Их Эзэн бидэнд Өөрийнх нь хаант улсыг байгуулахад туслах болно
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2020 оны 1-р сарын 12
Гайхамшигтай дуу дуулсан найрал дуунд баярлалаа. Энэ бол бидний дуртай дуу. Сайхан дуулсанд баярлалаа. Хайрт ах, эгч нар аа, би өнөө орой та нарт хандан ярих боломжтой байгаадаа маш их баяртай байна. Би амьдралын минь туршид итгэлийг маань хүчирхэгжүүлсэн тэдгээр зүйлийн талаар сүүлийн үед ихэд тунгаан бодлоо. Миний мэдэж авсан нэг зүйл бол Тэнгэр дэх Эцэг бидэнд тусалдаг бөгөөд ялангуяа Түүний зарлигуудыг дагахаар мөн хаант улсыг нь дэлхий дээр барьж байгуулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээх үед үнэхээр бидэнд тусалдаг явдал юм.
Бошиглогч Нифай энэхүү итгэлийг амьдралынхаа туршид харуулсан. Хэдийгээр тэр олон зовлон зүдгүүр, эсэргүүцэлтэй тулгарсан ч үргэлж тууштай байж, Бурханаас ирсэн адислалуудад байнга талархдаг байсан. Тэр эзгүй цөлд найман жил хэрэн тэнүүчилснийхээ дараа ийн хэлжээ.
“Мөн хүмүүний үрс Бурханы зарлигуудыг дагавал тэрээр тэднийг асран мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө; иймийн тул, тэрээр биднийг аглаг буйдад нүүдэллэж байх зуур аливаа арга замуудаар хангаж байв.”1
Энэ зарчим үнэн гэдгийг би мэднэ. Би Сүмийн нэгэн түүхээс хуваалцъя. 1830-аад оны сүүлээр Сүмийн гишүүдийн ихэнх нь Сионыг үүсгэн байгуулах найдвар тээсээр Миссурид цугларцгаасан юм. Харин 1839 онд дээрэмчид тэднийг мужаас хүчээр хөөн гаргав. Гэр орон нь сүйдэж, мал сүрэг, өмч хөрөнгөө хулгайд алдсаны дараа тэд зүүн хойд хэсэгт байх Иллиной руу аялж, Миссиссиппи мөрний эрэг дэх намагтай газарт суурьшжээ. Тэд намгийг нь хатааж, Науву гэдэг сайхан хотыг үүсгэн байгуулсан. Гэхдээ Сүмийн талаарх сөрөг ойлголт байсаар байсан бөгөөд таван жилийн дараа бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр амиа алдсан юм. Ариун сүмийг дөнгөж барьж дуусгасан байсан ч тэд 1846 оны 2-р сард дахин хөөгдөж, өвлийн тэсгим хүйтэнд Миссиссиппи мөрнийг гатлан, замд гарчээ. Тэдний дунд миний элэнц эцэг Бенжамин Ф.Жонсон гэх эр эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байсан юм. Тэрээр тэр цаг үеийн талаар намтартаа ингэж бичсэн байдаг.
“Бид өвлийн тэсгим хүйтэнд ямар ч мөнгөгүй, ердөө л хэдхэн долоо хоног хүрэлцэх хоол хүнстэй, өнгөрсөн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн өвчнөөс болж эрүүл мэндийн хувьд тун тааруу байцгаасан тул … хэр удаан, хэр хол явж чадахаа ч мэдэхгүй аян замд гарч байв. Миний гэдэс дотор байсхийгээд л хурц, хүчтэй өвддөг байсан бөгөөд заримдаа өвдөлтөөсөө болоод нүх сүв бүрээс маань хөлс урсан гарч байлаа. … Энэ болон өөр бусад ходоодны өвчнөөс болж би ийм хүнд замыг туулж чадахааргүй санагдаж байв. Мал сүргээ харах, буудалласан газартаа гүйцэтгэх бусад ажил үүргээ хариуцаж хийх надад хэцүү санагдаж байлаа. …
“Хэдэн өдөр буудалласны дараа хэдэн хүн хүнд хэцүү нөхцөл байдал, хоол хүнсний хомсдол зэргээс болж гомдоллоход ерөнхийлөгч Бригам Янг тэдэн рүү арслан мэт архиран; чанасан буурцаг, эрдэнэ шиш идэж амьдарч чадахгүй бүх хүн Бурханд найдах мөн авсан зүйлдээ талархах хэрэгтэй бөгөөд үгүй бол гэгээнтнүүдийн буудалласан газар тэдэнд тохирохгүй тул буцах хэрэгтэй гэжээ. Энэ нь надад Их Эзэний үг болж ирсэн болохоор би юу хийхсэн билээ? Эрдэнэ шишийн талх, буурцаг идэхээр гэдэс тэсэхийн аргагүй маш их өвдөж байсан тул би хэсэгтээ л тэдгээрийг идээгүй. Идэх хоолны ихэнх нь эрдэнэ шиш, буурцаг байсан болохоор би яаж явж чадах билээ дээ? Энэ нь миний хувьд амьдрал, үхлийн хоорондох асуулт байв.”
