“Бүү эргэлз, харин итгэлтэй бай”
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2019 оны 1-р сарын 13 • Бригам Янг Их Сургууль–Хавай
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Өнөөдөр бидэнтэй хамт байгаад баярлалаа. Та бүхэнд хийх өөр зүйл байсан гэдгийг бид мэднэ. Гаргасан золиослолын тань хариуд Бурхан та бүгдийг адислах болтугай гэж бид залбирч байна. Би Их Эзэний болон Түүний Сүмийн өмнөөс итгэлтэй, үнэнч байдлын тань төлөө талархлаа илэрхийлье.
Рут Л. Рэнланд эгч: Энд байх сайхан байна. Найрал дуучид гайхамшигтай сайхан дуулж, хурлын сүнслэг байдалд хувь нэмэр орууллаа. Бид индэр дээр суусан хүмүүст талархаж байгаа бөгөөд та нарын болон бидний амьдралд гүйцэтгэж буй тэдний үүргийг үнэлдэг. Мөн бид тэдний шавь байх үлгэр жишээг бишрэн хүндэтгэдэг.
Бид олон сарын турш бодол санаанаас маань гарахгүй байсан сэдэв болох итгэл ба эргэлзээний талаар ярих нь зүйтэй гэсэн өдөөлтийг мэдэрсэн юм. Өнгөрсөн жилийн 6-р сард бид шашны институт, семинарын багш нарт зориулсан жил тутмын сургалтын шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн сургаалт зүйрлэлийг хуваалцсан. Өнөөдрийн цугларалтын эхэнд бид тэр сургаалт зүйрлэлийг та нартай дахин хуваалцмаар байна.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Далайд завиар явж байтал завь чинь хөмөрлөө гээд төсөөлөөд үз дээ. Та аврах хүрэм өмссөн бөгөөд хамгийн ойр гэж таамаглаж байгаа эргийнхээ зүг олон цагийн турш сэлж байна. Танд шингэн ихэд дутагдсан тул сэлэх болгонд таны толгой эргэж, эцэж цуцна. Таны багцаалж байгаагаар эрэг 30 км буюу 18 бээрийн зайд байгаа. Та тийм хол сэлж чадахгүй учраас амиа алдах вий гэж айна. Гэнэт та хаа нэгтээ жижиг моторын дуу гарахыг сонсов. Тэр чимээ таныг чиглэн ирж байгаа мэт сонсогдсон ба аврагдах найдвар тань ихэслээ. Та тэр зүг рүү хараад, загасчны жижиг завь дөхөн ирж байгааг харав.
Рут Л. Рэнланд эгч: Та “Ашгүй, ахмад намайг харлаа” гэж бодсон. Завь ч зогсон, нар салхинд гандсан царайтай загасчин таныг завь руу гарахад туслав. Та завины суудал руу болгоомжтой мөлхөн очиж, санаа амран тухаллаа. Загасчин танд савтай ус, хэдэн жигнэмэг өгсөн. Та тэднийг ховдоглон идэж орхив. Ус, жигнэмэг танд тамир тэнхээгээ сэргээхэд хангалттай тэжээлийг өгөв. Та тайвширч, маш их баярлан, гэртээ харихаар явж байлаа.
Бие махбод, тамир тэнхээ тань сэргэж, гайгүй болж эхлэхэд, та өмнө нь анзаараагүй зүйлсээ анзаарч эхлэв. Уусан савтай ус нь амт муутай бөгөөд таны уух дуртай Хужирт юм уу Бонакуа брэндийн ус биш байсан. Жигнэмэг сайхан амттай байсан ч та үнэндээ сайхан амттай мах, шоколадтай кроссант идмээр санагдав. Бас тэр найрсаг загасчныг элэгдэж хуучирсан гутал, цэнхэр жинс өмссөн байхыг ажиглалаа. Түүний малгайн доторх тууз хиртсэн байсан ба тэр мөн сонсгол муутай бололтой байв.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Түүний завь хуучирч, хошууныхаа баруун талд хонхойсон сэвтэй болохыг мөн харлаа. Будаг нь зарим газраа ховхорч, хуурч унасан байв. Түүнчлэн загасчинг залуураасаа барьцаа сулруулах үед завь нь баруун гар тийш хазайж байгааг ажиглалаа. Энэ завь, завьчин хоёр танд хэрэгтэй тусламжийг өгөхгүй нь гэж та санаа зовж эхлэв. Та загасчнаас завины хонхойсон сэвнүүд болон залуурын талаар асууж лавлалаа. Загасчин олон арван жилийн туршид загасчилдаг газар, эрэг хоёрынхоо хооронд нааш цааш өдөр бүр явж сурсан, иймэрхүү зүйлд нэг их санаа зовдоггүй гэж хариулав. Завь нь түүнийг хүссэн газарт нь аюулгүй, найдвартай хүргэж өгдөг гэж тэр хэллээ.
