Жил тутмын нэвтрүүлэг
Бурханд найд


23:27

Бурханд найд

И&С-ын жил тутмын нэвтрүүлэг, 2024 оны 1-р сар

2024 оны 1 дүгээр сар 26, баасан гараг

Залуу үеийг Христ рүү хөтлөхийн тулд маш их зүйлийг хийж буй та нарт хандан ярих нь адислал юм. Зааж, хөрвүүлэх ажил нь та нарынх юм. Та нарын хамтрагч бол Ариун Сүнс. Та нарын шагналыг үгээр зүйрлэшгүй. Аврагчийн үгээр хэлэхэд, “миний Эцэгийн хаант улсад … та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ”1.

Боловсрол хариуцсан захирал, ахлагч Кларк Г.Гилбэрт, Институт, семинарын удирдагч Чад Х.Вэбб ах нар бидэнд хандан ярьсанд би талархаж байна. Би энэ хоёр ахтай хамт үйлчлэхдээ дуртай, бас тэд нараар бахархдаг. Тэднээс дөнгөж сая хүлээн авсан мэргэн удирдамж болон зөвлөгөөг би баталж байна. Тэд ярьж байгаа зүйлээ сайн мэддэг. Вэбб ахын мэдээлснээр семинар, институт аль аль нь өсөж байгаад би баярлаж байна. Энэ өсөлтөд ямар нэг хэлбэрээр оролцсон бүх хүнд баяр хүргэж, талархсанаа илэрхийлье.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, мөн бусад төлөөлөгч, бошиглогчдын тодотгон хэлсэн бошиглолын үгсийг судалж, баяжуулж байх талаар хэлсэн ахлагч Гилбэртийн үгсийг та нар санана гэж би найдаж байна. Тэр тусмаа үүнийг хэрхэн хийж байгаа болон үр ашигтайгаар хийх талаар эш татсан жишээнүүд нь их тустай юм. Та нар эдгээрийн хэд хэдийг даган дуурайж, өөрсдийн нөхцөл байдалд тааруулан бусад байдлаар ашиглах сүнслэг удирдамж олж болно. Энэ бол Сүмийн боловсролд хийж буй чухал санаачилга бөгөөд бодит үр дүн авчрах болно.

Вэбб ах семинарт сэдэвчилсэн хичээлүүд үзэх болсныг зарласанд би баярлаж, бүр сонирхол төрж байгаагаа илэрхийлмээр байна. Бид семинарын сургалтын хөтөлбөрт судрыг дэс дараалан үзэх урьдын аргачлалыг үргэлжлүүлэх бөгөөд ихэнх долоо хоногт номлол, ариун сүм, боловсролын бэлтгэл, судар судлах ур чадвар, сэтгэлийн хаттай байх, амьдралын ур чадвар, хожмын үеийн бошиглогчдын сургаалууд гэх зэрэг сэдэвчилсэн хичээлүүдийг нэмэх болно гэдгийг тэрээр онцолсон. Миний хувьд энэ нь бялуун дээр зарим нэмэлт жимс жимсгэнэ тавих, чимх амтлагч нэмэхтэй адил санагдаж байна. Энэ нь маш амттай байх болно. Энэхүү аргачлалаас юу сурч мэдэж болохыг би та бүхэнтэй хамт тэсэн ядан хүлээж байна. Семинарт хамрагдахын тулд хичээл зүтгэл, золиослол гаргаж буй тэдэнд илүү их зүйлс өгөгдөх боломжтой байгаад би баяртай байна. Бялуугаа амтархан идэцгээгээрэй.

Би одоо өсвөр үеийнхнийг маань зовоож буй өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй санаа зовоосон нэг асуудлын талаар яримаар байна. Би сэтгэл түгшүүр ба сэтгэл гутралын маш бодит мэдрэмжүүд ба бүр дордвол мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, өөрийгөө гэмтээх, бүр амиа хорлох зэрэгт хүргэдэг эдгээр мэдрэмжийн гашуун үр жимсний талаар ярьж байна. Хэдэн тоо баримт танилцуулъя.

