СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Багшийн шалгах хуудас


Багшийн шалгах хуудас

Ахлагч Угдорфийн оролцох “Аврагчийн арга барилаар заах нь” нэвтрүүлэг

2022 оны 6-р сарын 12

Миний дуртай хүмүүс!

Хайрт ах эгч нар аа, найзууд минь, Сүмийн гишүүд болон дэлхийн хүмүүс хэрхэн Аврагчийн арга барилаар бүх насны, бүх үеийнхэнд зааж болохыг харуулсан энэхүү гайхалтай видеог бид хамтдаа үзэж байгаа нь ямар гайхалтай мөч вэ.

Хайрт найзууд аа, би өнгөрсөн, одоо, ирээдүйн багш нар буюу дуртай хүмүүсийнхээ дунд байгаадаа баяртай байна. Бүгд ямар нэг байдлаар багшилж байдаг учраас надад таалагддаг хүмүүс гэдэгт би олон хүнийг хамааруулж бодох ёстой байх. Би багш нарт хайртай. Би тэдэнтэй хамт байх дуртай. Би амьдрал дахь багш нартаа хайртай бас тэдэнд буцааж төлж чадахааргүй их өртэй.

Эрдэмтэд гарамгай багш болох арга барилыг олон зуун жилийн турш судалсаар ирсэн бөгөөд амжилттай суралцах тухай онолыг боловсруулж, хөгжүүлж, олон нийтэд өргөн цар хүрээтэй түгээн дэлгэрүүлсээр ирсэн.

Бид бүх цаг үеийн хамгийн агуу багш болох Есүс Христээс суралцахаар адислагдсан билээ. Өнгөрсөн 2000 жилийн турш маш олон зүйл болж өнгөрсөн бөгөөд дэлхийн хаа нэгтээ Түүний сургаалыг нандигнан судалж, тунгаан бодож, дахин номлож, бусдад үлгэрлэж байгаагүй нэг секунд ч байгаагүй гэж би бодож байна.

Удаан үргэлжлэх сайн сайхан өөрчлөлтийг бий болгох нь бүх багшийн зорилго биш гэж үү? Бусдын амьдралыг хичээл, ангиас гадуурх өөр олон зүйл дээр адислах нь бүх багшийн зорилго биш гэж үү?

Назарын Есүс өнгөрсөнд ч, одоод ч, ирээдүйд ч үүнтэй яг ижил нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр бид Түүнээс суралцах ёстой биш гэж үү? Бид Түүнээс суралцвал, зөвхөн багшийн хувьд сайжраад зогсохгүй, өөрсдийн амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хүнийхээ хувьд ч гайхалтайгаар өсөж хөгжих болно.

Тэгэхээр, илүү сайн багш болох хамгийн шилдэг арга зам бол Есүс Христийн илүү сайн дагалдагч болох явдал учраас өнөөдөр та бүхэнд хандан Аврагчийн талаар үг хэлж байгаа минь миний хувьд онцгой боломж, нэр төрийн хэрэг юм.

Нислэгийн өмнөх шалгах хуудасны ач холбогдол

Би нисэх онгоцны нисгэгч байхдаа, ахмадын суудалд суух бүрд өөрийгөө болон багаа мөн зорчигчдоо хүрэх газарт нь аюулгүй хүргэх нэг гол зорилготой байв. Энэ зорилго анхааралтай, сонор сэрэмжтэй байхыг шаарддаг.

Анхааралтай, сонор сэрэмжтэй байхын тулд нисгэгч нар нислэгийн өмнө хэд хэдэн шалгалт явуулж, аюулгүй байдлын горимуудыг давтаж, багаж хэрэгслийн ажиллагаа, техникийн найдвартай байдлыг хянаж шалгадаг. Нисгэгч шалгах хуудсан дээрх алхам бүрийг (хэдэн мянга биш байлаа гэхэд) хэдэн зуун удаа гүйцэтгэсэн байдаг.

