Надаас суралц
Ахлагч Д.Тодд Кристоффэрсонтой хамт нэгэн үдэш
СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг • 2018 оны 1-р сарын 26 • Солт Лэйк Табернекл
Би өнөө орой та бүхэнтэй хамт байгаадаа талархаж байна. Сүмийн сургууль, коллеж, их сургуулиудын шашны боловсрол, институт, семинарт хамрагддаг өсөн өндийж буй үеийнхний багш нарыг хайрлаж, тэдэнд талархаж явдаг талаараа би хэдэн үг хэлэх гэсэн юм. Би та нарт хайртай бөгөөд та нарын хийдэг гайхамшигтай ажилд талархаж байна. Мөн би та нарын гэр бүлүүдэд, тэдний та нарт үзүүлдэг дэмжлэгт талархаж байна. Та нар зааж байгаа өсвөр үеийнхэн болоод залуучууддаа агуу адислал нь юм.
Энэ үдэш би Есүс Христийн сайн мэдээнд гүн гүнзгий суралцахад нь суралцагчдадаа туслахыг эрэлхийлэн хичээж зүтгэхэд тань нэмэр болох байх гэж найдаж буй нэгэн санаа бодлоо та нартай хуваалцмаар байна. Суралцагчдын маань дараах гурван зүйлийг хийх эрч хүч өсөн нэмэгдэх үед тэд сайн мэдээг гүн гүнзгий бөгөөд бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа суралцдаг болох нь харагддаг. Үүнд:
-
Оюун бодол, зүрх сэтгэлээрээ сайн мэдээний мэдлэг, ойлголтын хувьд өсөх
-
Тэрхүү мэдлэг дээр тулгуурлан үр дүнтэй, зөв шударга үйлдэл хийх чадавхаа хөгжүүлэх
-
Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой улам илүү адил болохын тулд Христийнхтэй адил зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх
Их Эзэн Есүс Христ дараах хоёр судар дээр илүү гүнзгий судлах урилга өгдөг. Эхнийх нь Maтай 11:28–29: “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно”1 гэсэн судрын хэсэг юм.
Хоёр дахь нь Сургаал ба Гэрээ 19:23: “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; Миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно”2 гэсэн судрын хэсэг.
Хоёр судрын хэсэгт хоёуланд нь Надаас суралц гэсэн урилга Их Эзэн өгчээ. Олон жилийн өмнө ахлагч Нийл А.Максвэлл энэхүү урилга Их Эзэн Есүс Христийн гэтэлгэгч хүчинд төвлөрсөн бөгөөд гүн гүнзгий судлах урилга гэдгийг мэдэгдсэн. Ахлагч Максвэлл “Есүсийн болон Цагаатгалын тухай судруудад … өөрсдийгөө адилтгаж болох олон арга зам байгаа ч тэдгээр нь бүгд ‘Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц’3 гэсэн санааг багтаадаг. Чухамдаа, гүн гүнзгий судлахаас өөр арга зам үгүй” 4 хэмээн хэлжээ.
Гүн гүнзгий судлах цорын ганц арга зам бол Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлт, сүнслэг өдөөлтөөр мөн идэвх чармайлттай судалгаа, хичээл зүтгэлээр, Есүс Христийн ач ивээлээр нэг нэгэндээ заах Их Эзэний арга зам юм.5
Энэ нь Аврагчийн “Надаас суралц” гэсэн урилга нь гүн гүнзгий судлах Их Эзэний арга замтай гайхалтай зохицсон, харилцан уялдаа холбоотой хоёр утгыг илэрхийлдэг гэсэн үг юм.
“Надаас суралц” гэдгийн эхний утга нь намайг мэдэхийн тулд суралц гэсэн үг юм.
Бид Есүс Христэд итгэлтэй байж, наманчлахын тулд Түүнд хандаж, Түүний өршөөл, гэтэлгэлийн хүчийг эрэлхийлж, зарлигуудыг дагаснаар Түүнийг таньж мэддэг билээ. Түүнийг мэдэх гэдэг нь сүнсээрээ Түүнээс төрж, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэн, Түүний охид хөвгүүд болох явдал. Есүс Христийн тухай судлах нь бидний зүрх сэтгэл, оюун ухааныг Ариун Сүнсний нөлөөнд нээж, Их Эзэний хайрын баттай нотолгоог авчирдаг.
Надаас суралц гэдэг нь “Надаас суралц” гэдгийн хоёр дахь утга нь юм.
Их Эзэн Есүс Христ бидэнд чухам юу хэрэгтэй байгааг мэддэг. Түүний мэдлэг, ойлголт, оюун санаа, зан чанар бүгд төгс бөгөөд бүрэн гүйцэд. Бид сударт эзэмдүүлсэн үедээ Түүний төгс жишээнээс суралцаж байдаг. Тэрээр аливаа тэнгэрлэг зан байдал, шинж чанарын амьд жишээ тул бидний сайн мэдээний судалгаа Түүн дээр төвлөрөх ёстой. Биднийг Түүний тухай мэдэх үед Тэрээр Өөрөөс нь илүү гүнзгий суралцахад маань тусална хэмээн амладаг. Мэдээж, бид Есүс Христэд итгэх итгэлээр өөрсдийн хийвэл зохих хэсгийг хийх ёстой ч биднийг хийх үед Тэрээр бидэнд мэдлэг өгч, Ариун Сүнсээр дамжуулан ойлголтыг маань түргэсгэдэг. Тэрээр бидний зөв шударга үйлдэл хийх чадавхыг сайжруулан, Өөртэй нь илүү адил болоход маань туслах амлалт өгдөг. Энэ бол гүн гүнзгий судалж, суралцаж буй хэрэг юм.
Та бид үүнийг үнэн гэдгийг мэддэг. Хэрэв бид итгэлтэй байвал Их Эзэн амьдралын маань туршид шат шатаар, дүрэм дүрмээр бидэнд заах болно.
Хайрт ах, эгч нар аа, би та нарыг Аврагчийн Надаас суралц гэсэн урилгыг зүрх сэтгэлдээ хүлээн авна уу хэмээн урьж байна. Та нар тийнхүү үйлдэхдээ гүн гүнзгий суралцах бөгөөд суралцагчдадаа ч бас илүү гүн гүнзгий суралцахад нь туслах болно. Мөн би та бүхнийг эдгээр мөнхийн үнэнийг нэгдүгээр бие дээр гэрчлэхийг урьж байна. Их Эзэнийг мэдэх, Түүнээс суралцах талаар хуваалцаж буй таны туршлагыг сонсох нь суралцагчдад тань маш хүчирхэг нөлөө үзүүлнэ.
Одоо би өөрийн нэгдүгээр биеийн гэрчлэлийг хуваалцан, энэ үдшийн арга хэмжээг хаая. Би Бурхан амьд бөгөөд Есүс бол Христ гэдгийг мэднэ. Би Аврагчийн хайр, Түүний гэтэлгэх хүчийг өөрийн туршлагаар мөн Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан илчлэлтээр мэддэг. Их Эзэн Есүс Христээр заалгах нь намайг даруусгаж, баяр баяслаар дүүргэдэг. Түүний амлалт үнэн гэдгийг би гэрчилж байна. Гүн гүнзгий суралцах явдал бол бодит бөгөөд энэ нь бидэнд болон манай суралцагчдад өгсөн онцгой эрх билээ. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 11/17. Орчуулгын зөвшөөрөл: 11/17. “Learn of Me”-ын орчуулга. Mongolian. PD60005340 363