2004-өөс 2021 оны хооронд дэлхий даяар өсвөр үеийнхний дунд хурц хэлбэрийн сэтгэл гутрал охидын дунд 13.1%-ээс 29.2%, хөвгүүдийн дунд 5%-аас 11.5% болж өссөн.2 12-оос 17 насны өсвөр үеийнхний 21% нь амьдралдаа дор хаяж нэг удаа, 15% нь өнгөрсөн жил сэтгэл гутралын хүнд мөчийг туулсан.3 Эдгээр тоо баримтад ороогүй хурц биш хэлбэрийн сэтгэл гутрал ба сэтгэл түгшүүр тэднээс гадна олон хүүхдэд нөлөөлж байгаа нь томоохон сорилт болж байна.4 WebMD-д бичигдсэнээр сэтгэл түгшүүрт өртдөг хүмүүсийн бараг 60% нь сэтгэл гутралд ордог ба сэтгэл гутралд ордог хүмүүсийн 60% нь мөн адил сэтгэл түгшүүртэй болдог.5

Дэлхий даяарх Сүмийн гишүүн өсвөр үеийнхний дунд хийсэн урт хугацааны судалгаагаар 2018 онд 29% нь эмнэлгийн түвшний сэтгэл түгшүүрт өртөж байсан гэсэн үр дүн гарчээ. Мэдээж энэ тоо нь улс орнуудын хувьд ялгаатай ба тухайн улсын нийт өсвөр үеийнхнийг төлөөлж чадахгүй байж мэдэх ч эмнэлзүйн сэтгэл түгшүүрийн судалгааны үр дүнгээс заримыг нь толилуулахад: Америкийн нэгдсэн улс 28%; Чили 32%; Франц ба Бельги 16%; Өмнөд Африк 46%; Тайвань 18%; Шинэ Зеланд 32%-тай байна.6

Сэтгэл гутрал ба сэтгэл түгшүүрийг бий болгодог, үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл байж болох нь ойлгомжтой. Заримдаа удамшлын нөлөөлөл ч байж болох тохиолдол байдаг. Үүнд нөлөөлж болох хэд хэдэн гадаад хүчин зүйл байж болох бөгөөд эдгээрт цочирдол ба хайхрамжгүй байдал, стресст автах, эцэг эхийн хүүхдээ өсгөх арга барил, хүйсийн чиг хандлага, үеийнхнийх нь болон хамт олны нөлөөлөл, сургуулийн хүчин зүйлс, зан авир гэх зэрэг орно.

Сэтгэл гутрал ба сэтгэл түгшүүр газар авч байгаатай холбоотой харьцангуй шинэ нэг хүчин зүйл бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ бөгөөд энэ нь АНУ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын албаны анхаарлыг татаж, анхааруулга гаргахад хүргэжээ. Америкийн Нэгдсэн Улсад өсвөр үеийнхний 95% нь олон нийтийн сүлжээний хамааралтай, бараг гуравны хоёр нь үүнийг өдөр бүр ашигладаг болохыг тооцоолсон. Судалгаагаар эдгээр өсвөр үеийнхэн олон нийтийн сүлжээнд өдөрт дунджаар гурван цаг хагасыг өнгөрүүлдэг ба энэ нь тэдэнд өөрсдийгөө сөргөөр харахад нөлөөлдөг гэжээ. Онлайн хэрэглээ нь зарим хэв маяр нь цахим дээрэлхэлхэлт, секс зурвас, мөхлийн хайлт зэрэг сөрөг үр дагавартай байдаг байна. (Мөхлийн хайлт гэж юу байдгийг өмнө нь дуулж байгаагүй надтай адил хүмүүст тайлбарлахад, утас эсвэл компьютер дээр удаан хугацааны турш сөрөг мэдээ үзэхийг хэлдэг ажээ. Энэ нь зарим хүнд хортой зуршил болж тогтсон байдаг бөгөөд яагаад ч юм харанхуйн тайтгарлыг өгдөг юм байна.) Олон нийтийн сүлжээг идэвхгүй хэлбэрээр буюу үүн дээрх контентуудыг зорилгогүйгээр үзэх нь өөрийгөө бусадтай сөргөөр харьцуулж, дорд үзэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг бол идэвхтэй хэлбэрээр пост хийж, коммент бичиж, бусадтай холбогдож ашиглах нь дээрхтэй адил сөргөөр нөлөөлдөггүй байна.