Мэргэшсэн нисгэгч олон зуун удаа ниссэн тул нислэгийн өмнөх шалгах хуудсыг бөглөхдөө санаа зовох хэрэггүй юм уу өнгөц хараад өнгөрч болно гэж хэзээ ч боддоггүй.

Нислэгийн өмнөх шалгах хуудас нь нисгэгчдэд нислэгээ амжилттай болгох чухал зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх сахилга батыг суулгадаг.

Нисгэгч чиглүүлэх, удирдах тодорхой зорилготой байдгийн адил бид Сайн мэдээний багш нарын хувьд бодгалиудыг Христэд авчрах зорилготой. Бидэнд заах боломж хэзээ гарахаас үл хамааран, энэ зорилго бидний оюун бодолд эн тэргүүнд байх ёстой.

Багшийн хувьд бидэнд ариун зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд туслах шалгах хуудас байдаг уу? Тийм ээ!

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын хянан засварласан шинэ хувилбарыг гаргах болно. Энэ нь сайн мэдээг гэр орондоо төдийгүй сүмд заадаг бүх хүнд зориулсан удирдамж юм. Үүнийг Gospel Library аппликэйшнаас 70 хэлээр унших боломжтой. Хэвлэмэл хувилбарууд ирэх саруудад гарах болно.

Энэ эх сурвалж багш нарын хувьд бидэнд удирдамж чиглүүлэг, сүнслэг урам өгөх, Есүс Христийн амьдрал, сургаалаас суралцах боломжийг олгоно. Энэ нь бидэнд Түүний заасан арга барилаар заахад анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага зааж буй бүх хүнд тусална. Энэ нь эцэг эх, хөрш, тохинуулагч ах, эгч, номлогч, Христийн бүх шавийг сүнслэг урам, чиглүүлгээр хангана. Шавь байх гэдэг нь хайрлаж, халамжилж, адисалж, бусдыг өргөн тэтгэж мөн заана гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, хэрэв Христийн адил зааж, үйлчлэхээр хичээж байгаа бол та багш бөгөөд Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага танд болон надад зориулагдсан гэсэн үг. Заахаар дөнгөж эхэлж байгаа эсвэл олон жил зааж байгаа эсэхээс тань үл хамааран энэ гарын авлага таны үнэт баялаг болно гэдэгт би найдаж байна.

Аврагчийн арга барилаар заах нь 3-р бүлэгт байгаа өөрийгөө үнэлэх хэсэг буюу нислэгийн өмнөх шалгах хуудсан дээр ажиллах нь бидэнд заах хичээл зүтгэлдээ илүүтэй төвлөрөхөд туслах болно. Энэ хэсэг нь бидэнд өөрсдийгөө шинжих, дутагдлаа олж харах, сайжруулах сүнслэг урмыг өгнө. Нисгэгчдэд шалгах хуудас хэрэгтэй байдаг шиг энэ нь багш нарт ч бас хэрэгтэй зүйл юм.

Хэрэв та нар намайг өөрсдийнхөө хажууд туслах нисгэгчээр суухыг зөвшөөрвөл, би заахад зориулсан нислэгийн өмнөх шалгах хуудсыг та нартай хамт дуртайяа бөглөх болно. Би та бүхнийг одоо төсөөллийн шалгах хуудас гаргаад, хэсэг тус бүр дээр өөрсдийгөө хэрхэн үнэлэх талаар бодож үзэхэд урьж байна. Өөрийгөө үнэлэх нь өнөөдөр болон цаг үргэлж Аврагчийн арга барилаар заахад өөрийгөө бэлтгэх агуу адислал байх боломжтой.

Есүс Христэд төвлөрөх

Нислэгийн өмнөх шалгах хуудасны эхний хэсэг “Есүс Христ дээр төвлөрөх” юм. Энэ бол Аврагч бидний заадаг зүйлсийн төвд үнэхээр байна уу үгүй юу гэдгийг тунгаах боломж. Дараах асуултуудын талаар бодно уу.