Түүний энэ түүх дээр нэмж хэлэхэд, элэнц эцгийн маань 22 настай эмэгтэй дүү үүнтэй адил гэдэсний өвчнөөр нас барсан тул тэр үнэхээр ийн бодож байсан нь үндэслэлтэй гэж хэлмээр байна. Тэрээр цааш нь
“Би гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцав. Би Их Эзэнд найдаж байгаагаа мөн хэрвээ Тэр бидэнтэй хамт байгаагүй бол бидний ард байхгүй байх байсан тул буцаж явахгүй гэдгээ тэдэнд хэлсэн юм. Би байгаа хоолоо идэж, үүндээ талархахад бэлэн байсан. Хэрвээ Их Эзэн биднийг одоо харж хандахгүй л юм бол бид энэ аянд өөрсдийгөө авч явж эсвэл амь насаа хамгаалж ч чадахгүй тул аль болох хурдан үхвэл сайн байлаа” гэж бичжээ.
Нэг сарын дараа тэр тэмдэглэлдээ дараах зүйлийг бичсэн байв.
“Өмнө нь идэж чаддаггүй байсан эрдэнэ шиш, буурцгийг би одоо иддэг болж мөн тэр цагаас хойш аяны туршид гэдэс маань дахиж өвдөөгүй. Би Их Эзэнд Түүний үйлчлэгч юу гэж хэлснийг, Түүний тусламжтайгаар бүх үүргээ биелүүлнэ гэдгээ мөн хэрвээ намайг Түүний үйлчлэгчийн хувьд амьдруулахыг хүсэж байгаа л юм бол ходоодыг маань хоолоо шингээх чадвартай болгооч гэж хэлсэн ба Тэрээр ч үгийг маань сонссон гэдгийг мэднэ.”
Өвөг дээдсийн маань итгэл болон бошиглогчдын жишээ амьдралын маань хүнд хэцүү үед намайг хүчирхэгжүүлж, Их Эзэнд итгэж найдахад тусалж байсан. Гэрлээд удаагүй байх үед мөнгө төгрөг маань хүрэлцэхгүй байсныг би санаж байна. Ахлагч Кристоффэрсоныг магистрын хөтөлбөрт сурч байх гурван жилийн туршид бид бага насны хоёр хүүтэй болсон байлаа. Хүүхэдтэй болсныхоо дараа би гэрээс гадуур ажиллахгүй гэж бид шийдсэн байсан тул би гэрээсээ ажиллан, бага ч гэсэн мөнгө олохын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг байв. Нөхөр маань бас хагас цагийн хоёр ажил хийж мөн зуны улиралд ажиллаж байсан нь бидний ихэнх орлогыг бүрдүүлдэг байлаа. Тэглээ ч гэсэн бидэнд мөнгө хүрэлцэхгүй байв. Бид байрны түрээс, хоол хүнс, хуучин машины маань бензин биш л бол өөр зүйлс худалдаж авах хэрэггүй гэж ярьдаг байсан юм.
Ахлагч Кристоффэрсоныг төгсөхөөс хэдхэн сарын өмнө нэгэн ням гарагт хуучин цуглааны байрыг шинэчлэн засварлах төсвийн талаар бишоп мэдэгдэв. Засварын зардалд гэр бүл болгон хандив өгөх шаардлагатай байлаа. Одоо байрны төсөвт хандив өгөхөө больсон ч тэр үед цуглааны байрыг барих, шинэчлэн засварлах зардлын нэг хэсгийг тойрог, гадасны гишүүд аравны нэгийн өргөлөөс гадна нэмж төлөн, тусалдаг байсан юм.
Тойргийн бусад гишүүний адил бид өөрсдийн орлого дээр үндэслэн хэдэн төгрөгөөр тусалж чадахаа бишоптой ярилцаж билээ. Бидний санал болгосон мөнгөн дүн бага байсан ч үнэндээ маш бага мөнгө үлдсэн байв. Бидэнтэй адил нөхцөлд байсан, төгсөөд удахгүй нүүх гэж байгаа зарим оюутан засварын ажил дуусах үед тэнд байхгүй тул байрны төслийн санд мөнгө өгөх нь шудрага бус зүйл гэж бодож байлаа. Хэдийгээр бид сургуулиа төгстөл хэрхэн амь зуухаа сайн мэдэхгүй байсан ч байрны төслийн санд өргөл өгөхөөр шийдэв. Тэгэхээр, зээлийн картаа гаргаж ирээд, сарынхаа зардлыг авчихаад, хэсэг хугацааны дараа буцаагаад төлчихөж болох байсан гэж та нар бодож байж магадгүй. Гэхдээ бид өөр үед амьдарч байсан хүмүүс шүү дээ. Тэр үед бүтэн цагийн ажилтай гэдгээ нотлохын зэрэгцээ орлого чинь тодорхой хэмжээнд хүрэхгүй бол зээлийн карт өгдөггүй байсан юм. Тиймээс бид зээлийн карт авах боломжгүй байв. Энэ нь хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ өнөөдөр зээлийн карт өгөх бодлогоо чангалчих юм бол олон хүнийг өнөөгийн өр зээлийн гамшгаас хамгаалж болох байсан.
Юутай ч, ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа бид нэгэн орой нам гүм гудамжаар машинаараа явж байгаад, Зогс гэсэн тэмдгийн дэргэд зогсов. Яг тэр мөчид бидний ард машин тоормослох чимээ гарч, машины маань араас мөргөв. Ахлагч Кристоффэрсон юу болсныг харахаар машинаасаа бууж, би машиндаа үлдэв. Хэсэг хугацааны дараа түүнийг машиндаа суухад нь би юу болсныг асуулаа. Тэр машины буфер л эвдэрсэн байна гэв. Манай машиныг мөргөсөн хүн өөр хотод амьдардаг, явуулын борлуулалтын ажилтан байсан. Тоормос нь муудсан гэдгийг тэр мэдэж байсан ч ингэтлээ муудсаныг нь мэдээгүй байжээ. Ажлаа хийхэд машин нь хэрэгтэй бөгөөд машины даатгалын төлбөрөө нэмэгдүүлж, торгууль төлөхгүйн тулд хоорондоо зохицоод үүнийг шийдэж болох байх гэж найдаж байв. Эцсийн эцэст, хэн ч гэмтээгүй шүү дээ. Тэр хүн ч бас мөнгө багатай байсан гэж бодогдсон. Засварын төлбөр хэд гарахыг бичүүлээд, хотын захад байгаа зочид буудалд нь авчрах юм бол тэр төлбөрийг нь өгье гэсэн байв.
Би арай ч тийм гэнэн хүн биш л дээ. Миний бүрэн итгэл найдварыг хүлээсэн нөхөр маань энэ удаа хэт итгэмтгий зан гаргалаа гэж би бодсон. Нөхөр маань үнэхээр тэр хүнийг амласандаа хүрнэ гэж бодсон юм байх даа? Энэ хүн биднээс зугтахгүй гэсэн ямар баталгаа байгаа билээ? Юу ч болсон бай, ахлагч Кристоффэрсон засварын тооцооны бичгээ аваад, зочид буудалд нь очин, тэр хүнийг олж уулзав. Тэр хүн чек бичиж өгсөн. Тэгээд яасан гээч? Тэр чек нь жинхэнэ байсан!
Одоо түүхийг үргэлжлүүлье. Уг чек цуглааны байрны төсөлд өгсөн мөнгөн дүнтэй бараг адилхан байсан. Бид нөхрөө тогтвортой ажил орлоготой болтол машинаа засуулахгүй хүлээж болохоор болсон бөгөөд тэр болтол эргэлзэж байсан ч амиа зогоох мөнгөтэй болсон юм. Энэ нь Их Эзэн “тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө” хэмээн Нифайн хэлсэн үгийн баталгаа байсан юм.2 Итгэл гэдэг нь ихэнх тохиолдолд харанхуй руу алхаж орохыг хэлдэг гэдгийг би ойлгосон бөгөөд хэрэв бид ингэж чадвал Их Эзэн бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ гэдгийг би мэднэ. Биднийг хайрлаж, дээрээс харж хандан, халамжилдаг Тэнгэрлэг Эцэгтээ би баярлан талархдаг. Энэ бол Түүний Сүм бөгөөд Тэр амьд гэдгийг би мэднэ. Бидний амьдралд сайн мэдээний авчирсан адислалуудын төлөө би Их Эзэнд талархдаг. Есүс Христийн нэрээр, амен.