2017 оны онцгой цугларалтууд
Наманчлал ба энэрэл


Наманчлал ба энэрэл

Ахлагч Ким Б.Кларктай хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2017 оны 5-р сарын 7 • Солт Лэйк табернэкл

Кларк ах бид хоёр энэхүү дэлхий даяарх онцгой цугларалтад та нартай хамт байгаадаа баяртай байна.

Би та бүхэнтэй зүрх сэтгэлд маань ойрхон, та нарын хувьд ч гэсэн ач холбогдолтой байж болох бодол санаагаа хуваалцахыг хүссэн юм.

Нэгдүгээрт, би Сүмийн залуучуудын хайрладаг бөгөөд тэд миний сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг болохыг илэрхийлэх гэсэн юм. Та нар боловсрол эзэмших, ажил эрж хайх, номлолд үйлчлэх, болзох, гэрлэх, гэр бүлтэй болох зэрэг амьдралынхаа онц чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй цаг үедээ байна.Ариун нандин гэрээнд орох, гэрээгээ сахих,, эдгээр шийдвэрийг гаргахдаа Их Эзэний хүслийг хэрхэн эрэлхийлж байгаа байдлаас тань би та нарын сайныг үйлдэх агуу их хүчийг мэдэрч, гэрчилж байсан. Та нар бол гайхамшигтай төдийгүй Их Эзэний хайртай хүмүүс гэдгийг би мэднэ.

Түүнээс гадна би та бүхэндээ гэрчлэлээ хуваалцан, урмын үгийг хэлье. Би та нарыг Бурхан бол бидний Тэнгэр дэх амьд Эцэг гэдгийг мэднэ гэдгийг маань мэдээсэй гэж хүсэж байна. Мөн Тэрээр бидэнд авралын төлөвлөгөөг мөн Өөрийн Хүү, Есүс Христ, бидний Аврагч, Гэтэлгэгчийг гайхалтай бэлэг болгон өгсөн гэдгийг би мэднэ. Түүнчлэн би бошиглогч Иосеф Смит бол цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн бошиглогч гэдгийг мэднэ. Христ дахин ирэх бөгөөд бид Түүний ирэлтэд бэлэн байх ёстой гэдгийг би бас мэднэ.

Бид энэ агуу үйл явдалд хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ? Энэ нь хэцүү мэт санагдаж болох юм. Бидэнд хийх зүйл их байна. Би та нарт өөрийгөө бэлдэхэд тань туслах наманчлал, энэрэл гэсэн хоёр зарчмын талаар хуваалцаж, урам зориг өгөх гэсэн юм.

Ерөнхийлөгч Монсон өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулганаар “Бидний Аврагч, Есүс Христ энэ төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр хүн бүр төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. Зүгээр л Түүнд болон Түүний номлолд итгэх нь хангалтгүй. Бид хөдөлмөрлөж, суралцаж, эрэлхийлж мөн залбирч, наманчилж, өсөж хөгжих хэрэгтэй”1 хэмээн бидэнд заасан.

Бид наманчлах ёстой бөгөөд энэ нь бидний хувьд ямар гайхалтай адислал гээч! Цагаатгалын болон Есүс Христийн хүчээр бид бүхий л сул дорой байдал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, нүглийг ялан дийлж чадна. Наманчлал нь ихэвчлэн хийж байгаа зүйлээ хийхээ болих тухай, бас хийхгүй байгаа зүйлээ хийж эхлэх хэрэгтэй гэдгийн тухай байдгийг би мэдэж авсан.

Бидний наманчлалын нэгэн хэсэг болгон хийж эхлэх ёстой хамгийн чухал зүйл бол бусдад үйлчлэх явдал юм. Бид бусдад үйлчлэн, Их Эзэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, цэвэр ариун хайрыг нь мэдэрснээр Аврагчийг жинхэнээсээ таньж мэддэг. Би бусдад үйлчилснээр ирдэг хайрын хүчийг сарын өмнө болсон нэгэн ариун ёслолын цуглаан дээр харсан юм.

Би цуглааны байранд найзтайгаа хамт ирсэн бөгөөд тэр маань Хүүхдийн ангийн нэгэн бяцхан охинтой саатан мэндэлж билээ. Цуглааны үеэр найзыг маань шинэ гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дэмжин баталсан юм. Тэгэхэд цуглааны байранд орох замдаа саатаж мэндэлсэн нөгөө охин өөрийн багш болох миний найз руу эргэж харав. Тэр хөөрхөн охин багш нь дуудлагаасаа бууна гэдгийг мэдэж байсан тул уйлав. Тэр урт вандан сандлын зах руу шалавхан очиж, ээжийнхээ мөрөнд толгойгоо наалаа. Би шинэ гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болсон найз руугаа харахад тэр ч бас уйлж байв. Хайрын энэхүү илрэл надад маш хүчтэй нөлөөлж билээ. Би ч бас нүдэндээ нулимс хурахыг мэдэрсэн юм. Би Аврагчийн үнэнч дагалдагчдын Түүний хаант улсад үйлчилснээр хүлээн авдаг Христийн цэвэр ариун хайрыг харж байв.

Моронайн 7-р бүлэгт Мормон

“Иймийн тул, хайрт ах дүүс минь, хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой---

Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу”2 хэмээн бидэнд заасан.

Хайрт ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр Есүс Христ рүү эргэж, нүглээ наманчлан, бүхий л сэтгэл зүрхнийхээ угаас үйлчлэхдээ Түүнд итгэх итгэлээр үйлдэж байх болтугай хэмээн би залбирч байна. Хэрэв бид ийнхүү хийх юм бол үнэхээр Түүний үнэнч дагалдагч болж чадна гэдгийг би мэднэ. Мөн бид “түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан [Түүний] хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирах” 3 юм бол илүү их итгэл, найдвартай болж, илүү их хайрыг буюу Христийн цэвэр хайрыг мэдрэх болно гэдгийг би мэднэ. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, ”Аз жаргалд хүргэх төгс зам,” Ensign, 2016 оны 11-р сар, 80-81 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69–71.

  2. Moронай 7:46–47

  3. Moронай 7:48

Хэвлэх