2017 оны онцгой цугларалтууд
Гагнагч холбоос


Гагнагч холбоос

Ахлагч Дэвид А.Бэднартай хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2017 оны 9-р сарын 10 • Хойд Каролинагийн Апекс гадасны төв

Олон үеийг холбосон гинж

Миний захиас 1999 оны 9-р сард Сюзан бид хоёрт тохиолдсон нэг зүйлээс үүдэлтэй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дөнгөж баригдсан Спэнсэр В.Кимбаллын барилгыг онцгойлон адислахаар одоогийн Айдахо дахь БЯИС буюу Рикс коллежид зочилсон юм. Сюзан бид хоёр гайхалтай сүнслэг, дурсамжтай өдөр ерөнхийлөгч Хинкли, Хинкли эгч хоёрыг хүлээн авах хүндтэй үүрэг хүлээв.

Ерөнхийлөгч Хинкли онцгой цугларалт дээр оюутан, ажилтан, багш нарт хандан үг хэлсэн. Би Их Эзэний сэргээгдсэн Сүмийн ерөнхийлөгчийг захиасаа хуваалцах үед индэр дээр түүнээс хэдхэн алхмын зайд сууж байлаа. Өнөөдөр ч гэсэн, яг энэ мөчид намайг та нарын царайг харж, та нарт хандан ярьж байхад Харт танхимын индэр дээр зогсож буй ерөнхийлөгч Хинклигийн тухай дурсамж тодхон байна. Би түүний заасан зарчим, дууны өнгө, нүүрний хувирлыг болон яриаг нь сонсох үедээ Ариун Сүнсний хүчээр сурсан зүйлсээ санаж байна.

Би одоо та бүхнийг тэр онцгой цугларалтын нэг хэсгийг үзэхэд урья.

“Бид өнгөрсөн бямба, ням гарагт Огайогийн Коламбуст нэгэн шинэ, үзэсгэлэнтэй ариун сүмийг онцгойлон адисалсан юм. Ариун сүм болон ойролцоох цуглааны байр зургаан хуралдааны турш дүүрэн хүнтэй байв. Их Эзэний Сүнс тэнд байсан ба Сүмийн түүхэнд агуу Огайо мужид баригдсан хоёр дахь ариун сүмийг онцгойлон адислах нь асар их ач холбогдолтой үйл явдал байсан.

Эхнэр, охин хоёр маань надтай хамт байсан ба охин маань ээждээ туслахаар ирсэн байсан юм. Нэг ач охин маань хоёр хүүхэдтэйгээ Сэнт Луисээс машинаар ирсэн нь баяр дээр баяр нэмж билээ.

Огайогийн Коламбус ариун сүм дотор зээнцрүүдээ хараад сууж байхад хачирхалтай зүйл надад тохиолдсон. Би өөрөөсөө хойших гурав, өмнөх гурван үеийн дунд зогсож байгаагаа гэнэт ухаарав. Зүрх сэтгэл минь шууд утгаараа эцгүүд рүүгээ эргэсэн. Түүнчлэн үр удам руу минь ч эргэсэн. Би олон үеийг холбосон гинжийг төсөөлсөн бөгөөд энэ гинж нь бидний төдийлөн сайн мэдэхгүй өнгөрсөн үе рүү урт үргэлжилсэн байлаа. Эдүгээ энэ нь надаас хойш гурван үеийг холбосон байв. Би энэ гинжийг өдийг хүртэл тасраагүй, гялалзсан, бат бөх байгаагаар оюундаа төсөөлж билээ. …

Би ариун сүм дотор сууж байхдаа өөрийгөө өнгөрсөн болон ирээдүйн бүх үеийг холбосон холбоос хэмээн бодсон. Оюун ухаан, бие махбод, эд эс, үе мөч, уураг тархи гээд надад байгаа бүхэн өмнөх үеийн хүмүүсээс өвлөгдөн ирсэн. Үр удамд маань байгаа бүхэн надаар дамжин ирсэн. Энэ гинжийг таслах эрх надад байхгүй. Энэ гинжийг таслах эрх миний үр удамд байхгүй. …

Ариун сүмд байхад төрсөн мэдрэмж болон гэр бүлийн маань олон үеийг холбосон гинжийг би эсвэл үр удам маань хэзээ ч таслах ёсгүй гэсэн агуу их хүслээ өнөөдөр энд байгаа залуучууд та нарт уран яруу өгүүлж чаддаг ч болоосой.

