2019 оны онцгой цугларалтууд
Мөнхийн гэрлэлтийн төлөө тасралтгүй өсөж хөгжих нь


Мөнхийн гэрлэлтийн төлөө тасралтгүй өсөж хөгжих нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2019 оны 5-р сарын 5 • Солт Лэйк Сити табернекл

[Ахлагч Карл Б.Күк]

Энэ үдэш Күк эгч бид хоёр та нартай хамт байгаадаа баяртай байна. Энэ нэвтрүүлэгт бид дэлхий даяарх 99 улс оронтой 39 хэл дээр нэгдээд байна. Та нарын олонх нь энэ нэвтрүүлгийг шууд үзэж байгаа. Зарим нь цагийн зөрүүний улмаас давталтыг үзэх болно. Та нар энэ онцгой цугларалтыг хаана, хэрхэн үзэж байгаагаасаа үл хамааран тавтай морилно уу.

Энэхүү дэлхий даяарх цугларалтад анх удаа оролцож байгаа, саяхан ахлах сургуулиа төгссөн залуусыг бид тавтай морилно уу хэмээн онцгойлон урьж байна. Бид та нарыг сүнслэгээр суралцах боломжуудаа ашиглан, институт болон шашны бусад хичээлийг боловсролынхоо нэг хэсэг болгон оролцоно гэдэгт найдаж байна. Амьдралынхаа энэ үеийг амжилттай удирдан жолоодоход тань туслах чухал дэмжлэг бол хичээл, үйл ажиллагаануудад хамрагдах явдал юм.

[Линэт Х.Күк эгч]

Бид та нартай хамт байхаар адислагдсан. Та нар биднийг сүнслэгээр урамшуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг маань өсгөдөг. Бид бошиглогч, төлөөлөгчдийн онцолсон зүйлсэд хэрхэн хандаж байгаагаар тань бахархдаг юм. Гэр бүлийн түүхийн болон номлолын ажилд мөн ариун сүмийн ажилд итгэл дүүрэн оролцож, тэр дундаа ёслол гүйцэтгэгчээр үйлчилж байгаа тань бидэнд урам зориг өгдөг. Бид та нарт талархаж, та нарыг хайрладаг.

[Ахлагч Күк]

Би энэ үдэш эхлээд та нарт Күк эгч бид хоёрт Кенийн Найроби дахь ганц бие залуучуудтай хамт байхад тохиолдсон нэгэн явдлын талаар ярья. Бид нэгэн онцгой цугларалтын үеэр гэрлэлтийн талаар нээлттэй ярилцлага хийж байлаа. Бид тэр залуучуудаас мөнхийн хамтрагчаа ямар байгаасай гэж хүсдэг болохыг нь асуув.

Хэдэн хүнийг саналаа хэлсний дараа зарим залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүд өөрсөдтэй нь гэрлэхийн тулд тэднээс их сургуулийн диплом, машин болон амьдрах тохь тухтай газартай байхыг шаарддаг гэж боддог нь тодорхой болсон юм. Харин хэсэг залуу эмэгтэй, хэрэв залуу эрэгтэйчүүд тэдгээр зүйлийг олж авахаар идэвхтэй хичээн зүтгэж байвал тэдгээр зүйлтэй болохыг нь хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэд тэдгээр зүйлийн төлөө хамтдаа ажиллаж чадахаар байв.

Үүнийг өнөөдөр туршиж үзэцгээе. Гэрлэх насны ганц бие ах нар аа, та нар хаана ч байж болох ба би та нараас нэг л зүйл асууя. Та нар өөрсдийгөө сайн зан чанартай, хүчирхэг гэрчлэлтэй, cүнслэг мэдрэмжтэй, ажилсаг эрчүүд гэж боддог боловч чухам хэд нь гэрлэсэн эмэгтэйг аз жаргалтай байлгах материаллаг зүйлсийг хангалттай бэлдээгүй гэдгээ мэдэрдэг вэ? Гараа өргөнө үү. Өндөр өргө!

Одоо ганц бие эгч нараас асууя. Та нарын хэд нь өөрсдийн хайрладаг, сайн зан чанартай, хүчирхэг гэрчлэлтэй, cүнслэг мэдрэмжтэй, ажилсаг эрэгтэйтэй мөр зэрэгцэн суралцаж; өсөж хөгжин, гэрлэлтийн материаллаг адислалуудыг хүлээхдээ бэлэн байгаа вэ? Гараа өргөнө үү. Өндөр өргө!

Та нарын нэг нь энэ танхимд гараа өргөсөн, сонирхлыг тань татсан хүнийг олж харсан байх …

Найробид би Гарын авлага 2 дээрх “Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний мөн чанар нь бие биедээ туслан амьдрахад оршино. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа өсч хөгжин, өргөмжлөлд хүрэх хувь тавилантай юм”1 гэсэн эшлэлийг хуваалцаж билээ.

Зураг
ууланд авирч буй хос

Нэгэн залуу эрэгтэй босож зогсоод, баяртайгаар “Үнэхээр гайхалтай! Би хэн нэгнээс надтай гэрлэхийг гуйхынхаа оронд түүнээс надтай хамт өсөж хөгжих эсэхийг нь асуух болно!” гэж хэлэв.

Үнэндээ, уг залуугийн энэ санаа бодолд ихээхэн мэргэн ухаан байна гэж би боддог. Африкийн зүйр үгэнд “Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв. Хол явахыг хүсвэл хамтдаа яв” гэсэн байдаг. “Хамт яв. Та нар Их Эзэний тусламжтайгаар хамтдаа өсөж хөгжин, бие биедээ тусалж чадна” хэмээн би нэмж хэлмээр байна.