Та бүр гайхаж орхилоо! Тэр яаж хонхойсон хэсэг, залуурынхаа талаар санаа зовохгүй байж чадаж байна вэ? Мөн яагаад хоол унд нь таны дуртай зүйл байж болоогүй юм бол? Та завь, загасчин хоёрт хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлнэ, төдий чинээ их сандрах болов. Та завин дээр гарах болсон шийдвэртээ хүртэл эргэлзэж эхлэх нь тэр. Таны айдас улам бүр нэмэгдэнэ. Эцэст нь, та уг загасчнаас усанд эргэж орох гэсэн юм, завиа зогсоо гэж шаардав. Хэдийгээр та далайн эргээс 20 км буюу 12 бээрийн зайд байгаа ч гэсэн завин дээр үлдэх бодол танд байсангүй. Загасчин гунигтайгаар завиа зогсоож, далайн ус руу ороход танд туслав. Та дахин ганцаараа үлдэв.
Рут Л. Рэнланд эгч: Энэ түүх буюу сургаалт зүйрлэл дээрх завь нь Сүмийг, загасчин нь Сүмд үйлчилдэг хүмүүсийг төлөөлж байна гэж бодож үзнэ үү.1 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үндсэн зорилго бол Бурханы хүүхдүүдэд мөнх амьдралыг тохиолгон авчрах Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн ажилд туслах явдал юм.2 Энэ нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих гэрээний замыг тавьж өгдөг. Сүмд үйлчилдэг хүмүүс төгс биш ч гэлээ гэрээний зам дээр бидэнд тусалж, дэмжлэг үзүүлэх амин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Уг завь, загасчин хоёр бидэнд Сүмийн талаар юу зааж байна вэ? Хонхойсон сэв, хуурч унаж байгаа будаг нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болоход бидэнд тусалдаг эрх мэдэл бүхий авралын болон өргөмжлөлийн ёслолуудыг хийх Сүмийн чадварыг өөрчлөх үү? Хэрвээ загасчин замаасаа гарахгүйн тулд залуураас хоёр гараараа зууран барих хэрэгтэй юм бол энэ нь очихыг хүсэж байгаа газарт маань аюулгүй, найдвартай хүргэх түүний чадвар болон завиных нь чанарыг бууруулах уу? Ус руу эргэж орох нь завин дээр үлдэхээс ч илүү аюултай гэдгийг мэдэхийн тулд та нар миний нөхрийн адил, томилогдсон үзмэрч байх шаардлагагүй. Гэвч биднийг том зургаар нь харахаа болих үед жижиг хонхойсон сэв, хуурч унаж буй будаг бидний оюун санаанд томорч харагддаг.
Гишүүн бүр сэргээгдсэн Сүмийн үнэний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй байх хэрэгтэй. Та нар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг багтаасан жинхэнэ хөрвөлтгүйгээр, зүйрлэн хэлэхэд жигнэмэг, халцарсан будганд анхаарлаа төвлөрүүлж эхэлж болох юм.
2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та нар юу нь үнэн болох талаар гайхах шаардлагагүй [Моронай 10:5-ыг үзнэ үү]. Та хэнд баталгаатай найдаж болох эсэхэд эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран, юу үнэн болох талаарх таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн гэрчлэлийг хэн ч авч чадахгүй”3 хэмээн хэлсэн. Ийм гэрчлэл хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Миний гэрчлэлийн үндэс суурь Шведийн Гётеборг хотод амьдарч байхад тавигдсан. Тэр үед би 11 настай байв. Номлолын ерөнхийлөгч залуучуудыг Мормоны Номыг уншихад урьсан байлаа. Би тэр урилгыг хүлээн авч, үүнийг уншиж эхэлсэн. Уншиж байх үед номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг нь уншиж байгаа зүйлийнхээ талаар залбирах хэрэгтэй гэж бидэнд хэлсэн юм. Тэр орой урилгыг нь марталгүй дагаснаа би тодхон санаж байна. Би орныхоо хажууд өвдөг сөгдөн суугаад, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд маш энгийнээр залбирч эхэлсэн юм.
Би дуу хоолой сонсоогүй ч Бурхан надад “Би чамд энэ үнэн гэдгийг хэлээд л байгаа шүү дээ” гэж хэлж байгаа мэт санагдаж билээ. Тэр явдал намайг, миний амьдралыг өөрчилсөн. Энэ нь итгэл үнэмшлийн буюу гэрээт зам дээр байж, илүү ихийг хийх, илүү сайн болохыг хичээх үйл явцыг эхлүүлсэн билээ. Би Гетеборгод л хэрхэн наманчлахыг сурсан юм. Би Гётеборгт Гэтэлгэгчийн талаарх мэдлэгээ олж авсан. Би мөн тэнд л дуудлагаа эрхэмлэн биелүүлж, Бурханы хаант улсыг барьж байгуулахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг хүмүүсийг хүндэлдэг болж эхэлсэн. Гётеборг миний хувьд “Мормоны ус” болсон юм.4
Рут Л. Рэнланд эгч: Та хаанаас Гэтэлгэгчийнхээ талаарх мэдлэгийг олж авсан бэ? Та нарт ямар мэдрэмж төрж байсан бэ? Хэрвээ та мартсан бол бид таныг уг мэдрэмжээ эргэн санахын тулд ямар нэг зүйл хийхэд урамшуулж байна. Энэ мэдлэг, эдгээр мэдрэмж бол итгэлийн эхлэл юм.