Олон үеийг холбосон гинжний хэврэг холбоос нь байж болохгүй гэж би та бүхэнд өөрийн бүх эрч хүчээр хэлж байна. Та нар энэ дэлхийд гайхалтай өвийг авчирдаг. Та нар агуу эр зоригтой эрчүүд, ихийг хийж бүтээсэн агуу итгэлтэй эмэгтэйчүүдийн үр хойч билээ. Тэдний итгэлийг хэзээ ч бүү хөсөрдүүлээрэй. Өөрсдөө салшгүй хэсэг нь болсон уг гинжийг сулруулах зүйл бүү хийгээрэй.”1

Олон үеийг холбосон гинжний дүр зураг миний санаанд тодхон харагдсан. Удам угсааныхаа гинжний хэврэг холбоос болохгүй байх сануулга нь миний зүрхэнд хүчтэй нөлөөлсөн юм. Удам угсааныхаа гинжийг сулруулах зүйлийг хэзээ ч бүү хий гэсэн анхааруулга миний бодгальд гүн шингэсэн. Сюзан бид хоёрын 9-р сарын тэр нэгэн өдөр ойлгож авсан энгийн бөгөөд хүчтэй сургамжууд бидний гэрлэлт, гэр бүл, амьдралын бүх зүйлд сайнаар нөлөөлсөн.

Коллын гэр бүл

Сюзан төрж өссөн нутаг Вайомингийн Афтонд залуу охин байхдаа тойрогтоо олон үеийг холбосон гинжний гайхамшигтай жишээ болсон нэгэн гэр бүлийг таньдаг бас хайрлан хүндэлж явдаг байжээ.

Сюзан К.Бэднар эгчийн үг

Миний өссөн тойрогт 14 хүүхэдтэй нэгэн гайхалтай гэр бүл амьдардаг байлаа. Ээж, аав нь болох Бэсси, Эван Колл хоёр ариун сүмд гэрлэж, гэрээнүүддээ үнэнч, итгэлтэй байдаг байсан. Тэд хүүхдүүддээ сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг зааж мөн зөв шударга гэр бүлээр адислагдсан юм.

Хэдэн жилийн өмнө би ариун ёслолын цуглаанд сууж байхдаа нэгэн үзэсгэлэнтэй залуу эмэгтэйтэй танилцсан. Тэр өөрийгөө танилцуулаад, ээж нь миний таньдаг хүн болохыг хэлэв. Түүний ээж бол Колл ах, эгч хоёрын охин, өсвөр насны мааньсайн найз минь байв. Ариун ёслолын цуглаан дээр танилцсан энэ залуу эмэгтэй бол Колл ах, эгч хоёрын зээ охин байлаа. Тэр 96 ач зээ нарынх нь 44 дэх нь бөгөөд түүний саяхан мэндэлсэн хүүхэд нь Бэсси, Эван Колл нарын 230 дахь зээнцэр болохыг би мэдэж авсан. Энэ тоонууд намайг гайхшируулсан шүү. Ямар өнөр өтгөн үр удам бэ!

Колл ах, эгч хоёр ариун сүмд гэрлээгүй эсвэл гэрээнүүдээ сахиагүй байсан бол яах байсан бол гэж би түүнээс хойш олон удаа бодсон. Тэд өмнөх үеийнхээ “агуу итгэл”-д үнэнч байгаагүй бол яах байсан бол? Тэд сайн мэдээг үлгэр жишээгээр болон хүүхдүүддээ хэлж өгч заагаагүй бол яах байсан бол? Тэд удам угсааныхаа гинжний хэврэг холбоос байсан бол яах вэ? Энэ нь хэдэн хүнд нөлөөлөх байсан бол? Хариулт нь тодорхой. Энэ хосын гаргасан шийдвэр гэр бүлийнх нь 300 гаруй гишүүнд нөлөөлсөн бөгөөд жич, гуч хүүхдүүд нэмэгдэхийн хэрээр энэ тоо өссөөр байх болно.

Би энэ жишээг удаан хугацаанд үерхсэн гишүүн бус найзтайгаа уулзсан тохиолдолтойгоо харьцуулмаар байна. Нэг өдөр түүнийг надад эмээгээ мормон байсан гэж хэлэх үед би их цочирдсон. Тэрээр сайн мэдээний сургаал, зарчмуудын талаар юу ч мэддэггүй, хэзээ ч сонирхож байгаагүй нь надад маш хачирхалтай санагдсан юм. Би хариултыг нь мэдэхгүй ч гэсэн олон удаа “түүний удам угсааны гинж хаагуураа тасарсан юм бол?” гэж боддог. Ийнхүү миний найз өмнөх үеийнхнийхээ гаргасан шийдвэрээс болж амьдралдаа Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хэзээ ч хүртээгүй нь тодорхой байлаа.

