СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Есүс Христ бол хариулт мөн


Есүс Христ бол хариулт мөн

Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш • 2019 оны 2-р сарын 8 • Солт Лэйк Сити Табернекл

Хүндэт ах эгч нар аа. Би энд Ариун сүмийн талбай дахь табернеклд болон дэлхийн өнцөг булан бүрд цугларсан ах, эгч та нартайгаа хамт байгаадаа баяртай байна. Би семинар, институтийн багш нарынхаа амьдралыг өөрчилсөн нөлөөг олж хардаг. Би өнөөг хүртэл судруудаас хэрхэн суралцдаг байсан арга барилаасаа, ялангуяа Мормоны Номыг хайрлах хайраасаа багш нарынхаа үлдээсэн ул мөрийг олж хардаг.

Би мөн сайн мэдээ бүхий орчинд цагийг хамт өнгөрүүлэх дуртай найзуудтайгаа аюулгүй газар ярьж хөөрдөг байсан туршлагаа нандигнадаг. Бид ахлах сургуулийнхаа семинарын болон коллежийнхоо институтийн байранд цагийг өнгөрүүлдэг байв. Ялангуяа би институтийн бүжгэнд Мэланий Твичэллийг дагуулж явахыг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Харин одоо тэр Мэланий миний гайхалтай сайхан эхнэр болсон.

Семинар, институтийн багшийн хувьд та нар бодгалийг Есүс Христэд авчрахын тулд цаг наргүй ажилладаг. Та нар суралцагчдынхаа төлөө залбиран, асуултад нь хариулахын тулд суралцаж, Сүнсээр заахын тулд өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлдэж, сайн мэдээний үнэнийг өндөрт өргөж, татан оролцуулж, гэрэлтүүлдэг.

Их Эзэн асуудалтай суралцагч, гэрчлэлдээ итгэлгүй өсвөр үеийнхэн, гэрчлэл болон ойлголт нь буурсан Түүний нэг эрхэм хүүхдэд тусалж чадах хүмүүсийг эрж хайхдаа та нарыг эцэг эх, Сүмийн удирдагчидтай баг болон хамтран урагш гарч ирэхэд бэлтгэсэн юм. Та нар суралцагчдынхаа өмнө зогсож, Есүс Христ амьд, бидний Тэнгэр дэх Эцэг хүн нэг бүрийг хайрладаг бөгөөд Түүний мөнхийн төлөвлөгөөнд бидэнд өөрийн гэсэн орон зай бий хэмээх үнэнийг бататгадаг. Хамгийн сайхан нь та нар үүнд итгэдэг.

Ахлагч Жэффри Р. Холландын удаа дараа хэлсэнчлэн, та бол “Бурханаас ирсэн багш.”1

“Хичнээн [нь] … гэтэлгэлийн хайрыг дуулахад хүргэгддэг, мөн энэ нь [та нарт] байдаг түүний үгийн хүчний учир юм, тиймийн тул баясах агуу шалтгаан [та нарт] байхгүй гэж үү?

Тийм ээ, [та нарт] түүнийг үүрд алдаршуулах шалтгаан буй, учир нь тэр бол Бүхний Дээд Бурхан болой.”2

Гэсэн хэдий ч өсвөр үеийнхнийг өргөн дэмжиж, зааж, урамшуулан дэмжих нь таны хүч чадлаас давсан мэт санагдах үе бий. Өөрт нь бодгалиудыг авчрах энэхүү ажил хэцүү байж болно гэдгийг Их Эзэн мэддэг. Намайг Нью-Йорк хотын номлолын ерөнхийлөгч байхад Алмагийн ном дахь “Эдүгээ бидний зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад… Их Эзэн биднийг тайтгаруулан, мөн хэлэв: Өөрсдийн ах дүүс[ийн] дунд явагтун, мөн зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно гэсэн бөлгөө”3 гэх энэ судар миний зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлөх үед би үүнийг ойлгосон.

Дэлхий дээрх Бурханы хаант улсаас авсан зүйлдээ дайсан сэтгэл хангалуун бус байгаа. Тэр ихийг хүсэж байгаа. Тэр түрэмгий бөгөөд хэрцгий. Тэр таны хайрлаж, халамжилж буй хүмүүсийг онилж байгаа төдийгүй зарим нь “айснаасаа ухаан алда[хыг]”4 ч харж байгаа.

Зураг
Бодож буй залуу эмэгтэй

Зарим суралцагч замаасаа гардаг ч Их Эзэний Сүнстэй байвал та тэднийг замдаа эргэж ороход нь тусалж болно. Төлөөлөгч Паулын “Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй”5 гэсэн үгсийг санаарай.

Яагаад?

Учир нь Христийн үйл хэрэг “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая”6 хэмээх энэхүү мөнхийн амлалтаар далладаг.

Их Эзэн “Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би байх болно гэдгийг гэрчлэх ёстой”7 хэмээн хэлсэн.

Бид айдаст автсан байтлаа “зоригтой байж”8 чадахгүй. Зориг, айдас хоёр нь нэг нэгнээ үгүйсгэдэг. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж, зоригтой байх юм бол дэлхийн Аврагч Түүний талаар гэрчлэхэд бэлэн болсон байна. Бид Түүний хэн болохыг таньж мэдэн, биднийг дэлхийн шалдар булдар зүйлсээс дээгүүр байлгаж, хүрээллээс гарахад гүйцэтгэсэн үүргийг ухааран ойлгох болно.

