Хэсэг 74
1830 онд Нью-Йоркийн Вэйн гүнлэгт бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Бүр Сүм байгуулагдахаас өмнө ч баптисмын зөв арга замын талаар асуултууд гарч байсан нь бошиглогчийг энэ асуудлын талаар хариулт эрэлхийлэхэд хүргэжээ. Энэ илчлэл нь нялх хүүхдийн баптисмыг зөвтгөхөд олонтоо хэрэглэгддэг байсан судар болох 1 Коринт 7:14-ийн тайлбар хэмээн Иосеф Смитийн түүхэнд өгүүлсэн байдаг.
1–5, Мосегийн хуулийг сахихгүй байхыг Паул өөрийнхөө үеийн Сүмд зөвлөсөн байдаг; 6–7, Бага насны хүүхдүүд ариун бөгөөд Цагаатгалаар дамжин ариусгагддаг.
1 Учир нь, үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байдаг, мөн үл итгэгч эхнэр нь нөхрөөрөө ариусгагдсан байдаг; тийм биш аваас та нарын хүүхдүүд ариун биш байхсан, харин эдүгээ тэд ариун юм.
2 Эдүгээ, төлөөлөгчдийн өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээнд итгэдэггүй асан бүх иудейчүүдийн дунд хөвч хөндөх хууль байсаар байлаа.
3 Мөнхүү улиран тохиох дор хөвч хөндөх хуулийн талаар хүмүүсийн дунд агуу зөрчилдөөн үүсэв, учир нь хүүхдүүд нь хөвч хөндүүлж мөн гүйцэлдсэн хууль болох Мосегийн хуульд захирагдахыг үл итгэгч нөхөр хүсэж байв.
4 Мөнхүү улиран тохиох дор, Мосегийн хуулинд захирагдаж өсгүүлсэн хүүхдүүд эцэг өвгөдийнхээ уламжлалуудыг дагаж мөн Есүс Христийн сайн мэдээнд итгэдэггүй байлаа, иймээс тэд ариун биш болсон байв.
5 Иймийн тул, энэ шалтгааны учир, Мосегийн хууль тэдний дундаас үгүй болгогдохоос бусдаар итгэгч нь үл итгэгчтэй нэгдэх ёсгүй хэмээн Их Эзэний биш, харин өөрийнхөө зарлигийг төлөөлөгч тэдэнд өгөн, сүмд бичжээ,
6 Тэдний хүүхдүүд хөвч хөндүүлэхгүй үлдэж болохын тулд; мөн бяцхан хүүхдүүд ариун бус хэмээх уг уламжлал үгүй болгогдож болохын тулд буюу; учир нь иудейчүүдийн дунд энэ уламжлал байв;
7 Харин бага насны хүүхдүүд Есүс Христийн цагаатгалаар дамжин ариусгагдсан учраас ариун юм; мөн энэ нь судруудын өгүүлдэг тэрхүү утга бөлгөө.