“6: Би Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн хөгжүүлэх вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 121–132
“6 Христийнхтэй адил зан чанарууд,” Миний сайн мэдээг номло, 121–132
6
Би Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн хөгжүүлэх вэ?
Есүс Христ мөнх бус амьдралынхаа тохинууллын эхэнд Галилын тэнгисийн эргээр алхаж байхдаа Андрей, Петр хэмээх хоёр загасчныг дууджээ. Тэр тэдэнд “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” (Матай 4:19-ийг мөн Марк 1:17-г үзнэ үү) хэмээжээ. Түүнчлэн Их Эзэн өөрийн ажилд таныг дуудсан бөгөөд өөрийгөө дагахад урьдаг. Христийг дага гэсэн урилга нь Түүний үлгэр жишээг дагаж, Түүнтэй адилхан бол гэсэн урилга юм. Үүнийг зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гүйцэтгэх боломжтой (Мозая 3:19-ийг үзнэ үү).
“Миний сайн мэдээг номло” гарын авлага доторх зарим бүлэг номлогчийн хувьд юу хийх хэрэгтэй буюу хэрхэн суралцах, заах, цагаа зөв ашиглахад төвлөрсөн байдаг. Таны хийж байгаа зүйл чухал ч таны хэн болох мөн хэн болж байгаа нь мөн адил чухал. Энэ нь Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүнд найдсанаар нүглээ байнга наманчилж, ариун ёслолоос тогтмол хүртсэнээр Эцэг, Хүү хоёртой байгуулсан гэрээгээ шинэчилж, бүх зүйлд Ариун Сүнсний удирдамжийг дагах замаар эцсээ хүртэл тэвчих ойлголтын нэгээхэн хэсэг юм.
Сэргээгдсэн сайн мэдээ танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болох боломж олгодог. Аврагч уг замыг үзүүлсэн. Тэрээр төгс жишээ үзүүлж, өөртэй нь адилхан болохыг бидэнд зарлигласан (3 Нифай 27:27-г үзнэ үү). Түүнээс суралцаж, Түүний зан чанарыг амьдралынхаа нэгэн хэсэг болгохыг эрэлхийл. Түүний Цагаатгалын хүчээр та энэ зорилгодоо хүрч, бусдыг мөн зорилгодоо хүрэхэд удирдан залж чадна.
Номлогчийн хувьд болон амьдралынхаа туршид олж хөгжүүлэхэд чухал, Христийнхтэй адил зан чанаруудыг судруудад дүрсэлсэн байдаг. Энэ бүлэг дэх судрын хэсгүүдийг судал. Мөн бусад судрын хэсгүүдийг судлахдаа Христийнхтэй адил зан чанаруудын өөр жишээнүүдийг олж мэд.
Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханы бэлэг юм. Тэдгээр нь сонгох эрхээ зөв шударга ашиглах үед ирдэг. Эдгээр зан чанараар адислахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуй. Та Түүний тусламжгүй тэдгээрийг хөгжүүлж чадахгүй. Бурханы таалалд нийцэх хүсэлтэйгээр, сул дорой байдлаа ухамсарлаж, сайжрахад бэлэн мөн сайжрах чин хүсэлтэй бай.
Энэ бүлгийг судлахад зориулсан санаа
Энэ бүлгийг олон талаас нь судалж болно. Доорх санаануудаас нэгийг хий. Үүнд:
-
Энэ бүлгийн төгсгөлд байгаа “Зан чанартай холбоотой үйл ажиллагаа”-г явуулахдаа өөрт тань хамгийн хэрэгтэй эсвэл хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанараа тодорхойл. Тухайн зан чанарын талаар өгүүлсэн хэсгийг судалж, хөгжүүлэх зорилго тавь.
-
Судраас суралцалгүйгээр бүлгийг уншаад, ямар зан чанарын талаар илүү их судлахыг хүсэж байгаагаа тодорхойл. Дараа нь уг зан чанартай холбоотой гол судруудыг судал. Уг зан чанарын талаар заадаг, энэ бүлэгт дурдаагүй нэмэлт судруудыг эрж ол. Тухайн зан чанарыг хөгжүүлэх санаануудаа судлах тэмдэглэлдээ бич.
-
Судлахыг хүсэж байгаа зан чанараа тодорхойл. Энэ бүлгийн төгсгөл орчимд байгаа “Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх” гарчган доорх загварыг дага.