Зоригтой байх гэдэг нь аливаа зүйл төлөвлөснөөр болохгүй үед Түүнд итгэж найдахыг хэлнэ. Энэ нь мөн хүнд хэцүү зүйлүүд биднийг бодож төлөвлөөгүй нөхцөлд оруулж мөн гай зовлон, саад бэрхшээл хүсэл мөрөөдлийг маань үгүй хийж байхад бууж өгөхгүй байхыг хэлнэ. Гэвч Их Эзэн “Энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой”9 хэмээн бидэнд сануулсан.

Ангийн тань аль суралцагч “зоригтой байж” амьдарч байгааг та ялгаж чадна. Тэдэнд саад бэрхшээл, асуудал тулгардаг ч тэд Бурханд итгэж, найдан тэдгээртэй нүүр тулдаг. Тэд ангидаа сууж, асуултад баяртайяа хариулан, зааж буй үнэнийг ойлгож мэдэхийг хүсдэг ба хэн болох талаарх өөрсдийн мэдлэгт итгэдэг. Тэдний хувьд “Би Бурханы хүүхэд”10 гэдэг бол Хүүхдийн хэсэгт дуулдаг байсан хэмээх олон жилийн өмнөх дурсамж биш, харин мэдлэг бөгөөд хамгаалалт юм. Тэд асуултаа ухаж ойлгоход туслах сүнслэг туршлага, ойлголт, агуулгыг эрэлхийлдэг. Тэд хэрүүл маргаантай дэлхийд амьдарч байхдаа итгэл найдвараа хүчирхэгжүүлэхийг хүсдэг мөн олон дарамтын дунд нүдэн дэх оч нь өдөр тутмын амьдралд алжааж ядарсан байдлыг нь ялан дийлдэг.

Институт, семинарт явдаг байсан цагаас хойш олон жил өнгөрсөн мэт надад санагддаг. Тэр үед суралцагчид ангидаа итгэлтэй ирдэг байсан гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу. Тэр үед интернэт байгаагүй тул интернэтээс олж мэдсэн зүйлдээ тэд бүдэрдэггүй байв. Тэд шашин шүтлэг, илчлэлт, бошиглогчдод болон Бурханд итгэх итгэлийнх нь талаар дэлхийнхний шидлэх асуудлуудыг мөрөн дээрээ үүрч байсангүй.

Хамгийн арын эгнээнд сууж, номоо дэрлэн унтдаг суралцагчдын хувьд асуудал ямар байгаа бол? Эсвэл саяхан бүх үсээ тайрч хаячихаад, эгцлэн харж чадахгүй байгаа охины хувьд байдал ямар байгаа бол? Хоорондоо ярилцсаар ангидаа хамт орж ирдэг байсан ч одоо ганц ч үг солихоо больсон хоёрын хувьд ямар байгаа бол? Сайн мэдээний ярилцлагад оролцох сонирхолгүй болж, хичээл таслах нь суухаасаа их болсон, сургуулийн од болсон суралцагчийн хувьд ямар байгаа бол? Юуг ч илэрхийлэхгүй хоосон харцтай, хичээл зүтгэл ч гаргахгүй байгаа суралцагчдын хувьд ямархуу байгаа бол? Зарим суралцагч ангид ирж суудаг ч … юу ч олж мэдэлгүй, бүр Сүнсийг ч мэдрэлгүй хаалгаар хурдхан шиг гарч оддог. Үнэт амьдрал нь сэтгэлийн дарамт, айдас, уруу таталт, хямрал, урам хугарал гэх мэт явдлуудаар дүүрсэн байдаг.

Зураг
Сэтгэлийн дарамтад орсон залуу эрэгтэй

Та нар өөрсдөөсөө “Энэ яг юу болоод байна вэ?” гэж асуудаг уу? Би тэгж асуудаг.

Ийм л юм болж байна гэсэн айдас ба цөхрөл. Найз нөхөд нь хүлээн авахгүй гэсэн айдас. Сурлага муудах, дарамт шахалт, өөрсдийн хүчээр шийдвэрлэх боломжгүй гэр бүлийн асуудал зэргээс айх айдас. Тэд хэнд ч итгэж болохгүй мөн тэдэнд ч хэн ч итгэж найддаггүй гэсэн айдас. Ганцаардахаас эсвэл бусадтай нэг бүлэгт байхаас айх. Бусдад ачаа дарамт болохоос айх. Зохион байгуулалттай болон бусад ямар ч шашнаас айх. Зовлон шаналлыг нь арилгах юм уу нимгэлэх зүйл байхгүй гэхээс айх. Айдас нь урмыг хугалж, цөхрөл, сэтгэлийн түгшүүр, хямралд оруулдаг ба үүнд сайн төгсгөл гэж үгүй хэмээн бодож, сэтгэлээр унахад хүргэдэг. Бас хүмүүс айснаасаа болж хэн ч өөрсдийг нь ойлгохгүй, тэр ч бүү хэл хэн ч “Юу болсон бэ?” гэж асуухгүй гэдэгт итгэдэг.

Айдсын олон төрөл зүйл хамгийн харамсалтай үр дагаварт буюу амиа хорлоход хүргэдэг.