  • Би юу ч зааж байсан, Есүс Христийн талаар заадаг уу?

  • Би Есүс Христийн жишээг онцолдог уу?

  • Би суралцагчдад Их Эзэний хайр, хүч чадал, нинжин сэтгэлийг амьдралдаа олж харахад нь тусалдаг уу?

  • Би суралцагчдад Есүс Христтэй илүү адил болоход нь тусалдаг уу?

Эдгээр асуулт гүн гүнзгий утга учиртай!

Бодит байдлыг авч үзэцгээе. Сайн мэдээ бол бид үүнийг судлахад амьдралаа зориулсан байлаа ч өнгөц хэсгийг нь л ойлгож чадах тийм өргөн цар хүрээтэй зүйл юм. Сайн мэдээний өргөн цар хүрээг аварга том модон байшингаар төлөөлүүлэн авч үзээд, хажуугийнх нь өндөр, өргөн хананд том бай будаж байгаагаар төсөөл.

Бид бүхэнд сайн мэдээнд дурладаг, сонирхлыг маань татдаг ямар нэгэн зүйл байдаг. Түүхэн цаг үе, Сүмийн хөтөлбөр, сургаалын сэдэв эсвэл судрын эшлэлүүд гэх мэт. Бид эдгээр дуртай сэдэв дээрээ голчлон төвлөрөх гээд байх талтай байж болох юм.

Сайн мэдээг суралцах бай нь хэдий том ч гэлээ, бухын нүд буюу байны төв нь жижиг бөгөөд үүн дээр төвлөрөхөө хэзээ ч мартаж болохгүй. Энэ төв нь бидэнд тайлбар, санал асуулга, хэлэлцүүлгээр өгөгдөөгүй. Аврагч Өөрөө бидэнд үүнийг өгсөн.

Тэгэхээр энэ цэг яг юу вэ?

Бурханыг хайрлах ба бусдыг хайрлах.

Энэ бол байны төв нь юм.

Өөр зүйлс бидний сонирхлыг татаж болно. Тэдгээр зүйл чухал санагдаж болно. Гэхдээ тэд байны төвд байрладаггүй.

Тэдгээр нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Тэдгээр нь бидний хоолны хачир, үндсэн хоолны салат төдий юм. Тэдгээр нь амт, өнгө, магад амин дэм нэмэх хэдий ч бидний гол зоог биш.

Тэгвэл заах тухайд бидний зорилго юу вэ?

Бидний зорилго бол заадаг хүмүүстээ Христэд илүү ойртоход нь туслах, тэдний мэдлэгийг болон Бурханыг хайрлах хайрыг нэмэгдүүлэх, Түүний хүүхдүүдэд хайр нигүүлслээр нөлөөлөх, үйлчлэх явдал юм.

Энэ бол байны төв юм.

Бид Бурханыг болон бусдыг хайрлах хамгийн агуу жишээг хаанаас харж болох вэ?

Бидний Аврагч мөн Гэтэлгэгчийн сургаал, амьдралаас үүнийг харж болно.

Бид бодгалиудыг Христэд ойр авчрах үедээ тэдэнд Бурханыг гэсэн хайрыг болон Түүнд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг. Бид тэдэнд бусдыг хайрлах хайр, үзүүлэх нигүүлслээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг.

Заахаар төлөвлөсөн хичээлээсээ гадуур, өөрсдөдөө сонирхолтой санагдсан сэдэв рүү сатаарах үедээ бид дараахыг өөрсдөөсөө заавал асуух ёстой.

“Би ямар ч зүйл зааж байсан Есүс Христ дээр төвлөрч байна уу?”