Итгэл нь хүн бүрийн өөрийн биеэр хийх ёстой сонголт. Итгэл нь ямар нэгэн зүйлийг үнэн байгаасай гэж хүсэн, үнэн гэж өөрөө өөртөө үнэмшүүлэхийг хэлж байгаа юм биш. Итгэл нь маханбодид бидний хараагүй зүйлс бодитой оршдог гэдгийг баталдаг. Итгэл нь бас үйлдлийн зарчим юм.
“Итгэл нь хүнийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрсөн байх ёстой. … Итгэл нь Бурханаас илгээгдсэн эрх мэдэл бүхий [багшийн] заасан сайн мэдээг сонссоноор дүрэлзэн асдаг [Ром 10:14–17-г үзнэ үү]. Гайхамшгууд итгэлийг төрүүлэхгүй, харин Есүс Христийн сайн мэдээнд дуулгавартай байснаар хүчирхэг итгэлийг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, итгэл зөв шударга байдлаас ирдэг [Aлма 32:40–43-ыг үзнэ үү].”5 Итгэл нь Бурханаас тэмдгүүдийг шахаж шаардсанаар биш, харин Түүний зарлигуудыг даган, дуулгавартай байснаар ирдэг.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Бурхан биднийг адислахыг хүсдэг учраас биднийг итгэлтэй байгаасай гэж хүсдэг.6 Итгэл бол Бурханы нигүүлслийн үүдийг нээдэг түлхүүр юм. Аливаа хүн итгэлтэй байх эсэхээ шийдэж, улмаар итгэлээ өсгөж нэмэгдүүлэхийн өмнө итгэлээр үйлдэх ёстой. Алма: “Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр”7хэмээн заасан. Итгэлээ өсгөхийн тулд хүн итгэлтэй байхыг сонгож, үүнийхээ дагуу үйлдэх ёстой.
Рут Л. Рэнланд: Хүн итгэлтэй болохыг хүсэж байгаа бол үйлдэл хийх ёстой. Бид олон талаараа итгэлээ хөлөөрөө илэрхийлдэг.
Энэ зарчмыг нөхрийн маань 11 насандаа дагасан Мормоны Номон дахь амлалтад өгүүлсэн байдаг. “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”8
Та “Эдгээр нь үнэн биш байж болно гэж үү?” гэсэн асуултаар эхлэх юм бол энэ нь тэжээж, улмаар өсөн нэмэгдэх итгэл рүү хөтөлнө. “Эдгээр нь үнэн биш байж болно гэж үү?” гэсэн асуулт аливааг үнэн хэмээн бодож байгааг илэрхийлдэг. Жишээлбэл, би “Бид Хонолулугаас хойд эрэг рүү машинаар явна гээгүй бил үү?” гэж хэлбэл бид машинаар явна гэдгийг хэлж байгаа хэрэг. Мормоны Номын талаар асуу хэмээн Моронайн уриалсан асуулт нь итгэлээр өдөөгдсөн учраас илүү их итгэл рүү хөтөлдөг.
Хэрвээ бид “Эдгээр нь худал болов уу?” гэсэн асуултаар эхлэх юм бол энэ нь эргэлзэхэд хүргэнэ. Харин эргэлзэх нь хэзээ ч итгэл рүү хөтөлдөггүй.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Нэг удаа гадасны чуулганд оролцож байх үед маань гадасны ерөнхийлөгч надаас нэг хүнтэй очиж уулзахыг хүссэн юм. Түүнийг би Стивэн гэж нэрлэе. Стивэн Сүмийн итгэлтэй гишүүн байв. Тэр номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэсэн. Тэр олон жилийн турш үнэнчээр үйлчилсэн боловч Сүмийн талаар эргэлзэх болжээ. Намайг Стивэнтэй уулзах үед тэр Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай дөрвөн янзын түүх ярьсан гэх явдал асуудал болж байна гэдгээ хэлсэн юм. Энэ нь Иосеф Смит туршлагаа санаанаасаа зохиосон байж магадгүй гэсэн бодлыг төрүүлж байна гэв.
Хэдэн арван жилийн өмнө уг түүхийн дөрвөн хувилбарыг судалсан нэгэн хүнтэй би Стивэнийг холбож өгөв. Стивэн тэр судлаачтай уулзлаа. Би Стивэнтэй дараа нь ярихдаа “Одоо та Анхны үзэгдлийн талаар юу гэж бодож байна вэ? гэж асуув.
Тэр “Би асуултынхаа хариултыг авсан болохоор одоо дажгүй шүү. Одоо би энэ талаар санаа зовохоо больсон. Харин одоо надад 1890 онд Манифесто өгөгдсөний дараа Наувуд олон эхнэртэй байх ёсыг үргэлжлүүлэн дагаж байсан талаар асуух зүйл байна. Энэ намайг үнэхээр зовоож байна” гэв.
Би Стивэнийг эдгээр сэдвийг найдвартай эх сурвалжуудаас судалдаг өөр нэгэн хүнтэй очиж уулзаарай гэв. Уулзсаных нь дараа би Стивэнтэй холбоо барьж, ямар байгааг нь лавлан асуулаа.
“Тэр асуудал миний санааг зовоохоо больсон. Би юу тохиолдсоныг одоо ойлгож, асуултынхаа хариултыг авсан. Гэхдээ одоо надад африк гаралтай хүмүүст хэсэг хугацаанд яагаад санваар өгдөггүй байсан талаар асуух зүйл байна” гэж Тэр хэлсэн юм.
Рут Л. Рэнланд эгч: Харамсалтай нь, Стивэн байнгын эргэлзэгч байхаар шийдсэн байв. Түүний хувьд, эргэлзэх нь мэдэхээс илүү таатай байсан9 ба тэр итгэлээр тарьсан зүйлээ эргэлзээгээр ухаж гаргаж байсан юм.10 Цаг хугацаа өнгөрч, нэг асуудал шийдэгдэх үед өөр нэг асуудал гарч ирэх болжээ. Хүмүүс тэр асуултад нь хариулахыг хэчнээн их хичээсэн ч, түүнд эргэлзэх өөр сэдэв гарч байв. Тэр Есүс Христийн Цагаатгалын адислалуудад хүргэж чадах завины чадварт бус, харин завин дээрх хонхойсон сэвэн дээр анхаарлаа төвлөрүүлсэн байлаа. Стивэн Сүмийн түүх дээр “Сохор номинг цохь” гэдэг тоглоом тоглож байгаа юм шиг л байв. Сохор номинг гараад ирэхээр нь цохиод оруултал, дахиад нэг сохор номин өөр газраас гараад ирдэг хүүхдийн тоглоомыг та нар мэднэ биз дээ.
Оюун ухааны нэмэлт мэдээлэл нь оюун ухааны асуудлыг шийдэж болох ч нэмэлт мэдээлэл нь бүрэн шийдэл биш юм. Учир нь Паул коринтчуудад хандан бичсэнээр, “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.”11 Есүс Христэд итгэх итгэл болон Сүнснээс ирсэн гэрчлэл бас хэрэгтэй.
Хэдийгээр асуух зүйл байгаа, оюун санаандаа эргэлзэх болсон, сүнслэг байдлын хувьд хөлөө олоогүй ч олон хүн итгэлтэй хэвээр байж, гэрээний зам дээр үлдсэн байдаг. Ихэнхдээ тэд залбирах үедээ ахлагч Нийл Л. Андэрсоны олон жилийн өмнө номлолын талбарт очиход хангалттай бэлтгэгдсэн эсэхээ бодож байхдаа хүлээн авсантай адил хариултыг авсан байдаг. Түүнийг залбирах үед, “Чи юм бүхнийг мэдэхгүй ч чи хангалттай зүйлийг мэднэ шүү дээ!”12 гэсэн мэдрэмж төржээ. Заримдаа, үнэндээ ихэвчлэн Их Эзэн “Чи гэрээний зам дээр үлдэж, зарлигуудыг Минь сахихад хангалттай зүйлийг мэднэ” хэмээн хариулдаг.
Нифайгаас Бурханы хүлцлийг мэдэх эсэхийг нь асуухад тэр “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би”13 хэмээн хэлсэн. Тэр хангалттай зүйл мэдэж байсан. Бид энэ амьдралынхаа туршид бүх зүйлийн утга учрыг ч мэдэхгүй ч бид хангалттай ихийг мэднэ. Итгэлээр үйлдэх үед өсөн нэмэгдэх үр хөврөл адил итгэлээ хөгжүүлэхээс бидний хувь тавилан хамаарна.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Гэрэл үүсэх нь харанхуйгаас шалтгаалдаггүйтэй адил эргэлзээ хэзээ ч итгэлийг үүсгэхгүй. Петр усан дээр алхах гэж оролдсоныхоо дараа живж эхлэхэд нь түүнд “Өө Петр, чи илүү эргэлзсэн ч болоосой” гэж хэлээгүй. Харин түүнд “Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?”14 гэж хэлсэн.
Lectures on Faith номд итгэл, эргэлзээ хоёрын хоорондын ялгааг ийнхүү тайлбарласан байдаг. “Эргэлзээ, тодорхой бус байдал байгаа газар итгэл байдаггүй, байх ч боломжгүй юм. Учир нь эргэлзээ, итгэл хоёр нэг хүнд, нэг зэрэг орших боломжгүй. Тиймээс эргэлзээ, айдсыг бодол санаандаа агуулж буй хүн бат бөх итгэл үнэмшилтэй байх нь үгүй бөгөөд бат бөх итгэл үнэмшил байхгүй бол итгэл нь сул байдаг. Харин итгэл султай бол хүн Бурханы өв залгамжлагч, Есүс Христтэй хамт өв залгамжлагч болохын тулд даван туулах ёстой сөргөлдөөн, саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг сөрөн зогсож чадахгүй ба сэтгэл санааны доройтолд орсноор дайсан тэднийг эзэлж, устгах хүчтэй байх болно”15 гэсэн байна.
Ийм л зүйл Стивэнд тохиолдсон юм. Түүний бодол санааг эргэлзээ, тодорхой бус байдал эзэмдэх болсон. Цаг хугацаа өнгөрсний эцэст тэр Сүмийн гишүүний хувьд тулгардаг саад бэрхшээлийг сөрөн зогсох хүчгүй болсон байв. Тэр сэтгэл санааны доройтолд орж, итгэлгүй болсон байлаа.
Рут Л. Рэнланд эгч: Сүмийн болон сургаалын талаар асуух зүйлтэй байх нь асуудал биш бөгөөд сайн мэдээнээс суралцахын үндэс юм. Иосеф Смит “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”16 гэснийг уншаад, үүнийг ойлгосон билээ.
Гэхдээ уг шүлэг “Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг”17 хэмээн цааш үргэлжилдэг.
Өөрөөр хэлбэл, Бурхан танд хариулна гэдэгт эргэлзэлгүй, Бурханаас асуу гэсэн утгатай. Цааш нь уг шүлэг “Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг. Тэр хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм”18 хэмээсэн байдаг.
Бид Иосеф Смитийн эрэлхийлж байсантай адил, өөрсдийн хүссэн хариултыг хүлээн авахын тулд Бурханы зүйлсийг мэдэх болно гэсэн хүслийг тээн, итгэгч зүрх сэтгэл, бодол санаатайгаар Бурханд хандах хэрэгтэй.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Энэ эрин үеийн эхэнд амьдарч байсан ахлагч Жон A. Видцөүгийн хэлсэн дараах үгэнд бид дуртай. Би түүний хэлсэн үгийг өөрийнхөө үгээр хэлье. Эргэлзээг найдвартай, итгэл даасан эх сурвалжаас хайх эрэл болгон хувиргахгүй л бол энэ нь ямар ч үнэ цэнгүй. Өөрийн байгаа байдалд сэтгэл хангалуун мөн зохистой хичээл зүтгэл гарган, тэнгэрлэг нээлтийн төлөөсийг төлөх хүсэлгүй байнгын эргэлзэгч хүн эцэстээ итгэлгүй байдал, харанхуйд очих нь гарцаагүй. Түүний эргэлзээ оюун санаа, сүнслэг байдлынх нь харанхуй мухарт хорт мөөг адил ургадаг. Эцэст нь тэрээр нүхэндээ нуугдах сохор номин адил сохрон, учирлан ойлгохыг элэглэн шоолж, хүч хөдөлмөрийг залхуу хойрго байдлаар сольдог. Эргэлзээ нь эцсийн зорилго болохгүй л бол буруу зүйл биш. Өөрөө өөрийгөө тэтгэж, эргэлзээг улам бүр лавшруулдаг эргэлзээ бол хилэнц юм.”19
Ахлагч Видцөүгийн үгс одоо ч үнэн хэвээр. Байнга эргэлзэх нь Аврагч Есүс Христ ба Түүний Цагаатгалын бодит байдлын талаар мэдэхэд мөн бидэнд сайхан сэтгэлтэй, бүхнийг хайрладаг, агуу авралын төлөвлөгөөг бүтээсэн Тэнгэрлэг Эцэг байдаг гэдгийг үнэхээр мэдэж авахад тусалдаггүй. Бид энэхүү хожмын үеийн ажлын үнэн байдлын талаар мэдэж авч болох ч энэ нь эргэлзээг биш, харин итгэлийг сонгон, хариултаа найдвартай, итгэл даасан эх сурвалжид хандан олж авахыг биднээс шаарддаг.
Рут Л. Рэнланд эгч: Алма энэ зарчмын талаар мөн ярьсан байдаг. Тэр “Мөн тиймийн тул, зүрх сэтгэлээ хатууруулах тэр нь, мөнхүү тэр нь үгийн багахан хувийг хүлээж авдаг; мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй, түүнд тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь Бурханы нууцуудыг түүнд мэдүүлэх хүртэл үгийн илүү их хэсэг өгөгддөг болой. Мөн зүрх сэтгэлээ хатууруулах, тэдэнд нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн илүү бага хэсэг өгөгддөг; мөн тэгээд тэд чөтгөрийн боолчлолд автагдаж, мөн түүний тааллаар доош устгал уруу удирдагддаг”20 хэмээн хэлжээ.
Та нар дампуурч, өрөнд орсон хүнээс санхүүгийн зөвлөгөө авах байсан уу?
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Та нар мэргэч төлөгч эсвэл хууран мэхлэгчээс эрүүл мэндийн зөвлөгөө авах байсан уу?
Рут Л. Рэнланд эгч: Та нар теннис илүү сайн тоглодог болохын тулд амралтын өдрүүдээр тоглодог сонирхогчоос зөвлөгөө авах уу эсвэл Рожер Федерерээс авах уу?
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Тэгвэл та нар итгэлээр тарьсан зүйлээ эргэлзээгээр ухаж гаргасан, сүнслэг байдлын хувьд дампуурсан21 буюу Иеремиагийн хэлснээр “өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох [Христийг] умартсан”22 хүмүүсийн гарт мөнхийн хувь тавилангаа яагаад даатгах ёстой гэж? Тэр хүмүүс амийн усны ундаргаас холдсон ба ус тогтоож чаддаггүй зүйлд итгэж найдахыг та нараас хүсдэг.
Рут Л. Рэнланд эгч: Ах эгч нар аа, амьд Христ байдаг гэдгийг та нар мэдэж чадна.23 Блогийн ертөнц нь судар судлах болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг унших явдлыг орлож чадахгүй. Та асуултынхаа хариултыг олохын тулд найдвартай эх сурвалж руу хандах замаар итгэлээ бэхжүүл.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Аливаа зүйлийг үнэн эсэхийг тодорхойлохдоо дагаж болох загварыг бошиглогч Мормон бидэнд өгсөн.
“Иймийн тул, сайн болох бүх зүйл Бурханаас ирдэг; мөн хилэнцэт болох тэр нь чөтгөрөөс ирдэг; …
Гэвч болгоогтун, Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг; иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг.
… Та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд дүгнэх нь та нарт өгөгдсөн билээ; мөн та нар төгс мэдлэгээр мэдэж болохын тулд дүгнэх арга нь өдрийн гэрэл, шөнийн харанхуйн ялгаа илэрхий байдагтай адил тодорхой байдаг.
Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.
Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.”24
Тиймээс, энэ бол энгийн зүйл юм. Хэрвээ сонголт тань таныг сайныг үйлдэж, Христэд итгэхэд хүргэж байгаа бол энэ нь Бурханаас ирж байгаа хэрэг. Хэрвээ сонголт тань таныг хилэнцтийг үйлдэж, Христийг үгүйсгэхэд хүргэж байгаа бол энэ нь чөтгөрөөс ирж байгаа хэрэг. Та нар гэрээт зам дээр явж байхдаа тэдгээрийг таны анхаарлыг замаас холдуулан, Христэд итгэхгүй байхыг ятгадаг зүйлс болохыг олж мэдэх болно. Таныг Бурханд итгэж, Түүнийг хайрлан, зарлигуудыг нь сахихад ятгадаг зүйлс Бурханаас ирдэг юм. Та нар итгэлгүй хүмүүс, найдваргүй эх сурвалжийн хариултаар дэвэргэгдсэн эргэлзээг байнга сонгох аваас сүнслэг байдлын хувьд чухал үйл явдлуудыг алдах болно.25
Рут Л. Рэнланд эгч: Сургаалт зүйрлэлээ эргэж харвал, хуучирч элэгдэн, хууран унаж буй будагтай, хонхойж ёнхойсон завинд үлдэхээр сонгосон хүмүүс бол уг завь тэднийг живэхээс аварсан бөгөөд эрэгт аюулгүй хүргэж чадна гэдгийг ойлгосон хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, тэд гэрээний зам дээр гарч, зам дээрээ үлддэг. Харин эцсээ хүртэл тэвчих үед нь тэдэнд мөнх амьдралын амлалтыг өгдөг. Энэ бол Бурханы өгч чадах хамгийн агуу бэлэг юм. Бид энэ үйл явцаар дамжуулан Есүс Христийг таньж, Түүнийг үнэхээр амьд гэдгийг ойлгон, Түүний хайр, нинжин сэтгэлийн талаар мэдэж авдаг.
Сургаал ба Гэрээнд “Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг болой. Бусдад нь, хэрэв тэд итгэлтэй хэвээр байх аваас тэд түүнчлэн мөнх амьдралтай байж болохын тулд тэдний үгст итгэх нь өгөгддөг болой”26 хэмээн өгүүлдэг. Та нар мэддэг эсвэл итгэдэг эсэхээс үл хамааран итгэлтэй хүмүүст өгөгдөх шагнал нь мөнх амьдрал болохыг анхаарна уу.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: 2009 оны 4-р сард намайг Сүмийн ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин баталсан. 2009 оны 10-р сард надаас Ерөнхий чуулган дээр үг хэлэхийг хүссэн юм. Аав маань чуулганы үгийг сонсох болов уу үгүй юү гэдэгт би санаа зовж байлаа. Тэр амьдралынхаа туршид мужаан, барилгачнаар ажилласан бөгөөд 92 насандаа нурууны хүнд өвчтэй болсон юм. Тэр Чуулганы төвд ирэх боломжгүй байв. Тиймээс, эгч дүү нарын маань нэг нь Солт Лэйк Сити дэх гэртээ чуулганыг зурагтаар үзүүлэх ажлыг хариуцав.
