Бусдыг ойлгох чадвар
2021 оны С&И-ийн жил тутмын сургалтын нэвтрүүлэг
2021 оны 1-р сарын 26
Энэ цаг үед хайртай хүмүүсээ алдсан мөн өөр бусад байдлаар зовж шаналсан тэдгээр хүмүүсийн төлөө Вилкинсон ахын хэлсэн үгэнд би талархаж байна. Та бүхэнтэй бид зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг та нарыг мэдээсэй хэмээн бид хүсэж байна.
Би юуны өмнө агуу өөрчлөлтийн үеэр гаргаж буй та бүхний хичээл зүтгэлд талархмаар байна. Цахимаар үр дүнтэй заах та бүхний шаргуу хөдөлмөр гайхамшигтай байсан. Зарим суралцагчдад сургалт явуулах уг арга барил таалагдахгүй байгаа ч тэдэнд идэвхтэй хамрагдахад нь туслахаар хичээж байх өдрүүд заримдаа урам хугарам байсныг би мэдэж байна. Тиймээс та нарыг тууштай зүтгэсэнд баярлалаа. Бид түүнчлэн сургалтын хөтөлбөрийн шинэ хуваарь, уншлагад тавигдах шаардлага болон бусад томоохон өөрчлөлтүүдийг хүлээн авахад бэлэн байгаад тань талархаж байна. Энэ бүхэнтэй үлэмж итгэлээр нүүр тулах та бүхний агуу их чадавх, бэлэн байдалд би мөн маш их талархаж байна.
Өөрчлөлт тохиох үед хүн нэг бүр Сүнсний бэлэгтэй байх зэрэг чадвартай байх нь чухал гэж би боддог. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээс урган гардаг. Энэ бол Их Эзэний өгөхийг хүсэж буй нэмэлт гэрлийг авахаар тэсэн ядан хүлээх зуураа өнгөрсөнд тохиосон амжилтдаа итгэл дүүрэн байх чадвар юм. Ахлагч Жэффри Р.Холланд энэ тухай ийнхүү хэлсэн.
“Өнгөрсөн үеэс суралцаж болно. Харин түүгээр амьдрах ёсгүй. Бид сурах хэрэгтэй юмаа сурч, үр дүнг нь биеэрээ үзсэн үедээ урагш харан, итгэл ямагт ирээдүй өөд чиглэдгийг санадаг билээ. …
Итгэл өнгөрсөн үед төлөвшдөг ч хэзээ ч тэндээ үлддэггүй. Итгэл нь Бурхан агуу зүйлсийг нөөцөлсөн байдаг гэсэн найдварыг төрүүлдэг.”1
Өнгөрсөнд тохиолдсон бүхий л сайн зүйлээс зууран барьж байх үедээ Их Эзэн биднийг дараа нь юу хийлгэхийг хүсэх байсан талаар ойлгохыг хичээн, өмнөх хичээл зүтгэл дээрээ нэмэн сайжрахыг бид эрэлхийлэх ёстой юм. Бид өөрсдөөсөө “Бидэнд юу дутагдаж байна вэ?” асуух хүсэлтэй байх ёстой2 бөгөөд өөрсдийн мэдлэг, хандлага, зан араншин, гүйцэтгэлээ сайжруулахыг эрмэлзэх ёстой. Энэ нь бас итгэлийн нэгэн илрэл байдаг.
Таван жилийн тэртээ ахлагч Ким Б.Кларкийн хэлж байсан үгсийг та бүхэн санаж байж магадгүй.
“Өнөөдөр бидний амьдралд сүнслэг байдлын түвшин, Есүс Христэд итгэх итгэлийн хэмжээ, амлалт, бүхнээ зориулах байдлын хүч, дуулгавартай байдал, найдвар, эсвэл энэрлийн цар хүрээ, олж авсан мэргэжлийн ур чадвар, чадамжийн түвшин ямар байхаас үл хамааран тэдгээр нь бидний өмнө буй ажилд хангалтгүй байх болно гэдгийг би хэлэх гэсэн юм. …
“ … Өсөж буй үеийнхний төлөө хийлгэх бидэнд зориулсан агуу ажил Их Эзэн Есүс Христэд бий. Энэ бол бидний өмнө нь хийж байснаас илүү агуу ажил.”3
Та бүхнийг Түүний урилгыг хүлээн авсанд би талархаж байна. Та бүхний олонхыг сүнслэг байдал, амлалтаа мөн ур чадвар, хүчин чадлаа гүнзгийрүүлснийг би харсан. Яагаад тэдгээрийг гүнзгийрүүлэх нь тийм чухал болох мөн ирээдүйд цааш үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх нь ямар ач холбогдолтой болох олон шалтгааныг бид харсан.