Юта мужийн засаг дарга өсвөр үеийнхний дунд гарч буй амиа хорлох асуудлыг шийдвэрлэх багийг бүрдүүлэхдээ ерөнхийлөгч Рассэлл M. Нэлсоноос уг үйлчлэлд Сүмээс нэг удирдагч томилохыг хүсэв. Ерөнхийлөгч Нэлсон намайг уг сүрдмээр том үүрэг хариуцлагад томилсон юм. Энэ нь хэнд ч тохиолдож болно гэдгийг би олж мэдсэн. Өсвөр насныхан амиа хорлох явдал дэлхий даяар газар авсаар байна.  15-аас 24 насныхны үхлийн шалтгааны эхний гуравт амиа хорлох явдал багтаж байгааг статистикийн үзүүлэлт харуулж байна. “Амиа хорлох оролдлого амиа хорлосон тохиолдлоос 20 дахин их гарч байна.”11 Хайрт ах, эгч нар аа. Энэ хэцүү статистик үзүүлэлт байгаа биз.

Бид бүгдээрээ энэ асуудалтай тулж ажиллах хэрэгтэй. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд амиа хорлох нь асуудлын шийдэл, бодож үзвэл зохих хариулт хэмээх үзэл бодлыг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид өсвөр үеийнхэнтэй амиа хорлох явдлын талаар ярьж, амиа хорлосноор зовж шаналахаа болино гэсэн бодлоос нь тэднийг холдуулан, хайрлан халамжлах ёстой. Ерөнхийлөгч Томас С. Монсоны амьдрал “аврахын төлөө” гэсэн үгийн үлгэр жишээ байсан. Бид үүнийг өөрсдийн үүрэг хэмээн үзэх хэрэгтэй.

Энэ бол Аврагчийн бидний төлөө хийсэн зүйл. Тэрээр Цагаатгалаар дамжуулан биднийг аврахаар ирсэн бөгөөд Түүнд хандах юм бол биднийг эдгээж, урамшуулан дэмжиж, амар амгаланг бидэнд авчирч, агуу хайраа харуулсаар байдаг.

Зураг
Гар барьсан залуу эмэгтэйчүүд

Өсвөр үеийнхэнд хайр хэрэгтэй бол бид тэдэнд хайраа үзүүлж, найз нөхөд олж өгөн, тэдний үгийг сонсож, эелдэг сайхан үг, үйлдлээр тусламжийн гараа сунгаж болно. Бид тэдний эцэг эх, бишоптой хамтран асуудал, сэтгэлийн хямралд буюу өөр бусад сэтгэцийн өвчинд нь таарсан зөвлөх үйлчилгээг үзүүлэх талаар ажиллаж болно. Бид тэдний амьдралд өөрчлөлт гаргаж чадна. Ялангуяа хүйсийн асуудалтай өсвөр үеийнхэн болон залуучууд амиа хорлох нь их байдаг. Тэд Аврагчийн мутраар хүрээлүүлж, хайрлагдсан гэдгээ мэдэх хэрэгтэй. Их Эзэн биднийг үргэлж дууддаг ба Өөрийнхөө халамж, хайраар дүүрэн мутар болоосой гэж биднээс хүсэн хүлээдэг. Бид бас тэдний найз нөхдийг үүний адил хийхэд урамшуулах хэрэгтэй.

Амиа хорлох нь зовлон зүдгүүр, уй гашуу мөн тэгсэн бол яах байсан бол, одоо яах билээ гэх мэт хариултгүй асуултуудыг дагалдан ирдэг гуниг шаналалтай холбоотой. Ийм олон амийг алдах нь асар том эмгэнэлт явдал тул бид хувь хүнийхээ хувьд хүмүүст шинэ, илүү үр дүнтэй арга замаар зөвлөгөө өгч, анхаарал халамж тавин, өсвөр үеийнхэнтэйгээ ойр дотно байж, тэдэнд туслах ёстой. Хүнд хэцүү нөхцөлд итгэл найдвараа алдсан хүнд “Есүс Христийн” нэрийг хэлээд үз. Түүний нэрийг хүндэтгэлтэйгээр дуудах төдийд л хэцүү нөхцөл байдалд тус болж болно.

Зарим газарт өсвөр насны нэг хүүхэд амиа хорлосноос болж бусад нь үүнийг асуудлыг шийдэх арга зам хэмээн харж, даган, “бөөнөөрөө” амиа хорлох явдал гарч байна.

2018 оны 4-р сард BBC News-ийн шууд нэвтрүүлгээр гарсан Британийн нэгэн өсвөр насны хүүхдийн түүхийг би та нартай хуваалцъя. Энэ нь 16 настай Хати Спарэй Саутын тухай түүх байв. Тэр “өмнө нь амиа хорлох гэж оролдож байсан ба багш нь ямар их гунигтай байгааг нь олж хараагүй байсан бол тэр дахин амиа хорлох гэж оролдож, үхэж ч болох байв.” Түүний гурван найз аль хэдийн амиа хорлосон байлаа. Тэр хоёр жилийн турш сэтгэл гутралын байдалтай зовж байв.

Хати “Би ихэнхдээ туйлын их гуниглаж, унтаж ч чаддаггүй байлаа” гэж хэлсэн. Харанхуй байдал үргэлжилсээр. Эцэг эх нь салсан байсан ба ээж нь эрүүл мэндийн хэд хэдэн асуудлын улмаас байн байн эмнэлэгт хэвтдэг байв. Бүхий л анхаарал ээж рүү нь хандсан байсан тул Хатигийн нүдэн дэх гал бөхөж байхыг хэн ч олж харсангүй. Хэн ч түүнээс “Чи яаж байна даа? Чи зүгээр үү?” гэж асуусангүй.

