Жил тутмын нэвтрүүлэг
Сайн мэдээний элч


16:34

Сайн мэдээний элч

2023 оны И&С-ын жил тутмын нэвтрүүлэг

2023 оны 1-р сарын 27, баасан гараг

Чад Х Вэбб ах: Эрт дээр үед сайн мэдээ, тэр дундаа дайны ялалтын мэдээг хүргэх элчээр сонгогдоно гэдэг туйлын хүндтэй үүрэгт тооцогддог байсан гэдэг. МЭӨ 490 онд Фэйдиппидис хэмээх нэгэн залуу эрэгтэй Грекийн сэтгэл түгшсэн иргэдэд арми нь Персийн эзлэн түрэмгийлэгчдийг ялж, үндэстнээ аварсан талаарх мэдээг хүргэх хүндтэй үүргийг гүйцэтгэхээр сонгогджээ. Домогт өгүүлснээр, Фэйдиппидис Марафоны хөндийгөөс Афин хүртэлх замын турш гүйн, сайн мэдээг тунхаглажээ. 2500 гаруй жилийн дараа, надаас хамаагүй дээр хүмүүс өөрсдийн марафон гүйлтээр тэрхүү гүйлтийг дурсан санасаар байна.

Исаиа сайн мэдээний элч байх тухай санааг дараах үгээр тайлбарласан.

“Мөн эдгээр нь амар амгаланг зарласан тэд, сайны тухай баярт мэдээг авчирсан тэд, авралыг зарласан тэд бөлгөө; мөн Сионд хэлсэн нь: Таны Бурхан хаанчлан буй! …

… Мөн, Ай уулсын дээрх тэдний хөл хичнээн үзэсгэлэнтэй байсан билээ!

Мөн … амар амгаланг зарласаар буй тэдний хөл уулсын дээр хичнээн үзэсгэлэнтэй билээ!”1

Судрын эдгээр шүлэг сэтгэлээр унаж, гэрээ санасан залуу номлогч байхад минь бүх зүйлийг өөрчилсөн юм. Эдгээр шүлгийн утга санаа дэлхий ертөнцийн өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хамгийн агуу сайн мэдээний элч байх итгэлийг надад хүлээлгэсэн хэмээх үнэнд миний зүрх сэтгэл, оюуныг нээж өгсөн юм. Цөхрөл, өөрийгөө өрөвдөх байдал маань найдвар, талархлаар солигдсон бөгөөд Түүний зүйрлэшгүй хайр, цагаатгагч золиос, нүгэл ба үхлийг ялан дийлсэн ялалтын сайн мэдээг түгээхээр би Аврагчийг төлөөлөх ёстой гэдгээ Ариун Сүнсээр дамжуулан анх ойлгосон тэр өглөөг би хэзээ ч мартдаггүй.

Өдөр бүр ангидаа орохдоо та нар Есүс Христийн сайн мэдээний элч болдог. Хагарал, зөрчилдөөний ертөнцөд эв эеийг тунхаглаж, төөрөгдлөөр дүүрэн, хар бараан орчлонд гэрэл, үнэнийг авчирч байгаа та бүгдэд баярлалаа. Энэ бол Есүс Христийн үнэн Сүм. Та нар бол Их Эзэний Сүмийн өсвөр үе, залуучуудад амар амгаланг тунхаглахаар бэлтгэгдэж, сонгогдсон элч юм. Есүс Христийг төлөөлж, Түүний сайн мэдээг зааж, Түүний арга барилаар заахыг эрмэлзэх нь ямар хүндтэй үүрэг гэж санана.

Өнгөрсөн жил ахлагч Дийтр Ф.Угдорфыг Аврагчийн арга барилаар заах нь хэмээх шинэ гарын авлагыг танилцуулах үеэр түүнээс суралцах боломж бидэнд олдсон билээ. Энэ шинэ гарын авлага Агуу Багш болох Есүс Христийн үлгэр жишээн дээр төвлөрч байгаа нь надад таалагддаг. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Илүү сайн багш болох хамгийн шилдэг арга зам бол Есүс Христийн илүү сайн дагалдагч болох явдал юм”2 гэж хэлсэн.

Бид Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага бэлэн болох үед Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагыг ашиглахаа болих юм. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага нь сургалтын эх сурвалж байхаар зохиогдоогүй бөгөөд харин үр дүнтэй судалж, заах талаар тайлбар, тодорхойлолт өгөх зорилготой. Сургалтын эх сурвалжуудыг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын зарчмуудыг хэрэгжүүлэхэд та нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор хэвлэн гаргадаг бөгөөд цаашид ч хэвлэн гаргасаар байх болно. Уг эх сурвалжууд нь Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дахь зарим хэсгийг багтаасан төдийгүй тэдгээр нь суралцагчдыг олон жилийн турш адисалсаар ирсэн.

