Институт
21-р хичээлийн бэлтгэх материал: Бардамналыг ялан дийлэх


“21-р хичээлийн бэлтгэх материал: Бардамналыг ялан дийлэх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“21-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

21-р хичээлийн бэлтгэх материал

Бардамналыг ялан дийлэх

Гүн бодолд автсан залуу эмэгтэй

Мормоны Номд онцлон тэмдэглэсэн нэгэн сүнслэг аюул бол бардамнах нүгэл юм. Бид уг цэдгээс бардамнал Лихайн гэр бүлийн эв нэгдлийг хэрхэн эвдэж, Их Эзэний Сүмд хагарал үүсгэж, тоо томшгүй олон дайн дажин дэгдээн, эцэст нь нифайчуудын соёл иргэншлийг сүйрэлд хүргэснийг олж мэддэг. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “бардамнал бол нийтлэг нүгэл, агуу завхрал” болохыг сэрэмжлүүлсэн (“Beware of Pride,” Ensign, May 1989, 6). Энэ хичээлд бэлдэхээр судлахдаа, амьдралд тань байгаа бардамналын шинж тэмдгийг тодорхойлоход туслах сургаалуудыг олж мэднэ үү. Түүнчлэн Есүс Христийн сургаал, үлгэр жишээ бардамналаа ялан дийлэхэд хэрхэн тусалж болохыг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Миний амьдралд бардамналын учруулж буй хор уршгийг би хэрхэн илүү сайн ялган таньж болох вэ?

Нифайг нас барсны дараа нифайчуудын дунд газар авч буй ёс бус явдалд Иаков санаа зовж байв. Их Эзэн Иаковт хүмүүсийн гэм нүгэлд анхаарал хандуулахыг зааварлажээ (Иаков 1:152:4, 11-ийг үзнэ үү). Иаков дуулгавартай байж, эд баялаг нь тэднийг Их Эзэнээс хэрхэн холдуулж байгаа гэм нүглийн талаар ариун сүмд буй хүмүүст ярьсан.

Иаков нифайчуудад зааж байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иаков 2:12–16-г унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “acob Teaches about Pride (Jacob 2:3–21)” (5:56) гэх Мормоны Номын видеог үзнэ үү. Ингэхдээ, бардамнал нь нифайчуудын бие биенээ харах байдалд хэрхэн нөлөөлснийг олж мэдээрэй.

Мормоны Номын төгсгөлд Мормон, Моронай хоёр нифайчууд бардам зангаа наманчлахгүй байснаар бүрмөсөн устгалд хүрснийг харсан (Моронай 8:27-г үзнэ үү). Моронай тэдний сүйрлийг харсныхаа дараа бидний энэ цаг үед ч гэсэн хүмүүс бардамналын асуудалд орж байхыг үзэгдлээр харжээ.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мормон 8:35–37-г уншаад, бардамнал хэрхэн өөр нүгэл рүү хөтөлдөг талаар бодож үз.

Мөнгө гуйж буй залуу хүн

1989 онд ерөнхийлөгч Бэнсон бардамналын тухай чухал ач холбогдолтой үг хэлсэн. Түүний хэлсэн үгээс авсан энэ хэсгийг уншихдаа бардамналын гол утга санааг тодорхойлсон түлхүүр үг, хэллэгийг тэмдэглэж авах талаар бодож үзээрэй.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бидний ихэнх нь бардамналыг амин хувиа бодох, их зан гаргах, сагсууран сайрхах, биеэ ихэд тоох, ихэмсэг зан гаргах гэж боддог. Эдгээр нь бүгд нүглийн үндсэн бүрдэл хэсгүүд бөгөөд бардамналд зүрх сэтгэл, чин үнэн хүсэл гэж огтхон ч байдаггүй.

Бардамналын гол шинж бол дайсагнал буюу Бурханы эсрэг, элэг нэгтнүүдийнхээ эсрэг дайсагнах явдал юм. Дайсагнал гэдэг нь “хэн нэгнийг үзэн ядах, өширхөх эсвэл эсэргүүцэх” гэсэн утгатай. Энэ бол биднийг ноёрхохын тулд ашиглахыг хүсдэг Сатаны хүч мөн.

Бардамналын мөн чанар бол өрсөлдөөн. Бид өөрсдийн хүслийг Бурханы тааллын эсрэг тавьдаг. …

Бардам хүмүүс амьдралыг нь удирдан хөтлөх Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй. (Хил. 12:6-г үзнэ үү.) …

Бардам хүн өөрсдийн оюун ухаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, эд баялаг, авьяас чадварыг эсвэл дэлхийн бусад хэмжих хэрэгслийг бусадтай харьцуулах замаар хүн бүрийг өрсөлдөгчөө болгодог. К.C.Льюисийн хэлснээр “Бардамнал нь ямар нэгэн зүйлтэй байснаар биш, зөвхөн хажуу дахь хүнээсээ илүү их зүйлтэй байснаар таашаал авдаг. … Харьцуулах нь буюу бусдаас илүү гарснаар авах сэтгэл ханамж таныг бардам болгодог. Өрсөлдөөн гэсэн бүрдэл хэсэг алга болж байж, бардамнал алга болно.” (Mere Christianity, New York: Macmillian, 1952, pp. 109–10.) …

Хүмүүсийн шүүлтээс айх нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн өрсөлдөөнөөр илэрдэг. …

… Бидний ихэнх нь бардамналыг баян тарган, эрдэм мэдлэгтэй гэх мэт дээд түвшний хүмүүс үлдсэн биднийгээ дээрээс доош харж буй нүгэл гэж үздэг. (2 Ниф. 9:42-ыг үзнэ үү.) Харин ч доороос дээш харах бардамнал бидний дунд түгээмэл оршдог. Энэ нь өө сэв хайх, хов жив ярих, араар муулах, бувтнах, боломжоосоо хэтрүүлэн амьдрах, атаархах, шунах, хэн нэгэнд урам дэм өгч болох талархал, магтаал сайшаалын үг хэлэхгүй байх, өршөөж уучлахгүй байх, атаархах гэх мэт маш олон байдлаар илэрдэг. (“Beware of Pride,” 4, 5)

Залуу эмэгтэй үе тэнгийнхнээ харж байна
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ерөнхийлөгч Бэнсон “Бардамнал гэх нүглийг бусдаас олж харах амархан ч өөрсдөдөө байгааг хүлээн зөвшөөрөх нь ховор” болохыг ажиглан харжээ (“Beware of Pride,” 5). Доорх асуултуудаас таны амьдралд хамгийн их хамааралтайг сонгоод, хариултаа тэмдэглэлдээ эсвэл дэвтэртээ тэмдэглээрэй.

  • Би зүрх сэтгэлдээ Бурханд эсвэл өөр хүнд дайсагнах (уур хилэн, өширхөл, эсэргүүцэл) сэтгэл тээж явдаг уу? Хэрэв тийм бол эдгээр мэдрэмж миний зүрх сэтгэл, харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Би хэзээ өөрийгөө бусадтай хамгийн их харьцуулдаг вэ? Өөрийгөө бусадтай харьцуулахад надад ямар мэдрэмж төрдөг вэ?

2-р хэсэг

Би бардамнах нүглийг хэрхэн ялан дийлж чадах вэ?

Иаков хүмүүстээ бардамнах гэм нүглийн талаар сэрэмжлүүлснийхээ дараа хэрхэн ялан дийлэх талаар чухал үнэнийг заасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иаков 2:17–21-ийг уншихдаа, бардамналыг ялан дийлэхэд туслах зөвлөгөөг олж мэднэ үү.

Орон гэргүй хүнд хоол өгч буй хүн

Мормоны Номд нифайчууд олон удаа бардам болж байсан. Жишээлбэл, Гадиантоны дээрэмчдийн эсрэг олон жилийн дайнд ялалт байгуулсныхаа дараа нифайчууд цэцэглэн хөгжсөн ба удалгүй өөрсдийн эд баялаг, боловсролоор зиндаархаж, бардамнах болжээ. Зарим нь өөрсдөөсөө ядуу дорой хүмүүсийг хавчиж эхэлсэн. (3 Нифай 6:4–12-ыг үзнэ үү.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 6:12–14-ийг уншихдаа бардам болон бардам бус хүмүүсийн хоорондын ялгааг тэмдэглээрэй. Хоёр бүлэг хүнийг ямар зан чанараар нь бие биеэс нь ялган салгаж байсан бэ?

Ерөнхийлөгч Бэнсон бардамналыг хэрхэн ялан дийлэх талаар дараах зүйлийг заажээ.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Бардамналын эсрэг ерөндөг бол даруу, номхон дөлгөөн, хүлцэнгүй байдал юм. (Алма 7:23-ыг үзнэ үү.) …

Даруу байхыг сонгоцгооё.

Бид ах, эгч нарынхаа эсрэг дайсагнахаа больж, тэднийг өөрсдийн адил үнэлж, өөрсдөөсөө илүү эсвэл өндөрт өргөх замаар даруу байхыг сонгож болно. [Сургаал ба Гэрээ 38:24-ийг үзнэ үү.]

Бид зөвлөгөө авах, зэмлэл хүртэх замаар даруу байхыг сонгож болно. [Иаков 4:10-ыг үзнэ үү.]

Биднийг гомдоосон хүмүүсийг уучлах замаар бид даруу байхыг сонгож болно. [3 Нифай 13:11, 14; Сургаал ба Гэрээ 64:10-ыг үзнэ үү.]

Бид өөрийгөө умартан үйлчлэх замаар даруу байхыг сонгож болно. (Мозая 2:16–17-г үзнэ үү.)

Бид номлолд явж, бусдыг даруусгаж чадах үгийг номлох замаар даруу байхыг сонгож болно. [Алма 4:19-ийг үзнэ үү.]

Ариун сүмд ойр ойрхон орсноор бид даруу байхыг сонгож болно.

Бид нүглээ наманчилж, орхин, Бурханаас төрөх замаар даруу байхыг сонгож болно. [Сургаал ба Гэрээ 58:43-ыг үзнэ үү.]

Бид Бурханыг хайрлаж, өөрсдийн хүслийг Түүний таалалд нийцүүлэн, Түүнийг амьдралдаа нэгд тавих замаар даруу байхыг сонгож болно. [3 Нифай 11:11-ийг үзнэ үү.] (“Beware of Pride,” 6–7)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аврагчийн амьдралыг тунгаан бод. Даруу байдлын талаар та Түүнээс юу сурч болох вэ? Хичээл дээр хуваалцах жишээ бэлдэж ир.