Нэг өдөр тэр ангидаа маш муухай футболка өмсөж, үсээ тайрчихсан иржээ. Багш нь түүнээс “Чи зүгээр үү? Хэр байна даа?” гэж асуув.

Хати “Зүгээр ээ” гэж хариулжээ. Гэвч тэр үүгээр зогсоогүй. Түүнийг ганц ч гэсэн хүн анзаарсан байлаа. “Үнэндээ надад маш хэцүү байна. Би маш гунигтай байдаг бөгөөд би байнга л уйлдаг” гэж тэр хэлээд,

цурхиран уйлахад нүднийх нь будаг хацрыг нь даган урслаа. Гэхдээ хэн нэгэн түүнд тусламжийн гараа сунгасан болохоор одоо санаа зовох зүйлгүй боллоо.

Тэр багш өөр олон хүүхдээс асуудаг байсан жирийн л нэгэн асуултыг түүнд тавьсан байв. Харин түүнийг анхаарч халамжилсан дохио зангаа үзүүлэхэд Хати тусламжийн гараас нь зууран барьсан юм. Хати ч тусламж авсан.

Дараа нь Хати “Өчүүхэн зүйл мэт боловч, хүүхдийг ангид орж ирэхэд “Чи зүгээр үү?” гэж асуух нь тэдэнд гайхалтай хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд тэд ‘Зүгээр’ гэж хариулсан ч таныг сонссон байдаг”12 гэж хэлжээ.

Миний хайрт ах Жэффри Р. Холланд “Ах, эгч нар минь, та нар сэтгэцийн юм уу сэтгэл санааны эсвэл бие махбодын эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болон зовж шаналж байсан ч амьдралаасаа бүү татгалзаарай, үнэ цэнийг нь бүү үгүйсгээрэй! Бурханд итгэ. Түүний хайраас зууран барь. Хэзээ нэгэн цагт нар мандаж, мөнх бус амьдралын бүх сүүдэр алга болно гэдгийг ойлго. Зарим үед бидэнд Дуулал номд бичигдсэнтэй адил ‘хагархай сав шиг’ санагдах үе байвч сав нь өөрөө бурханлаг ваарчны гарт байгааг санах ёстой”13 хэмээн хэлсэн билээ. 

Хэн аюулд орсныг тодорхойлох тодорхой загвар гэж үгүй. Эдгээр өсвөр үеийнхэн трамбон тоглож, найрал дуунд дуулж, хөл бөмбөгийн багт тоглон, хичээлийнхээ дараа хоол хүнсний зүйл савладаг байж болно. Тэд сүмд ирдэг бөгөөд зарим нь шашин шүтлэг гэхээ болиод удсан ч гэлээ таны хичээлд ирдэг суралцагчдын тань найз нөхөд байж болно. Гэхдээ урам хугарах, шалгалтандаа унах, найз залуугаасаа эсвэл охиноосоо салах, байнга дээрэлхүүлэх, хичээлийн ачаалал хэт ихсэх мөн бидний нэрлэдгээр өсвөр насны зовлон гэх мэт нийтлэг зүйлийг олж харах боломжтой.

Сүм өсвөр үеийнхний амиа хорлох асуудлыг нухацтай авч үздэг бөгөөд энэ талаар мэдээлэл тавьсан вэбсайт, онлайн видео бичлэг, ганцаардсан хүмүүст тусламж үзүүлэх дэмжлэг, тусламж үзүүлэх утасны дугаар болон Хатигийнхтай адил тусламж хүсэж байгааг харуулсан шинж тэмдгийн жагсаалтыг гаргасан.

Эдгээр эх сурвалжтай сайн танилцаарай. Тэгэх юм бол та “Бурханаас ирсэн багш[ийн]”14дуудлагаа улам бүр сайн гүйцэтгэх болно.

Бид зовж шаналж байгаа хүнд Их Эзэн түүнд ямар байгааг мэднэ гэдгийг хэрхэн хэлэх вэ? Тэрээр хувь хүний зовлон бэрхшээл, алдаа дутагдлыг тань Өөр дээрээ авсан. Тэрээр мөн хаана, яагаад өвдөж байгааг бүрэн дүүрэн ойлгож тохинуулах Нэгэн нь байхын тулд таны зовлонгоос үүрэлцсэн билээ.

Есүс Христийн талаар илүү агуу зүйлийг мэддэг байх нь уруудаж байгаа хүмүүст тусална. Түүний тэднийг гэх хайр мөн мөнх амьдралд тэдэнд зориулан бэлдсэн төгс төгөлдөр бөгөөд алдар суугийн газар бол итгэл найдварын захиас билээ. Тэрээр тэднийг хайрладаг. Тэд үүнийг мэдэх хэрэгтэй. Сударт “учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно”15 хэмээсэн байдаг. Тэдний дэргэд байна гэсэн амлалт нь зөвхөн өөгүй цэвэр, семинарын зөвлөлд суудалтай хүмүүст зориулан хэлсэн хоосон үг биш юм. Тэрээр хамгийн харанхуй цаг мөчид бидний өсвөр насны хүүхэд бүрд, тэр ч бүү хэл бидний хүн бүрд туслах болно. Энэ л Цагаатгалын хүч бөгөөд бид үүнийг зовж зүдэрч байгаа хүмүүст хүргэхээр хүчтэй заах хэрэгтэй.