Би та нарын олонхыг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг судалж, хувийн үнэлгээний асуултуудыг тунгаан бодоход ихээхэн цаг зарцуулсныг мэднэ. Сэргээгдсэн сайн мэдээний Христтэй адил багш байхын тулд хийж буй бүх зүйлд тань баярлалаа.

Сургалтын материалуудаа улам сайжруулах үүднээс институт, семинарын зорилгын албан ёсны мэдэгдэлд оруулж буй өөрчлөлтийн талаар би зарлахыг хүсэж байна. Зорилгын мэдэгдэлд орж буй өөрчлөлтийн талаар та нартай хуваалцахын өмнө би нэг зүйлийг тайлбарлая. Өнгөрсөн хоёр жилийн турш бид хөрвөлт, сургаалын ач холбогдлыг ойлгуулах, бидний нэг хэсэг гэдгийг мэдрүүлэх зорилготой, суралцагчдад зориулсан туршлагыг бий болгоход мөн үүнийг илүү олон өсвөр үеийнхэн, залуучуудад мэдрүүлэх тал дээр анхаарсаар ирсэн. Эдгээр зарчим нь хоорондоо мөн чанарын хувьд ижил биш гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Тэдгээрийн эцсийн зорилго бол суралцагчдад сайн мэдээг судалж, Есүс Христэд гүнзгий хөрвөгдөхөд нь туслах туршлагыг өгөх явдал юм.

Сургаалын ач холбогдлыг ойлгож, бидний нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь чухал хэдий ч эдгээр нь шууд бус үр дүнгийн илрэл мөн. Эдгээрийг үр дүнтэй ашигласан тохиолдолд бидний шууд зорилго болох хөрвөлт рүү хөтөлнө. Хөрвөлт рүү хөтөлдөг сургаалын ач холбогдлыг ойлгох нь суралцагчидтайгаа сонирхолтой зүйлсийн талаар зүгээр нэг ярилцахаас илүү зүйл юм. Есүс Христээс, Түүний сэргээгдсэн сайн мэдээнээс өөр хэн ч, юу ч бидний мөнхийн өсөлт хөгжил, аз жаргалд илүү ач холбогдлыг өгч чадахгүй. Авралын төлөвлөгөө бол Бурханы бүх хүүхдийнхээ төлөө зохиосон төлөвлөгөө. Энэ нь Бурханы хүүхэд бүрд шууд болон мөнхийн ач холбогдолтой зүйл юм.

Хөрвөлт рүү хөтөлдөг сургаалын ач холбогдлыг ойлгох ойлголт нь Ариун Сүнс Бурханы төлөвлөгөөг мөн энэ төлөвлөгөөн дэх Есүсийн гол үүрэг, бидний өдөр тутмын амьдрал дахь сайн мэдээний ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах үед бий болдог. Хөрвөлт рүү хөтөлдөг сургаалын ач холбогдлыг ойлгох явдал нь суралцагчдад судрууд хийгээд өнөө үеийн бошиглогчдын сургаалууд тэдний нөхцөл байдал, хэрэгцээнд хэрхэн холбогдож болох талаар олж харахад тусалдаг. Энэ нь тэдэнд сайн мэдээ бодгалийнх нь талаарх асуултад хэрхэн хариулт өгдгийг олж харахад тусалдаг. Энэ нь тэднийг Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу үйлдэх сүнслэг өдөөлтийг мэдэрч, Тэнгэрлэг Эцэгийн амласан адислалуудын биелэлтийг олж харах үед тохиолддог. Энэ бол хөрвөлт рүү хөтөлдөг сургаалын ач холбогдлыг ойлгох явдал юм.