Та нар удам угсааныхаа гинжний нэг холбоос учраас та нарын одоо болон ирээдүйд гаргах шийдвэр зөвхөн та нарт хамаатай биш. Та нарын шийдвэрүүд өвөг дээдэс болон хойч үед тань нөлөөлнө. Сайн мэдээний зарчмуудыг дагах дуулгавартай байдлын жишээ ба нөлөө, хувийн зөв шударга байдлаас ирэх хүч чадал, сайн эсвэл муу шийдвэрүүдийн үр нөлөө олон үед нөлөөлөх болно. Удам угсааныхаа гинжний хүчтэй холбоос байгаарай.

Надад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэл байдаг. Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас заяагдсан бөгөөд гэр бүл нь хүүхдүүдийнхээ мөнхийн хувь тавилангийн төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг гэдгийг гэрчилж байна.

Есүс Христ цагаатгагч золиослолоороо дамжуулан биднийг нүгэл, муу сонголтуудаас маань гэтэлгэж мөн ялангуяа амьдрал хэцүү болох үед сайн мэдээг болон хийсэн гэрээндээ үнэнч байх бидэнд байгаагаас илүү хүч чадлыг өгдөг гэдгийг гэрчилж байна.

Ариун Сүнс оюун санаа, зүрх сэтгэлийг маань сүнслэгээр өдөөж өгдөг бөгөөд удам угсааныхаа гинжинд итгэлтэй холбоос байх арга замуудыг олж, хэрэгжүүлэхэд биднийг дэмжинэ гэдгийг би мэднэ.Есүс Христийн нэрээр, амен,

Сюзан К.Бэднар эгчийн үг дуусна

Гагнагч холбоос

Би одоо ерөнхийлөгч Хинклигийн заасан “удам угсааны гинжний” талаар зарим зүйлийг нэмж хэлье. Тэр бидний хийх ёсгүй зүйлийг буюу удам угсааныхаа гинжин дэх хэврэг холбоос болж болохгүй гэдгийг тодорхой бөгөөд хурцаар дүрсэлсэн байна. Би одоо бидний хийвэл зохих зүйлийг буюу удам угсааныхаа гинжин дэх гагнагч холбоос нь болох талаар ярихыг хүсэж байна.

Бид Сургаал ба Гэрээний 128:18-аас “хэрэв эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд ямар нэгэн зүйлээр ямар нэгэн төрлийн гагнагч холбоо эс байх аваас дэлхий зүхлээр цохигдох болно гэдгийг мэдэх нь хангалттай юм---мөн энэ зүйл юу вэ гэдгийг болгоогтун. Энэ бол нас барагсдын төлөөх баптисм бөлгөө. Учир нь бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй. Мөн тэд ч, бас бид ч, сайн мэдээнд тэрчлэн нас нөгчсөн тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; учир нь Адамын өдрүүдээс бүр өнөө үеийг хүртэл тэрхүү бүхэл хийгээд бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл, мөн эрин үеүд, мөн түлхүүрүүд, мөн хүчнүүд, мөн алдар суунуудыг нэгтгэх гагналт тохиож мөн илчлэгдэх нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлүүлэлтэд зайлшгүй чухал билээ, мөн энэ нь эдүгээ ирж эхэлж буй эрин үе болой” гэдгийг ойлгодог.2

Би та бүхнийг энэ судраас үүдэлтэй хоёр үндсэн асуултыг бодож үзэхэд урьж байна.

Эхний асуулт: Гагнагч холбоо гэж юу вэ? Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Бурханы гэр бүлийн гинжин хэлхээ нэг болон гагнагдах хүртэл эцэг эхчүүд ба хүүхдүүдийг хамтад нь холбох гагнаас байх ёстой бөгөөд тэд бүгдээрээ Бурхан ба Христийн гэр бүл болно”3 хэмээн заасан.

Энэ эцсийн эрин үе дэх санваарын эрх мэдэл ба түлхүүрийн сэргээлт нь хувь хүний аврал болон гэр бүлийн өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авч, дурсан санаж, эрхэмлэх боломжийг бидэнд олгодог. Елиа зүрх сэтгэлийг эргүүлж, олон үеийг холбодог гагнагч холбоог бий болгодог санваарын түлхүүрүүд болон лацдан холбох эрх мэдлийг олгоно хэмээн амлагдсан ёсоор ирсэн билээ. Энэ хожмын өдрүүдэд “дэлхий дээр чи юуг ч лацадлаа гэсэн, тэнгэрт лацдагдах болно; мөн дэлхий дээр чи юуг ч миний нэрээр мөн миний үгээр холболоо гэсэн энэ нь тэнгэрт үүрд мөнхөд холбогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна”4 хэмээх Аврагчийн өгсөн ариун нандин адислалыг өгөх эрх мэдэл олгогдсон үйлчлэгчид байгаа.

Тиймээс “баптисмаас эхлээд ариун сүмд нас барагсдыг төлөөлөн хийдэг ёслолууд нь дэлхий бүтээгдсэн зорилгыг биелүүлдэг олон үеийнхний хооронд гагнагч холбоог бий болгодог.”5

Хоёр дахь асуулт: Гагнагч холбоо нь дэлхийг зүхлээр цохигдохоос хэрхэн хамгаалдаг вэ? Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Энэ бол дан ганц нас барагсдын төлөөх баптисмын тухай биш, харин эцэг эх, хүүхдүүдийг эцгүүдтэй нь лацдан холбох явдал бөгөөд ийнхүү эхлэлээс цагийн төгсгөл ‘хүртэл тэрхүү бүхэл хийгээд бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл, мөн эрин үеүд, мөн түлхүүрүүд, мөн хүчнүүд, мөн алдар суунуудын’ нэгдэл байх болно. Хэрэв [Елиагийн сэргээсэн] лацдах хүч дэлхий дээр байгаагүй бол Их Эзэний ирэх тэр өдөр эргэлзээ төөрөгдөл ноёрхож, дэг журам эмх замбараагүй байдлаар солигдох байсан боловч ийм зүйл болохгүй нь тодорхой учир нь Бурханы хаант улсад бүх зүйл төгс хуулинд захирагддаг” хэмээн тунхагласан.6

Дэлхий яагаад зүхэгдэх вэ? “Хэрэв эцгүүд болон хүүхдүүдийн хооронд ямар нэгэн гагнагч холбоо буюу нас барагсдын төлөөх ажил байхгүй аваас бид бүгд хүлээн зөвшөөрөгдөхгүй ба Бурханы ажил бүхэлдээ унаж, ямар ч үр ашиггүй байх болно. … Энэхүү [лацдан холбох] эрх мэдлийн сэргээлт нь Есүс Христийн ирэлтээр дэлхийг зүхлээр цохигдохоос авардаг исгэгч [буюу зөв шударга нөлөө] юм.”7

Сайн мэдээний эдгээр суурь үнэн нь яагаад “эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь хүүхдүүдийнхээ мөнхийн хувь тавилангийн төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” болохыг ойлгоход бидэнд тусалдаг.8

Та нарын зарим нь хүчирхийлэл эсвэл асуудалтай гэр бүлд асар их зовлон амссан. та нарт зүрхийг тань шархлуулж, зовоосон хүмүүстэй холбогдох хүсэл бага эсвэл огт төрөхгүй байж магадгүй.

Анхааралтай сонс. Мөнхийн гэр бүлийн холбоо нь зөвхөн санваарын эрх мэдэл ба хувийн зөв шударга байдлаар дамжуулан гагнагддаг. Таны гэр бүлд ямар ч муу зүйл тохиолдсон бай, Их Эзэн Есүс Христ бол эдгэрэлт, шинэчлэлт, сэргээлтийн эх сурвалж гэдгийг би гэрчилж байна.

Зовлон зүдгүүрийн шөнө уйлаан байж болох ч, бидний Гэтэлгэгч ба Аврагчийн ачаар бий болсон шинэ амьдралын өглөө баяр баясал ирнэ.9

Тэгэхээр яах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга чухал зүйлүүдийн тухай зөвлөлдөх үед ерөнхийлөгч Бойд К.Пакэр “Тэгэхээр яах вэ?” гэж олонтоо асуудагсан. Би энэ асуултыг “Энэ санаа, санал, арга хэмжээ нь Сүмийн гишүүдийн амьдралд сүнслэг байдлын хувьд ямар өөрчлөлт авчрах вэ? Энэ нь бидний үйлчилж байгаа хүмүүсийг үнэхээр адислах уу?” гэсэн утгатай гэж ойлгодог байлаа. Тэрээр биднийг зөвлөлдөж байгаа сэдвийнхээ үнэ цэн, утга учрыг бодож үзэхэд урьдаг байсан юм. Аливаа асуудлын талаар бодож, хамгийн чухал зүйлсийг тодорхойлоход “тэгэхээр яах вэ?” гэсэн асуулт хамгийн их тустай байдгийг би олж мэдсэн.

Тиймээс та нар “Бэднар ах аа, таны бидэнд өгөх захиасын ‘тэгэхээр яах вэ?’-ийн хариулт юу вэ?” гэж асууж болох юм. Энэ асуултын хариулт та нарын заримын өөрсдөөсөө асууж буй гурван асуултаас олдоно гэдэгт би итгэдэг.

Энэ онцгой цугларалтад өөрийн гэр бүлд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг дэх үеийн гишүүн олон залуу эмэгтэй, эрэгтэй оролцож байна. Та нар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсож, хүлээн авч, зохих санваарын эрх мэдлээр баптисм хүртэж, батлуулж мөн эдүгээ Христэд тууштай итгэн урагш тэмүүлж байна. Та нар саяхан эсвэл олон жилийн өмнө хөрвөгдсөн эсэхээс үл хамааран Сүмийн амин судас нь бөгөөд одоогийн болон ирээдүйн гэр бүлийнхээ аврал нь билээ. Та нар бол удам угсааныхаа гинжин дэх анхны холбоос нь юм.

Гэвч та нар өөрсдөөсөө “Гэр бүлийнхээ цорын ганц Сүмийн гишүүний хувьд мөн эцэг эх, ах, эгч, дүү нар маань хүчтэй эсэргүүцсээр байхад би яаж бат бөх гагнагч холбоо болж чадах билээ?” гэж асууж магадгүй.

Та нар хавчлага дарамт амсаж, бие махбодын зовлон эдэлж, Солт Лэйкийн хөндийд суурьшихаар уудам талыг туулсан энэ эрин үеийн анхдагчдын тухай түүхүүдийг уншиж, сонсоод, тэдний хийсэн зүйлийг хийж чадах байсан болов уу гэж бодож болох юм. Та нарын олонх нь тэдний хийсэн зүйлийг хийж байгаа! Өнөөдөр та нарт тулгамдаж буй бэрхшээлийн шинж чанар, төрөл нь тэдгээр анхдагчийнхаас өөр байж болох ч сэргээгдсэн үнэнийг эсэргүүцэх эсэргүүцэл өнөөдөр ч адил хэвээр бөгөөд улам бүр ширүүссээр байна.

1986 оны 4-р сард Гана улсын нэгэн овгийн ахлагч нас баржээ. Оршуулгын бэлтгэл ажилд тусалж байсан ахлагчийн дүү Фрэд Антви нь жилийн өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байв. Ахлагчийн эмэгтэй дүү буюу хатан эх Фрэдийг овгийн шинэ ахлагч болгохоор түүнээс нуун төлөвлөгөө зохиожээ.

Оршуулах ёслолын өмнөх орой гэр бүлийн нэгэн гишүүн Фрэдтэй нууцаар ярилцаж түүнээс “Гэр бүлийнхэн чамд зориулж юу төлөвлөснийг чи мэдэх үү?” гэж асуув. Фрэд “Үгүй ээ, би мэдэхгүй” гэж хариулжээ. Өнөөх гэр бүлийн гишүүн “Чи шинэ ахлагч болно” гэж хэлэв. Фрэд гайхан балмагдаж, шууд “Үгүй ээ. Манай шашинд ийм зүйлийг зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

Ахлагч болно гэдэг бол нэр төрийн хэрэг. Ахлагч нь тосгоны ерөнхий удирдагч бөгөөд түүнийг ярихад хүмүүс үгийг нь дуулгавартай дагадаг. Ахлагч хүн санхүүгийн дэмжлэг авч, хэрэгтэй зүйлээрээ хангагддаг. Фрэд ахлагч болох гэж байгаагаа мэдэх үедээ салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Тэрээр Аврагчийн сайн мэдээний зарчмуудтай зөрчилдөх овгийн зан үйлд оролцох хүсэлгүй байв.