Есүс Христэд итгэх итгэл
Христэд итгэдэг бол та Түүнийг Бурханы Хүү, Эцэгийн махан биед Төрсөн Ганц гэдэгт итгэдэг гэсэн үг. Та Түүнийг Аврагч, Гэтэлгэгч гэдгийг хүлээн зөвшөөрч, сургаалыг нь дагадаг. Түүний Цагаатгалаар дамжуулан гэм нүглүүд тань өршөөгдөж чадна гэдэгт та итгэдэг. Түүнд итгэнэ гэдэг нь та Түүнд итгэн найдаж, таныг хайрладаг гэдэгт итгэдэг гэсэн үг юм.
Итгэл нь наманчлах, дуулгавартай дагах, бүхнээ зориулан үйлчлэх зэрэг үйлдэл рүү хөтөлдөг. Есүс Христэд итгэдэг бол та Их Эзэний зарлиг өгсөн учир шалтгааныг бүрэн ойлгохгүй байсан ч тэдгээрийг дагах хангалттай итгэлтэй байна. Их Эзэний танаас биелүүлэхийг хүссэн тэр зүйлийг та биелүүлнэ. өөрийн болон бусдын амьдралд сайн сайхныг авчрахад та туслах болно. Та Их Эзэний тааллын дагуу гайхамшгуудыг үйлдэх чадвартай. Хичээнгүй байдал болон үйлсээр таны итгэл харагдах болно.
Итгэл бол хүч чадлын зарчим юм. Бурхан хүч чадлаар ажилладаг ч Түүний хүч чадал ихэнхдээ итгэлийн хариуд илэрдэг (Моронай 10:7-г үзнэ үү). Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийн итгэлийн дагуу ажилладаг. Эргэлзээ, айдас нь итгэлд харш юм.
Хичээнгүйлэн суралцах, залбирах, цуцалтгүй үйлчлэх болон Ариун Сүнсний өдөөлт, зарлигуудыг дуулгавартай дагаснаар таны итгэл өсөж хөгжих болно.
Есүс Христтэй болон Түүний сургаалтай илүү сайн танилцах тусам Түүнд итгэх таны итгэл улам бүр өснө. Судруудыг судалж, тэдгээрийг эрэлхийлснээр та Түүний арга зам, бүх хүнийг хайрлах хайр, зарлигууд зэргийн талаар мэдэж авах болно.
Итгэлд Ариун Сүнсний зорилго, хүч чадалд итгэж найдах багтдаг. Итгэлээр дамжуулан та залбирлынхаа хариултыг мөн Их Эзэний ажилд таныг удирдан залах хувийн сүнслэг өдөөлтийг хүлээн авна.
Найдвар
Найдвар бол Их Эзэн танд өгсөн амлалтаа гүйцэлдүүлнэ гэсэн бат бөх итгэл юм. Энэ нь өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэл, урам зориг, цөхөршгүй тэвчээрээр илэрдэг. Энэ нь ямар нэг зүйл тохиолдоно гэдэгт итгэх итгэл, хүсэх хүлээлт юм. Найдаж байвал та зовлон зүдгүүртэй, хүнд хэцүү үеийг бүх зүйл бүхэлдээ таны сайн сайхны төлөө ажиллах болно гэдэгт баттай итгэн туулна. Найдвар нь сэтгэлээр унах байдлыг даван гарахад танд тусална. Есүс Христэд найдах найдвар нь селестиел хаант улсад мөнх амьдралыг өвлөнө гэсэн итгэл найдвар юм гэдгийг судруудад олонтоо дүрсэлдэг.
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст:
“Найдвар бол бодгалийн маань зангуу юм. …
Найдвар бол Бурханы амлалтад итгэх итгэл, бид яг одоо үйлдэх юм бол хүссэн адислал маань ирээдүйд биелэх болно гэдэгт итгэхийг хэлнэ. …
Найдварын маань дуусашгүй эх ундарга бол бид Бурханы хөвгүүд охид мөн Түүний Хүү Их Эзэн Есүс Христ биднийг үхлээс аварсан явдал юм” гэж заасан (“Hope, an Anchor of the Soul,” Ensign, Nov. 1999, 59–60).
Энэрэл ба хайр
Нэгэн хүн Есүсээс “Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуув. Есүс түүнд “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм” (Матай 22:36–39) гэжээ.
Энэрэл бол “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) юм. Үүнд өөрийн бүх хүүхдийг гэх Бурханы мөнхийн хайр багтдаг. Бид ийм хайрыг хөгжүүлэхийг эрэлхийлэх ёстой. Энэрлээр дүүрсэн бол та Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, бусдад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж, сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь тэдэнд тусална.