“Миний зааж буй зүйлс тэдэнд Бурханыг хайрлах хайраа нэмэгдүүлж, тэр хайраа бусдад үйлчлэх, бусдыг хайрлах, Аврагчийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх замаар харуулахад нь тусалж байна уу?”

Багш нарын хувьд бид тэнгэр элч нарын хэлээр ярьж, бусдыг баясгаж, баярлуулж, хөгжөөж, гайхшруулж болно. Гэвч бид Есүс Христ дээр төвлөрч чадахгүй бол зорилгоо1 умартан, заах ёстой зүйлсийнхээ өчүүхэн хэсгийг л бусдад хүргэх болно.

Үргэлж өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христэд төвлөр.

Зааж буй хүмүүсээ хайрла

Шалгах хуудасны хоёр дахь хэсэг бол “Зааж буй хүмүүсээ хайрлах.” Шалгах хуудасны энэ хэсэг бидэнд багшийн хувьд биднийг урагш тэмүүлэхэд юу нөлөөлдөг тухай бодох боломжийг олгодог ба заадаг хүмүүсээ эрхэмлэн хайрлахад зүрх сэтгэлээ төвлөрүүлэхийг сануулдаг. Дараах асуултуудын талаар бодоод үзээрэй.

  • Би суралцагчдыг Аврагч тэднийг хэрхэн хардаг шиг харахыг эрмэлздэг үү?

  • Би заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг мэдэхээр хичээдэг үү?

  • Би суралцагч бүрийнхээ нэрийг залбиралдаа багтаадаг уу?

  • Би бүх хүн хүндлэгдэж буйгаа мөн өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй байгааг мэдрэх аюулгүй, тайван орчныг бүрдүүлдэг үү?

  • Би тохиромжтой аргаар хайраа илэрхийлдэг үү?

Би ахлах сургуулийн өндөр ур чадвартай нэг багш эмэгтэйн талаар сонссон. Тэрээр заах арга барилаа олон жил хөгжүүлж, ахлах сургуулийн сурагчдын амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан байв. Тэр ахлах сургуулийн сурагчидтай хэрхэн харьцах аргаа олсон байсан.

Нэг жил, тэр бага насны, илүү өөр суралцагчид буюу таван настнуудад заах зуны сургуулийн хөтөлбөрт хамрагджээ. Мэдээж, тэдгээр хүүхэд түүний ангид сэтгэл нь хөдөлсөн, эрч хүчээр дүүрэн орж ирэв. Тэд чимээ шуугиан ихтэй; чанга инээлдэн, орилж, ширээнүүдийн дундуур гүйлдэж, хоорондоо хөөцөлдөж байлаа. Мөнөөх багш ангийг дэг журамтай байлгахын тулд ахлах сургуулийн хүүхдүүдээ томоотой байлгаж, суулгахад үр дүнтэй байдаг “багш хоолойгоо” ашиглав. Тэгтэл юу болсон гээч?

Анги нам гүм болов. Хүүхдүүд хийж байсан зүйлсээ тэр дороо зогсоон, нүдээ томруулан, хоосон ширээнүүдийг эзлэн сууцгаав. Гэвч хоёр хүүхэд тэгсэнгүй.

Эхний хүүхэд нь жаахан охин байсан бөгөөд шалан дээр хэвтээд, уйлж гарав. Хэдийгээр багш түүнд уурласан өнгө аяс өчүүхэн төдий ч гаргаагүй ч тэр охин ямар нэгэн маш буруу зүйл хийсэн мэт мэдэрч, шалан дээр хэвтчихээд, учир нь олдохгүй уйлж байв.

Нөгөө хүүхэд нь бие жижиг ч тэнхээтэй хүү байсан ба багш руугаа эмээсэн харцаар харснаа хаалгаар ухаан жолоогүй ухасхийн гарч, хонгилоор хар хурдаараа гүйн алга болов. Багш нь түүнийг буцаж ирэх үгүйг ч мэдэлгүй гайхан хоцорчээ.

Тэр өдөр энэ багш нэгэн чухал сургамж авсан юм. Өсвөр үеийнхэнд хэрэглэдэг арга барил бага насны хүүхдүүдэд сайн нөлөөлөхгүй.

Энэ сургамж бидэнд, та бүхэнд бас надад ч хамаатай.

Бидний заадаг хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд хоорондоо ялгаатай.

Бид Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр тэднийг өөрсдийн гэсэн үзэл бодол, мэдрэмж, сорилт, бэрхшээлтэй гэж харж байна уу? Бид хүн бүрд зориулан аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдрэх тайван амгалан орчныг бий болгож байна уу?

Бидний төрөлх хэл ямар байхаас үл шалтгаалан, суралцагчид маань биднийг хайрын түгээмэл хэлээр ярьдаг гэдгийг мэдэх үү? Бид тэднийг эрхэмлэж, нигүүлсэж, хүндэлдэг гэдгийг тэд мэдэх үү?

Аврагч гадуурхагдсан, бусдад анзаарагддаггүй хүмүүст ихэнх цагаа зориулдаг байсан.

Тэр тэдэнд үглэж, тэднийг буруутгаж чадах байсан. Гэвч үүний оронд Тэр тэднийг тэвэрч, эдгээж, тайтгаруулж байв.

Тиймээ, Тэр тэдэнд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”2 хэмээн заасан. Тэр өвчтэй, нүгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хайрлаж, нигүүлсэн, тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаж, үйлчилдэг байсан.

Тэр бидний хүн нэг бүрийг Бүхнийг Чадагч Бурханы хүү, охин хэмээн, Өөрөөсөө дорд үзэлгүй, харин алдар сууд Өөртэй нь хамт алхах мөнхийн чадавхтай хэмээн хардаг.

Христийн шашинт агуу зохиолч Cи Эс Луйс энэхүү үзэл баримтлалыг “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бурхад байх боломжтой тийм нийгэмд амьдрах нь онцгой зүйл бөгөөд таны ярилцсан хамгийн уйтгартай, сонирхолгүй хүн хэзээ нэгэн өдөр таны хамгийн ихээр шүтэн бишрэх нэгэн болж болно гэдгийг санах нь чухал” гэж тодотгон хэлсэн байдаг. Тэрээр цааш нь, “Энгийн хүн гэж байдаггүй. Та зүгээр нэг мөнх бус хүнтэй хэзээ ч харьцдаггүй. … Энэ амьдралд бидний хамтдаа хөгжилдөж, ажиллаж, гэрлэж, үл хайхарч, ашиглаад өнгөрч буй хүмүүс бол бурхад юм3 гэсэн байдаг.

Бид бусдад ийм байдлаар найрсаг, хүндэтгэлтэй хандах аваас Есүс Христийн жишээг дагаж байгаа гэсэн үг. Түүний хэрхэн хайрласны адил бид хайрладаг. Түүний хэрхэн өргөн дэмжсэний адил бид өргөн дэмждэг. Түүний заасны адил бид заадаг.

Одоо, заадаг хүмүүсээ хайрлаж, хүндэлж, өргөн дэмжихээ мартахгүй байцгаая.

Сүнсээр заа

Шалгах хуудасны гурав дахь хэсэг бол “Сүнсээр заах.” Дараах асуултуудын талаар бодно уу.

  • Би заахын тулд сүнслэгээр бэлтгэдэг үү?

  • Би суралцагчдынхаа хэрэгцээний талаар хүлээн авсан сүнслэг өдөөлтөд хариу үйлдэл үзүүлдэг үү?

  • Би суралцагчдад Ариун Сүнсний хүчээр заахын тулд таатай орчин бүрдүүлдэг үү?

  • Би суралцагчдадаа хувийн илчлэлт эрэлхийлэн, танин мэдэж, түүнийхээ дагуу үйлдэхэд нь тусалдаг уу?

  • Би гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуулдаг уу?

Би сайн мэдээг зааж, хүмүүсийг Христэд авчрах бүхий л хичээл зүтгэлийнхээ үр дүнд хэнийг ч хөрвүүлж чадахгүй гэдгээ өөртөө үргэлж сануулахыг хичээдэг.

Зөвхөн Ариун Сүнс л үүнийг чадна.

Би сургаалыг заадаг ч хөрвүүлэх нь Ариун Сүнсний хийдэг ажил юм. Ариун Сүнс хүмүүний зүрх сэтгэлийг өдөөж, хүмүүн Аврагчийг даган тэрхүү өдөөлтөд хариулах үед хөрвөлт явагддаг.

Хэрэв ятгалга, үндэслэл бүхий тайлбараас болж хүн Есүс Христийг дагах “итгэлтэй” болох аваас тэрхүү итгэл чулуурхаг газарт унаж, салхинд хийсэн одох үртэй адил болно.4

Хөрвүүлэх нь бидний ажил биш. Бид ийм үүрэг хариуцлага хүлээдэггүй.

Тэгвэл бидний ажил юу вэ? Өөрсдийн энэ цаг үед Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах нь бидний ажил! Мөн заадаг зүйлсээ өөрсдийн шударга байдал, чин сэтгэлийн үйлсээр батлан харуулах нь бидний ажил! Бидний амьдрал бидний хэрхэн үйлдэж, аж төрөхийг харуулдаг.

Хүмүүс бидний зааж буй зүйлсэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь Бурхан болон тэдний хоорондын асуудал юм. Харин бид тэднийг Ариун Сүнстэй холбох гүүр болж чадна. Бид Ариун Сүнс тэдний амьдрал руу нэвтрэн орох цонх нь байж чадна. Бидний үг, үйлдэл суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд туслах байдлаар Христийн сургаалыг зааж чадна.

Ахлагч Даллин Х.Өүкс, “Судалгаа, шалтгаан нь үнэнийг олж чадна. … Харин илчлэлт л зөвхөн нотолгоог өгдөг”5 гэж заасан.

Би давтан хэлье. “Судалгаа, шалтгаан нь үнэнийг олж чадна. … Харин илчлэлт л зөвхөн нотолгоог өгдөг.”

Заримдаа бид амьдралдаа идэвх чармайлт гаргахгүй байх нь бий. Бид юмсыг үзэж туулсан хэдий ч багахныг нь л санадаг. Зар сурталчилгаа, олон нийтийн сүлжээнд байршсан мэдээлэл, замын тэмдэг гэх мэт. Эдгээрийн ихэнхийг бид нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг.

Гэхдээ, хэрэв Ариун Сүнс та нарын бодгальд мөн миний бодгальд хандан ярьсан бол та нар болон би үүнийг мартахгүй. Учир нь энэ нь та нарыг өөрчилдөг. Иосеф Иаков 1:5-ыг уншсаныхаа дараа юу хэлснийг санацгаая. “Судрын ямар ч хэсэг надад энэ цаг үед орж ирсэн шиг ийм хүчтэй хүмүүний зүрх сэтгэлд орж байгаагүй.6

Энгийн байдлаар хэлсэн жирийн нэг бодлыг Ариун Сүнс гал мэт дүрэлзүүлж чадна.

Бусдын хөрвөлт бидний уран яруу үг, судрын гарамгай мэдлэгээс хамаарахгүй. Энэ нь бидний хэр сайн заасан эсвэл сургаалыг хэр сайн тайлбарласан гэдгээс хамаарахгүй. Энэ нь бидний хэр ухаантай, хэр сэтгэл татам, хэдий хэрийн судрын гарамгай мэдлэгтэй гэдгээс шалтгаалахгүй.

Бидний ажиллах ёстой зүйл бол өөрсдөө олж мэдэх явдал юм. Тэнгэрлэг Эцэг биднийг “[Түүний] сайн мэдээг баяслын дуугаар тунхаглан, [амаа] бүх цаг үед нээлттэй байлгах”7-д урьсан. Ингэх аваас Ариун Сүнс бидэнд үнэнийг гэрчлэх болно.

Бид одоо байгаагаас илүү сайн эсвэл муу “байх” шаардлагагүй. Бид бол Бурханы хүүхдүүд, Есүс Христийн дагалдагчид билээ.

Та нар Аврагчийг болон Түүний сайн мэдээг мөн Түүний Сүмийг хайрлах хайраа баяр баясгалантайгаар илэрхийлж чадах уу?

Хэрэв бид өөрсдийн хийх хэсгийг хийвэл Сүнс Өөрийн хийх зүйлийг хийнэ. Бид энэ л арга замаар “Ариун Сүнсээр заадаг.”

Сургаалыг заа

Нислэгийн өмнөх бидний шалгах хуудасны дөрөв дэх хэсэг бол ямар ч хамаагүй сургаалыг биш, харин Есүс Христийн Эцэгээсээ хүлээн авсан “Сургаалыг заах” гэдэг нь мэдээжийн хэрэг. Аврагч бидэнд “Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх”8 хэмээн заасан. Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж байгаагаа үнэлэхийн тулд дараах асуултуудын талаар бодож үзээрэй.

  • Би өөрөө Есүс Христийн сургаалаас суралцдаг уу?

  • Би судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгээс заадаг уу?

  • Би судрын үнэнийг танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусалдаг уу?

  • Би Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүд дээр төвлөрдөг үү?

  • Би суралцагчдадаа сургаалаас хувийн илчлэлт олж авахад нь тусалдаг уу?

Бидний эрин үед Аврагч, “Мөн хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна. Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно”9 хэмээн хэлсэн.

Бидний заах ёстой сургаал юу вэ?

Энэ бол ариун судруудаас болон бошиглогчдын амнаас гарах үгс юм. Тэд бол сургаалыг тайлбарлах, тодорхой болгох эрх мэдэлтэй хүмүүс. Бурхан тэднээр дамжуулан Өөрийн үгийг тунхаглаж, хүүхдүүддээ удирдамж, ойлголтыг үргэлж өгч байдаг.

Есүс бол Христ, бүх хүмүүний Аврагч, Гэтэлгэгч гэдэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гол, авралын сургаал юм. Амилсан Аврагчийг харж, Түүнтэй ярилцсан төлөөлөгч Паул коринтчуудад хандан, “Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье … [Есүс Христ] бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ”10 гэж бичжээ.

Бидэнд “давчуу бөгөөд нарийн замаар Христийн хүмүүнийг удирдах, Бурханы амьд хүчирхэг үгэн дээр тулгуурлаж … тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд өөрсдийн бодгалиудыг, тийм ээ, үхэшгүй бодгалиудаа байрлуулахыг”11 зарлигласан.

Багш нар бид Есүс Христийн сайн мэдээнээс ичих ёсгүй.12 Харин бусдад тэнэглэл мэт, заримд нь бүдрүүлэх саад мэт санагдсан ч Түүний сургаалыг заахдаа өөрсдийн дуу хоолойг баяр хөөртэй өргөх ёстой.13 “Энэ бол итгэгч болгоныг аврах Бурханы хүч мөн.”14

Хичээнгүйлэн суралцахад урь

Шалгах хуудасны сүүлийнх нь “Хичээнгүйлэн суралцахад урих.” Энэ хэсэг бол хичээнгүйлэн заах нь тэгшитгэлийн зөвхөн хагас нь гэдгийг бидэнд сануулдаг. Нөгөө хэсэг нь явц дунд бий болох бөгөөд магадгүй илүү чухал хэсэг нь ч байж магадгүй. Энэ нь суралцагчдын хичээнгүйлэн суралцах явдал юм. Бидний хичээнгүйлэн зааж байгаа нь хичээнгүйлэн суралцах үйл явц руу чиглүүлж байгаа эсэхийг үнэлэх хэд хэдэн асуулт бий. Үүнд:

  • Би суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандахад нь суралцагчдад тусалдаг уу?

  • Би суралцагчдыг сайн мэдээнээс өдөр бүр судлахад урамшуулан дэмждэг үү?

  • Би суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуулдаг уу?

  • Би суралцагчдыг сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахад урьдаг уу?

Бидний сүнсэнд байнгын тэжээл хэрэгтэй бөгөөд үр дүнд нь бид Бурханы биднийг ямар болгохоор бүтээсэн, тийм л гэрэл ба алдар суугийн бүтээлүүд болох юм. Бид Бурханы бошиглогчдын үгийг судалж, тэдгээрийг тунгаан бодох үедээ амийн уснаас ууж, Христийн үгэн дээр найрладаг.

Зөвхөн Түүний үгсийг унших нь хангалтгүй. Бид тэдгээрийг анхааран сонсож, тунгаан бодож, тогтоон авах хэрэгтэй.15

Өөрөөр хэлбэл, “Хүнд сайн мэдээг зааснаар та түүний нэг өдрийн амьдралыг л адисална. Харин түүнд Христийн үгэн дээр найрлаж, Ариун Сүнстэй холбогдохыг заавал түүнийг насан туршид нь адислах болно.”

Энэхүү сүнслэг нөлөө, хувийн илчлэлтийн үйл явцаар дамжуулан бид өөрсдийн амьдралыг Гэтэлгэгчийнхээ хадан дээр босгодог.16 Тэр үед Есүс Христийн сайн мэдээ “бодгалийн зангуу”17 болж чадна.

Сайн мэдээг заах нь чухал. Бусдад залбиралд уусах, Ариун Сүнсийг эрэлхийлэх, сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг заах нь наанадаж үүнтэй ижил чухал зүйл юм.

Адислал ба амлалт

Хүндэт ах, эгч, хайрт найз нөхөд, эрхэм хүндэт багш нар минь, та нар бүгдээрээ багш нар юм шүү. Бид бүгдээрээ багш. Та бүхний итгэлтэй байдал, сайныг үйлдэх гэсэн хүсэл тэмүүлэлд талархаж байна. Сайн мэдээний талаар баяр хөөртэйгөөр бусдад зааж, тохинуулж мөн олон цагийг өөрсдийгөө бэлдэхэд зориулж байгаад тань баярлалаа.

Би та бүхнийг шинэ удирдамж болох Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг судалж, өөрийгөө үнэлснээр, өөртөө зорилгоо сануулахад урьж байна.

Бурханы үгэнд тулгуурлаж мөн ийн үйлдэхийг бусдад Аврагчийн арга барилаар зааснаар бид Бурханыг төдийгүй бусад нөхдөө мөн бусад хүнийг хайрладаг гэдгээ харуулдаг. Мөн бид давчуу бөгөөд нарийн замаар алхах үедээ өөрсдийн болон бусдын үхэшгүй бодгалийг “тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд, Абрахамтай, мөн Исаактай, мөн Иаковтай хамт, мөн бидний бүх ариун эцэг өвгөдийн хамт, цаашид гарахгүйгээр суухаар” байрлуулах хамгийн ариун дуудлагад гар бие оролцдог.18

Хайрт багш нар аа, миний хайрт найзууд минь, хамтран үйлчлэгчид минь, Аврагчийн арга барилаар заах чин сэтгэлийн үйлчлэлд тань Бурхан та бүгдийг адислах болтугай. Бүх цаг үеийн хамгийн агуу багш болох Есүс Христийн ариун нэрээр, амен.

Хэвлэх