Математикийн талаас нь авч үзвэл, нэг дээр нэгийг нэмэхэд хоёр болдог. Гэхдээ хоёр хүн нэгдэх юм бол нэг дээр нэгийг нэмээд хоёр болдгоос хавьгүй илүү тоо гарна. Хэрвээ Их Эзэн уг тэнцэтгэлд оролцвол нийлбэр нь хэмжээлшгүй хийгээд мөнхийнх байх болно.

Бид энэ үдэш гэрлэлтийг өөр өнцгөөс нь харж ярих гэж байгааг та нар гадарласан байх. Мөнхийн гэрлэлтийн төлөө тасралтгүй өсөж хөгжих талаар бид ярих болно. Энэ нь хүн бүрд, Күк эгч бид хоёрт ч хамаатай юм. Гэрлэсэн эсвэл ганц бие, хэдэн ч настай байсан хамаагүй, бид бүгдээрээ одоо байгаагаасаа илүү өсөж хөгжиж чадна.

Мөнхийн гэрлэлт нь Есүс Христийн сайн мэдээний тэргүүн чухал ёслол юм. Уг ёслолд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ариун сүмд лацдан холбуулж, гэрлэлтээ Амлалтын Ариун Сүнсээр лацдуулдаг. Бид санваарын энэ ёслолыг хүлээн авч, гэрээнүүдээ сахиснаар нас барсныхаа дараа эхнэр нөхөр ба мөнхийн хамрагчдын хувьд үргэлжлүүлэн адислал хүлээн авч чадна.2

Бидэнд мөнхийн харилцаатай болох хүсэл эрмэлзэл бий. Ерөнхийлөгч Нэлсон “Үхлийн дараа ч хэвээр үлдэх гэрлэлтийг хүсэх нь хүмүүний зүрх сэтгэлийн хамгийн хүнлэг тэмүүлэл билээ”3 гэсэн байдаг.

Зураг
Ариун сүмийн гадна гар барилцаж буй нь

Мөнхийн гэрлэлт нь бидний хүн нэг бүрд боломжтой зүйл юм. Мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд тулгардаг бүх хүнд хэцүү нөхцөл байдалд ч Түүний мөнхийн төлөвлөгөөний дагуу мөнхийн гэрлэлт нь боломжтой байдаг юм. “Эцэгийн хүүхдүүддээ [зориулан] бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй.”4 Хэрэв бид итгэлтэй байвал Тэнгэрлэг Эцэг Эхийн маань өгөхөөр бэлтгэсэн бүх зүйл, тэр дундаа жинхэнэ хамтрал болох мөнхийн гэрлэлт бидэнд амлагдсан байдаг. Энэ захиасыг сонсож байгаа хүн бүр тэрхүү амлагдсан адислалыг хүлээн авна.

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь [Бурханы] мөнхийн төлөвлөгөөний төвд байдаг”5 учраас дайсан болон түүнийг дагагчид үүний эсрэг тэмцэж байгаа бөгөөд энэ тулалдаан ид үргэлжилж байна. Сатанд мөнхийн гэрлэлт хэзээ ч хүртээлгүй байх бөгөөд судруудад “тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө”6 хэмээсэн байдаг. “Бурханы эсрэг бослого гаргасан, … хөгшин хорт могой, … Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг.”7

Мөнхийн гэрлэлтийн эсрэг явуулдаг Сатаны дайн ямархуу байдаг вэ? Дараах зүйлийг тунгаан бод. Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд хайрыг эрэлхийлж байхад дайсан хүсэл тачаалыг дэмждэг. Бид ариун журмыг эрэлхийлдэг бол тэр цэвэр ариун байдлыг доог тохуу болгодог. Бид ариуныг эрэлхийлдэг бол тэр харанхуй руу уруу татдаг. Биднийг нүгэл үйлдэхэд тэр наманчлалын оронд цөхрөл гутралыг санал болгодог.

Зураг
бид хайрыг эрэлхийлдэг
Зураг
дайсан хүсэл тачаалыг дэмждэг
Зураг
бид ариун журмыг эрэлхийлдэг
Зураг
дайсан цэвэр ариун байдл доог тохуу болгодог
Зураг
бид ариуныг эрэлхийлдэг
Зураг
дайсан харанхуй руу уруу татдаг
Зураг
бид нүгэл үйлддэг
Зураг
дайсан цөхрөл гутралыг санал болгодог

Тэрээр дэлхийг бүхэлд нь нөмөрч буй порнограф, үнэнч бус байдал, “агуу хийгээд нүсэр барилга,”8 доторх хүмүүсийн басамжлал, аминч үзэл, тууштай биш байдал, бүтэлгүйтсэн гэрлэлтүүд зэрэг сүйрлийн олон нөлөө бүхий бодит цунамиг бүтээсэн. Бид дэлхийн зарим нөлөөнөөс зайлсхийж чадах ч санаа амарлингуй байдал маань биднийг бардам хэнэггүй болгож, мөнхийн гэрлэлтийн төлөөх өсөлт хөгжилд маань саад болдог.

Гэвч бид Бурханд итгэж найдан, итгэлээ хөгжүүлж, илүү өндөр газарт очих юм бол технологи, дэлхийн зугаа цэнгэл, сошиал медиа зэргээр дамжуулан мөн заримдаа гэр бүлийн гишүүн, найз нөхдийн амьдралд гэрчилсэн зүрх шимшрүүлэм нөхцөл байдлын улмаас ирдэг хуйлрах давалгааг даван гарах болно.