Би одоо эгчийнхээ гэнэтийн мэдээнд Фрэдийн хэрхэн хариулснаас эш татъя. “Тэр орой би ойролцоох тосгоны нэгэн ахмад хүнтэй уулзахаар машинаараа явлаа. Би сонссон мэдээнийхээ талаар түүнтэй ярилцахыг хүссэн юм. Тэр ‘би энэ төлөвлөгөөний талаар мэдэж байгаа ч чамайг ахлагч болгохгүй байх тал дээр юу ч хийж чадахгүй’” гэж тайлбарлав.

Фрэд “Би Христийн шашинтан бөгөөд шашин маань намайг ахлагч болохыг зөвшөөрөхгүйн учир нь ахлагч хүн миний хийж болохгүй олон зүйлийг хийх ёстой байдгийг та мэднэ шүү дээ” гэж хэлжээ. Овгийн ахмад хүн “Тэгвэл удирдагчид дээрээ очоод, Христийн шашинтай учраас ахлагч болж чадахгүй гэдгээ хэл л дээ” гэж хариулжээ. Фрэд “Би удирдагчдад хэлэхээр очсон боловч тэд миний үгийг үл ойшоосон” гэж хариулав.

Фрэд “Ахыг [өмнөх ахлагч] маань шөнө дунд хөдөөлүүлэх гэж байсан бөгөөд би гэр бүлийн гишүүдийн машины араас машинтайгаа дагаж явлаа. Нутаглуулах газар руу явах уулзвар дээр ирээд, бусадтайгаа хамт зүүн эргэхийн оронд би Кэйп Кост ордог замаар баруун эргэж хурдлан алга болсон юм” хэмээн хэлсэн.

Фрэд зургаан сарын турш хамаатнуудтайгаа холбоо бариагүй юм. Тэр нутаглуулах газар руу явсан бол дараагийн ахлагчаар томилогдож, хүнд нөхцөл байдалд орох байсан гэдгээ хожим олж мэджээ. Тэр удалгүй хатан эхийн хүү буюу зээ дүү нь шинэ ахлагч болсон гэдгийг мэдэж авчээ.

Фрэд баруун эргэж, Кэйп Кост руу явахдаа удам угсааныхаа гинжний анхны холбоог бэхжүүлж байсан юм. Сэргээгдсэн сайн мэдээний сургаал, зарчмуудын талаар бат бөх гэрчлэлтэй Фрэдийн амьдрал гайхамшигтай арга замаар өөрчлөгдсөн. Антви эгч тэр хоёр Баруун Африкаас Гана ариун сүмд үйлчлэхээр дуудагдсан анхны бүрэн цагийн номлогчид болсон юм. Өнөөдөр Фрэд эхнэртэйгээ Ганагийн Аккра ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байна.

Аврагчийн сэргээгдсэн Сүмийн шинэхэн хөрвөгч Фрэд гэр бүл, найз нөхөд, танилуудынхаа хүчтэй эсэргүүцлийг даван туулахаар адислагдаж мөн хүч чадал хүлээн авсан юм. Антви ах, эгч хоёр Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүддээ хичээнгүйлэн зааж, олон үед нөлөөлөх зөв шударга байдлын загварыг гэртээ бий болгосон билээ. Энэ нь Фрэд, түүний эхнэр хоёроос эхэлсний адил та нараас эхлэх болно.

Гэр бүлдээ нэг дэх үеийн Сүмийн гишүүдээ, энэ бүхэн та нараас эхэлдэг. Та нар өвөг дээдэс, үр удмынхаа хувьд анхдагчид юм. Удам угсааны гинжин хэлхээн дэх та нараас өмнө өөд болсон гэр бүлийн гишүүд тань та нараас тусламж авахаар залбирч байгаа бол та нараас хойш ирэх хүмүүс та нарын итгэлд найдаж байна. Бат бөх гагнагч холбоос болох хүч та нарт бий. Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг санаарай. Та нар Их Эзэний тусламжтай үүнийг хийж чадна.

Та нарын зарим нь “Би бат бөх хожмын үеийн гэгээнтэн гэр бүлийн гишүүн байж үзээгүй учраас яаж мөнхийн гэр бүлтэй болж чадах юм бэ?” гэж өөрсдөөсөө асууж байж магадгүй. Туршлагаасаа ажигласан хэдэн зүйл маань та нарт тус болж болох юм.

Миний өөрийн “удам угсааны гинж” авга, нагацын талд нэлээд өөр байдаг. Нагац талаасаа би тав дахь үеийн Сүмийн гишүүн. Ээжийн маань өвөг дээдэс Сэргээлтийн эхэн үед Англи болон Швейцарьт Сүмд нэгдсэн. Тиймээс би ээжийнхээ удамд бол итгэлтэй олон үеийн гинжний нэг холбоос юм.

Харин би аавынхаа удамд нэг дэх үеийн Сүмийн гишүүн. Аав минь Сүмд хожуу орсон учраас ах бид хоёр Бэднарын гэр бүлд санваар хүлээн авсан анхны хүмүүс. Би гэр бүлээсээ бүрэн цагийн номлолд үйлчилсэн анхны хүн нь. Тиймээс би та нарын олонхтой адил, Бэднарын удам угсааны гинжин дэх сайн мэдээний анхны холбоос юм.

Аав минь сайн, халамжтай, ажилсаг хүн байсан. Би аавдаа хайртай бөгөөд түүнтэй хамт ажиллаж байхдаа сурсан зүйлийнхээ ачаар өдий зэрэгт хүрсэн. Ээж минь надад залбирах, судруудыг эрхэмлэн дээдлэхийг заасан. Би ээждээ хайртай бөгөөд миний дотор итгэлийн галыг бадраасанд талархаж явдаг. Гэсэн хэдий ч, би гэр бүлээрээ хамтдаа залбирч, судруудаас судалж, гэр бүлийн үдэш хийж байснаа санадаггүй. Би ээжтэйгээ хамт залбирч, Мормоны Номыг уншдаг байсан боловч эдгээр зүйлийг хэзээ ч аав, ээжтэйгээ хамт хийж байгаагүй.

Та нар хэдийгээр Лиахона сэтгүүлийн нүүрэн дээр гардаг шиг гэр бүлд төрж өсөөгүй ч Их Эзэний тусламжтайгаар мөнхийн гэр бүлийг үүсгэж чадна. Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг үргэлж санаж яваарай.

Би хүүхэд насандаа гэр бүлийн зөв шударга загваруудыг мэдэрч үзээгүй болохоор тийм загваруудыг үргэлж гэр орныхоо нэг хэсэг байлгахын тулд Сюзантай хамт хичээнгүйлэн хөдөлмөрлөх асар их хүсэлтэй байсан. Бид нэг нэгэнтэйгээ зөвлөлдөж, залбирч, тусламж гуйсны хүчээр хүүхдүүддээ Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцахад нь туслахаар урамшуулагдаж мөн адислагдсан. Бид хоёр төгс эцэг, эх байгаагүй ч хэрэгтэй байсан сүнслэг бэлгүүдээ мөн “өөрсдийн чадвараас давсан тусламж”-ийг хүлээн авсан.10

Та бид өнгөрсөн амьдралынхаа хоригдлууд биш. Бид одоогийн нөхцөл байдлынхаа хохирогч эсвэл хүрээлэн буй орчныхоо боолууд биш. Ариун Сүнс бидэнд өмнө нь мэдэрч байгаагүй гэр бүл дэх зөв шударга байдлын загвар гэх мэт хийх ёстой бүх зүйлийг заах болно. Энэ нь та нараас эхэлдэг! Та нар Их Эзэний тусламжтай үүнийг хийж чадна.

Гэрлэлтийн ариун гэрээг сахидаггүй гэр бүлийн гишүүн эсвэл хүндэлж явдаг удирдагчид та нарын зүрх сэтгэлийг шархлуулсан байж болно. Та нар “Хэрэв эцэг эх эсвэл таньдаг хосууд маань ариун сүмд гэрлээд, гэрлэлт нь бүтээгүй бол гэрлэлт маань амжилттай байна гэдэгт яаж найдаж болох вэ?” гэж өөрсдөөсөө асууж магадгүй.

Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг гэр бүл салалт эсвэл үнэнч бус байдлын зовлонг туулсан та бүхэн санаарай. Та нарын удам угсааны гинжний нэг холбоос тасарсан байж болох ч бусад зөв шударга холбоо болон одоо байгаа гинж мөнхийн ач холбогдолтой. Та нар өөрсдийнхөө гинжийг бэхжүүлж, тэр ч байтугай тасарсан холбоосыг сэргээн засахад тусалж чадна. Үүнийг бид нэг, нэгээр хийж чадна.

Бид бол Бурханы охид, хөвгүүд билээ. Эцэгийн аз жаргалын мөнхийн төлөвлөгөөний дагуу бидэнд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн бөгөөд бид үйлдэх чадвартай. Бид өөрсөд дээрээ үйлдүүлэх эд зүйл биш. Бид өөрсдийнхөө төлөө сонгогчид бөгөөд туйлын зөв шударга байдлыг тохиолгон авчрах ёстой.11

Утга учиртай, аз жаргалтай гэрлэлтийг хайж олдоггүй, гагцхүү гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс барьж босгодог. Та нарын зарим нь хийсвэр зүйлийг эрж хайж байгаа болов уу гэж би эмээж байна. Та нарыг сэтгэлийн зовлон, сүнслэг шаналлаас бүрэн хамгаалах төгс төгөлдөр эхнэр эсвэл нөхөр гэж байхгүй. Гэвч итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр нь Их Эзэний хүчээр утга учиртай гэрлэлт, хүсэж мөрөөддөг мөнхийн гэр бүлээ бий болгож чадна.

Амиа бодох, хувиа хичээхийг үргэлж хөхиүлэн дэмжиж байгаа энэ дэлхийд гэр бүл дотроо өөрийгөө умартан үйлчлэх нь тэсвэр, тэвчээр шаарддаг. Гэвч энэ нь та нар Аврагчид итгэн урагш тэмүүлж, үйлдэж, тэнгэрлэг тусламжийг үргэлжлүүлэн эрэлхийлж, ёс суртахууны сонгох эрхээ зөв шударга ашиглах үед та нараас эхэлдэг. Та нар Их Эзэний тусламжтай үүнийг хийж чадна.

Амлалт, адислал, гэрчлэл

Хайрт ах эгч нар минь, би та бүхнээс удам угсааныхаа гинжний гагнагч холбоос болохыг бодгалийнхаа бүх эрч хүчээр гуйж байна.

Гагнагч холбоос болох нь ариун нандин гэрээнүүдээ эрхэмлэж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр амьдарч мөн үүнийг хайрлахыг хүүхдүүддээ заахын тулд Колл ах, эгч хоёрын хийсэн энгийн зүйлсийг хийснээр, та нараас эхэлдэг.

Гагнагч холбоос болох нь Антви ах шиг Аврагчид итгэж мөн баруун эргэх зоригтой байснаар, та нараас эхэлнэ.

Ариун Сүнс та нарт бүх зүйлийг зааж, хаашаа явах, юу хийх ёстойгоо урьдчилан мэдэхгүй байгаа үед ч замыг тань гэрэлтүүлнэ гэдэгт итгэснээр, гагнагч холбоос болох нь та нараас эхэлнэ.

Өөрсдийнхөө дундаас харанхуйг12 үлдэн хөөж, хожмын өдрүүд дэх уруу татагч муу нөлөөнүүдийн эсрэг бат зогсвол гагнагч холбоос болох нь танаас эхлэх болно.

Та нар Ариун Сүнсний хүчээр олон үеийн гинжин хэлхээнд өөрсдийн эзлэх ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн ойлгож болохын тул би та бүхнийг төлөөлөгчийн хувьд адисалж байна. Та нар бат бөх гагнагч холбоос болохыг хичээснээр адислагдаж, хүчирхэгжих болно гэдгийг би мэднэ. Та нар Их Эзэний тусламжтай үүнийг хийж чадна гэдгийг би амлаж байна.

Би Есүс Христ бол амьд Бурханы амьд Хүү гэдгийг баяртайгаар гэрчилж байна. Тэр амьд хийгээд амилсан мөн биднийг мэддэг, хайрладаг гэдгийг би мэднэ. Газарт болон тэнгэрт холбодог санваарын эрх мэдэл, түлхүүрүүд энэ хожмын өдрүүдэд дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг би гэрчилж байна. Бид Эцэгийн мөнхийн төлөвлөгөөг дагаснаар энэ амьдралд аз жаргалтай байж, гэр бүлүүд маань мөнхөд хамт байж чадна гэдгийг би мэднэ. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Гордон Б.Хинкли, “Chains” (Ricks College devotional, Sep. 7, 1999), video.byui.edu; see also “Ricks College Devotional, September 7, 1999,” Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 [2005], 471–477.

  2. Сургаал ба Гэрээ 128:18; тодотгол нэмэгдсэн.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2011), 411.

  4. Сургаал ба Гэрээ 132:46

  5. Д.Тодд Кристоффэрсон., “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000 оны 11-р сар, 11.

  6. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2013), 219.

  7. Teachings: Joseph Fielding Smith, 219.

  8. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129.

  9. Дуулал 30:5-ыг үзнэ үү.

  10. “Lord, I Would Follow Thee,” Hymns, д. 220.

  11. Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээ 50:23–25-ыг үзнэ үү.