Та бүхэнтэй нэг жишээ хуваалцахыг зөвшөөрнө үү. Бид сүүлийн үед Христэд төвлөрөх болон суралцагчдаа анхаарлаа хандуулах илүү их хэрэгцээтэй байгаа тухай ярьж байгаа билээ. Энэ нь зөвхөн олонтаа давтагддаг үг эсвэл заах арга барил биш юм. Христэд болон суралцагчид төвлөрөх нь хоёр агуу тушаалыг хэрэгжүүлэх арга зам болж өгдөг.4 Энэ нь илүү олон өсвөр үеийнхэн болон залуучуудыг урих бидний хичээл зүтгэлийг бүрэлдүүлж байдаг. Мөн заах хүчээ өсгөн нэмэгдүүлэх бидний хичээл зүтгэлийг бүрэлдүүлдэг.
Заахдаа эхний агуу тушаалыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ чармайх үедээ бид зөвхөн хичээлийн төгсгөлд Аврагчийг дурьдаггүй юм. Бид Түүнийг гэрчлэх болон Түүнд хандан өөрсдийн талархлаа илэрхийлэх боломж бүрийг ашигладаг. Бид Түүний талаарзүгээр л ярилцахын оронд таниж мэдэн, хайрлан, итгэл хүлээлгэхээр шийдсэн өөрсдийн гэтэлгэгчийн тухай суралцдаг юм.
Заахдаа хоёрдахь агуу тушаалыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ эрмэлзэх үедээ бид зөвхөн суралцагчдын оролцоонд чиглэсэн заах тодорхой зарчим, сургалтын материал дээр төвлөрдөггүй. Бид хувь хүн болон тэдний хэрэгцээн дээр төвлөрдөг ба суралцагчдаа мөнх амьдрал өөд өсөн дэвжихэд нь туслахаар мэрийцгээдэг юм. Бид суралцагчдаа ангид цугларсан хүүхдүүд гэж харахаасаа илүүтэй суралцагч нэг бүрийг тэнгэрлэг чадамжтай, Бурханы хайртай хүүхэд гэж хардаг.
Тэдгээр нь шинэ санаа биш. Бид ингэхийг үргэлж хүссээр ирсэн. Тэгэхээр миний тавих асуулт бол бид өнгөрсөн үеийн амжилт дээрээ тулгуурлан ирээдүйд үүнийг хэрхэн илүү үр дүнтэй хийж болох вэ?
Би эдгээр сэдвээр өмнө нь ярьсан хэдий ч өмнө бий болсон сайн сайхан дээр нэмэх болов уу гэсэн найдварын үндсэн дээр бидэнд өгөгдсөн уриалгын хэсэг тус бүр дээр нэг зүйл нэмэхийг хүсэж байна. Христ дээр илүү төвлөрөх гэдгээс эхэлье. Энэ нь юу гэсэн утгатай болох мөн үүнийг гэр орон, анги танхимдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар би илүү дээр ойлголттой болохыг хичээсэн юм. Мэдээж бид Есүс Христийн үлгэр жишээ, зан чанар, алдар нэр дээр төвлөрөхөд нь суралцагчдадаа туслахаар үргэлжлүүлэн хичэээх хэрэгтэй.5 Би та бүхэнд нэмэлт арга замыг санал болгож болох уу? Их Эзэний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Адислалаа тоолох нь асуудлаа тоочихоос хавьгүй дээр” гэсэн үгийг би та бүхэнтэй хамт санаж байна.”6 Би Израилын гэрээт хүмүүст ирэх боломжит адислалуудыг түүнээс олж мэдсэн бөгөөд бид амьдралдаа Бурханыг ялуулах үедээ эдгэрч буйгаа мэдэрч, хариултуудыг олж авч, уруу таталттай нүүр тулах зоригийг мөн өөрсдийн бэрхшээлүүдтэй тэмцэх хүч чадлыг олж авдаг болохыг мэдэрдэг. Ерөнхийлөгч Нэлсоний хэлснээр, бид “Бурхан бол гайхамшгийн Бурхан гэдгийг [өөрсдийн] биеэр үзэх болно’ [Мормон 9:11].”7 Тэгэхээр Аврагч дээр төвлөрөх бас нэгэн арга зам бол Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хэрхэн хайр, энэрлээр ханддагийг танихад нь суралцагчдадаа туслах явдал юм.
Би саяхан нэг алсын зайн хичээлд суулаа. Хичээлийн бэлтгэл болгож суралцагчид Ифер 2:25-ыг уншив. “Мөн болгоогтун, би та нарыг эдгээр зүйлсийн эсрэг бэлтгэх болно; учир нь би та нарыг далайн давалгааны … эсрэг эс бэлтгэх аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна.”8 Ангийн гишүүд уг шүлгийн талаар мөн Их Эзэн жаредчуудыг аялалд нь хэрхэн бэлтгэсэн талаар ярилцсан. Нэг суралцагч өөрийн тодорхойлсноор, өөрт нь хэзээ ч тулгарч байгаагүй амьдралыг нь сүйрүүлэх сорилтод орсон байснаа хуваалцлаа.
Тэгэхэд Ариун Сүнсээр өдөөгдсөн гэмээр нэгэн асуултыг тавьсан. Их Эзэн энэ сорилт тохиохоос бүр өмнө чамайг уг сорилтод бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? Тэр танд ямар туршлагуудыг аль хэдийн өгсөн байсан бэ? Одоо хэрэгжүүлж болох ямар сургамжийг Тэр танд аль хэдийн зааж өгсөн бэ? Энэ нь Аврагч бидний хэрэгцээг мэдэж байсан ч бидэнд хэрхэн хайраар ханддаг тухай бодоход хүргэсэн ямар гайхалтай асуулт байсан гээч. Уг сорилтыг даван туулж байсан хүн Их Эзэн өөрийг нь олон арга замаар бэлтгэсэн байсан тухай ярьсан юм. Тэрээр уг сорилтын эсрэг агуу итгэлээр тэмцэхэд тус болох зарчмуудын талаар гүнзгий ойлголт, гэрчлэлтэй; хэрэгжүүлэх туршлагатай гэдгээ ухаарчээ. Уг ангид байсан олон суралцагч сорилтынх нь үед Их Эзэн хэрхэн тэднийг дэмжиж байсан тухай төдийгүй Тэрээр тэднийг хайрладаг мөн адислахыг хүсдэг талаар хэрхэн мэдэж авснаа хуваалцсан.
Та сударт гардаг хүмүүсийг адисалж буй Их Эзэний мутрыг харахад нь суралцагчдадаа туслах үедээ тэдний амьдралд Түүний гүйцэтгэж буй үүргийг таньж мэдэхэд нь бас туслах боломжтой байх болно. Мормоны Номд ятгасанчлан, “Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг санахад” нь бид тэдэнд тусалж чадна.9
Харин одоо уриалгын хоёр дахь хэсэг болох суралцагчдадаа төвлөрөх хэрэгцээний талаар бодож явдаг хэдэн зүйлээ хуваалцъя. Бид олон өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдийн шийдэгдээгүй асуултуудтай тэмцэлдэж, дэлхийн олон янзын санаа бодол дунд төөрөлдсөн цаг үед амьдарч байна. Энэ бүгдийг даван гарахын тулд тэд үнэн сургаалыг ойлгох хэрэгтэй. Өмнөх бүх цаг үеийн адил бид мөнхийн үнэнийг зааж, гэрчлэх ёс суртахууны зоригтой байх хэрэгтэй. Тэгвэл бид тэдний урагшлах хэрэгцээг хангахын тулд хэрхэн үүнээс зуурч—мөн үүн дээр тулгуурлаж—болох вэ? Бид зөвхөн үнэнийг заахад төвлөрөх бус суралцагчдадаа үнэнийг мэдэж авахад нь туслахад хэрхэн анхаарлаа төвлөрүүлж болох вэ?
Үүнийг гүйцэтгэж болох нэг арга зам бол Христ шиг бусдыг ойлгох зан чанартай байх явдал юм. Бусдыг ойлгох гэдэг нь хэн нэгний мэдрэмжийг ойлгож, хуваалцах чадвартай байна гэсэн үг. Бусдыг ойлгох жинхэнэ чадвар нь хүмүүсийн харилцааг сайжруулж, ганцаардахгүй гэдгээ мэдрэхэд нь тусалж, тэднийг нэгтгэдэг. Энэ нь хамааралтай гэдэг мэдрэмж төрүүлхийн нэгэн чухал хэсэг нь юм. Энэ зан чанар нь суралцагчийн асуултад үр дүнтэй хариулах мөн асууж чадаагүй асуултууд бүхий анхааран сонсож буй суралцагчдыг багийн хэлэлцүүлэг рүү үр дүнтэй чиглүүлэх түлхүүр юм.
Судалгаагаар, итгэлийн тал дээр асуудалтай хүмүүс ерөнхийдөө сургаалаас холдоогүй байдгийг харуулсан байдаг. Харин тэд ихэвчлэн өөр өнцгөөс харж чадахгүй байх, шантрах, хариултаа авч чадаагүй зэргээс болоод асуудлыг зөвхөн нэг талаас нь харахад хүргэдэг хувийн туршлагынхаа хүрээнд асуултууд тавьдаг учир холдон явдаг байна. Хэрэв бид тэдний асуултын агуулгыг ухааралгүй мөн ойлголгүй хариулах юм бол тэдэнд хэрэгтэй тусламжийг өгч чадахгүй байж мэднэ. Бүр муугаар бодоход, хэрэв бид үл хүндэтгэсэн, шүүмжилсэн, өөрийгөө өмөөрсөн хандлага гаргавал тэдний итгэлийг төдийгүй тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлэх боломжийг алдах болно.
Аврагч “хайраар үнэнийг илэрхийлэх” төгс жишээг үзүүлдэг байсан.10 Түүний харьцаа хандлага тэднийг ойлгосон, хувь хүний хэрэгцээ, ойлголтод үргэлж нийцсэн шинжтэй байдаг байв. Үр дүнд нь өөрсдийгөө зохистой шавь байхад хангалттай сайн биш эсвэл тохирохгүй гэж бодож байсан хүмүүс Аврагчийн хайрыг мэдэрч, Түүнд татагдсаар байсан юм. Аврагч тэдэнд хэрэгтэй гэдгийг тэд ухаарсан.
Өөр нэгэн гайхалтай жишээ энэ жилийн Сургаал ба Гэрээний судлахуйд бий. 88-р хэсэгт Бошиглогчдын сургуульд зориулан Их Эзэний өгсөн зааврыг өгүүлдэг. Багш нь суралцагчдаасаа өмнө ирж, өөрийгөө болон анги танхимаа бэлтгэх ёстой байв. Мөн түүнд дараах үгсээр суралцагчидтайгаа мэндлэхийг зааварласан байсан.
“Таныг нөхөрлөлд хүлээн авах үүрдийн гэрээний дохио буюу дурсамж болгон тогтоогдсон, хөдөлшгүй мөн хувиршгүй, шийдмэг байдалд, хайрын холбоонуудад Бурханы ач ивээлээр дамжуулан таны найз мөн ах байж, Бурханы бүх зарлигуудад үүрд мөн мөнхөд талархалтайгаар, буруугүйгээр алхахад Их Эзэн Есүс Христийн нэрээр би тантай мэндчилж байна.”11
Семинар, институтийн анги бүрийг ийм мэндчилгээгээр эхлүүлэх нь тохиромжгүй ч эдгээр үг тун утга төгөлдөр бөгөөд сургамжтай билээ. Виржиниа Пийрс эгч: “Хамтран суралцагчид руугаа чиглэсэн, тэднээс ирэх хайр, амлалтын баталгаанд суурилсан суралцах орчныг та нар төсөөл дөө? Тэдний мэдэрсэн хувийн аюулгүй байдлыг болон өөр тохиолдолд өөрсдийгөө өмгөөлж хамгаалахад зарцуулах байсан эрч хүчээ суралцаж, өсөж хөгжиж, өөрчлөгдөхөд зарцуулах боломжтой байна гэж та төсөөл дөө? Хичээлд оролцогч бүр хайрын холбоонд, Бурханы нигүүлслээр дамжуулан найз нөхөд мөн ахан дүүс байхаар тангараг өргөсөн тийм өрөөнд орших Ариун Сүнсний хүчийг та төсөөл дөө?” 12 гэж асуусан.
Энэ нь бидний хичээлийг хэрхэн өөрчилж, суралцагч нэг бүрийг хэрхэн адислах талаар бодоод үзээрэй. Жишээ нь, Алэкс хэмээх залуу эрэгтэйг “Хэрэв би Сүмийн бодлого бүртэй санал нийлэхгүй бол юу хийх вэ?” гэж асууснаар төсөөл. Энэ тохиолдолд та хайрлаж мөн ойлгож байгаагаа харуулахын тулд түүний асуултад хэрхэн хариулж болох вэ? Мэдээж, тэр бошиглогчдын үүрэг, дуулгавартай байдлын ач холбогдлын тухай ойлгох хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч, тэр даруйд ингэж хариулах нь хамгийн ухаалаг арга биш байж болох ба чин сэтгэлээсээ тэмцэлдэж буй нэгэнд хангалттай хариулт биш байж болох юм. Асуултад хариулах юм уу хэлэлцүүлэг явуулахаасаа өмнө бид эхлээд асууж буй хүнээ эсвэл ярилцлага өрнүүлж буй багаа ойлгохыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу. Тэгэхээр, хэрэв танд Алэкстай үнэхээр ярилцах боломж олдсон тохиолдолд, та өөр юуны талаар мэдэх хэрэгтэй болох вэ? Түүнд танаас хүсэх өөр юу хэрэгтэй байх бол?
Бид түүний оронд өөрсдийгөө тавьж үзэх мөн түүний юу мэдэрч байгааг мэдрэх чадвартай байхын төлөө залбирч болно. Магадгүй Алэск оюуны дасгал хийхийн тулд эсвэл зүгээр л сургаалыг ойлгохын тулд асуугаагүй байж мэднэ. Алэкст өөрийн гэсэн түүх бий. Түүнд зарим эерэг, сөрөг туршлага, харилцаа холбоо бий. Үнэндээ энэ тохиолдолд Алэкс сүмд мөн институтэд явах үедээ бага зэрэг ганцаардсан мэдрэмжийг мэдэрч байв. Сайн мэдээний хэлэлцүүлэг өрнөх үед тэр ярьж буй хүмүүсийн дийлэнхээс өөр мэдрэмж мэдэрдэг. Тэрээр хэн нэгэн хүн өөр шиг нь мэдрэмжтэй байдаг болов уу гэж боддог ч хэн ч асуумаар байгаа зүйлийг нь асуухгүй мэт санагддаг байжээ. Эдгээр туршлага нь түүнд сүм дээр байхдаа ганцаардах мэдрэмжийг төрүүлсэн. Түүнийг үзэл бодлоо хуваалцахыг хичээх үед хэн нэгэн сонсож мөн ойлгож байгаа мэт санагддаггүй. Өөр нэг тохиолдолд, багш нь түүний сахлын талаар сэтгэгдлээ хэлжээ. Дараа нь ангийнх нь нэг суралцагч Алэксын чухалд тооцдог асуудлыг наргиан болгов. Түүнд шүүмжлүүлсэн мэт мэдрэмж төрж эхэлсэн ба заримдаа уур нь хүрдэг байсан аж.
Гэвч Алэксийн талаар та нар ядаж нэг зүйлийг санах ёстой. Тэр одоо ч энд байгаа. Тэр хичээлд суухаар ирсэн. Тэр сайн мэдээнд болон Сүмд хайртай учраас ирж байгаа. Тэр итгэлээсээ зуурч, зөв зүйл хийхийг хичээж байна. Тэр Сүмд сонссон, мэдэрсэн бүх зүйлээ үнэн сургаалынх мөн эсэхийг төдийгүй соёлын онцлог уу эсвэл сайхан сэтгэлт гишүүдийн үлдээсэн дутагдал уу гэдгийг ялгаж салгахыг хичээж байна. Тэрээр сэтгэл хөдөлгөм тэмцэл дунд байгаа бөгөөд Их Эзэний хүслийг мэдэхийг эрэлхийлж байгаа билээ. Хэрэв та Алэксыг сонсохгүй, ойлгохгүй бол энэ бүхнийг хэрхэн мэдэж авах вэ дээ? Одоо та Алэксыг бага зэрэг мэддэг болсон учир түүнийг зөвхөн Сүмийн бодлогын талаар асуугаагүй гэдгийг ойлгосон байх. Түүний асуулт зөвхөн “Сүм үнэн үү?” гэсэн асуулт биш юм. Харин түүнд “Сүм үнэн үү?” “Надад зориулсан орон зай Сүмд бий юү?”, “Надад л ганцаараа эргэлзээтэй, асуултуудтай хүн мэт санагдах үед би үүнд хэрхэн дасан зохицох вэ?” гэж асуумаар байгаа.
Та нар Алэксыг асуултуудынхаа тухай бодож, мөнхийн талаас нь харж, дахин асуухад нь тусалж чадна. Заримдаа зөв асуулт тавих нь Тэнгэр дэх Эцэгээсээ хариулт хүлээн авах чухал хэсэг болдог. Харин Алэксыг мөн түүний асуултын агуулгыг ойлгохуйц хангалттай хайрлах, ойлгох чадвартай байх нь түүнд хэрэгтэй дэмжлэг, чиглүүлгийг өгөхөд та нарт тусална. Ингэх нь амаргүй бөгөөд бага зэрэг сүрдмээр санагдах нь гарцаагүй. Гэхдээ би та нарыг хэлэлцүүлэг бүрийг удирдахдаа эсвэл асуулт бүрд хариулахдаа төгс бай гэж шаардаагүй юм шүү. Би та нараас тэднийг сонсож, ойлгож, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь туслахыг хүсэж байна. Алэксыг болон түүнтэй хамт суралцагчдыг хувийн аюулгүй байдал болон өөрсдийгөө хамгаалдаг байсан эрч хүчээ одоо суралцах, өсөж хөгжих, өөрчлөгдөхөд зарцуулж байгаагаар төсөөл дөө? Нөхөрлөл, хайрын холбоогоор дүүрэн анги дахь Ариун Сүнсний хүчийг та нар төсөөл дөө?
Та нар хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр ахлагч Дэйл Г.Рэнландын өгсөн зөвлөгөөг санаж байна уу? Тэрээр урьд нь архинаас үүдэлтэй өвчнөө эмчлүүлэхээр олон удаа эмнэлэгт хэвтэж байсан өвчтөний талаар ярьсан юм. Нэгэн дадлагажигч эмч, өөрөө өөрийгөө хохироосноос болж өвдсөн энэ өвчтөнийг асрахад олон цаг зарцуулах нь өөрт нь шударга бус мэт санагдаж байгаа тухай хэлжээ.
Өөр нэгэн эмч түүнд хандан “Чи тэднийг халамжлан, эдгээхийн төлөө ажиллахаар эмч болсон. Чи тэднийг шүүх гэж эмч болоогүй. Хэрэв ялгааг нь ойлгоогүй бол энэ байгууллагад суралцах эрх чамд байхгүй”13 гэж хэлэхийг ахлагч Рэнланд сонссон юм.
Та бид суралцагчдаа шүүмжлэх гэж Есүс Христийн сайн мэдээний багш болоогүй. Бид тэднийг Агуу их Эдгээгч рүү чиглүүлэхийн тулд багш болцгоосон. Шүүх эрх зөвхөн Есүс Христэд бий бөгөөд зөвхөн Тэр л эдгээж чадна. Зөвхөн Түүн дээр буюу Түүний үлгэр жишээ, сургаал, амлалтууд дээр өдөр бүр төвлөрснөөр бид тэдэнд хэрэгтэй чиглүүлэг, эдгэрэлтийг олоход тусалж чадна. Биднийг сургалтаа явуулж, суралцагчидтайгаа холбогдоход ямар нэгэн өөрчлөлт орсон ч нэг зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өсөж буй үеийнхэнд итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах цорын ганц хамгийн чухал арга зам бол Есүс Христийг таньж мэдэн, Түүнээс суралцаж, Түүнтэй адил болохын тулд ухамсартайгаар хичээн зүтгэхэд нь тэдэнд тусалснаар заах, суралцах үйл явцынхаа гол цөмд Есүс Христийг илүү бүрэн дүүрэн байрлуулах явдал юм. Итгэлийн тань гал та бүхний суралцагчдаа хайрлах гүнзгий хайртай уялдах үед та нар тэдэнд Аврагчийн сургаалууд болон Түүний Цагаатгалыг ойлгож, найдвар тавихад мөн Түүний амласан адислалуудыг хүлээн авах зохистой болоход нь туслах хамгийн тохиромжтой үе дээр очих болно. Есүс Христийн нэрээр, амен.
Одоо би Бигэлоу ах, Смит ах нар дээр очиж, тэдэнтэй нэгдмээр байна.