Энэрэл бол Бурханы бэлэг. “[Бид энэ] хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбира[х]” (Моронай 7:48) ёстой хэмээн бошиглогч Мормон хэлсэн. Энэ зөвлөгөөг дагаж, зөв шударга үйлдэл хийхийг хичээснээр бүх хүнийг, ялангуяа та нар өөрсдөө дунд нь хөдөлмөрлөж буй тэдгээр хүнийг хайрлах таны хайр өсөн нэмэгдэх болно. Та бусад хүний мөнхийн сайн сайхан байдал, аз жаргалд үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг болох болно. Та тэднийг бидний Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох чадавхтай Бурханы хүүхэд гэдгээр нь харж, тэдний төлөө хөдөлмөрлөх болно. Уур уцаар, атаа жөтөө, хүсэл тачаал, эсвэл шунаг сэтгэл зэрэг сөрөг мэдрэмжүүдээс та зайлсхийх болно. Бусдыг шинжиж, шүүж эсвэл тэдний талаар таагүй зүйл ярихаас зайлсхийх болно. Та тэднийг ойлгохыг, тэдний өнцгөөс харахыг хичээх болно. Та тэдэнд тэвчээртэй хандаж, зовж зүдрэн мөн сэтгэлээр унах үед нь туслахыг хичээнэ. Итгэлийн нэгэн адил, энэрэл нь үйлдэл рүү хөтөлдөг. Бусдад үйлчилж, өөрийгөө зориулах боломж бололцоог эрэлхийлснээр та энэрлийг хөгжүүлэх болно.
Ариун журам
Ариун журам нь таны дотоод сэтгэлийн бодол, хүслээс эхтэй. Энэ бол ёс суртахууны өндөр жишигт тулгуурласан бодол санаа, зан авирын загвар юм. Ариун Сүнс цэвэр бус биед оршдоггүй учраас Сүнсний зааварчилгааг хүлээн авахын тулд ариун журамтай байх шаардлагатай байдаг. Ганцаараа мөн хэн ч хараагүй байхад юуг сонгож, юу хийх нь ариун журамтайг тань хэмжих хамгийн сайн хэмжүүр юм.
Ариун журамтай хүмүүс сүнсний хувьд цэвэр, ариун байдаг. Тэд зөв шударга, урам зориг өгөх бодолд анхаарлаа хандуулж, зохисгүй үйлдэл рүү хөтлөх дэмий бодлоо толгойноосоо авч хаядаг. Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагадаг. Тэд уруу таталтыг эсэргүүцэх, зөв зүйлийг хийх хүч чадал олж авахын төлөө залбирдаг. Ямар нэгэн нүгэл үйлдэж, буруу үйлдэл гаргасан бол шууд наманчилдаг. Тэд ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой амьдардаг.
Таны оюун санаа театрын тайзтай адилхан боловч нэг удаад зөвхөн нэг л жүжигчин тайзан дээр байж болно. Хэрэв тайз эзгүйрвэл, ихэвчлэн харанхуйн болон нүгэлт бодлууд уруу татахаар тайзан дээр гарч ирдэг. Гэвч уруу татагдах үедээ цээжилсэн дуулал эсвэл судрын шүлэг гэх мэт сайн сайхан бодол төрүүлэх зүйлээр оюун санааны тайзаа дүүргэх юм бол дээрх бодлууд ямар ч хүчгүй байх болно. Та оюун санааныхаа тайзыг хянаснаар уруу таталтад бууж өгөх, нүглийн араас хөөцөлдөхийг байнга шахан шаардах сэдлийг амжилттай сөрөн зогсож чадна. Та цэвэр, ариун журамтай болж чадна.
Мэдлэг
“Судлахаар мөн түүнчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл” (Сургаал ба Гэрээ 88:118) хэмээн Их Эзэн зарлигласан. Түүнчлэн “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй юм” (Сургаал ба Гэрээ 131:6) хэмээн Тэрээр сэрэмжлүүлжээ. Мэдлэгийг, тэр тусмаа сүнслэг мэдлэгийг эрэлхийл. Судраас өдөр бүр суралц мөн амьд бошиглогчдын үгсээс суралц. Суралцаж, залбирснаар өөрт байгаа тодорхой нэг асуулт, бэрхшээл, боломж бололцооны төлөө тусламж эрэлхийл. Сэргээгдсэн сайн мэдээний талаар зааж мөн үүний талаарх асуултад хариулахдаа ашиглаж болох судрын хэсгүүдэд онцгой анхаар.
Сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ бод. Та хичээнгүйлэн мөн залбиран байж, цэвэр хүсэлтэйгээр суралцах аваас Ариун Сүнс оюун санааг тань гэгээрүүлж, зааж мөн судруудын утга агуулга болон амьд бошиглогчдын сургаалыг ойлгоход тань тусална. Бусад хүнийг, ялангуяа Сүмийн удирдагчдыг харж, сонссоноор та мэдлэгээ арвижуулах болно. Та Нифайн адил “Дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг тунгаана. … Болгоогтун, сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясаж; мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” (2 Нифай 4:15–16) хэмээн хэлж чадна.
Тэвчээр
Тэвчээр нь хүлээлт, асуудал, зовлон зүдгүүр, эсэргүүцэл, өвчин шаналлыг уурлахгүй, сэтгэлээр унахгүй, айж түгшихгүй даван туулах чадвар юм. Энэ нь Бурханы тааллын дагуу үйлдэх, Түүний цаг хугацааг хүлээн зөвшөөрөх чадвар. Та тэвчээртэй байснаар дарамт шахалтад бууж өгөлгүй, зовлон зүдгүүрийг тайван, итгэлтэй туулж чадна. Тэвчээр нь найдвар, итгэлтэй холбоотой бөгөөд та Их Эзэний амласан адислалууд биелэгдэхийг хүлээх ёстой.
Та өдөр тутмын үйл явдал, харилцаандаа, ялангуяа хамтрагчдаа тэвчээртэй хандах хэрэгтэй. Та бүх хүнтэй, тэр тусмаа өөрийн алдаа дутагдал, сул дорой байдалтай ажиллахдаа тэвчээртэй хандах ёстой.
Даруу байдал
Даруу байдал бол Их Эзэний тааллыг хүлцэнгүй дагаж, хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө алдар нэрийг Их Эзэнд өгөхөд бэлэн байх явдал юм. Түүний адислалд талархах, Түүний бурханлаг тусламж бидэнд байнга хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх зэрэг нь үүнд багтдаг. Даруу байдал бол сул дорой байдлын шинж биш, харин сүнслэг хүч чадлын илрэл юм. Их Эзэнд даруухнаар итгэж найдан, Түүний хүч, нигүүлслийг хүлээн зөвшөөрөх үедээ та Түүний зарлигууд таны сайн сайхны төлөө өгөгдсөн гэдгийг баттай мэдэх болно. Түүнд найдсанаар та Их Эзэний шаардсан аливаа зүйлийг хийж чадна гэсэн итгэлтэй байх болно. Түүнчлэн Түүний сонгосон үйлчлэгчдэд итгэж, тэдний зөвлөгөөг дагахад та бэлэн байна. Дуулгавартай байж, хичээнгүйлэн ажиллаж, амиа бодолгүй үйлчлэхэд тань даруу байдал туслах болно.
Даруу байдлын эсрэг тал бол судруудад буруушаасан байдаг бардамнал юм. Бардамнах гэдэг нь Бурханаас эсвэл Түүний үйлчлэгчдээс илүү өөрөө өөрийнхөө хүчинд итгэх гэсэн утгатай. Энэ нь түүнчлэн дэлхийн зүйлсийг Бурханы зүйлсээс дээгүүрт тавих гэсэн утгатай юм. Бардам хүмүүс Бурханд алдар сууг өгөхийн оронд өөртөө алдар хүндийг авдаг. Бардамнал бол өрсөлдөгч юм. Бардам хүмүүс илүү их эд хөрөнгөтэй болохыг эрэлхийлж, өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Бардамнал нь ихэвчлэн уур уцаар, үзэн ядалтад хүргэдэг бөгөөд асар том тээглэх чулуу юм.
Хичээнгүй байдал
Хичээнгүй байдал бол Их Эзэний ажлыг хийх тууштай, тогтвортой, чин сэтгэлийн, идэвхтэй хүчин чармайлт юм. Их Эзэн танаас хичээнгүй буюу тууштай, асар их хүчин чармайлт гаргаж, хайр халамж үзүүлэн ажиллаасай хэмээн хүсэн хүлээдэг. Хичээнгүй номлогч хичээл зүтгэлтэй мөн үр дүнтэй ажилладаг. Номлогчийн ажилд хичээнгүй байх нь Их Эзэнийг болон Түүний ажлыг хайрлах хайрын тань илрэл юм. Та хичээнгүй байснаар өөрийн ажлаас баяр баясгалан, сэтгэл ханамжийг олж авах болно.
