Хэсэг 56
1831 оны зургаадугаар сарын 15-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэлд, Иосеф Смитээр дамжуулан түүнд өгөгдсөн, Тайэрийн амьдарч байсан Фредерик Г.Виллямсийн эдлэн дэх өөрийнх нь үүрэг хариуцлагын талаар Тайэрд өгсөн зааврыг агуулсан өмнөх илчлэлийг (8-р шүлэгт “зарлиг” гэж дурдсан) дагаагүйнх нь төлөө Эзра Тайэрийг зэмлэдэг. Түүнчлэн дараах илчлэл нь Томас Б.Марштай хамт Миссури руу аялах түүний дуудлагыг цуцалдаг юм (хэсэг 52:22-ыг үз).
1–2, Гэгээнтнүүд авралыг олохын тулд загалмайгаа үүрч мөн Их Эзэнийг дагах ёстой; 3–13, Их Эзэн зарлиглаж мөн цуцалдаг болой, мөн дуулгаваргүй тэд хаягддаг болой; 14–17, Ядууст үл туслах баячуудад халаг, мөн зүрх сэтгэл нь үл харуусах ядууст халаг; 18–20, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун ядуус адислагдсан болой, учир нь тэд дэлхийг өвлөх болно.
1 Анхаарагтун, ай миний нэртэй хэмээн зүтгэдэг хүмүүс та нар хэмээн та нарын Бурхан Их Эзэн өгүүлнэ; учир нь болгоогтун, эсэргүүцэгчдэд миний уур дүрэлзэнэ, мөн үндэстнүүд дээрх цээрлэл ба хилэгнэлийн тэрхүү өдөр миний мутар болон миний хилэнг тэд мэдэх болно.
2 Мөн загалмайгаа үл үүрч мөн намайг үл дагах, мөн миний зарлигуудыг үл сахих тэрээр, мөнхүү тэрээр аврагдах нь үгүй.
3 Болгоогтун, Их Эзэн бибээр зарлигладаг; мөн намайг зарлигласны дараа мөн уг зарлиг зөрчигдсөний дараа дуулгаваргүй байх тэр нь миний өөрийн тогтоосон цагт тусгаарлагдах болно.
4 Иймийн тул, Их Эзэн бибээр надад зөв санагдсаны дагуу зарлигладаг мөн цуцалдаг буюу; мөн энэ бүгд нь эсэргүүцэгчдийн толгой дээр хариулагдах болно хэмээн Их Эзэн хэлдэг бөлгөө.
5 Иймийн тул, бибээр өөрийн үйлчлэгч Томас Б.Марш, Эзра Тайэр хоёрт өгсөн зарлигаа цуцалж мөн Миссури нутаг руу явах аян замдаа даруй гар хэмээх шинэ зарлигийг би өөрийн үйлчлэгч Томаст өгч байна, мөн миний үйлчлэгч Села Ж.Гриффин тэрчлэн түүнтэй хамт явах болно.
6 Учир нь болгоогтун, Томпсонд байгаа өөрийн хүмүүсийн гөжүүд байдал, мөн тэдний эсэргүүцлүүдийн улмаас бибээр өөрийн үйлчлэгч Села Ж.Гриффин, Ньюел Найт хоёрт өгсөн зарлигаа цуцалж байна.
7 Иймийн тул, миний үйлчлэгч Ньюел Найт тэдэнтэй хамт үлдэг; мөн миний өмнө гэмшдэг болгон нь явахыг хүсвэл явж болно, мөн миний томилсон нутаг руу түүгээр удирдагдаг.
8 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Эзра Тайэр бардамнал болон амин хувиа хичээсэн үзлээ наманчлах, мөн амьдардаг газрынх нь талаар түүнд миний өгсөн хуучин зарлигийг дуулгавартай дагах ёстой.
9 Мөн хэрэв тэр үүнийг хийх аваас, уг газарт ямар ч ноогдон хуваарилалт байхгүй байх учраас, тэрээр Миссурийн нутаг руу явахаар томилогдсон хэвээр байх болно;
10 Эс бөгөөс тэрээр өөрийнхөө төлсөн мөнгийг хүлээж аваад, мөн уг газрыг орхин явж, мөн миний сүмээс тусгаарлагдах ёстой хэмээн түмний Их Эзэн Бурхан хэлж байна;
11 Мөн тэнгэр болон дэлхий алга болох хэдий ч, эдгээр үг алга болох нь үгүй; харин биелэгдэх болно.
12 Мөн хэрэв миний үйлчлэгч Бага Иосеф Смит уг мөнгийг төлөх ёстой нь зайлшгүй аваас, болгоогтун, Их Эзэн бибээр Миссурийн нутагт үүнийг түүнд буцаан төлөх болно, түүний хүлээн авах тэд хийснийхээ дагуу эргэн шагнагдаж болохын тулд буюу;
13 Тэд хийснийхээ дагуу, бүр өвийнхөө нутгуудыг хүлээн авах болно.
14 Болгоогтун, Их Эзэн өөрийн хүмүүст ийн хэлнэ—та нарт хийх мөн наманчлах зүйлс олон буй; учир нь болгоогтун, та нарын нүглүүд надад мэдэгдэж байна, мөн та нар өөрсдийнхөө арга замуудаар зөвлөгөөг эрэлхийлдэг учраас өршөөгдөөгүй бөлгөө.
15 Мөн та нарын зүрх сэтгэл үл ханана. Мөн та нар үнэнийг дуулгавартай дагах нь үгүй, харин зөв шударга бус байдлыг таашаадаг.
16 Эд хөрөнгөө ядууст үл өгөгч баян хүмүүс та нарт халаг, учир нь та нарын баялгууд бодгалиудыг чинь ялзруулах болно; мөн цээрлэл мөн шүүлт мөн хилэнгийн өдөр та нарын гашуудал ийн байх болно: Ургац өнгөрч, зун дуусжээ, мөн бодгаль минь аврагдсан нь үгүй!
17 Зүрх сэтгэл нь харуусдаггүй, сүнс нь гэмшдэггүй, мөн гэдэс нь цаддаггүй, бас гараа бусад хүний эд юмс дээр тавихаас буцдаггүй, нүд нь шуналаар дүүрэн, мөн өөрийнхөө гараар хөдөлмөрлөдөггүй ядуу хүмүүс та нарт халаг!
18 Харин зүрх сэтгэлдээ цэвэр ариун, зүрх сэтгэл нь харуусдаг, сүнс нь гэмшдэг ядуус адислагдсан болой, учир нь тэднийг чөлөөлөхөөр Бурханы хаант улс хүч болон агуу сүр жавхланд ирэхийг тэд үзэх болно; учир нь дэлхийн үржил шим тэднийх байх болно.
19 Учир нь болгоогтун, Их Эзэн ирэх болно, мөн түүний төлөөс түүнтэй хамт байх болно, мөн тэрээр хүн болгоныг шагнах болно, мөн ядуус баясах болно;
20 Мөн тэдний үеийнхэн дэлхийг үеэс үед, үүрд мөн мөнхөд өвлөх болно. Мөн эдүгээ бибээр та нарт ярихаа төгсгөл болгоё. Бүр тийм буюу. Амен.