Номын сан
4. Бие махбодын эрүүл байдал


Есүс Христ, хурга хоёр

Алдагдсан хонь, Юнсун Ким, havenlight.com

4

Бие махбодын эрүүл байдал

4.0

Оршил

Номлогчийн ажил нь бие махбодын болон сэтгэл санааны амлалт шаарддаг. Энэ болон Номлогчийн амьдралд дасан зохицох гэсэн хэсгүүд дэх жишгүүд нь Их Эзэнд болон Түүний үйлсэд илүү сайн үйлчлэхэд сэтгэл санаа, бие махбодоо бэлдэхэд тань туслах болно. Номлолынхоо турш эдгээр жишгийг байнга эргэн харж бай.

4.1

Хүнс тэжээл ба хоол бэлтгэл

Ус,хүнс тэжээлийн зөв хэрэглээ нь таны эрүүл мэндэд тун чухал.

4.1.1

Хүнс тэжээлийн ерөнхий удирдамж

Доорх хүнс тэжээлийн ерөнхий удирдамжийг дагана уу. Үүнд:

  • Өдөрт 6–12 аяга (48–96 унц буюу 1.5–3 литр) цэвэр ус уу. Хэрэв та өдрийн турш эсвэл дасгал хийхдээ их хөлөрдөг бол илүү их ус болон давс хэрэгтэй байж магадгүй.

  • Хүнсний ногоо, жимс, үр тариа, эрүүл өөх тос, уураг бүхий тэнцвэртэй хоол хүнс ид.

  • Чанаргүй хоол хүнс, хийжүүлсэн ундаа, боловсруулсан хоол хүнс, түргэн хоолны газрын хоолны хэрэглээгээ хязгаарла.

4.1.2

Аюулгүй хоол бэлтгэл

Таны хоол аюулгүй бэлтгэгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд дараах зааварчилгааг хэрэгжүүл. Үүнд:

  • Хоол хийхээс өмнө болон дараа нь хоол бэлтгэх тавцанг цэвэр, халуун, савантай усаар угаана.

  • Хоол хийхэд болон идэхэд хэрэглэсэн хэрэгслийг хэрэглэх болгондоо цэвэр, халуун, савантай усаар цэвэрлэнэ.

  • Хоол хийж байхдаа түүхий мах, шувууны мах, өндөг, далайн хүнсний зүйлсийг бусад хүнснээс тусад нь тавина.

  • Мах, загас, шувууны махыг сайтар болгоно.

  • Дутуу болгосон юм уу түүхий мах идэхээс зайлсхий.

  • Түүхий жимс ногоог хальсал эсвэл сайтар угаа.

  • Муудаж болох үлдэгдэл хоол хүнсийг хөргөгчид хадгал. Өвчин тусахгүйн тулд, сав баглаа боодол дээр заасан хугацаанаас илүү удаан хугацаанд ил орхисон зүйлийг хая.

  • Хоол бэлтгэх аюулгүй байдал, чанар нь тодорхой биш байдаг болохоор гудамжинд худалдаа хийдэг хүмүүсээс хоол авч идэхээс зайлсхий.

Хүмүүс (зарим номлогч хүртэл) үүнийг тийм чухал биш эсвэл туйлширсан гэж таныг ятгахыг оролдсон ч эдгээр удирдамжийг тууштай хэрэгжүүлээрэй.

Зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ видеоноос үзнэ үү.

17:51

4.1.3

Ус, цагаан идээний аюулгүй байдал

Зөвхөн цэвэр ус, ариутгасан сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь аюулгүй юм.

Номлолоос өгсөн эдгээр болон дараах нэмэлт удирдамжийг дагана уу. Үүнд:

  • Хэрэв та цэвэршүүлсэн ус авах боломжгүй газарт үйлчилж байгаа бол усны шүүлтүүр хэрэглэ.

  • Шүдээ угаах, хоол хүнсээ угааж бэлтгэхдээ цэвэр ус ашигла.

  • Зөвхөн ариутгасан сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.

Зарим газарт зоогийн газар эсвэл хүнсний зах дээрх мөс, ундааг цэвэршүүлээгүй усаар хийдэг болохыг анхаар. Хэрэв мөс, ундаа зэрэг нь аюулгүй биш бол болгоомжтой байж, бүү хэрэглэ.

4.2

Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн таныг эрүүл байлгаж, стрессээ тайлахад тусалдаг. Үүнийг өдөр тутмын хэвшил болго (2.4.2-ыг үзнэ үү). Хэрэв танд асуух зүйл байвал номлолын албатай холбогдоорой. Номлолд зориулсан удирдамж болон ерөнхий удирдамжийг дагана уу. Үүнд:

  • Долоо хоногт кардио, тэсвэр нэмэх, сунгалтын дасгал зэрэг төрөл бүрийн дасгал хий. Аюулгүй байдлын үүднээс хүнд туухай өргөхөөс зайлсхий.

  • Танд гар утас байгаа бол номлолын удирдагчдын зөвшөөрсөн аппликэйшныг ашиглан дасгалаа төлөвлөж болно.

  • Та олон нийтийн эсвэл биеийн тамирын дасгалжуулалтын газарт дасгал хөдөлгөөн хийх ёсгүй.

4.3

Стрессийг зохицуулах

Номлогчийн ажил эрэлт хэрэгцээтэй ажил бөгөөд үе үе стресстэх нь хэвийн үзэгдэл юм. Та гэр бүлийнхээ дэмжлэгийг ашиглан (3.9.1-ийг үзнэ үү), эрүүл хооллох (4.1.1-ийг үзнэ үү), тогтмол дасгал хөдөлгөөн хийх (4.2-ыг үзнэ үү), тогтмол унтах, тайвшрах, сүнслэг байх (залбирах, бясалгах, суралцах гэх мэт) дадал зуршлыг хэрэгжүүлснээр стрессийг илүү сайн зохицуулахад бие махбод, оюун санаагаа бэлтгэж чадна.

Номлолынхоо туршид та стрессээ тайлахад болон бусад номлогчид туслахын тулд Номлогчийн амьдралд дасан зохицох гэдэг хэсгийг ашигла. Таны хамтрагч та хоёр стрессийг эрүүл аргаар зохицуулахад бэрхшээлтэй тулгараад байгаа мэт санагдвал эсвэл яаралтай хэрэг гарвал номлолын удирдагчидтайгаа холбоо бариарай.

Хэрэв та стрессдээ эм уух шаардлагатай бол эмийн жор, эмчийн зааврыг дага.

Төлөөлөгч Паул номлолынхоо хичээл зүтгэлийн талаар эргэцүүлэн бодоод, Их Эзэн Өөрийг нь эрэлхийлдэг хүнийг дэмжиж, түшиж, тусалдаг гэж заасан байдаг. Их Эзэн таныг хэзээ ч орхихгүй. Паул ийн заасан.

“Учир нь Харанхуйгаас гэрэл гэрэлтэг гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм. Бид бүх талаар дарамтлагдавч няцдаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй. Би итгэсэн, тиймээс би ярьсан гэж бичигдсэнчлэн итгэлийн сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна” (2 Коринт 4:6, 8–9, 13, 17).

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.6 дахь “Хэцүү нөхцөл байдал” хэсгээс үзнэ үү.

4.4

Эрүүл мэндийн тусламж

Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнддээ нухацтай ханд. Та номлолын эрүүл мэндийг хариуцсан хүнд (уудаг эм, харшилдаг зүйлс, хориотой үйл ажиллагаа зэрэг) эрүүл мэндийн асуудлуудаа мэдэгдсэнээр дараа нь хэрэгтэй дэмжлэг туслалцаагаа авах болно. Хэрэв танд эрүүл мэндийн асуудлын талаар асуух зүйл байвал номлолын албатай холбогдоорой.

Аюулгүй байдлынхаа төлөө:

  • Жороор олгосон эмийг өөр хэн нэгэнтэй бүү хуваалц мөн өөр хүнд эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглэж болохгүй.

  • Үйлчилж байгаа улс эсвэл хэсэгт чинь хориотой байдаг эмийг гэр бүл, найз нөхөд чинь танд илгээж болохгүй.

Хэрэв танд эрүүл мэндийн яаралтай асуудал гарвал өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө шаардлагатай арга хэмжээг ав. Номлолоос өөр зааварчилгаа өгөөгүй бол тухайн газар нутгийн түргэн тусламжийг дууд (АНУ-д 911 гэх мэт). Аль болох богино хугацаанд номлолын удирдагчидтайгаа холбоо бариарай.

Танд яаралтай бус эмнэлгийн тусламж хэрэгтэй бол номлолын эрүүл мэндийн зохицуулагч руу нэн даруй залга. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй ч яаралтай биш бол эрүүл мэндийн зохицуулагчаар урьдчилан зөвшөөрүүлсэн байх ёстой. Эрүүл мэндийн зохицуулагч танай хэсэг дэх эмнэлгийн тусламж авах газар луу таныг явуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.7 дахь “Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал” хэсгээс үзнэ үү.

4.5

Аюултай нөхцөл байдал ба сүрдүүлэг

Аливаад бодолтой хандаж, хамтрагчаа харж, сонсож чадах газарт байх зэрэг номлолын жишгүүдийг дагаснаар, учирч болох олон аюулаас зайлсхийж болно. Таныг аюулгүй байхыг хичээсээр байхад ч гэсэн хүмүүс танд хор хөнөөл учруулж мэднэ. Хэрэв ийм асуудал гарвал, номлолынхоо аль нэг удирдагчид нэн даруй мэдэгд.

Хэрэв танд юм уу таны хамтрагчид тухайн газар, хэн нэгэн эсвэл нөхцөл байдал (заах орчин гэх мэт) эвгүй санагдвал нэн даруй орхин яв. Сүнслэг өдөөлтийг сонс. Хэрэв та хамтрагчаа өөрт тань аюул учруулж болзошгүй гэж үзвэл түүнийг орхин явж болно. Та хамтрагчаа орхисон бол номлолын удирдагчид руугаа нэн даруй утасдаж мэдэгд.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.8 дахь “Аюултай нөхцөл байдал” хэсгээс үзнэ үү.

4.6

Орон байр

Орон байрандаа болон байр эзэмшигч юм уу байрны эзэнд мөн хөршүүддээ хүндэтгэлтэй ханд. Хэрэв та хохирол учруулсан бол өөрийн мөнгөөр засварын төлбөрийг төлөх хариуцлага хүлээнэ. Хэрэв танай байранд ямар нэг асуудал гарвал номлолын байр сууц зохицуулагчтай ярилц.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.9 дэх “Орон байрны аюулгүй байдал” хэсгээс үзнэ үү.

4.7

Унаа тээвэр

Аян замд явахдаа тухайн газар нутгийн замын хөдөлгөөний хууль, дүрэм, ёс заншлыг үргэлж дагаж мөрд. Аливаад бодолтой ханд. Хүрээлэн байгаа орчиндоо сэрэмжтэй бай. Үйлчилдэг хэсгээ нүдэлж, энэ гарын авлага дахь аюулгүй байдлын ерөнхий жишгүүдийг дага.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.10 дахь “Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал” хэсгээс үзнэ үү.

4.8

Мөнгө

Номлогчийг дэмжих сан нь Сүмийн гишүүн хувь хүн бүрийн золиослолыг төлөөлдөг. Энэ нь ариун сан хөмрөг бөгөөд та үүнийг үнэнч шударгаар, хариуцлагатай ашиглах ёстой.

4.8.1

Номлогчийг дэмжих сан

Номлогчийн ажилд тань дэмжлэг үзүүлэх хувийн хэрэглээний зүйлсийг худалдан авахад номлогчийн мөнгөн санг ашигла. Тодорхой хэдэн онцгой нөхцөл байдлаас бусдаар ерөнхийдөө та номлогчийн мөнгөн сангаа сар бүр бүгдийг нь ашиглах ёстой. Энэ сангаас мөнгө хадгалахаар юм уу гэрийнхэндээ өгөх гэх мэт хэн нэгэнд мөнгө өгч болохгүй. Мөнгө зээлэх юм уу зээлдүүлж болохгүй.

Таны номлогчийн мөнгөн сангийн төсөвт дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Үйлчилж байгаа тойрог эсвэл салбартаа төлсөн таны мацгийн өргөл;

  • Тэжээллэг хоол бэлтгэх хүнс (4.1.1-ийг үзнэ үү);

  • Замын зардал, тэр дотроо шатахуун, нийтийн тээвэр орно;

  • Үс арчилгаа, хувийн ариун цэврийн хэрэгсэл

  • Цэвэрлэгээ, угаалгын хэрэгсэл

  • Долоо хоног тутмын холбоо харилцаанд зориулсан шуудан эсвэл интернэтийн зардал (3.8-ыг үзнэ үү)

  • Хязгаарлалт бүхий зоогийн газрын эсвэл түргэн хоолны газрын хоол

Та номлогчийн мөнгөн сангаас аравны нэг төлөх шаардлагагүй.

Хувийн мөнгөөрөө төлөх ёстой зүйлсийн жагсаалтыг 4.8.2-оос үзнэ үү.

4.8.2

Хувийн мөнгөн сан

Хувийн мөнгөн сан бол гэрээс чинь танд шууд илгээсэн мөнгө юм. Хувийн мөнгөн санг дараах зүйлсэд хэрэглэнэ. Үүнд:

  • Хувцас, гутал шинээр авах

  • Унадаг дугуй худалдаж авах, арчилгаа үйлчилгээ, засвар

  • Нөхөн төлбөр, нүд, шүдний энгийн үзлэг, суурь өвчний хяналтын үзлэг зэрэг номлолоор төлөгдөөгүй эмчилгээний зардлууд

  • Замын хөдөлгөөний болон зогсоолын торгууль

  • Хэрэв та хохирол учруулсан бол байрны засварын төлбөр

  • Аудио эсвэл видео төхөөрөмж

  • Бэлэг дурсгалын зүйлс ба бэлэг

Хүлээн авсан хувийн мөнгөн сангийн болон таны бизнес эсвэл хөрөнгө оруулалтын аливаа орлогын аравны нэг нь таны гэрийн тойргоор дамжуулан эсвэл онлайн хандиваар хувийн мөнгөн сангаас төлөгдөнө.

4.8.3

Бие даах чадвар ба зарцуулалтын төлөвлөгөө

Номлолын хугацаандаа зарцуулалтын төлөвлөгөө гаргаж, дагаснаар бие даах чадвартай болно. Энэ чадвар таныг амьдралын чинь туршид тусалж, адислах болно. Яаралтай биш бол хамтрагчаасаа эсвэл гэр бүлээсээ мөнгө нэхэж болохгүй.

Зарцуулалтын төлөвлөгөө гаргаж, дагана гэдэг нь тухайн сардаа авах ёстой бүх зүйлийнхээ жагсаалтыг гаргаад, дараа нь хамгийн чухал зүйлсээ сонгож, тэднийг эхэлж худалдан авах явдал юм. Хүсэж байгаа зүйлсээ сонгохоосоо өмнө хэрэгтэй байгаа зүйлсээ үргэлж сонго.

Танд нэмэлт мөнгө хэрэгтэй болох юм уу зардлын талаар асуух зүйл байвал санхүүгийн нарийн бичиг юм уу номлолын удирдагчидтай ярилц.

4.9

Хувцаслалт ба гадаад төрх байдал

Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн эрх бүхий төлөөлөгчийн хувьд таны гадаад төрх байдал ихэвчлэн бусдад анхны сэтгэгдэл болж үлддэг. Энэ нь таны хуваалцахаар дуудагдсан ариун захиастай зохицох ёстой. Таны гадаад төрх байдал, зан авир бусдад тэрхүү захиас дээр төвлөрөхөд тусалдаг байхад номлолынхоо турш анхаарна уу.

4.9.1

Хувцаслалт, гадаад төрх байдлын ерөнхий жишиг

Таны номлолын соёл, уур амьсгалд тохирсон тодорхой зүйлс болон хувцасны загварыг санал болгодог. Та бэлтгэлийн өдрөөр гадуур явахдаа номлогчийн өдөр тутмын хувцсаа өмсөнө. Гэхдээ, хэрэв та тусгай үйл ажиллагаанд явах гэж байгаа бол илүү энгийн хувцас өмсөж болно. ChurchofJesusChrist.org/callings/missionary/dress-and-appearance дээр байдаг жишгүүдийг орж үзээрэй. Энэ сайтад таны номлолдоо өмсөх зохистой, ажил хэрэгч хувцаслалтын жишээг харуулдаг. Таны номлолын удирдагч болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр удирдамжийг тухайн газар нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно.

Амьтан болон хорхой шавжид хазуулахаас өөрийгөө хамгаалах нэмэлт зааврыг 7.7.4-өөс үзнэ үү.

4.9.2

Гадаад төрх байдлын ерөнхий жишиг

Эрүүл гадаад төрх байдлын жишгүүдийг дага. Үүнд:

  • Боломжтой бол өдөр бүр усанд ор.

  • Шүдээ тогтмол угаа.

  • Өдөр бүр үнэртүүлэгч хэрэглэ.

  • Үсээ тогтмол угаа.

  • Хоол бэлтгэхээс өмнө болон бие засах газар орсны дараа гараа тогтмол угаа.

  • Нарны тос түрх.

  • Арчлахад амар, цэвэрхэн, мэргэжлийн үс засалтыг сонго.