Сэтгэл гутрал ба түгшүүрээс хамгаалдаг батлагдсан хэдэн зүйл байдгийг судалгаагаар мөн тогтоожээ. Үүнд хөдөлгөөнт үйл ажиллагаа, хайр халамж, шаргуу зан, мөн өөрийгөө хянах чадвар ордог.

Санаа сэтгэлээр унах эсвэл түгшүүртэй байх ихэнх тохиолдол нь Бурханы төлөвлөгөөг ойлгохгүй, санахгүй байгаагаас мөн асуудал гарч ирэхэд Түүний хүчинд найдахгүй байхаас ирдэг гэж би хувьдаа итгэдэг. Бурханы бодит байдал, Түүний хайранд болон хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд нь итгэдэггүйгээс залуучууд өөрсдийн ирээдүйг өнгөгүй, хэврэгээр хардаг. Институт, семинарын багш нарыг зөвлөх эсвэл сэтгэл засалч мэргэжилтнүүд болоорой гэж бид хүсэж байгаа юм биш. Харин ч бид сэтгэлийн түгшүүр, дарамт авчирч буй нийгмийн нөлөөлөх хүчний эсрэг талд нь зогсох хүч болдог. Бид найдвар түгээгчид билээ. Бид бол Бурханд итгэх итгэлд суурилсан найдварын дуу хоолой билээ.

Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөө, ялангуяа энэ төлөвлөгөөний үндсэн хэсэг болох Есүс Христийн цагаатгалын тухай ойлголт нь тайтгарлыг өгдөг. Энэ нь бид яагаад оршин байдгийг мөн мөнх бус амьдрал дахь бидний зорилго зэргийг мэдүүлснээр сүнслэг болон сэтгэлийн хатыг бүрдүүлж, хадгалдаг. Аврал болон дэмжлэгийг хэнээс хайж болохыг бид дүрэм болон жишээгээр заадаг. “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”7 хэмээх Аврагчийн үгс тэдний сэтгэл зүрхэнд оршиг. Бидний гэрээ биднийг Түүнтэй холбодог бөгөөд Түүнтэй байснаар бид ч бас дэлхийг ялж чадна.

Бид суралцагчдад болон бусад хүнд Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр өөрсдийн суурийг тавихад нь тусалж чадна. Ингэснээр “чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирч дийлэх хүчгүй байх болно”8. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүний талаар ийн тайлбарласан: “Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ”9.

Бид энэ жил Мормоны Номыг судлах болохоор бидэнд зүйрлэшгүй олон боломж ирж байна. Гэтэлгэлийн төлөвлөгөөг үүнээс илүү тодорхой харуулдаг судар байхгүй. Есүс Христийн Цагаатгалын бодит байдал, утга учрыг үүнээс илүү итгүүлэн заадаг өөр ямар ч ном байхгүй. Есүс бол Христ бөгөөд Тэрээр бие махбодын болон сүнслэг үхлийн аль алиныг нь ялсныг гэрчилдгээрээ бусдыг хөрвүүлэх хүч Мормоны Номоос өөр ямар ч сударт илүү байхгүй. Мормоны Ном сайн мэдээний үнэнүүдийг болон сайн мэдээний зарлигуудыг дагахаас ирдэг баяр баяслыг энгийнээр харуулдаг билээ. Үүний дотор ялалтын түүхүүд дүүрэн байдаг. Мормоны Ном бол Бурханы үг бөгөөд “Бурханы үгийн хүч чадал”10 нь Аврагчид итгэх итгэлийг бий болгодог. Уг итгэл нь бидний автаж болох эргэлзээ, түгшүүр, зовнилыг арилгадаг.

Хэдэн жишээ авч үзье.

Хаан Бенжамины бидэнд танил болсон амлалтын үгс бий: “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм.”11

Хавчлагатай нүүр тулж, эцэг нь нас барж, сэтгэлээр унасан үедээ хэлсэн Нифайн тайвшралын тунхгийг санацгаая.

“Гэсэн хэдий ч, түүний агуу хийгээд гайхамшигт ажлуудыг надад үзүүлэх Их Эзэний агуу сайн сайхан байлаа ч, зүрх минь хашгирч: Ай золгүй хүн юм би! Тийм ээ зүрх минь … миний алдсуудын учир гашуудах ажгуу.

Би хүрээлэгдсэн нэгэн, намайг туйлын амархнаар хавчих тэр уруу таталтууд болон нүглүүдийн улмаас болой.

Мөн намайг баясахыг хүсэхээр миний нүглүүдийн учир зүрх минь ёолно; гэсэн хэдий ч, би хэнд итгэснээ мэдэж байна. …

Ай тэгээд, хэрэв би тийм агуу их зүйлийг харж байсан юм бол, хэрэв Их Эзэн хүмүүний үрсэд хандуулсан хүлцэлдээ тийм их нигүүлслээр айлчилсан юм бол, яагаад зүрх сэтгэл минь шархирч мөн бодгаль минь гунигийн хөндийд хоргодон, мөн маханбодь минь эцэн, бас хүч чадал минь зүдгүүрүүдийнхээ учир сулрах билээ …

Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно.”12

Дахин төрөхийн баяр баясал ба Бурханд найдахын тухай Алма ийн хэлсэн.

“Мөн эдүгээ, гурван өдөр мөн гурван шөнийн турш, бүр яллагдсан бодгалийн өвдөлтөөр би тарчлав.

“Мөнхүү улиран тохиох дор би тийн зовлонд тамлагдаж, өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа би, болгоогтун, би түүнчлэн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглохыг дуулснаа санав.

Эдүгээ, миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашхирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үүрдийн үхлийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв.

Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжид цаашид тарчлагдахгүй болов.

Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв! …

Тийм ээ, мөн тэр цагаас бүр одоог хүртэл, би бодгалиудыг наманчлалд авчирч болохын тул; өөрийн амталсан тэр үлэмжийн баяслаас амтлахад тэднийг авчирч болохын тул; тэд түүнчлэн Бурханаар төрж, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тул зогсолтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн билээ. …

Мөн би зүйл бүрийн зүдгүүр хийгээд бэрхшээлүүдийн доор, тийм ээ, мөн төрөл бүрийн зовлонгуудад дэмжигдсэн буюу; тийм ээ, Бурхан намайг шоронгоос, мөн хүлээснээс, мөн үхлээс чөлөөлсөн бөлгөө; тийм ээ, мөн би түүнд найдлага тавьдаг, мөн тэрээр намайг чөлөөлсөөр байх болно.”13

“Би хүмүүний замналыг болгоох болсон тэр цагаас ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зураг нүдний минь өмнө байсан буюу”14 хэмээн шүүрс алдсан Мормоноос илүү сэтгэлийн түгшүүр ба сэтгэлийн гүн гутралд орох шалтгаан өөр хүнд байна гэж үү? Дайн тулаан, сэтгэлийн шарх амьдралын нь турш үргэлжилсэн ч тэрээр Моронайд “Хүү минь, Христэд итгэлтэй бай; мөн миний бичсэн зүйлүүд чамайг үхэлд хүргэх болтол шаналгахгүй байгаасай; харин Христ чамайг өргөн, мөн түүний зовлон хийгээд үхэл, мөн бидний өвөг дээдэст өөрийн биеийг үзүүлсэн нь, мөн түүний нигүүлсэл хийгээд тэвчээр, мөн түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар оюунд чинь үүрд байг”15 хэмээн хэлсэн билээ.

Аврагч ойлгохын аргагүй зовлон зүдгүүрийг хэрхэн давсныг болон бид цөхрөлд автахын оронд Түүн рүү эргэж амралт ба эдгэрэлтийг хайж болохыг Алма тайлбарласан.

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.

… Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодын дагуу зовох болно; мөн эдүгээ болгоогтун, надад буй гэрчлэл нь энэ болой.

Эдүгээ та нар наманчилж, мөн дахин төрөх ёстойг би та нарт хэлнэ; учир нь хэрэв та нар дахин төрөхгүй бол тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй хэмээн Сүнс хэлдэг; тиймийн тул ирэгтүн мөн наманчлалд баптисм хүртэгтүн, та нар нүглүүдээсээ угаагдаж болохын тулд, та нар дэлхийн нүглүүдийг зайлуулах, зөв шударга бус бүхнээс цэвэрлэж мөн аврах чадалтай, Бурханы Хурганд итгэлтэй байж болохын тулд бөлгөө.”16

Дахин төрж, “Их Эзэн Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болох”17 үйл явцыг болон үүний жинхэнэ утга учрыг бид Мормоны Номоос мэдэж авдаг. Хэрэв бид залуучууд, өсвөр үеийнхнийг сүнсээр дахин төрөхөд удирдаж чадвал сэтгэл гутрал арилж, амьдрал дахь сэтгэлийн түгшүүрээ (дэлхий даяарх нэвтрүүлэгт үг хэлэхэд мэдэгдэж болно) зохицуулахад хялбар болно. Тэд Сүнсээр төрж, Бурханд найдаж сурвал тэдний амар амгаланг үхэл байсан ч ганхуулахгүй.

Ахлагч Нийл А.Максвэлл үхлээр бүх зүйл нь төгсөх хүмүүний нөхцөл байдлын талаар нэг удаа ийн ярьсан. Бидний ололт амжилт, хөрөнгө хуримтлал, холбоо хамаарал төгсгөлтэй ба ингээд л дуусдаг бол Номлогчийн үгс дээр хэлснээр “бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг” 18 Үхэл бол зайлшгүй бөгөөд үхлийг ялах хүчгүй бол бид бүгдийн амьдрал цааш үргэлжлэх зорилго үгүй гэдгийг ухаарах нь зүй ёсны бөлгөө. Гэвч үхлийг ялан дийлсэн гэдгийг, амьдрал зорилготой ба утга учиртай, бүгд хий хоосон биш гэдгийг бид мэднэ. Есүс Христ Цагаатгалаараа хүмүүний үхлийг ялсан бөгөөд Ахлагч Максвэлл ийн хэлсэн. “Христ үхлийг ялсан нь хүн төрөлхтний зовлонд цэг тавьсан юм. Одоо зөвхөн хувь хүний зовлон л байгаа бөгөөд биднийг сүнсний үхлээс авардаг Түүний сургаалыг дагаснаар л бид энэ зовлонгоосоо салж чадна” гэж хэлсэн байдаг.19

Эдгээр бүх зүйлд бид ерөнхийлөгч Нэлсоны саяхан хэлсэн “Селестиел ухаанаар бодогтун” хэмээх алсын үзэл бодлыг түгээж байгаа юм. Олон янзын соёлд илүү өргөн тархаж буй “Ид, уу, мөн баяс, учир нь маргааш бид үхнэ” гэх хандлагыг эсэргүүцэхэд нь бид өсөж буй үеийнхэндээ туслах ёстой. Амьдралд хандах энэхүү ялагдлын хандлага нь гэтэлгэлийн болон аз жаргалын агуу төлөвлөгөөг үл ойшоож, зөвхөн одоогийн жаргал цэнгэлийг урьтал болгодог. Энэ нь амьдралын тогтворгүй замнал ба загвар луу хөтөлдөг. Энэ бол толгой эргэм сэтгэлийн түгшүүр, асар их сэтгэл гутралд хүргэх шулуун зам юм. Ерөнхийлөгч Нэлсон энэ асуудлын талаар өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулган дээр ийн зөвлөсөн: Тэр ийн зөвлөжээ.

“Мөнх бус амьдрал нь хамгийн агуу мөнхийн ач холбогдолтой зүйлсийг сонгож сурдаг мастер анги юм. Дэндүү олон хүн энэ амьдралаас өөр амьдрал байхгүй мэт амьдардаг. Гэвч та нарын өнөөдрийн сонголт таны үүрд амьдрах газар, амилуулагдах бие махбод болон үүрд хамт амьдрах хүмүүс гэсэн гурван зүйлийг тодорхойлно. Тиймээс селестиел ухаанаар бод.”20

Тэрээр саяхан хэвлэгдсэн Асуудлын зүрхэнд хэмээх номдоо ерөнхийлөгч Нэлсон энэ санааг илүү дэлгэрүүлж бичихдээ өөрт нь тохиолдсон аймшигт явдлыг дурдсан юм. Тэрээр:

“Би амьдралдаа хэд хэдэн удаа үхэлтэй нүүр тулж үзсэн. Үүний нэг нь 2009 оны 5-р сард Мозамбикийн Мапутод болсон юм. Африкийн зүүн өмнөд бүсийн ерөнхийлөгч, ахлагч Уильям В.Пармли, түүний эхнэр Шанна, мөн Мозамбикийн Мапуто номлолын ерөнхийлөгч Блэйр Ж.Паккард, түүний эхнэр Синди нартай номлолын ерөнхийлөгчийн гэрт оройн хоол идэж байтал автомат буу барьсан гурван хүн өрөөнд гэнэт орж ирэв.