Олон жилийн өмнө, нэгэн итгэлтэй залуу эрэгтэй аз жаргалтай гэрлэлт байдаг гэдэгт итгэл алдарснаа бидэнд ярьсан юм. Түүний эцэг эх төдийгүй хоёр талын авга, нагацууд нь бүгд салсан аж. Тэр хэзээ ч аз жаргалтай гэрлэлтийг ойроос харж байгаагүй гэж хэлж билээ. Хэдий тийм боловч тэр Их Эзэний тусламжтайгаар айдсаа ялан дийлж, ариун сүмд гэрлэсэн. Мөн тэр эхнэртэйгээ аз жаргалтай амьдарч, таван хөөрхөн хүүхэдтэй болсон юм.

Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд бид тэргүүнээ өргөж, ирээдүйгээ итгэл болон өөртөө итгэх итгэлтэйгээр харж чадна. Аврагч Есүс Христ маань ертөнцийг ялан дийлж, бидний нүглийн төлөө зовж шаналан, бидэнд дэгжин дээшилж, өсөж хөгжих арга замыг өгсөн.

Тэнгэр нээгдэж, бошиглогч, төлөөлөгчдөөр маань дамжуулан илчлэлт урсан орж ирж, дайсны эсрэг тэмцэхэд бидэнд илүү их дэмжиж, тусалж байгааг бид бүгд гэрчилж байгаа билээ. Дэлхий улам бүр хилэнцэт болж байхад Их Эзэн Өөрийн цэргүүд болох биднийг буюу гэрээт хүүхдүүдээ мөнхийн гэрлэлт болон гэр бүлийг бий болгох аюулгүй орчинд цуглуулж байна.

Тэгэхээр, та дайсны нөлөөнүүдийн эсрэг тэмцэхийн тулд юу хийж чадах вэ? Та гэрлэлтийн эргэн тойронд өсөн нэмэгдсээр буй сөрөг байдлыг хэрхэн зогсоож чадах вэ? Та өөрийн амьдрал дахь дайсны хүчийг сулруулж, аз жаргалтай мөнхийн гэрлэлт, гэр бүлийн төлөө тасралтгүй өсөж хөгжихийн тулд юу хийж чадах вэ? Хариулт нь энгийн юм. Та Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Цагаатгалаас нь зууран барьж, Түүнийг ирэхэд бэлтгэж мөн бусдад тийн үйлдэхэд нь тусалж чадна.

Гэрлэсэн та бүхэн сайн мэдээн дээр төвлөрсөн гэр оронтой болж, гэрээний зам дээр өсөж хөгжиж байгаа ганц бие ах, эгч, дүү нартаа гэрлэлтийн талаар эерэг зүйлсийг ярьснаар замынх нь эхийг тавьж чадна.

Сайн мэдээ

Энэ үдэш Күк эгч бид хоёр гэрлэлтийн талаарх зарим сайн мэдээг хуваалцмаар байна. Их олон зүйл байгаа.

Бид эхлээд та бидэн шиг төгс бус хүмүүс өнөө үед аз жаргалтай бөгөөд амжилттай гэрлэлт, гэр бүлийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хайр, шударга, үнэнч зан, нэгдмэл байдлын мөн ариун сүмийн гэрээнүүдийн сайн мэдээний суурин дээр бий болгож чадна гэсэн санаа бодол, гүнзгий гэрчлэлээ хуваалцъя.9

Ерөнхийлөгч Нэлсон “Гэрлэлт болгон хоёр дутагдалтай эхэлдэг. Энэ нь хоёр төгс бус хүнийг оролцуулдаг юм. Тэдний хичээнгүй зүтгэл чармайлтаар л аз жаргал ирэх болно”10 гэж хуваалцсан байдаг. Хичээл зүтгэл гаргахгүйгээр шууд мөнхийн гэрлэлтийг эрэлхийлнэ гэж байхгүй. Энэ бол эхнэр, нөхөр хоёрын хоёулангаас нь даруу байдал, хичээл зүтгэл, ухамсартай хүчин чармайлтыг шаарддаг насан туршийн аялал билээ.

Хамгийн сайн сайхан мэдээ нь бидний Аврагч Есүс Христ болон Түүний Цагаатгал байнгын өсөлт хөгжлийг боломжтой болгодог явдал юм. Түүний мутар бидний зүг сунгаастай байдаг. Бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, залбирч, чин сэтгэлээсээ хичээх юм бол бидний амьдралд гайхамшгууд тохиох болно. Сайн санаа зорилго нь үйлдэл рүү, наманчлал нь өршөөл рүү хөтөлж, сул тал маань давуу тал болж, муу үйл маань ариун журмаар солигдох болно. Бид дор бүрнээ болон эхнэр, нөхрийн хувьд Есүс Христийн Цагаатгалаар өдрөөс өдөрт хүчирхэгжсэнээр бидний гэрлэлт аз жаргалтай байх найдвар, мөрөөдөл маань бодит болно.

Одоо бүгдээрээ Күк эгчийг сонсоно. Би итгэлт хамтрагчтайдаа талархдаг. Тэр Их Эзэнд хайртай бөгөөд Түүнд болон надад үнэнч билээ. Линэт бол миний хамгийн сайн найз. Тэр миний эрхэм нандин мөнхийн хамтрагч.

