СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
11johnson


6:23

Аялал дахь удирдамж

Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш

2020 оны 2-р сарын 5, Лхагва гараг

Бид өнөө орой та бүхэнтэй хамт байгаадаа маш их талархаж байна. Жилл бид хоёр томилолтын дагуу Европын гайхалтай хүмүүстэй дөрвөн жилийг хамт өнгөрүүлсэн ба ерөнхийлөгч Нэлсоныг биднээс СБС-д эргэн ирэхийг хүсэх үед үнэхээр гайхаж бас баярласан. Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь залуу хүмүүст туслахын тулд маш их хичээл зүтгэл гарган, зүрх сэтгэлээ зориулдаг та бүхэнтэй ойр байгаа болохоор бидэнд гэртээ ирсэн юм шиг санагдаж байна.

Би өөрсдийн болон бусдын эрээн бараантай амьдралын замыг ажиглахдаа, мөнх амьдрал өөд тэмүүлж яваа өөрсдийнхөө аян замыг бодсон. Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг хүлээн зөвшөөрдөг бидний хувьд амьдралын маань хэв маяг ижил төстэй байдаг. Бид Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлж, сорилт бэрхшээлээс үл хамааран Түүнийг дагадаг. Бид нүглээ наманчилж, шаардлагатай ёслолуудыг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчдэг. Гэсэн ч хүн бүрийн амьдрал өөр өөр бөгөөд бидэнд тулгардаг сорилт бэрхшээлүүд хүн бүрийн хувьд ялгаатай байдаг.

Лихайн гэр бүлийн амлагдсан нутаг руу хийсэн аяллыг бодож үзье. Тэдний өвөрмөц аялал бидний аялалд хэрэг болох зарим нэгэн ойлголтыг өгч чадна. Тэд амлагдсан нутаг руу явж байгаагаа мэдэж байсан боловч очих газрынхаа тухай, яг ямар замаар тэнд хүрэх талаар бүрэн ойлголттой байгаагүй. Тэд замдаа хүнд хэцүү сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан. Бувтнаагүй Нифай хүртэл тэд “их зовлон, олон бэрхийг туулж, тийм ээ, бүр [тэд] бүгдийг нь бичиж чадахааргүй ихийг буюу”1 хэмээн тайлбарласан байдаг.

Тэд замын туршид удирдамж хүлээн авч байв. Үнэндээ Лихай шөнө нь “тэр ирэх өдөр аглаг буйдад өөрийн аянаа хөөвөл зохино” 2 хэмээх зарлигийг хүлээн авсан билээ. Маргааш өглөө нь тэрээр майхныхаа үүднээс аялалд нь тэнгэрлэг удирдамжийг өгөх Лиахонаг олсон. Гэвч Лиахонатай болсон нь тэдний байсан газар болон амлагдсан нутгийн хоорондох газар зүйн байрлалыг өөрчлөөгүй. Энэ нь тэдний туулах ёстой Арабын хойг, далай тэнгисийн алиныг нь ч агшаан жижгэрүүлээгүй. Хэдийгээр тэдний адал явдалт аяллын салшгүй нэгэн хэсэг болох сорилт бэрхшээл тулгарсан ч тэд урагшлан явах хэрэгтэй байсан. Гэвч Лиахона тэднийг “аглаг буйдын арай илүү үржил шимтэй хэсгээр”3 удирдан залж, залхуу хойрго биш байвал чиг замаа шууд дагаж явахад тэдэнд тусалж байсан.4

Лемен, Лемүел хоёр аяллын туршид амссан зовлон зүдгүүрийнхээ улмаас бувтналдаж байв. Зарим нь тэдний өөрсдийн бүтээсэн зовлон зүдгүүр байсан билээ. Гэвч тэд удирдамжийг дагаж, зохих ёсоор аялж байсан ч түүхий махан хоол, элсэн цөлийн халуу шатсан нартай өдрүүдтэй тулгарч байсан. Лемен, Лемүел хоёрт тохиолдсончлон заримдаа хүмүүс өөрсдөд нь саад бэрхшээл тулгарахгүй бөгөөд зөв зүйлийг хийж байгаа үед бүх зүйл амархан байх болно гэж боддог. Гэвч тийм байдаггүй. Энэ нь бид хүчирхэгжих мөн удирдуулах боломжтой гэсэн утгатай болохоос саад бэрхшээлтэй тулгарахгүй гэсэн үг биш юм.

Хэдийгээр тэд бүлгээрээ нүүдэллэж байсан ч хүн тус бүр хувийн аяллыг хийж байсан. Аялал нь тэднийг нэг ижил газарт аваачсан ч хүн тус бүрийн мөнхийн хүрэх газар нь маш их ялгаатай байсан төдийгүй энэ нь аяллын туршид гаргасан хувийн шийдвэр, үйлдлээр нь тодорхойлогдсон байдаг.

Бидний хүн нэг бүр энэ амьдралд аялах өөр өөрийн гэсэн, хувь хүнд зориулагдсан аялал хийдэг боловч тэрхүү аяллынхаа зарим хэсгийг бусадтай хуваалцдаг. Жишээ нь, бид шашны семинар, институтэд явж, Сүмийн боловсрол олж авах хичээл зүтгэлдээ хамтдаа аялж байна. Бид зорилготой буюу ерөнхийдөө хаашаа явж байгаагаа мэддэг ч бүх саад бэрхшээл эсвэл тэнд хүрэх замыг нарийвчлан мэдэхгүй.

Бидний хүн нэг бүр бүлэгтэйгээ хэрхэн аялахаа сонгодог. Бид бувтнаж болно. Бид баясаж болно. Бид зовлон бэрхшээлтэй үедээ ч талархаж болно. Зарим хүний хувьд Сүмийн бодлого эсвэл журамд хийгдэж байгаа өөрчлөлтүүд хэцүү байж болох юм. Институт & семинар гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээнээс суралцах сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байгааг харахдаа би их баяртай байна.

Бид сорилт бэрхшээлтэй тулгардаг ба цаашид ч тулгарах болно. Их Эзэний удирдамжийг дагаснаар бид эдгээр сорилт бэрхшээлээс суралцаж, тэдгээрийг даван гарч чадна. Бошиглогч Иосеф Смит “Их Эзэн бидний хийх ёстой ажлын хэмжээнд, бас гүйх замд тохирсон хүч чадлыг, бидний хэрэгцээнд шаардлагатай нигүүлсэл хийгээд тусламжийг бидэнд өгдөг нь тодорхой нотлогдсон юм”5 хэмээн хэлсэн.

Бид аялалдаа илүү шулуун замаар, аглаг буйдын арай илүү үржил шимтэй сайхан хэсгээр явахад туслах удирдамжийг хүлээн авдаг. Бидэнд бошиглогчдын удирдамж бий. Биднийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид удирддаг гэдгийг би мэднэ. Ямар гайхалтай адислал вэ! Сүмийн боловсролын алба биднийг удирдан чиглүүлдэг бөгөөд бидэнд Вэбб ах болон түүний баг мөн бусад сүнслэгээр өдөөгдсөн удирдагчид бий. Нэмж хэлэхэд, бидний хүн нэг бүр хувийн үүрэг хариуцлагадаа тодорхой асуудалтай тулгарвал хувийн удирдамж хүлээн авах эрхтэй.

Сүмийн боловсролын алба болон тус албаны гүйцэтгэх хороо сар бүр хуралддаг. Энэ хурлаар бид заавар, зөвлөгөө хүлээн авдаг. Түүнчлэн бид жил тутмын “Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш” уулзалтаар адислагддаг ба олон жил байгууллага болон хувь хүний хувьд аялалд маань тус болох маш тустай, төвлөрсөн удирдамжийг хүлээн авсаар ирсэн.

Бид Их Эзэнээс ирэх удирдамж, чиглүүлэгт нээлттэй байгаасай хэмээн би залбирч байна. Тэр амьд бөгөөд бидэнд тусалж, биднийг удирдах болно.

Есүс Христийн нэрээр, амен.