“Нэг нь миний толгойд буу тулгаад, намайг алж, эхнэрийг минь барьцаална гэж хэлээд гохоо дарсан. Буу түг хийн дуугарсан боловч буудсангүй. Буу нь ажиллаагүйд уур нь хүрсэн дээрэмчин миний нүүр лүү өшиглөхөд би шалан дээр уналаа. Ингээд дуусдаг юм байж гэсэн бодолдоо би итгэлтэй байв. Би дотроо, би энэ амьдралаас явж дараагийн амьдралдаа очих нь дээ. Энэ үнэхээр сонирхолтой туршлага болох байхдаа гэж бодож байснаа санаж байна.

“Энэ үед өөр нэг дээрэмчин Вэндигийн нуруунд гар буу тулгаад сандлыг нь ганхуулж, ‘Чи бидэнтэй явна. Чи бидэнтэй яв’ гэж хэлж байв!

Бидэнд тохиолдсон дараалсан гайхамшигт үйл явдлууд, мөн Синди Паккард эгчийн баатарлаг үйлдлийн ачаар бид амьд үлдсэн. Гэвч өмнөх айдаст тохиолдлуудын адил, амьдрал ямар хэврэгхэн болохыг мөн мөнхийн ач холбогдолтой зүйлс энэ дэлхийд ямар цөөхөн байдгийг би ухаарсан юм. Дээрэмчид бидний амь насанд заналхийлж байхад би авсан гавьяа шагнал эсвэл боловсролын зэрэг эсвэл магтуулсан сайшаалын талаар бодоогүй. Би гэр бүл ба Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдийнхээ талаар бодож байлаа.

Энэ амьдрал эндээ дуусаж, үхлийн дараа үргэлжлэхгүй, мөн энэ амьдралд хийсэн зүйлс ирээдүйд хамаагүй мэтээр амьдарч байгаа хүмүүс бидний дунд хэт олон байна уу даа гэдгээс би айж байна. Энэ нь зүгээр л үнэн биш.

“Бид дэлхийн гялалзсан зүйлс буюу хүмүүний хүндлэл, хүслээс болж гэрээний замаасаа сатаарч, татагдан гарахгүй байх нь маш чухал. Эдгээр зүйл нь дараагийн дэлхийд ямар ч үр нөлөөгүй. Юу хамаатай вэ гэвэл Бид Бурхантай гэрээ хийж үүнийгээ сахисан эсэх юм.”21

Бид ямар нэг байдлаар нөлөөлж чадах хүмүүстээ Бурхантай гэрээ байгуулж, үүнийгээ сахихад нь туслах боломжтой байхын төлөө би залбирч байна. Бурханд итгэх итгэлээ хөгжүүлж, Бурханд найдаж, найдварыг олоход нь бусдад тусал. Нүглээ наманчилж, Аврагчийн гэтэлгэгч ач ивээл дотор байж, амар амгаланг олоход нь тэдэнд тусал. “Христийн хүүхдүүд, Түүний хөвгүүд, Түүний охид”22 болж дахин төрөөд, баяр баясгаланг олоход нь тэдэнд тусал. Тэгснээр та “Сайн байна, итгэмжит сайн зарц минь”23 хэмээх Бурханы тааламжит үгийг хүлээн авч магад.

Есүс Христийн Амилалтын баттай бөгөөд хөдөлшгүй гэрчлэлээ би та нарт өгч байна. Түүний Амилалт болсон нь Есүс Христийн сайн мэдээний талаар бидний заадаг зүйлсийн үнэнийг гэрчилдэг бөгөөд Тэрээр тэнгэр, газрын бүх хүч чадлыг атгадаг, мөн Тэрээр Өөрийн амлалтыг биелүүлж чадна, биелүүлэх ч болно гэдгийг батлан харуулдаг. Тэр амьд! Та нар Түүний доорх хоньчид мөн. Би та нарыг Түүний хайраар мөн Түүний хургануудыг илүү ихээр халамжлах, мөн заах чадвараар адисалж байна. Есүс Христийн нэрээр, амен.