Зураг
Есүс Христ нэгэн эмэгтэйг эдгээж байгаа нь

Хүнд нөхцөлд ороход эсвэл өөрийгөө татаж авах хүч чадал хэрэгтэй болох үед оюун ухаандаа санах “хамгаалах судрыг” олж тодорхойлоход суралцагчдад тусал. “Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна”16 гэсэн судар байж болно.

Амьдрал үргэлж асуудлаар дүүрэн байсаар ирсэн. Хэн ч үүний эсрэг хамгаалагдаагүй. Та ч, би ч, тэд ч гэсэн. Зарим өсвөр үеийнхэн зөвхөн өөрсдийгөө л асуудалтай гэж боддогоосоо болж зовж шаналдаг. Өөрсдөөс нь бусад бүх хүний хувьд болж бүтээд байгаа мэт санагддаг. Хэрэв тэд судраас суралцан, зарлигуудыг дуулгавартай дагаж, өдөр бүр залбирах юм бол зовлон, шаналал, нэр хүндгүй байдал, аюул осол өөрсдийг нь тойрч өнгөрнө гэсэн буруу ташаа ойлголтод итгэдэг. Гэтэл хэрэг дээрээ ийм байдаггүй. Зовлон бэрхшээл бидний хүн нэг бүрд тулгардаг.

Асуудал, бэрхшээл, зовлон, зүдгүүр, хүнд хэцүү байдал, гай зэтгэр гээд юу ч гэж нэрлэсэн байлаа гэсэн тэдгээр нь мөнх бус амьдралд биднийг хүчирхэгжүүлдэг туршлага юм. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид “зоригтой байх”17 боломжтой байгаа нь адислал юм.

Сайн мэдээг заах хичээлийн шаардлагыг суралцагчдын тань сэтгэл зүрхийг хөндөж, урамшуулан дэмждэг Сүнсний хүчээс дээгүүр бүү тавь. Тэднийг сүнсний өдөөлт хүлээн авч, үүнийхээ дагуу үйлдэхэд бэлд. Ерөнхийлөгч Нэлсоны онцлон хэлснээр хувийн илчлэлт хүлээн авахад тэднийг бэлд.18

Тэд ийнхүү бэлдсэнээр Түүний хайрын жинхэнэ илрэл болох Их Эзэний удирдамж, зааврын гайхамшгийг өөрийн биеэр мэдрэх болно.

Би яагаад амиа хорлох талаар мөн түүнийг дагалдан ирдэг айдас, ганцаардал, цөхрөл, түгшүүр, зовлонгийн талаар энэхүү хүндэтгэлтэй үйл явдлын үеэр ярих болсон бэ? Яагаад гэвэл, та нар “анхны хариулагчдын” бүлэгт багтдаг учраас ярьж байгаа юм. Хэрэв та нар тэдний нэг биш бол, нэг нь болохыг би та нараас хүсэж байна. Амиа хорлох явдал болон түүнийг дагалдан ирдэг харанхуй муу зүйлс бодит юм. Тэдгээр нь өсвөр үеийнхний маань дунд эрчимтэй тархаж, тэр ч бүү хэл залуу, эрх хүчтэй сонгогдсон нэгнийг ч гэсэн амьдрал ямар ч зорилгогүй гэдэгт итгүүлж байна. Үүн шиг худал хуурмаг зүйл байхгүй.

Зураг
Тойрог болон гар гараа барилцан зогсож буй өсвөр үеийнхэн

Амьдрал хэврэг. Биднийг бүрэн гайхшируулсан ямар нэгэн зүйл хэн нэгэнд хэзээ тохиолдохыг бид мэдэхгүй. Бид бэлэн биш мөн юу хийхээ мэдэхгүй байж болно. Гэхдээ тэд гэр бүлээрээ залбирч, судраас суралцаж, гэр бүлийн үдшээ хийдэг бол “тэсч гарах” хэрэгслүүд нь бат бөх байна гэсэн үг. Гэхдээ эдгээрийг бүгдийг нь хийдэг ч гэсэн манай өсвөр үеийнхний дунд эрсдэлд орсон хүн байхгүй гэж эндүүрч, алдаа бүү гаргаарай. Нэгэн залуу өөрсдийнх нь хувьд чухал нэг зүйлээ бич гэсэн гэр бүлийн үдшийн үйл ажиллагааны даалгаврыг хийжээ. Дутагдаж гачигдах зүйлгүй мэт санагддаг 14 настай нэгэн хүүхэд “Надад туслах хүн байгаа гэдгийг мэдэх” гэж бичжээ.

Надад ахлах сургуулийнхаа төгсөх жил хүртэл семинарт суугаагүй дотнын нэг найз бий. Тэр сүмд явдаггүй байсан ба 13 наснаасаа хойш яваагүй байв. Тэр дуулдаг байсан учраас семинарын найрал дуунд шалгуулж, тэнцсэн юм. (Хүн бүр семинарын найрал дуунд шалгуулдаг шүү дээ!) Тэр ангид заасан ямар ч хичээлийг санадаггүй. Гэхдээ дуулах бүрд нь өрөө Сүнсээр дүүргэгддэг байсан ба гудамжны эсрэг талд байрладаг сургуулийнх нь найрал дуунаас өөр байгааг тэр мэддэг байлаа. Тэр урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм зүйлийг буюу Ариун Сүнсийг мэдэрсэн байв. Сайн мэдээг заадаггүй, салж сарнисан гэр бүлээс гаралтай тэрээр Сүнс гэж юу болохыг мэдэхгүй байлаа. Гэсэн ч тэр Сүнсийг нандигнан хайрлаж, үүнд итгэж найддаг болсон. “Түүнд туслах хүн байсан” тул Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл нь бат бөх болсон юм. Харин одоо олон жил өнгөрсөн ч гэлээ тэр семинарын “Бурханаас ирсэн багштайгаа”19 байнга ярьдаг хэвээр.