Түүнчлэн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь өөрөө эцсийн зорилго бас биш юм. Бодит байдал дээр нэгэн хэсэг гэдгээ мэдрэх гэдэг үг маш олон утгаар хэрэглэгддэг бөгөөд заримдаа сайн мэдээнд бидний хэрэглэдэг утга буруугаар ойлгогдох нь бий. Бидний олонх нь нэгэн хэсэг гэдгээ олон нөхцөл байдалд мэдэрсэн байдаг. Энэ явдал надад өсвөр насандаа спортын өөр багуудад орж тоглодог байх үед маань тохиолдсон юм. Багийн маань гишүүд миний хамгийн дотнын найзууд байдаг байсан бөгөөд амжилттай байх зорилгодоо би өөрийгөө бүрэн зориулж байгаагаа дотроо мэдэрдэг байв. Нэгэн хэсэг гэдгээ ийм байдлаар мэдрэх нь эрүүл бөгөөд чухал юм. Гэвч хөрвөлт рүү хөтлөх энэ төрлийн мэдрэмж илүү их зүйлийг шаарддаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр нэгэн хэсэг гэдгээ мэдрэх буюу харьяалагдах тухай сургаал гурван хэсэгтэй талаар ингэж заасан. Их Эзэний гэрээт хүмүүсийг цуглуулах, үйлчлэх болон золиос гаргах, нэгэн хэсэг нь байхад Есүс Христийн эзэлдэг байр суурь багтдаг.3 Эдгээр ойлголт нь хөрвөлт рүү хөтөлдөг нэг хэсэг байхын хамгийн чухал зүйлс юм. Нэгэн хэсэг нь байх гэдэгт мэдээж нэг нэгнээ хайрлаж, хүндэтгэхийг багтаадаг. Түүнчлэн энэ нь биднийг Аврагчид авчирч, Түүн рүү эргэн очих гэрээний зам дээр алхахад нэг нэгэндээ туслах Түүний үйлсийн нэг хэсэг болох зарчмуудыг багтаадаг.

Үнэн сайн мэдээн дээр төвлөрсөн нэгэн хэсэг нь байх адислал нь гэрээн дээр суурилсан харилцааг мөн багтаадаг. Нэгэн хэсэг нь байх явдлыг сэргээгдсэн сайн мэдээний өнцгөөс тайлбарлах нь өөрсдийн жинхэнэ мөн чанар, Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах мөнхийн харилцаагаа ойлгож мэдэхэд бидэнд тусалдаг. Түүний биднийг гэсэн хайр байгаа учраас бид гэрээ байгуулах боломжтой болсон бөгөөд энэ нь биднийг Түүнтэй, мөн гэр бүлтэй минь, мөн нэг нэгнийхээ ачааг үүрэхээр амлалт өгсөн Сүмийн гишүүдтэй холбодог. Энэ төрлийн нэг хэсэг байх нь Есүс Христ рүү болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний хөрвөлт рүү хөтөлдөг.

Одоо би Сүмийн боловсролын зөвлөлөөс зөвшөөрөл олгосон, манай зорилгын тухай мэдэгдэлд орж буй өөрчлөлтийн сэдэв рүүгээ эргэн оръё. Заах, судлах бидний бүх ажлын шууд зорилго болох хөрвөлтийг бий болгох хичээл зүтгэлийн хүрээнд бидний зорилгын мэдэгдэл ийнхүү өөрчлөгдөж байна. “Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдөдөө болон гэр бүлдээ мөн бусдад Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм.” Энэ өөрчлөлт нь бидэнд Есүс Христийн насан туршийн шавь болоход нь суралцагчдад туслах туршлагыг бий болгох бидний хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж, сургалтууд зохион байгуулахад туслах болно. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын багшийн үүргийн тодорхойлолт нь хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслах багшийн үүргийг илүү сайн ойлгоход бидэнд тусална гэдэг нь хэвээр байх болно. И&С-ын сайтаас харах боломжтой бидний зааварчилгаатай холбогдох Амьдар, Заа, Тохинуул гэсэн догол мөрүүдийг бид мөн шинэчилсэн.

Сайн мэдээг үр дүнтэй заах бидний хүчин чармайлтын арга барил эсвэл сэдэв өөрчлөгдөж болох хэдий ч Христэд суурилсан, суралцагч төвтэй, сударт тулгуурласан хэвээр байх болно. Мөн бид зааж, судлах туршлагаа Ариун Сүнсний өдөөлт, гэрчлэлээр удирдуулахыг үргэлж хичээх болно. Бидний хийх бүх зүйл Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлдэг байх ёстой. Учир нь Тэр бол тэдний бэрхшээл, асуултуудын хариулт юм. Тэр бол тэдний гэтэлгэлийн болон авралын Бурхан юм.

Одоо би Сүмийн боловсролын зөвлөлөөс зөвшөөрөл олгосон өөр нэг мэдэгдлийг хүргэе. Би энэ мэдэгдлийг бас нэг тайлбараар эхлэхийг хүсэж байна. Энэ удаа би Аврагчийн заасан зарчмыг ашиглана. Би саяхан тариачны сургаалт зүйрлэлд Есүс зарим үр зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болсон талаар ярьсанд анхаарлаа хандуулсан юм. Үүнийг уншиж байх үед надад чухал санагдсан зүйл бол эдгээр нь тус бүрдээ Аврагчийн тодорхойлсноор сайн хөрсөнд унаж ургасан байв. Тэдгээр нь замын хавиар, чулуурхаг газар, хогийн ургамлын дунд унасангүй. Харин сайн хөрсөнд унасан байв.