[Күк эгч]

Би мөнхийн хамтрагчдаа ихэд талархдаг. Тэр нигүүлсэнгүй бөгөөд их тэвчээртэй. Бид хамтдаа хөгжилддөг. Би түүнтэй амьдрах, хамтдаа өсөж хөгжих адислалдаа талархдаг.

Энэ үдэш бид бүхэн нөхцөл байдал, төгс бус байдлаасаа үл хамааран мөнхийн гэрлэлтийн төлөө өсөж хөгжиж чадна гэдэгт итгэх та нарын итгэлийг нэмэгдэхэд тусална хэмээн найдаж байна. Үүнийг хийж байгаа хоёр энгийн хосын талаар бид та нарт ярьж өгье. Эдгээр хос ариун сүмд лацдан холбуулсан. Тэд бие биедээ болон Бурханд зарлигуудыг нь сахиж, сайн мэдээний зарчмуудыг гэрлэлтдээ хэрэгжүүлэх болно хэмээн амласан. Тэд бие биенээ болон Бурханыг хайрлах хайр, нэгдмэл байдлаа нэмэгдүүлэхээр шийдсэн юм.

Намайг эдгээр түүхийг хуваалцах үед, мөнхийн гэрлэлтийг бий болгох чухал зүйлс болох Христийн адил зан чанарыг хөгжүүлэхээр тэдний гаргаж буй хүчин чармайлтад онцгой анхаарал хандуулаарай.

Давий, Элиса хоёр

Бид Давий, Элиса хоёртой11 хэдэн жилийн өмнө Өмнөд Африкт танилцсан юм. Тэд эхнэр, нөхөр хоёр нэгдмэл байснаар хоорондоо баяр хөөртэй байдаг тухай жишээг харуулдаг.

Зураг
Давий болон Элиса Мотшвэнинг
Зураг
Давий болон Элиса Мотшвэнинг

Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх тухай салбарын онцгой цугларалтын үеэр ахлагч Күк хүмүүсээс гэрлэлтээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийснийг нь лавласан юм. Давий эхнэртээ болон өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан. Нэгэн ням гаргийн өглөө тэд өглөөний ундаа уугаад, цуглааны байраас зайтай амьдардаг тул сүм рүү хоёр цаг алхаж очин, гурван цагийн турш цуглаанд сууж, буцаад хоёр цаг алхаж гэртээ харьжээ. Тэд ядарсан мөн өлссөн байсан бөгөөд тэдний хоол хүнс дууссан байв. Улмаар тэд хоолгүй хоножээ.

Шөнө дунд гэдэс нь хонхолзон дуугарахад тэр хоёр сэрэв. Элисаг хоол хүнсээр хангаагүйдээ Давий гутарчээ. Тэр Элисаг өөрийнх нь талаар юу бодож байгаа бол гэхээс санаа зовж байлаа. Харин Элиса уйтгарлах эсвэл уурлахын оронд Давийгийн гэдэс инээдтэй дуугарч байгааг шоолов. Тэд хоёулаа инээлдээд, эргээд унтжээ.

Тэрхүү онцгой цугларалт дээр Давий Элисагийн сайхан сэтгэл, тус дэм, үнэнч байдалд талархдагаа илэрхийлэн, “Тэр намайг орхиод явж болох л байсан. Түүнийг тэтгэх нь миний үүрэг хариуцлага. Гэхдээ бид хоёр адилхан” гэж хэлсэн.

Энэ явдлын талаар санаа бодлоо хуваалцахыг урихад Элиса “Давий миний хамгийн сайн найз бөгөөд миний төлөө маш их зүйл хийдэг. Намайг ажлынхантайгаа асуудалтай байхад тэр надад зөвлөж, тайтгарахад маань тусалдаг” гэж хэлсэн юм.

Давий, Элиса хоёр амьдралын сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж байгаа нь илт байв. Давийгийн хэлснээр, тэд “адилхан” юм. Хоол хүнсгүй байгаа нь “Давийгийн” эсвэл “Элисагийн” асуудал биш, харин “тэдний” асуудал байлаа. Тэд хоол хүнсгүй байгаагаа гэрлэлтийн томоохон хямрал биш, харин тэдний ямар нэгэн байдлаар хамтдаа давж туулах ёстой түр зуурын саад тотгор гэж бодсон. Тэд нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд хошигносон. Тэд дараа өдөр нөхцөл байдал нь дээрдэнэ гэдэгт найдан, эргэж унтсанаар итгэлийг харуулсан.

Давий, Элиса хоёр бие биедээ төдийгүй Бурханд үнэнч юм. Бурханы зарлигуудыг сахих юм бол Тэр сорилт бэрхшээлүүдээ даван гарахад нь тусална гэдэгт тэд итгэлтэй байдаг. Тэд эхнэр нөхрийн хувьд амьдралын аяллаа хамтдаа баяртайгаар үргэлжлүүлж байна Тэднийг бие махбод, сэтгэл санаа эсвэл сүнслэг байдлаар нь салган тусгаарлах боломжийг тэд хүнд хэцүү нөхцөл байдлуудад ч олгоогүй.12

Давий, Элиса хоёр Их Эзэн тэднийг адисалж байгааг бидэнтэй саяхан хуваалцсан юм. Тэд одоо өөрсдөдөө хангалттай төдийгүй тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй хуваалцахуйц хэмжээний хоол хүнстэй болсон.13 Тэд хамтдаа өсөж хөгжиж байгаа билээ.