Чуулганы дараа би гэрт нь очиж, миний хэлсэн үгийн талаар юу гэж бодож байгааг асуулаа. Тэр үг дуу цөөтэй хүн байсан бөгөөд хүнийг магтаад байдаггүй нэгэн байв.
Би “Аав аа, та чуулган үзсэн үү?” гэж асуухад
“Тэгсэн” гэв.
“Аав аа, та миний хэлсэн үгийг сонссон уу?” гэхэд
“Тэгсэн” гэв.
Би “Тийм бол аав аа, танд ямар санагдсан бэ?” гэж асуулаа.
Тэр “Өө, дажгүй шүү. Бахархсан гэхэд болно” гэж билээ.
Дараа нь би аав маань урьд шөнийнхөө зүүдэлсэн зүүдийг надтай хуваалцахыг үнэхээр хүсэж байсан болохоор анхаарлаа сайн хандуулж чадаагүй болохыг олж мэдэв. Тэр мөрөөдөгч байгаагүй. Мөн тэрээр ургуулан боддог хүн байсангүй. Би түүнийг хэзээ ч худал ярьж байхыг харж байсангүй. Тэр үргэлж бодож байгаагаа шулуухан, аливааг бодолгүй хэлчихдэг хүн байсан юм. Тэр надад “Би нас бараад, Аврагч Есүс Христийг харж байна гэж зүүдэлсэн. Тэр миний гараас бариад, нүглүүд чинь өршөөгдсөн гэж хэлсэн. Дэйл ээ, ямар сайхан байсан гээч” гэж хэлж билээ. Тэр надад үүнийг л хэлсэн ба би цааш лавлаж асуухыг хүссэнгүй. Тэр хоёр сарын дараа Рүф бид хоёрыг Мадагаскарт байхад өөд болсон юм.
Аав маань 24 настайдаа Финляндын Ларсмод Сүмд элссэнээсээ хойш хүлээж авсан гэрэл, мэдлэгийнхээ дагуу амьдралаа өнгөрүүлсэн. Тэр өөрөөс нь хүссэн бүх зүйлийг хийдэг байсан. Тэр Есүс бол Христ мөн Тэрээр дэлхийнхний болон өөрийнх нь нүглийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх Сүнсний бэлгийг хүлээн авах шаардлагыг хангасан юм. Энэхүү бэлгийг авах эрх хүний хүйс, санваарын алба зэргээс шалтгаалдаггүй. Харин энэхүү бэлгийг хүлээн авах эрх итгэлээс мөн гэрээний замыг сонгохоос шалтгаалдаг.27
Рут Л. Рэнланд эгч:Тиймээс бид хэрхэн итгэлээ хөгжүүлж, үүнийгээ хүчтэй байлгаж болох вэ? Энэ нь хичээнгүй байдлыг шаарддаг. Та нар тооны хичээл дээр багш тоо бодохыг харж байсан уу? Багш хариуг нь гаргахыг харсан учраас түүний мэдлэг автоматаар та нарт өгөгдсөн үү? Харамсалтай нь үгүй. Багшид байгаа мэдлэгийг эзэмшихийн тулд та нар өөрсдөө тооны бодлого бодож, бодох үйлдэл, томьёо, тэмдгүүдийг сайн мэддэг болтлоо судалж мөн дасгал бодлогууд дээр ажиллах хэрэгтэй.
Үүнтэй адил, итгэлтэй болж, итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Бид агуу итгэлтэй хэн нэгнээс урам зориг авч болох ч энэ явцад бусдын итгэл биднийх болдоггүй. Бид судар болон амьд бошиглогчдын үгсийг өөрсдөө судлах ёстой. Бид мөн залбирах буюу Тэнгэрлэг Эцэгтэй Есүс Христийн нэрээр харилцахад бодит хичээл зүтгэл гаргах ёстой. Долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, бидний нүглүүдийг цагаатгахаар Хүүгээ бидэнд өгсөн Бурханыг хэчнээн нигүүлсэнгүй хандсаар ирснийг санах нь маш чухал. Эдгээр хувийн үйлдэл итгэлийг төрүүлж, хадгалдаг.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд миний хүлээн авсан анхны үүрэг даалгавар бол Сүмийн түүхийн хэлтэс рүү очиж, уг хэлтсийн зөвлөх байсан ахлагч Жэффри Р. Холландыг орлох болсон гэдгээ хэлэх явдал байсан юм. Та нарын төсөөлж байгаагаар тэд хайртай зөвлөхийг нь өөр хүн орлож байгааг олж мэдээд, “уйлаан, мөн гаслан [болж], мөн шүдээ хавир[чээ]”28. Цаасан алчуурын ноцтой хомсдолд орсон байв.
Сүмийн түүхийн хэлтсийн зөвлөхийн үүрэг хариуцлагынхаа нэгэн хэсэг болгон би The Joseph Smith Papers номын бүх ботийг уншив.Би мөн Гэгээнтнүүд гэсэн нэртэй Сүмийн түүхийн тэргүүн боть, дэд ботийн эхний хэсгийг уншсан.29 Иосеф Смитийн бичсэн, хэлсэн бүх үгийг уншсан маань түүний бошиглогчийн хувьд гүйцэтгэсэн болон дэлхий дээр Бурханы ажлыг сэргээхээр сонгогдсон үүргийнх нь талаарх миний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн юм.
Иосеф Смит өөрийн гэрчлэлд үргэлж үнэнч байсан. Тэр байр сууриа өөрчлөөгүй. Тэр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ; Моронай; Иохан Баптист; Петр, Иаков ба Иохан; Мосе; Елиас, Елиа нарыг бодитоор харсан хүний ёсоор амьдарсан. Тэр бас үнэхээр алтан ялтаснуудыг эзэмшиж, тэдгээр эртний бичээсийг Бурханы хүч болон бэлгээр орчуулсан хүний ёсоор биеэ авч явдаг байсан. Тэрээр үнэхээр Есүс Христээс илчлэлт хүлээн авсан хүний ёсоор амьдарсан. Эцэст нь, Тэр үнэхээр санваарыг болон ариун төлөөлөгчийн түлхүүрүүдийг хүлээн авсан хүн хэрхэн биеэ авч явах байсанчлан биеэ авч явж байсан юм.
Би өөрийн таван мэдрэхүйгээр мэдэрч, илэрхийлж чадахаас илүү хүчтэй, найдвартай арга замаар энэ нь үнэн болохыг мэдэх бөгөөд Иосеф Смит харсан гэж хэлсэн зүйлсээ харсан, Мормоны Номыг Бурханы хүч болон бэлгээр орчуулж, хүн төрөлхтний авралд зориулсан санваарын холбогдох түлхүүрүүдийг хүлээн авсан гэдгийг илэрхийлж байна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Тэдгээр түлхүүр нь өнөөдөр дэлхий дээр байгаа бөгөөд ерөнхийлөгч Нэлсон бол Иосеф Смитийн дэлхий дээрх зохих ёсны залгамжлагч гэдгийг би мэднэ.
Хуучирч элэгдсэн завины хонхойсон хэсэг, хууран унаж байгаа будаг гэж бидний харж байгаа зүйл бол тэнгэрлэг зөвшөөрлөөр, мөнхийн талаас авч үзэн удирдан хийлгэсэн зүйл байж болох юм. Их Эзэн өөрийн биеэр хонхойлгон, будгийг хуулсан байж болно эсвэл тэдгээрийг Өөрийн зорилгын төлөө ашигладаг ч байж болох юм. Их Эзэн Есүс Христ дэлхий дээрх Өөрийн ажлыг удирдан чиглүүлдэг гэдгийг би мэднэ. Түүний өнөө үеийн үйлчлэгчид Түүнийг сайн мэддэг.
Рут Л. Рэнланд эгч: Есүс Христ бол бидний Аврагч гэсэн өөрийн гэрчлэлийг нэмж байгаадаа би баяртай байна. Бид Түүний цагаатгах золиослолд болон Цагаатгалынх нь үр жимсэнд итгэх итгэлээ хөгжүүлж, эргэлзэхгүй байх аваас амьдрал маань мөнхөд адислагдана. Тэрээр дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд хүртээх боломжтой бүхий л адислалтай нь хамт Сүмээ сэргээсэнд би талархдаг.
Ахлагч Дэйл Г. Рэнланд: Есүс Христ амьд. Тэрээр дэлхийн Аврагч мөн. Би Бурханы бүх хүүхдийг гэсэн Түүний гайхамшигт нинжин сэтгэл, хайр, халамжийг гэрчилж байна. Би мөн та бидний төлөө хийсэн Түүний зүйрлэшгүй цагаатгагч золиослолын талаар гэрчилж байна. Би Аврагчийг таньж мэдсэнээр Түүний аливаа зүйлийг засаж залруулах, ямар ч шархыг эдгээхэд туслах, эмтэрсэн зүрхийг бүрэн бүтэн болгох гэсэн хүслийнх нь талаар мэдэж авсан билээ.
Би та нарыг Бурханы хамгийн баялаг адислалуудыг авах болтугай хэмээн залбирч байна. Та бүхэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, “үл эргэлзэж, харин итгэлтэй байх”30 болтугай гэж би залбирч байна. Би та нарыг судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг судалж, залбирлаар Тэнгэрлэг Эцэгтэй харилцаж, долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэхэд бэлтгэх замаар Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд урьж байна. Та нарыг эдгээр хувийн, ганцаарчилсан үнэнч байдлын үйлдлийг хийж, бусдад үйлчлэн, тохинуулах үед Бурхан адислах болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.
© 2019 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Хувилбар: 10/18. “‘Doubt Not, but Be Believing’”-ийн орчуулга. Mongolian. PD60007608 000