Энэ нь намайг бидний одоо мөрдөж буй хичээлийн кредитийг авах шаардлага зөвхөн зуу дахин их үр авчирч байгаа тэдгээр суралцагч руу чиглэж, харин жар, гуч дахин их үр авчирч байгаа суралцагчдын хүчин чармайлт, хувь нэмрийг харалгүй өнгөрөөж байгаа юм биш биз гэж бодоход хүргэсэн юм. Суралцагч бүрийн гэр бүлээсээ авдаг дэмжлэг, сайн мэдээний талаарх ойлголт, хувийн үүрэг амлалт ялгаатай түвшинд байдаг. Мэдээж бид өндөр хүлээлттэй байх ёстой ч өөрсдийн нөхцөл байдалд чадах ядахаараа хичээж байгаа тэдний урмыг хугалахгүй байх тал дээр болгоомжтой байх нь зүйтэй.

Эдгээр шүлэг биднийг өндөр жишиг баримтлахын зэрэгцээ хүн бүрд тохирсон арга замыг тодорхойлох боломжтой эсэх талаар бодоход хүргэж байгаа юм. Бид гэрээний зам дээрх ялгаатай түвшинд байгаа суралцагч бүрийн өсөлт хөгжлийг сайшаан урамшуулж, тэднийг амжилттай байхад туслах арга замыг олж чадах болов уу? Бид тэдэнд ангиас гадуур хэрэгжүүлж болох дадал хэвшил, загварыг хөгжүүлэх зорилгыг өөрийн хүслээр тавьж, сайн мэдээнээс суралцах, судруудыг судлах хичээл зүтгэлд нь дэмжлэг үзүүлж чадах болов уу?

Үүнтэй холбоотойгоор би семинарт зориулсан дараах зарыг хүргэе. Суралцахуйн үнэлгээ нь хувь хүний үнэлгээ байхаа больж, бүлгийн хэлэлцүүлэг болон өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь суралцагчдыг үзсэн агуулгаа ойлгосон эсэхийг нягтлах юм. Агуулгыг өөрийн болгосон суралцагчид бусдадаа тусалж болох ба ингэснээр бүгд ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой. Итгэл үнэмшил, хэрэгжүүлэлттэй холбоотой хэсгүүд нь өөрийгөө үнэлэх боломжийг бий болгох хувь хүний үйлдэлд тулгуурласан хэвээр байна. Уншлагын шаардлага бас өөрчлөгдөж байгаа бөгөөд улирал бүр өдөрт 75 хувийн уншлагыг шаардахаа больж байна.

Цаашлаад, хичээлийн төгсөх кредит авахын тулд семинарын суралцагчдаас улирал бүр судруудаас сонгогдсон хэсгүүдийг уншихыг шаардана. Жишээлбэл: Суралцагчид Сургаал ба Гэрээ—Сүмийн түүхийн эхний улирлын турш Иосеф Смит—Түүхээс унших болно. Дараа нь тэд илүү өсөж хөгжих зорилгоор өөрийн хүсэл дээр тулгуурласан өндөр хүлээлт бүхий уншлагын хувийн зорилго тавих юм. Тэдгээр хувийн зорилго нь суралцагчийн чадварт тохирсон байх ёстой ба хувь хүний хүчин чармайлт, өсөлт хөгжлийг олж харахад чиглэсэн байна.

Мөн багш нар суралцагчдыг хувийн зорилгынхоо ахиц дэвшлийг хөтөлж, үргэлжлүүлэн дагахыг урамшуулна. Тэдгээр нь суралцагчдыг семинарын долоо хоногт Ирээд, Намайг дага гарын авлагаас оноосон судрын хэсгүүдийг хувиараа мөн гэр бүлтэйгээ уншихад урамшуулах болно. Тэдгээр нь мөн суралцагчдыг Мормоны Номыг хувиараа болон гэр бүлтэйгээ тогтмол уншихад урамшуулна. Удалгүй та нар эдгээр хоёр өөрчлөлтийн талаар, хэрэгжүүлэх заавар, хугацаа мөн шинэ шаардлагыг хангаагүй өмнөх улирлын хувьд хэрхэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авна.

Одоо би энэ өөрчлөлтийн талаар хэлэлцэж байх үеэр ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн зүйлийг хуваалцъя. Тэрээр “Үүнийг сайн гүйцэтгэх нь багш нараас илүү хувийн, хувь хүнд чиглэсэн анхаарлыг шаардах болно. Энэ та нарын ачааг нэмж байгаа ч гэсэн багш нарын баяр хөөртэйгөөр үүрэх ачаа байх ёстой. Учир нь тэдний хувийн тохинуулал нь ангидаа өгдөг зааврын нэгэн адил чухал юм. Хэн нэгэн чадаж байгаа бол багш нар тань бас чадна. Тэд бол гайхалтай хүмүүс” гэж хэлсэн.

Би ерөнхийлөгч Айрингтай санал нэг байна. Та нар бол гайхалтай хүмүүс. Хатуу шаардлагуудаас хувь хүний зорилго руу шилжиж байгаа нь та нараас илүү их цаг хугацаа, анхаарал шаардана гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бид суралцагчдадаа өдөр бүр судраас судлах зөв шалтгаанаар өдөөгдсөн хувийн зуршилтай болоход нь туслахаас илүү тэднийг адислах өөр юу хийж чадах билээ?

Эцэст нь ирцийн шаардлага хэвээр үлдэж байна. Суралцагчдын ангид олж авсан туршлага нь сайн мэдээний талаарх ойлголтыг нэмэгдүүлж, итгэлийг нь гүнзгийрүүлдэг гэдгийг олж харахад нь суралцагчдад тусал. Ингэснээр тэд зөвхөн кредит авахын тулд оролцохгүй болно. Үүнийг ойлгосон суралцагч үргэлж 100 хувийн ирцтэй байхыг хүснэ.

Институтийн тухайд бид кредит авах шаардлагыг хэвээр үргэлжлүүлэх ба суралцах үйл явцад өөрийн хүслээр оролцох, идэвхтэй байх шалтгаануудыг онцолж үзэх болно. Итгэлээ гүнзгийрүүлж, Аврагчид ойртож, Түүний сургаалаас суралцах зэрэг шалтгаанаар суралцагчдад яагаад гэдгийг ойлгоход мөн Аврагчид илүү ойртох зорилго тавихад тусалж, тэднийг Түүний өмнө үүрэг хариуцлага хүлээхэд урамшуул.

Бидний суралцагчдын олон нь дөнгөж урилга хүлээн аваад аяллаа эхлүүлж буй хүмүүс бөгөөд магадгүй амьдралдаа анх удаа итгэлийн үрийг өөрсдөдөө суулгаж байгааг үгүйсгэхгүй. Илүү төлөвшсөн суралцагчийн мэдэрсэн бүх зүйлийг тэд хараахан мэдрээгүй байгаад санаа зовохын оронд тэдний итгэх хүсэлтэй байгаад нь бид талархах ёстой. Тэднийг жимсийг сайн гэдгийг мэдэх үед Тэнгэрлэг Эцэгээс өгсөн тэр бэлэгт нь бид тэдэнтэй хамт баясаж, талархах хэрэгтэй юм. Мөн бид тэрхүү үр үүрдийн амьдралд хүргэх мод болон ургах өдөр хүртэл хамтдаа тэвчээртэй хүлээх боломжтой.

Би та нарыг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг үргэлжлүүлэн анхааралтай судалж, Их Эзэн та нарт хөрвөлт ба сургаалын ач холбогдол, нэгэн хэсэг байхын талаар өөр юуг заахыг хүсэж буй тухай эргэцүүлэхэд урьж байна. Түүнчлэн бидний зорилгын тухай мэдэгдэл, хичээлийн шаардлагад гарч буй өөрчлөлтийн цаадах зарчмыг анхааралтайгаар эргэцүүлж үзээрэй. Эдгээр өөрчлөлтийг өөрсдийн суралцагчдыг адислах, сүнслэг өдөөлт өгөх арга замаар тэдний хэрэгцээнд тохируулан хэрэгжүүл.

Эцэст нь би та нарыг бүхий л хүчин чармайлтдаа Есүс Христэд үргэлжлүүлэн төвлөрөхөд урьж байна. Хайртай хүмүүсээ адислахаар мэрийх үедээ Түүнээс хэрхэн суралцах, Агуу багш гэдгээр нь Түүний үлгэр жишээг хэрхэн дагах, Түүний нигүүлсэл, хайранд хэрхэн илүү их найдаж болох талаар залбирч байгаад бодож үзээрэй. Хариулт нь үргэлж Тэр байх юм гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.