Ерөнхийлөгч Нэлсон бид эхнэр нөхрийн хувьд хэрхэн өсөж хөгжиж болох тухай заасан.14

Нэйт, Лэкси хоёр (Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл)

Би одоо та нарт Нэйт, Лэкси хоёрын талаар ярьж өгье.15 Тэд эхнэр, нөхөр хоёр Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бодитой болгох үед гэрлэлтэд нь ирэх хүч чадлын сүнслэгээр нөлөөлөхүйц үлгэр дуурайл билээ.

Зураг
Нэйт болон Лэкси Болдвин

Нэйт, Лэкси хоёр гэрлэсэн бөгөөд хүүхэдтэй болохыг хүсэж байлаа. Олон сар хүлээсний эцэст, эхнэр нь хөл хүндтэй болов. Тэд баяртайгаар энэ мэдээгээ хуваалцжээ. Харамсалтай нь, тун удалгүй Лэкси зулбаж, тэд уй гашууд автав.

Дахиад хэдэн сар өнгөрсний дараа, Лэкси, Нэйт хоёр дахин хүүхэд олжээ. Энэ удаа жирэмслэлтийн явц сайн байлаа. Хүүхдийг нь төрөхөөс өмнөхөн би Лэкситэй хамт нэгэн үдэшлэгт оролцсон юм. Хүн бүр, Лэкси хүртэл охин үр нь тун удахгүй төрөх гэж байгаад их баяртай байсан.

Энэ явдлаас хойш тун удалгүй бид тэдний хүүхэд эндсэн болохыг сонсоод гашуудаж билээ. Эх, хүүхдүүдээр дүүрэн төрөх хэсэгт Лэкси амьгүй бяцхан охиноо төрүүлсэн юм. Энэ бол үнэхээр цочирдом мэдээ байлаа. Ахлагч Күк бид хоёр Нэйт, Лэкси хоёртой уулзахаар гэрт нь очив. Бид тэднийг гашуудсан, хэцүү байдалд байгаа гэж бодож байлаа.

Зураг
Нэйт, Лэкси болон Хоуп Болдвин

Бид гэрт нь орохдоо сүнслэг уур амьсгалыг мэдрэв. Нэйт, Лэкси хоёр биднийг халуун дотноор хүлээн авч, буйдан дээр хамт сууцгаан, бидэнтэй охиноо алдсан талаарх зарим нэг зүйлийг хуваалцаж байхдаа бие биенээ тэвэрч байлаа. Их Эзэний нигүүлсэл ачааг нь хөнгөлж адисалсан бөгөөд Хоуп хэмээн нэрлэсэн үзэсгэлэнтэй хүүхдийг тэдэнд өгсөнд талархаж байгаагаа тэд бидэнд ярьсан юм. Лэкси Хоуп охиноо тээн, төрүүлэх боломжтой байсантай талархаж байлаа.

Нэйт, Лэкси хоёрын итгэл бидэнд урам зориг өгсөн. Энэ залуу хос биднийг тайтгаруулсан юм. Тэд энэ асуудлыг үнэхээр сайн даван туулж байгаа нь гайхамшиг гэж бодож байгаагаа би тэдэнд хэлэв. Хариуд нь тэд Есүс Христ болон Түүний Цагаатгалын урам өгөх, хүчирхэгжүүлэх хүч чадлын талаарх гэрчлэлээ хуваалцсан. Тэдний ачаа хүнд байсан хэдий ч Их Эзэн тэдэнд үүрэхэд нь тусалж байлаа. Их Эзэн тэдэнд хайраар хандаж мөн Нэйт, Лэкси хоёр бие биенээ хайрлаж байв. Тэд Бурхантай бас бие биетэйгээ нэг болсон байлаа.

Их Эзэний тусламжтайгаар асуудал бэрхшээлүүд биднийг нэгтгэж чадна. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бурхангүйгээр, … бараан цаг мөч гунигтай, цөхрөнгүй, бүр гашуун байх нь бий. Бурхантай хамт байхад зовлон шаналал амар амгалангаар, үймээн самуун энх тайвнаар, уй гашуу итгэл найдвараар солигддог”16 гэж хэлсэн.

Бид эдгээр хосын түүх гэрлэлтэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусална гэдэгт найдаж байна. Амьдрал хэцүү. Гэхдээ бид бүгд сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхийн сацуу мөнхийн гэрлэлтийн төлөө өсөж хөгжиж чадна.

[Ахлагч Күк]

Онцгойлон харуулсан хосуудаас гадна дэлхийн олон газарт гэрлэлт нь аз жаргалтай байж, өсөж хөгжиж буй олон хүн бий. Бид очсон газар бүрдээ тэр хосуудтай таардаг. Тэдний дунд бүх насны, өөр өөр амьдралтай хүмүүс байдаг. Зарим хосыг дор бүрнээ таньж мэдэхэд бид та нарыг урьж байна. Тэднийг харж, тэдэнтэй ярилцаж, тэднээс асуу. Тэд төгс биш ч та нар тэднээс суралцах болно. Тэд гэрлэлтийн үүрдийн мөн чанарт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж, таныг болон таны хамтрагчийг үүрд адислах Христийн адил зан чанаруудыг хөгжүүлэх урам зоригийг өгөх болно!

Саад бэрхшээл

Бид унасан дэлхийд аж төрж байгаа учраас саад бэрхшээлүүдтэй тулгарах нь зайлшгүй юм. Харилцаанд маань ч гэсэн бэрхшээл гарна. Би та бүхэнд мөнхийн гэрлэлтийн төлөө өсөж хөгжин, урагшлахыг хичээх явцад тань тулгарах хэдэн саад бэрхшээлийг дурдъя.