Таны сургаал гэр бүлд нь тусалж дэмжих хүн байхгүй хүүхдүүдийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр нь тухайн өдөр сүнслэг байдлын хувьд ямар нэгэн харилцаа холбоо тогтоох цорын ганц боломж учраас сайн мэдээний тухай үргэлжлүүлэн ярилцахын тулд ганцаарчлан асуулт тавьдаг хүүхдүүд байж болно. Тэрхүү боломжийг нандигнан хайрлаж, тэдэнд зориулан цаг зав гаргаарай.

Эдгэрэлт нь “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэддэг”21 “бүх зүйлийн доор бууж ирс[эн]”20 Аврагчаар дамжин ирдэг.

Есүс бяцхан хүүгийн өдрийн унд болох хэдхэн загас, зүсэм талхаар таван мянган хүнийг хооллож, ганцаараа залбирахаар уул өөд явсныг эргэцүүлэн бод. Түүний шавь нар Галилын тэнгисийг туулан явсан ба шөнө болох үеэр Тэрээр усан дээгүүр алхан, тэднийг зүглэн явсан гэдэг. Түүнийг хараад тэд “айснаасаа болж хашгиралда[хад]”22 Тэрээр “Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэл[сэн].”23

Тэр орой Их Эзэнийг даллан дуудахад Петр зориг гарган завинаас гарч, усан дээгүүр алхаж явахдаа зоригтой байв. Гэвч доор нь байх эргэлдэн, шуурах тэнгисийн усыг хараад тэр айсан. Дараа нь тэр айснаасаа болж хашгирав.

Есүс түүнийг дооглон даажигнаж биш, харин өрөвдөн хайрласан тул тусламжийн гараа сунгасан. Моронай бидний эргэлзээг “Христ чамайг өргөн, мөн түүний зовлон хийгээд үхэл, … мөн түүний нигүүлсэл хийгээд тэвчээр, мөн түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар оюунд чинь үүрд байг”24 хэмээн дүрсэлсэн.

Бид бүгдээрээ усан дээр байгаа тул Тэрээр бидэнтэй ярьж байсан.

Мөн Шинэ гэрээнд өөр нэг тохиолдолд хэдэн хүн дэвсгэр дээрээ хэвтэж буй саа өвчтэй нэгэн хүнийг Түүн уруу авчрахад 25Их Эзэн Есүс Христ өвчтөн рүү харж, хүрээлэн тойрсон хүмүүсийн итгэлийг мэдрээд, “Зоригтой бай”26 гэжээ.

Энэхүү эцсийн эрин үед Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан номлолд явж, аюул занал, гай зовлонтой тулгарсан үйлчлүүлэгчдэдээ хандан “Зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь бибээр та нарын дунд байна”27 хэмээн хэлсэн.

Англи улсад номлолоор явсан төлөөлөгчид “маш их ядарч туйлдан, хувцас хунар нь муудаж, хөл нь хавдаж, толгойгоо гудайлган тойрон зогссон байсан ба Есүс тэдний дунд зогсож байсан ч тэд Түүнийг олж харахгүй байжээ. Аврагч харин тэдэнд рүү хараад мэгшин уйлсан”28 талаарх үзэгдлийг Иосеф Смит үзсэн байна.

Та нар загварыг олж харж байна уу? Христ бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг гэсэн энгийн үнэнээр Түүний боломж олгогч хүч илэрдэг. Бидэнд юу ч тохиолдсон байсан Тэрээр бидэнтэй хамт байж, тайтгаруулан, Өөрт нь ирэх юм бол биднийг эдгээж мөн аврахын тулд Өөрийн хүчийг зориулах болно. Ихэвчлэн Тэрээр шархадсан сэтгэл зүрхийг эдгээдэг. “Энэ нь хэрхэн болдог юм бол?” гэж бид асууж болох юм. Эцсийн шүүлт болохын өмнөхөн биш, харин өдөр бүр Түүнтэй адилхан болохыг эрэлхийлж, Түүний хайрладгийг хайрлаж, сонгогдсон бошиглогчдыг нь дагах замаар Түүний Цагаатгалын хүчийг амьдралдаа хэрэгжүүлснээр энэ нь боломжтой болдог.

Би Цагаатгалын тухай судалж байхдаа Аврагчийн “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог”29 хэмээн Гетсеманид өвдөг сөгдөн залбирах үеийн аймшигт нөхцөл байдлыг төсөөлөн бодох гэж оролддог. Тэрээр Өөрийн шаналлын талаар “хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй” 30 хэмээсэн. Өсвөр үеийнхэн маань энэхүү мэдэгдлийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Зураг
Тэнгэр элч Есүс Христийг Гетсеманид тайтгаруулж байгаа нь

“Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.”31

Тэрээр бидний бүх нүглийн дарамтыг болон хамгийн муу өдрүүдийг түүнчлэн сул дорой, урам хугарсан байдлыг Өөр дээрээ авсан яг тэр хэрэгтэй мөчид тэнгэр элч ирж, Түүнийг тайтгаруулсан. Ах, эгч нар аа, хамгийн хүнд хэцүү мөчид тань Их Эзэний “тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.”32 Хайрт багш нар аа, та нар тэрхүү сахиусан тэнгэр нь байх магадлалтай.

Аврагч Сүүлчийн зоог дээр Өөрийн зорилго болон амлагдсан амар амгалангийн талаар “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”33 хэмээн тодорхойлсон. Тэрээр өмнө нь юу байхыг гарцаагүй мэдэж байв. Тэрээр авралын агуу төлөвлөгөөнд гүйцэтгэх үүргээ сайн мэдэж, “Зоригтой бай” хэмээн дагалдагчдаа зоригжуулж байсан.

Ахлагч Нийл A. Максвэлл: “Гетсемани дахь төсөөлөхийн аргагүй зовлон шаналал Есүс дээр ирж, Иудас урвах нь гарцаагүй байв. Дараа нь Есүсийг баривчлан, ял тулгаж, Арван хоёр овгийнхон хонь адил тархаж, Аврагчийг аймшигт ташуураар жанчин, шударга бусаар шүүж, цугласан олон Есүсийн оронд Бараббасыг суллахыг шаардсан ба эцэст нь Калварид аймшигтайгаар цовдлох байв. Үүний юунд нь баярлах вэ дээ? Есүс яг Өөрийн хэлсэнчлэн дэлхийг ялсан! Цагаатгал бодит зүйл болох гэж байв. Бүх хүн төрөлхтөн амилах нь баттай болох гэж байлаа. “Үхэл гэж байхаа больж, Сатан Цагаатгалыг болиулж чадаагүй.”34

Бид ерөнхийлөгч Рассэлл M. Нэлсоны заасан үнэнийг зааж болно. Тэрээр: “Гэтэлгэгчийн маань хэмжээлшгүй Цагаатгал байгаагүй бол бидний нэг нь ч Тэнгэрлэг Эцэгтээ хэзээ нэгэн өдөр эргэн очих найдвар үгүй байх байсан. Тэр амилаагүй бол үхэл бидний амьдралын төгсгөл байх байсан. Аврагчийн маань Цагаатгал бүх хүнд мөнх амьдралыг боломжтой, үхэшгүй байдлыг бодитой болгосон билээ”35 хэмээн хэлсэн.

Та суралцагчдынхаа сэтгэл зүрхэнд Аврагчийн хүч, бидний гэх Түүний хайр, Эцэгийн тэнгэрлэг загварт үзүүлдэг хүндлэлийг нь хэрхэн хүргэж болохоо бодож үзнэ үү. Есүс Христийн Цагаатгал тэдний төлөө хийгдсэн гэдгийг мөн энэ нь тэдний ээдрээтэй амьдралд ямар утга учиртай болохыг олж мэдэхэд нь туслахын тулд залбир.

Бурханы Сүнсийг дагуулан авчирдаг Түүний хаант улсад үйлчлэхийг урамшуул.

Хэдэн жилийн турш Сүмийн ариун сүм хариуцсан хэлтсийг удирдан үйлчилж байсан хүний хувьд би ариун сүмд очихдоо ариун сүмд ирж, нас барагсдын төлөө баптисм хүртэхээр дараалан жагссан залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг хараад баярладаг. Та хичээлдээ ариун сүмийн хүчийг онцолсноор, тэдэнд энэхүү гайхалтай боломжийг ашиглан, Есүс Христийг таньж мэдэн, Тэрээр “зоригтой байх” эх сурвалж юм гэдгийг олж мэдэх ёстой гэдгийг бататгадаг.

Ариун сүмийн ажилтнаар үйлчилж буй, хишгээ хүртээд удаагүй залуучуудын тоо өсөж байгаад би баяртай байна. Тэд бүгд цагаан өмсгөл өмсөн, нам гүм амар амгалан орчинд ариун газар дээр зогсож, Түүний байсныг, байгааг, байх болно гэдгийг гэрчилдэг.36 Ариун сүмд Их Эзэндээ үйлчлэх бидний үйчлэл нь Аврагчийн ойр байгааг мэдрэх цорын ганц арга зам.

Суралцагчдаа ямар ч үед нас, нөхцөл байдлаасаа хамааран хязгаартай ашиглах юм уу энгийн ариун сүмийн эрхийн бичигтэй байхад урамшуул. Дараа нь ариун сүмд байхад ямар байсан мөн энэ амьдралын хүрээнээс гарч, “илүү сайн зүйл[сийг]”37 эрэлхийлэн өөрсдийн биеэр ёслолоос хүртэх боломжгүй хүмүүст үйлчилснээр хүлээн авсан илчлэлт, сүнсний өдөөлтөө хуваалцах боломжийг тэдэнд олго.

Хайрт ерөнхийлөгч Нэлсон “Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой”38 хэмээн хэлсэн.

Намайг төлөөлөгчөөр томилогдоход ерөнхийлөгч Монсон намайг бүх дэлхийд Есүс Христийн нэрний тусгай гэрч болж байна хэмээн хэлсэн юм. Би энэ үүрэг даалгаварт хөнгөн хуумгай хандаагүй. Би судрыг эрчимтэй судлан, Их Эзэний нэр, цол хэргэмийг тодорхойлсон. Та нартай миний хуваалцах гэж буй бүх нэрийг судрын шүлгээс авсан ба тэдгээр нь бидний Түүнд итгэл найдвараа тавьдаг гэдгийг сануулдаг. Тэр бол

  • Израилын найдвар.39

  • Өглөөний гэрэлт од.40

  • Сайн хоньчин.41

  • Зөвлөгч.42

  • Энх Амгалангийн Ханхүү.43

  • Чөлөөлөгч.44

  • Ертөнцийн гэрэл.45

  • Ирэх сайн юмсын Тэргүүн тахилч.46

  • Аврах хүчтэй.47

  • Бүх сүр хүч байх Тэр.48

Христийн нөлөө, үлдээсэн мөр, үзүүлсэн тусламж бүхнийг хамарсан байдаг. Тэрээр биднийг эргэлзэж, урагш явах гэж хичээх үед тусалдаг. Харин биднийг замаасаа гарах үед Түүний “харанхуйд гялалзагч гэрэл”49 (Түүний өөр нэгэн нэр) улам бүр гэрэлтэх болно. Тэрээр биднийг хамгийн гэрэлтэйд эсвэл харанхуй цаг мөчид хайрладаг.

Христийн шавь байх нь оньсого таавар биш юм. Түүний зам харгуй дээр хөлийнх мөр тод үлдсэн байгаа. Түүнийг дагаснаар бид Түүний хайрладаг зүйлийг хайрлаж сурдаг. Ариун ёслолоос хүртэн, Түүнтэй байгуулсан гэрээгээ шинэчилснээр Тэрээр Дэлхийн Гэтэлгэгч,50 Үнэний Сүнс,51 Үг52 болох талаарх бидний ойлголт өсөн нэмэгддэг.

Ариун ёслолын хүчийн талаар суралцагчдадаа, ялангуяа энэ ариун нандин ёслолд эргэлзэж, үүнийг үл ойшоож байгаа хүүхдүүдэд заа. Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг Түүний эдгээх хүчийг бодитоор ашиглахын тулд “Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болох”53 ариун ёслолын адислалын талаар ярьдаг болцгооё.

Түүнчлэн Аврагч Өөрийн бурханлаг шинж чанар, мөнхийн үүргийн аль алиных нь талаар илчилсэн мэдэгдлээр дамжуулан Өөрийнхөө талаар ийн хэлсэн байдаг.

  • “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.”54

  • “Бибээр та нарыг ариун болгох чадвартай бөлгөө.”55

  • “[Эцэгийн] тааллыг би хэрэгжүүлдэг.”56

  • “Их Эзэн бибээр . . . надад үйлчилдэг тэднийг хүндэтгэ[дэг].”57

  • “Миний ач ивээл та нарт хангалттай бөлгөө.”58

  • “Надаар дамжин амар амгалан чамд байх болно.”59

  • “Бүү эмээ, учир нь та нар минийх болой.”60

Хайрт анд найз, ах эгч нар аа. Энэ бол миний мэддэг, хайрладаг, бүхий л сэтгэл зүрхээрээ хүндэлдэг Аврагч юм. Би Түүнийг мөн Түүний сайхан сэтгэл, нигүүлслийн талаар зүрх сэтгэлийнхээ угаас гэрчилж байна. Тэр “Та нар миний найз нар билээ, мөн та нар надтай хамт өв авах болно”61 хэмээн амласан.

Ах, эгч нар аа. Чухамдаа, Есүс Христ бол үргэлж хариулт нь байсаар ирсэн. Түүний зорилго, сайн мэдээг ойлгох ойлголт, Түүнийг гэх бидний хайр, Түүнд итгэх бидний итгэл, найдвар бидэнд хүч чадал өгдөг.

Хиламан үүнийг “Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой”62 хэмээн оновчтой дүрсэлжээ.

Зураг
Хурга тэвэрч буй Есүс

Та нар амьдралдаа Их Эзэний хайрыг мэдэрч, суралцагчдадаа ч мөн адил үүнийг мэдрэхэд нь туслах болтугай хэмээн адислалаа үлдээж байна. Та нар итгэл найдвар тээн, “зоригтой байснаар” Их Эзэний Сүнс та нартай хамт байж, та нарыг өдөөж, өргөн дэмжих болтугай хэмээн би адисалж байна. Та нар мөн суралцагчдаа сонсож, тэдний хэлээгүй хэдий ч илэрхийлсэн зүйлийг мэдэрч, Их Эзэн танаар юуг хийлгэхийг хүсэж байгааг олж мэдэх сүнсний өдөөлтийг хүлээн авах болтугай хэмээн адисалж байна. Эцэст нь би та нарын гэр бүл, эхнэр нөхрийг адисалж байна. Би өөрөө бас хамт үйлчилдэг ах нар маань та нарыг төдийгүй бодгалийг Христэд авчрах чухал ажлыг тань ямар их хайрлаж, хүндэлдгийг мөн та нарт ямар их итгэж найддагийг мэдэх болтугай. Дэлхийн Аврагч Их Эзэний талаар гэрчлэх үед Тэрээр дэргэд тань зогсож байгааг та нар мэдрэх болтугай. Есүс Христ бол үргэлж хариулт нь байсаар ирсэн.

Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх