Багш нар Аврагчийн арга барилаар заах нь
Ахлагч Угдорфын оролцох “Аврагчийн арга барилаар заах нь” нэвтрүүлэг
2022 оны 6-р сарын 12
Чад Стрэнг: Эцэг хүний хувьд миний хамгийн чухал үүрэг хариуцлагуудын нэг нь өсвөр насны хүүхдүүддээ амьдрал, нөхцөл байдалтай нь биечлэн холбогддог судрын үнэнүүд болон сургаалыг танин мэдэхийг заах явдал гэж боддог. Сүнсийг сонсож, тэдний хэрэгцээг мэдэж авах нь миний хувьд үнэхээр чухал суралцах туршлага болсон ба судруудыг хайрладаг болоход, тэр тусмаа сургаалыг амьдралтай нь холбоотой болохыг ойлгоход тэдэнд туслах нь бүр илүү чухал байсан.
Робэрта Луз Паванэло [хадмал бичгээр]: Би Бразилын семинарын багш байна. Семинар зааж эхлэхдээ би сайн багш болохыг, бас суралцагчид маань миний зааж буй бүх зүйлийг сураасай гэж үнэхээр их хүсэж байсан. Тиймээс би лекц, видео, тоглоом зэрэг янз бүрийн заах арга барилын талаар бодож үзсэн. Нэгэн удаа нэг суралцагч маань нээлтийн залбирал хэлэхдээ, хичээлийн үеэр Сүнсийг мэдрэхийг хүсэж байна гэж хэлж билээ. Энэ бол мэдээжийн хүсэлт. Тийм биз? Бид үүнийг байнга сонсдог ч тухайн үед тэр залбирал миний зүрх сэтгэлийг өөрчилсөн төдийгүй “Энэ бол суралцагчдад хэрэгтэй байгаа зүйл; тэд Сүнсийг мэдрэхийн тулд энд ирсэн” гэсэн бодол төрсөн.
Тайлэр Харрис: Би Хүүхдийн хэсгийн багш. Манай анги олон хүүхэдтэй. Тэдний дунд зарим тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд байдаг. Аз болоход, бид Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийнхөө маш сайн сургалтад суусан. Тэрээр бидэнд хүүхэд бүр адилхан арга барилаар сурдаггүй, зарим нь хүрч мэдэрч байж сурдаг буюу ямар нэг зүйлийг барьж үзэх эсвэл хийж үзэх шаардлагатай болдог гэдгийг заасан. Бас зарим хүүхэд аливааг нүдээр харж байж суралцдаг. Тиймээс Хүүхдийн хэсгийн гурван ахын хувьд бид энэ талаар хамтдаа залбирч, хүүхдүүд маань бие биеийнхээ дээгүүр асаж мөлхөх юм уу цонхоор харах нөхцөл байдлаас Аврагчийн талаар үнэхээр сурч мэдэж, хичээлдээ оролцож, сонирхоход нь туслах зүйлсийг олж мэдэхийг үнэхээр хичээдэг. Бид бас тэдгээр хүүхдэд зориулан хичээлийг сонирхолтой байлгахын тулд маш их туршлага хуримтлуулсан.
Кайон Константино [хадмал бичгээр]: Би Бразилын институтийн багш байна. Цар тахлын үед институтийн хичээл онлайнаар явагдаж байх тэр нэгэн өдөр би бүгдийг нь урьсан боловч ганцхан оюутан оролцож билээ. Тэр оюутан шинэ гишүүн байсан учраас маш олон зүйл асуусан. Би тэр өдөр Сүнсний шивнээг сонсож, олон асуултад нь хариулж, түүнд тусалж чадсан. Өнөөдөр тэр номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа учраас би маш их баяртай байгаа.
Сина Хоза: Би амьдралдаа тохиолдсон маш хар бараан, уй гашуутай үеийнхээ талаар үг хэлэх даалгаврыг саяхан авсан юм. Би энэ даалгаврыг авахдаа, Аврагчийн үлгэр жишээн дээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийдэв. Би Аврагчийн туулж өнгөрүүлсэн уй гашуутай олон үе болон тэдгээрийг хэрхэн даван туулсныг эргэцүүлэн бодсон. Би Түүнд, бас нөхцөл байдалдаа хэрхэн хандсанд нь анхаарлаа төвлөрүүлснээр миний туулсан бүх зүйл үнэхээр миний сайн сайхны төлөө байсныг ухаарсан юм. Мөн энэ бүхэн ямар бэрхшээл даван туулж байгаагаас маань үл хамааран биднийг төгс хайрладаг Тэнгэр дэх хайрт Эцэгийн маань [төлөвлөгөөний] нэгэн хэсэг гэдгийг би ойлгосон.
Лори Нюболд: Би зааж байхдаа илүү олон жишээ хуваалцахыг хүмүүсээс хүсдэг. Сургаалын талаар ярилцаж байх үед маань бидний дунд холбоо үүсэж байгааг би харсан. Тэгээд би залуу эмэгтэйчүүдээс тэдгээр холбоог ойлгоосой гэж хүсдэг. Үүний нэг жишээ нь, би саяхан нэгэн залуу эмэгтэйгээс “Чи ариун ёслолын аль хэсгээс Аврагчийг олж хардаг вэ?” гэж асуув. Бид ариун ёслолын талаар ярилцсан байсан. Түүнийг ярьж байхад, санаанд нь гэнэт нэг бодол орж ирж, тэр бид ариун ёслолын ширээг харахдаа Түүний биеийг хардаг гэж хариулсан юм. Тэрээр 17-хон настай байсан ч тэрхэн мөчид Аврагчтай урьд нь хэзээ ч холбогдож байгаагүйгээрээ холбогдож чадсан. Үүнээс хойш би иймэрхүү арга барилаар хувьдаа бэлтгэснээр Аврагчийг илүү их олж хараад зогсохгүй, энэ бүхэн надаас зүгээр л аяндаа урсан гарч эхэлсэн.
Панду Прасэтёо: Би номлолд байхдаа, Сүнсний өдөөлтийг сонсоход хэрхэн үргэлж бэлэн байх талаар сурч мэдсэн юм. Сүнсний дуу хоолойг сонсохыг хичээх үед, энэ нь надад сонирхогчдоо ойлгож, Сүнсний удирдамжийн дагуу тэдэнд заахад тусалдаг байсан.
Таниа М Диаз Дэ Рэчио [хадмал бичгээр]:
Тохинуулагч эгчийн хувьд би тохинуулах ёстой эгч бүрийнхээ төлөө залбирснаар тэднийг илүү их хайрлаж чаддаг. Мөн би Аврагчийн тэднийг хайрлах хайрыг мэдэрч чаддаг.
Алэкс Мүноз [хадмал бичгээр]: Бид үргэлж Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг. Есүс Христ болон Түүний бэлгэдэл, судрууд дахь Түүнийг төлөөлдөг зүйлсэд анхаарлаа хандуулахад ангийнхнаа чиглүүлснээр, тэд Есүс Христийг судраас зорилготойгоор хайж, энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг би олж мэдсэн юм.
Нуриа Муноз: Биднийг Ирээд, Намайг дага гарын авлагаас суралцах үед манай хоёр том охин маш идэвхтэй оролцдог ч гурав дахь охин маань ичээд, тийм ч их зүйл хуваалцдаггүй байв. Тэр долоо хоногт би түүнийг бидний ярилцсан зүйлсийн тухай зурж байгааг харсан. Энэ нь түүнд хувь нэмрээ оруулж чадна гэдгээ мэдрэхэд туслах гайхалтай арга байж болох юм гэж би бодсон. Тиймээс би түүнийг тэдгээр зургаа бидэнтэй хуваалцахад урьснаар долоо хоног бүр тэр бидний ярилцсан бүх зүйлийг зурахаар болсон. Ингээд тэр зургуудынхаа хамт гэрчлэлээ хуваалцаж мөн бичиж эхэлсэн юм. Энэ нь өөрийнхөө үнэ цэнийг төдийгүй бидний ярилцаж буй зүйлд хувь нэмрээ оруулж чадна гэдгээ мэдрэхэд нь түүнд туслах гайхалтай арга байсан. Энэ нь бид бүгдэд гэрчлэлээ хөгжүүлэхэд яалт ч үгүй тус болсон.
Паола Сэгастумэ дэ Орэллана [хадмал бичгээр]: Аврагч бидэнд бүх суралцагчаа хайрлахыг заасан. Тиймээс би тэдний хүсэл сонирхол, Сүмээс гадуур оролцдог үйл ажиллагаануудыг нь сонирхох үнэхээр дуртай. Би тэдний төрсөн өдрийг бас нэрийг нь сайтар цээжилж, тэдэнд онцгой хүмүүсийн хувьд онцолж чаддаг байх дуртай. Тэнгэрлэг Эцэгийн онцгой хүүхдүүдийнх нь хувьд би тэдэнд санаа тавьдаг. Хэн нэгэн нь хичээлдээ ирээгүй бол би түүнийг хайж, юу тохиолдсоныг нь мэдэж авдаг.
Вүдли Лэфорд: Бишопын хувьд би өсвөр үеийнхэнтэй маш их ажилладаг. Би тэдэнд туслах хамгийн сайн арга зам бол Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах явдал гэдэгт итгэдэг. Би өсвөр үеийнхэнд зориулсан хувь хүний хөгжил дэвшлийн хөтөлбөрийг ашиглан үүнийг хийдэг. Манай тойрогт семинарт явдаггүй нэг залуу эрэгтэй байсан ба Есүстэй адил болох хэрэгтэйг ойлгуулах нь түүнд гарцаагүй тус болно гэж би бодож билээ. Тиймээс бид хувь хүний хөгжил дэвшлийн талаар үйл ажиллагаа зохиов. Уг үйл ажиллагааны дараа тэр семинарт тогтмол оролцдог болсон юм. Тиймээс, хэрэв бид өсвөр үеийнхнийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд өсөж хөгжөөсэй гэж хүсэж байгаа бол тэдэнд Есүстэй адилхан болоход анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах хэрэгтэй гэдгийг би ойлгосон.
Эдвин Рамирэз Гузман [хадмал бичгээр]: Сайн байцгаана уу? Би бол Хүүхдийн хэсгийн багш. Би хүүхдүүдэд заадаг. Би Гватемалаас ирсэн. Хүүхдүүд бүгд өөр хоорондоо ялгаатай, зарим нь заримдаа маш их хөдөлгөөнтэй байдаг.
Есүс Христ хүн бүрд тохирсон онцгой арга барилаар заахыг хүсдэг гэдгийг би мэдэрдэг. Нэг удаа хүүхдүүдийн нэг нь маш дэггүй байсныг би санаж байна. Тэр үнэхээр эрч хүч нь багтаж ядсан бяцхан хүү байсан тул би түүнийг хичээлдээ туслуулахаар урьсан юм. Ингээд би түүний тэр их эрч хүчийг бусад хүүхдэд хичээл заах боломжтой байлгахад ашигласан. Мөн ийм арга замаар би Есүс Христ бидний хүн нэг бүртэй хамт байдгийг ойлгосон. Тэр бидний сурч мэдэж чадах маш тодорхой арга замаар бидэнд заадаг. Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр маань бидний хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн бид Түүний сайн мэдээг хуваалцах үедээ үүнийг мэдэрч чадна.