Бодит шаардлага

Гэрлэлтэд тохиолддог нэг түгээмэл саад бол гэрлэх хүнийхээ талаар бодит бус шаардлага тавих явдал юм. Бидний шаардлага хэт өндөр эсвэл хэт доогуур байх ёсгүй. Биднийг үнэн хүсэлтэйгээр, чин сэтгэлийн залбирлаар Тэнгэрлэг Эцэгтэй илэн далангүй, нээлттэй харилцахад Тэрээр биднийг удирдах болно.

Бардам, хэнэггүй байдал

Бардам, хэнэггүй байдал нь мөнхийн гэрлэлтэд ихэнхдээ саад болдог. Үүрэг хариуцлага багатай, хувийн ашиг сонирхлоо өндөрт тавьсан амьдралаар амьдрах үед хүн бие сэтгэлийн аюулгүй байдалдаа амархан тайвширдаг. Бид өөрсдийн амьдралд санаа амарч, өсөж хөгжих ямар ч хэрэгцээг мэдрэхгүй болж болно. Уг мэдрэмж нь бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг юм. Энэ мөнх бус амьдралын туйлын зорилго нь Түүнтэй адил болох явдал билээ. Бид өөрсдийгөө дайчлан хөгжүүлж, өөрчлөгдөж, өсөх хөгжих хүсэлгүй байвал Түүнтэй адил болж чадахгүй. Хэрвээ та бардам, хэнэггүй байдалд байгаа бол энэ байдлаасаа салж, мөнхийн гэрлэлтийн төлөө өсөж хөгжин, урагшлахын тулд залбирч, итгэлээ хөгжүүл. Өсөж хөгжихийн тулд өөрийн энэ нөхцөл байдалд юу хийж чадахаа мэдэхэд тань Тэнгэрлэг Эцэг тусална. Тэр таныг адислах болно.

Технологи ба мэдээллийн хэрэгсэл

Эцэст нь, энэ цаг үеийн асар том гамшиг, саад бэрхшээл бол технологи ба мэдээллийн хэрэгслийн зүй зохисгүй хэрэглээ, хэтрүүлэн ашиглалт юм. Энэ нь болзоо, гэрлэлт хоёрын хоёуланд нь хувь хүнийг шархдуулж, харилцаанд саад учруулдаг. Хэрэв та жинхэнэ бодит хүнтэй ганцаарчлан уулзаж, ярилцаж, инээж, хуваалцаж, тусалж, алхаж, асууж, суралцаж, халамжилж, өгөхөөсөө илүү онлайнаар онцолж, нийтэлж, шууд дамжуулж, бичлэг хийж, таалж, тоглож, хожиж, ялж, жиргэж, зураг авч, гүйлгэн үзэж байвал технологи болон мэдээллийн хэрэгсэл таныг мөнхийн гэрлэлтийн жинхэнэ баяр хөөрийг олж авахаар өсөж хөгжихөд тань саад болж байж магадгүй юм. Интернэтийн харилцаа нь бодит цаг үед бодит хүмүүстэй харилцах хүмүүсийн харилцааг орлохгүй.

Ерөнхийлөгч Нэлсон утсаа унтрааж, далд хийхийн ач холбогдлыг онцолсон байдаг. Тэрээр “Хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх нь их чухал! Хосууд харилцаагаа дэмжин тэтгэхийн тулд цагийг хамтдаа өнгөрүүлж, бие биенээ сонсохын тулд суралцаж, суралцахын тулд сонсох хэрэгтэй. Тэр цаг мөчийг урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Аз жаргалтай гэрлэлт үнэхээр чухал юм бол үүнд оргил цагийг зориулах ёстой”17 гэж хэлсэн. Бидний ганц бие амьдарч байх он жилүүдэд тогтсон технологийн дадал зуршил гэрлэхэд маань ч үргэлжилдэг.

Та үүнийг хийж чадна

Ах, эгч нар аа, та тулгарсан ямар ч саадыг Их Эзэний тусламжтайгаар даван туулж чадна. Та мөнхийн гэрлэлтэд хүргэдэг гэрээний замын хаана нь ч байсан бай, Их Эзэн таныг хайртай хүнийхээ хамт тэрхүү замаар явахын тулд өсөж хөгжихөд тусална. Та гэрлэх төлөвлөгөөгүй ганц бие мөн гэрлэлт тань асуудалтай, хүүхэдтэй хэрнээ салсан, донтолтыг даван туулахаар хичээж байгаа, эрүүл мэндийн асуудалтай, эсвэл ямар нэгэн байдлаар цөхөрч гутарсан зэргээс үл хамааран Их Эзэний эдгээгч гавар таныг сэргээн засаж, илааршуулж, хүчирхэгжүүлж чадна. Түүнд итгэлтэйгээр хандаж, нүглээ наманчилж, өсөж хөгжихөд тань туслах Түүний хүч чадлаас хүртэх үед танд гайхамшгууд тохионо.

Мормоны Номд байдаг жишээнүүд бидний итгэлийг өсгөдөг. Нифай усан онгоц барихаар зарлиглуулсан түүхэд би дуртай. Тэр хэзээ ч усан онгоц барьж байгаагүй бөгөөд аглаг буйдад амьдарч байсан. Бид түүний нөхцөл байдлыг заримдаа аглаг буйд мэт санагддаг энэ дэлхийд мөнхийн гэрлэлтийг бий болгох өөрсдийн үүрэг даалгавартай харьцуулж болох юм.

