мэдэж эхэлмэгц бусдаас Түүний зан чанаруудыг олж харах болно. Энэ нь биднийг аян замд маань урамшуулна. Учир нь бусад хүн Түүний зан чанарыг ямар нэг хэмжээгээр олж авч чадаж байхад бид ч бас олж авч чадна. (“Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13).
Ахлагч Вайтингийн заасанчлан, бид Есүс Христийн зан чанаруудыг судруудаас олж харж болно (жишээлбэл: Матай 5:3–11; Алма 13:28; Сургаал ба Гэрээ 4:5–7-г үзнэ үү). Мөн төлөөлөгч Петр бидэнд Аврагчийн “тэнгэрлэг хүчээр” бид Аврагчийн “тэнгэрлэг мөн чанарыг” (2 Петр 1:3, 4) хүлээн авч чадна гэж заасан.
Та өөрийгөө Аврагчтай харьцуулах үедээ заримдаа сэтгэлээр унаж, урамгүй болж магадгүй. Ийм үед Аврагч хүртэл “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авсан” (Сургаал ба Гэрээ 93:12) гэдгийг санаарай. Өсөн нэмэгдэж буй ахиц дэвшлээсээ та баяр баясгаланг олж чадна.
Та ганцаараа үүнийг хийж чадахгүй гэдгийг сана. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байхдаа ийнхүү заажээ.
Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханы бэлэг юм. Тэдгээрийг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй.
Бид бүгдэд хэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүй өгсөн. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэнэ гэдэг нь Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд найдах буюу Түүнд төгс байдлаар итгэл хүлээлгэхийг хэлнэ. … Бид Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэхдээ өөрсдийн амьдралыг тогтмол дахин үнэлж цэгнэн, үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяа болон Цагаатгалын адислалууд дээр тулгуурлах хэрэгтэй. (“Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь,” Лиахона, 2008 оны 10-р сар, 8–12)
3-р хэсэг
Их Эзэн намайг Христийнхтэй адил ямар зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсэх бол?
Та хөгжүүлэхийг хүсэж буй Христийнхтэй адил зан чанаруудыг бодох үедээ өөрийн давуу болон сул талуудыг олж тодорхойл. Та яг одоо анхаарлаа хандуулахыг хүсэж буй зан чанараа тодорхойлохын тулд дараах суралцах үйл ажиллагааг ашиглаж болно.
Та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллахдаа ахиц дэвшлээ тогтмол хяна. Бусадтай өөрийгөө бүү жиш. Жижиг амжилтуудад баярла. Алдаануудаасаа суралц. Таныг Аврагчтай илүү адилхан болохоор хичээх үед Тэр тусламж, хүч чадал өгнө гэдэгт итгэ.