Та өөрийн хүслээр олон сайн сайхан зүйлийг хий (Сургаал ба Гэрээ 58:27-г үзнэ үү). Удирдагчдынхаа хий гэж хэлэхийг бүү хүлээ. Хэдий ядарсан ч өөрийнхөө чадах бүхнийг хийх хүртлээ үргэлжлүүл. Хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулж, цагаа дэмий үрэхээс зайлсхий. Зааварчилгаа, хүч чадлын төлөө залбир. Тогтмол, үр дүнтэй төлөвлө. Бодол санаа, үйлдлүүдийг тань үймүүлж сарниулах зүйлээс зайлсхий.
Дуулгавартай байдал
Номлогчийн хувьд танаас зарлигуудыг өөрийн хүслээр дуулгавартай дагаж, номлолын дүрмээ сахиж, удирдагчдынхаа зөвлөгөөг дагахыг шаарддаг. Дуулгавартай байдал бол тэнгэрийн хамгийн эхний хууль. Энэ нь итгэлийн үйлдэл юм. Зарим тохиолдолд бүрэн ойлгохгүй байгаа зүйлийг хийхийг танаас шаардаж болох юм. Дуулгавартай дагаснаар таны итгэл, мэдлэг, мэргэн ухаан, гэрчлэл, хамгаалалт, эрх чөлөө өсөн нэмэгдэх болно. Их Эзэнийг болон амьд бошиглогчийг мөн номлолын ерөнхийлөгчөө дуулгавартай дагахыг хичээ.
Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх
Энэ бүлэгт дурдсан зан чанарууд болон судруудаас олж болох өөр бусад зан чанарыг судалж мөн хөгжүүлэхээр эрэлхийлэхэд тань доорх загвар тусалж болох юм. Үүнд:
-
Хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанараа тодорхойл.
-
Уг зан чанарынхаа тодорхойлолт, тайлбарыг бич.
-
Судалж байхдаа хариулах асуултуудыг бич.
-
Зан чанарын талаар заадаг судруудын хэсгүүдийг жагсаан бич мөн нэгд нэгэнгүй судал.
-
өөрийн бодол санаа, төрсөн сэтгэгдлийг бич.
-
Уг зан чанарыг амьдралдаа хэрэгжүүлэх зорилго тавьж, төлөвлөгөө гарга.
-
Уг зан чанарыг хөгжүүлэхэд туслахыг Их Эзэнээс гуйн залбир.
-
Зан чанар бүр дээр гаргасан ахицаа тогтмол үнэлж дүгнэ.
Суралцаж, амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа судлах
-
Энэ бүлэгт өгүүлсэн зан чанаруудын нэгээр таван минутын хэлэх үг бэлтгэ.
-
Судруудын удирдамжийг ашиглан, энэ бүлэгт дурдсан зан чанаруудыг Аврагч Өөрийн үлгэр жишээгээр үзүүлсэн арга замуудыг эрж ол. Юу сурснаа судлах тэмдэглэлдээ бич.
-
Энэ бүлгийн төгсгөл дэх “Зан чанарын үйл ажиллагаа”-г тогтмол бөглө.
-
Энэ бүлэг дээрээс нэг зан чанарыг тодорхойл. Өөртөө дараах асуултуудыг тавь.
-
Би энэ зан чанарыг хэрхэн хөгжүүлж болох вэ?
-
Энэ зан чанарыг хөгжүүлэхийн тулд би зүрх сэтгэл, оюун ухаан, үйл хөдлөлдөө юуг өөрчлөх ёстой вэ?
-
Гэрээнүүдээ сахих нь энэ зан чанарыг хөгжүүлэхэд надад хэрхэн туслах вэ?
-
Энэ зан чанарыг хөгжүүлэх нь Ариун Сүнсийг хүлээн авах шаардлагыг хангаж, Есүс Христийн сайн мэдээний илүү хүчирхэг тохинуулагч болоход надад хэрхэн туслах вэ?
-
-
Судрууд дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралаас Христийнхтэй адил зан чанарын жишээг ол. Сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.
Хамтрагчтайгаа суралцах
-
Gospel Library болон бусад зөвшөөрөгдсөн эх сурвалжаас Христийнхтэй адил зан чанаруудын тухай эшлэлүүдийг судал.
-
өөр өөр зан чанарын хоорондын уялдаа холбоог ярилц. Жишээлбэл:
-
Итгэл, хичээнгүй байдал хоёр юугаараа холбоотой вэ?
-
Даруу байдал, хайр хоёр аль талаараа холбоотой вэ?
-
Мэдлэг хэрхэн тэвчээрийг хүчирхэгжүүлэх вэ?
-
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Дүүргийн зөвлөлийн хурал, бүсийн чуулган эсвэл номлолын удирдагчийн зөвлөлийн хурал болохоос хэдэн өдрийн өмнө энэ бүлэг дэх эсвэл судрууд дахь зан чанаруудаас нэгийг сонгоод, номлогч бүрээс тухайн зан чанарын тухай мөн өөрт нь тусалсан судруудаа оролцуулан таван минутын яриа бэлдэж ирэхийг хүс.
Хурлын үеэр хэдэн номлогчид өөрсдийн бэлдэж ирсэн яриаг хуваалцах цаг гарга.
-
Номлогчдыг гурван бүлэгт хуваагаад, доорх даалгавруудыг оноож өг. Үүнд:
1-р бүлэг: 1 Нифай 17:7–16-г уншаад, доорх асуултуудад хариул.
-
Нифай итгэлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-
Нифай Христийнхтэй адил ямар зүйлийг хийсэн бэ?
-
Итгэлтэй байж, зарлигуудыг дуулгавартай дагах юм бол Их Эзэн Нифайд юу хийж өгөхөөр амласан бэ?
-
Энэ түүх номлогчийн ажилтай ямар хамааралтай вэ?
2-р бүлэг: Иаков 7:1–15-ыг уншаад, доорх асуултуудад хариул.
-
Шеремийн довтолгоог эсэргүүцэхэд Иаковын итгэл яагаад хангалттай хүчтэй байсан бэ?
-
Шеремтэй ярьж байхдаа Иаков итгэлээ хэрхэн ашигласан бэ?
-
Иаковын үйлдлүүд хэрхэн Христийнхтэй адил байсан бэ?
-
Иаковтай адилаар итгэлээ хөгжүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ?
3-р бүлэг: Иосеф Смит—Түүх 1:8–18–ыг уншаад, доорх асуултуудад хариул.
-
Ямар арга замаар Иосеф Смит Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн бэ?
-
Түүний итгэлийг хэрхэн сорьсон бэ?
-
Тэр Христийнхтэй адил ямар зүйлийг хийсэн бэ?
-
Бид Иосеф Смитийн үлгэр жишээг дагахын тулд юу хийж чадах вэ?
Бүлгүүдийг ажиллаж дууссаны дараа номлогчдыг цуглуулаад, ярилцсан зүйлсээ хуваалцахыг хүс.
-
-
өөр хүний итгэлээр дамжин адислагдаж, сүнслэгээр өдөөгдсөн тохиолдлоо хуваалц.
-
“Зан чанарын үйл ажиллагаа”-г номлогчдоор уншуул. Хариултаа бичих цаас номлогч бүрд өг.
Цаасан дээр ажиллах дасгалаа бүрэн дуусахад нь тэднээс хувийн зорилго тавихад урь.
Дасгал ажлаар юу сурч, мэдэрснээ хуваалцахыг хэдэн номлогчоос хүс.
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар гэрчлэлээ хуваалц.
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Шинэ Гэрээн дээрх дөрвөн сайн мэдээний нэгийг эсвэл 3 Нифай 11–28-ыг уншихыг номлогчдоос хүс. Өөрсдийн хийж чадах, Аврагчийн хийсэн зүйлийг тэднээр доогуур нь зуруул.
-
Номлогчдод хичээнгүй байдлын талаар заахдаа, зорилго тавих болон хэрхэн төлөвлөхийг ашигла. Хүмүүст хандахдаа анхааралтай байх нь хэрхэн хайрын илрэл болохыг үзүүл.
-
Ярилцлагын үеэр эсвэл зүгээр л ярилцах үедээ, хөгжүүлэхийг хичээж буй зан чанарынх нь талаар номлогчидтой ярилц.
-
Бүсийн чуулган эсвэл номлолын удирдлагын зөвлөлөөр, өөрсдийнх нь хүндэлдэг зан чанар болон хамтрагчдынхаа Христийнхтэй адил зан чанарын талаар ярихыг номлогчдоос хүс.