Зураг
Нифай усан онгоц барьж байгаа нь

Нифай туршлагынхаа талаар “Мөн хүмүүний үрс Бурханы зарлигуудыг дагавал тэрээр тэднийг асран мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө”18 гэж айлдсан.

Нифайг итгэлээ хөгжүүлж, хичээнгүйлэн үйлдэхэд, Их Эзэн түүнийг болон түүний эхнэр, гэр бүлийг далайг гатлан, амлагдсан нутаг руу аваачих тэрхүү усан онгоцыг барих боломжийг түүнд өгсөн юм.19

Хэрэв Нифай Их Эзэний тусламжтайгаар усан онгоц барьж чадаж байгаа юм бол бид ч бас Түүний тусламжтайгаар мөнхийн гэрлэлтийг бүтээж чадах нь тодорхой билээ. Чухамдаа гэрлэлтийг бүтээн босгох нь усан онгоц барихаас арай илүү асуудалтай байж болох ч энэ нь хийж болохоор зүйл. Тийм биз, Күк эгч ээ?

Та хэнтэй гэрлэх вэ?

Тэгэхээр, та нарын дунд байгаа ганц бие хүмүүсээс асууя. Та хэнтэй гэрлэх вэ? Хэн зөв хүн байж болох талаарх зөвлөгөө мундахгүй олон байдаг нь ойлгомжтой. Намайг залуу байхад миний аав “Хүү минь, мөнгөний төлөө гэрлэ. Хайр ирнэ” гэж зөвлөдөг байсан. Ээж минь болохоор, “Хайрын төлөө гэрлэ. Мөнгө ирнэ” гэж зөвлөдөгсөн. Хожим нь, номлолын ерөнхийлөгч маань20 надад “Үүрд мөнхөд байхаар гэрлэ” гэж заасан юм.

Зураг
мөнгөний төлөө гэрлэх
Зураг
хайрын төлөө гэрлэх
Зураг
үүрд мөнхөд байхаар гэрлэх

Мөнхийн гэрлэлт бол Бурхантай хамтрах явдал бөгөөд бид хэнтэй гэрлэх талаар Түүний зөвлөгөөг эрэлхийлэх ёстой. Бид хамтрагча мөнгө эсвэл өмч хөрөнгөн дээр, бас зөвхөн хайран дээр үндэслэн сонгодоггүй. Бид мөнхийн гэрлэлтийг эрэлхийлдэг.

Би номлолын ерөнхийлөгчийнхөө заасан зүйлсэд талархдаг. Мөн намайг харихаар бэлдэж байхад түүний надад өгсөн зөвлөгөөнд би талархаж байна. Тэрээр надад мөнхийн зорилгуудынхаа төлөө байнга өсөж хөгжих ёстой гэж хэлээд, гэрлэлтэд бэлдэж, тохирсон боломж гарах үед огтхон ч хойшлуулахгүй байхыг надад зөвлөсөн юм.

Санал болгох хүмүүс

Хамгийн сайн санаа зорилготой байсан ч мөнхийн хамтрагчаа олох нь үргэлж амаргүй байдаг. Энэ нь олон удаагийн хичээл зүтгэл шаарддаг. Гэртээ ирсэн эхний жилдээ би сургууль, институт, ажил болон сүмд залуу эмэгтэйчүүдтэй танилцсан. Би ганц, хоёр удаа болзсон ч миний болзоонууд нөхөрлөлөөс хэтрээгүй юм. Надад тусламж хэрэгтэй байсан тул би номлолын итгэлт хамтрагч маань байсан, хотын нөгөө талд амьдардаг Марк Оллрэдэд хандаж билээ. Би түүнээс болзох, болзоонд урьж болох санал болгох хүнийг асуусан юм.

Зураг
Ахлагч Күк болон ахлагч Оллрэд

Марк намайг мэддэг байсан тул өөрийн таньдаг залуу эмэгтэйчүүдээ бодож үзсэн. Тэр хэсэг бодсоныхоо дараа надад Линэт Хансэны нэрийг өгсөн юм. Биднийг сайн тохирно бас бие биетэйгээ байхдаа дуртай байна гэж тэр бодсон тул би тэр эмэгтэйтэй холбоо барьсан. Маркийн зөв байлаа! Линэт алтан эсвэл алмаз эрдэнэ мэт хүн байсан. Тэр үүнийг сүнсээр мэдэрсэн.

Зураг
Ахлагч Күк болон Күк эгч

Ганц бие хүмүүст хандаж хэлэхэд, та нарт мөнхийн хамтрагчаа хайж олох олон арга зам байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ зарим арга бусдаасаа илүү сайн байдаг. Мөнхийн хамтрагчаа олох магадлалтай газруудаас түүнийгээ эрж хай. Мөнхийн хамтрагч болох хүнийг би онцлоод ч барахгүй.

Мэддэг, итгэлтэй эх сурвалжаасаа санал болгох хүнийг асуух хэрэгтэй. Танд номлолын хамтрагч, ангийн үнэнч анд, хуучин тойргийн тань сайн найз байдаг уу? Таныг мэддэг хэн нэгэн байна уу? Тэр хүнээс санал болгох хүнийг асуух талаар бодсон уу?

Хэрвээ танд хэн нэгнийг санал болговол, итгэлээ хөгжүүлж, уг хүнтэй холбоо барьж, үзээд алд. Мэдээж, зарим санал болгосон хүн тус болохгүй. Гэхдээ амьдралыг өөрчлөх сүнслэгээр өдөөгдсөн санал бас байх болно. Бид итгэлээ хөгжүүлж, найдвар тээн, Тэнгэрлэг Эцэгийг үүнд оролцуулбал сайн зүйлс тохиох болно гэдэгт би итгэдэг.

Хамтдаа өсөж хөгжих нь

Линэт бид хоёр болзож эхлэх үедээ бие биетэйгээ цагийг өнгөрүүлэх тун дуртай байсан. Бид ойр ойрхон уулзаж, улмаар өдрөөс өдөрт дотно нөхөрлөх болсон. Бид хэдэн зүйлээрээ бие биенээсээ өөр байсан ч бүх чухал зүйлээрээ таарч тохирч байв. Бид бие биедээ сэтгэлтэй болж, улмаар шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Гэрлээд, хамтдаа өсөж хөгжих үү? Эсвэл энэ хэвээрээ үргэлжлүүлэх үү?

Бид гэрлэлтийн бодит байдлыг үнэлж цэгнэсэн. Хаана амьдрах вэ? Эцэг эхээсээ санхүүгийн хамааралгүй яаж амьдрах вэ? Үүнийг хийх цаг нь мөн үү? Бид санаа зовоосон бүх асуудлын талаар хамтдаа залбирав. Хэрвээ бид гэрлэвэл Тэнгэрлэг Эцэг баяртай байх болно гэдгийг бид хоёр хоёулаа мэдэрсэн. Тэр тулгарсан саад бэрхшээлүүдээ даван туулахад маань тусална гэдгийг бид ойлгосон.

Зураг
Ахлагч Күк болон Күк эгч

Энэ бүх зүйлийн ихэнх нь сургуулийн нэг семестрт болсон юм. Линэт сайн оюутан байсан бөгөөд хичээлээ давтахаар ихэнхдээ номын сан руу явдаг байв. Би ч бас түүнтэй уулзахаар номын сан явдаг болов. Миний дүн сайжирч, Линэтийнх муудсан юм. Үнэн шүү! Гэхдээ л тэр семестр бол бидний хувьд хамгийн сайн нь байсан гэдэгтэй бид хоёр хоёулаа санал нэг байсан. Яагаад тэр вэ? Хамтдаа байхдаа мэдэрдэг аз жаргалаас гадна бид нэг зорилгын төлөө өсөж хөгжсөн юм. Бид хоёр бие биетэйгээ болон Бурхантай нэгдмэл байгаагаа мэдэрч, үнэхээр сайхан байсан. Бидний итгэл өсөн нэмэгдсэн. Их Эзэний тусламжтайгаар бид юуг ч даван туулж чадна гэдгээ ойлгон, туйлын их баяр хөөртэй байв.

Бид Ютагийн Огдэн ариун сүмд лацдан холбуулж билээ. Энэ бүгд бараг 40 жилийн өмнө болжээ. Бид гэрлэлт хүмүүний бусад харилцаанаас илүү их аз жаргалтай байх боломжийг авчирдаг болохыг олж мэдсэн.21 Яагаад гэвэл, энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм.

Зураг
Ахлагч Күк, Күк эгч хоёрын хуримын өдөр

Энэ үдэш бид олон зүйлийн талаар ярилаа. Бидний хуваалцсан сургаал та нарын бодгальд дусал дуслаар орж ирэн, хуримтлагдаж, мөнхийн гэрлэлтийн төлөө гэрээний замаар өсөж хөгжихөд тань тусална гэдэгт бид найдаж байна. Бидний хуваалцсан аз жаргалтай гэрлэлтийн жишээнүүд та нарын итгэлийг нэмэгдүүлж, өсөж хөгжихийн тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг та нарт Сүнс шивнэсэн байх гэдэгт бид итгэлтэй байна. Та нарын заримд нь хамтдаа өсөж хөгжих хэн нэгний талаар Сүнс шивнэсэн байж магадгүй!

Мөнхийн гэрлэлтийн төлөө хийх ёстой зүйлээ хийж байгаа боловч юу ч бүтэхгүй байгаа мэт санагдаж байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар одоогоор ганц бие юм уу гэрлэлтэд нь өсөж хөгжих өчүүхэн зүйл ч ажиглагдахгүй байсан ч гэсэн өөдрөг байж, чадах бүхнээ хийн, Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулж, баяр хөөртэй амьдрахаар адислагдах болтугай хэмээн бид залбирч байна. Ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэн биднийг ажлуудын минь дагуу, зүрх сэтгэлийн минь дагуу шүүх бөгөөд зөв зохистой хүн бүхэнд өргөмжлөлийн адислал өгөгдөх болно”22 гэж хэлсэн. Итгэлтэй байж, урагш тэмүүл. Их Эзэний цагаар бүх адислал танд ирэх болно. Энэ нь үнэн гэдгийг би мэднэ.

Ах, эгч нар аа, бидэнд байгаа байнга өсөж хөгжих агуу боломж бол Их Эзэний тусламжтайгаар селестиел гэрлэлт болон мөнхийн гэр бүлийг бий болгож, бэхжүүлэх явдал юм. Есүс Христ бол бидний Аврагч хийгээд Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Түүгээр дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгийн биднийг хийхэд урьдаг бүхий л зүйлийг хийхээр хүчирхэгжүүлэгдэж чадна. Түүний адислал та нарт байх болтугай, Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх