2020 оны онцгой цугларалтууд
12christofferson


2:3

Сонголт ба шийдвэр төгс байдал

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2020 оны 1-р сарын 12

Би энэ үдшийг та нартай хамт өнгөрүүлэх боломж олгосон Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна. Би эхнэртээ талархаж байгаа бөгөөд түүний хэлсэн үгийг дэмжиж байна. Мөн энэхүү гайхалтай найрал дуунд тусгайлан талархаж байна. Тэд бол институтын үнэ цэнийн бас нэгэн нотолгоо юм. Би институтэд хайртай. Институтэд бүртгүүлэх боломжтой байсан хүмүүсийг идэвхтэй оролцож байгаа байх гэж найдаж байна. Энэ нь Сүмд бидний хийдэг хамгийн сайхан зүйлүүдийн нэг юм. Хэдхэн мөчийн өмнө найрал дуучдын дуулсан дууллыг Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бичсэн гэдгийг та нарын зарим нь мэдэх байх. Түүний бичсэн үгсийн мэдрэмж, яруу илэрхийлэл нь миний зүрх сэтгэлд хүрдэг бөгөөд та нарт ч бас хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Би та нарт түүний хайр, мэндчилгээг уламжилж байна. Би түүнчлэн Юта Валли Их сургуулийн ерөнхийлөгч Астрид Туминэз, захиргаа, нийт хамт олны найрсаг зочломтгой занд талархал илэрхийлж байна.

Хэдэн жилийн өмнө ахлагч Л.Том Пэрри бид хоёр хамтдаа Нью-Йорк руу ажлаар явсан юм. Тэнд байхдаа бид Брүклин дахь түүхэн синагогт очиж билээ. Синагог нь дүүргийнхээ чинээлэг хэсэгт тооцогддог байсан мөн одоо ч ийм байгаа газарт байрласан сүрлэг барилга байв. Еврейн Шинэчлэлт сүмийн цуглааны раббигаар үйлчилж байсан эмэгтэй биднийг эелдэг сайхан угтан авч, түүхэн барилгатай танилцуулсан юм. Уг барилга нь цагтаа гоёмсог сайхан байсан ч одоо харин их засвар хийгдэх хэрэгтэй болсон нь илт байлаа. Цуглаанд нь ирдэг хүмүүсийн тоо буурч мөн синагогоо арчилж тордох, өдрийн сургууль гэх мэт хөтөлбөрөө явуулахад санхүүжилт хүрэлцдэггүй тухай рабби бидэнд ярьсан юм.

Тэр цааш нь ярихдаа, залуучууд ерөнхийдөө еврей үндэсний өв уламжлалдаа үнэнч байдаг ч ямар нэгэн шалтгаанаар синагогт нэгдэж, үзэл бодолдоо үнэнч, шийдвэр төгс гишүүн болохоос цэрвэдгийг бидэнд онцлон хэлж билээ. Тийм байлаа ч тэд олон нийтийн үйл ажиллагаа явуулахаар байранд байнга цаг авдаг байна. Энэ нь тэдний хувьд цугларах газар болдог байсан ба байрны ашиглалтын зардалд туслахаар олонтоо өргөл өгдөг ч тэнд шүтэн биширдэг цуглааны гишүүн болох хүсэлтэй хүн ховор байдаг байжээ.

Ахлагч Пэрри бид хоёр яагаад байдал ийм байгаа талаар раббитай ярилцсан юм. Тэр залуучуудын олонтой нь ярилцаж үзээд, ихэнх нь ганц бие бөгөөд шашин шүтлэгийг амьдралдаа нэн тэргүүнд тавьдаггүй болохыг анзаарчээ. Зарим нь энэ болон өөр аль нэгэн синагогт шийдвэр төгс шүтэн биширч, үүрэг хүлээхийг хүсэхгүй байв. Энэ нь “аливаа зүйлийг алдахаас айх айдас” буюу ямар нэгэн зүйлд хүлэгдчих юм бол өөр зүйлийг алдах байх гэсэн өнөөх л танил болсон айдсын илрэл юм болов уу хэмээн ахлагч Пэрри хэлсэн юм.

Тиймээс сонголт болон шийдвэр төгс байдал нь үндсэндээ миний өнөө орой та бүхэнд хандан хэлэх гэж байгаа үгийн маань сэдэв юм.

Юуны өмнө “аливаа зүйлийг алдахаас айх айдас” зохих хэмжээнд байж байдаг мэдрэмж гэдгээс эхэлье. Ямар ч байлаа гэсэн бид бүгдээрээ хамгийн сайн сайхан зүйлсийг мэдэрч, амьдралынхаа бүхий л хүрээнд хамгийн сайн сайхан боломж бололцоог олж авахыг хүсдэг. Гэхдээ өөр ямар нэгэн илүү зүйлийг алдчих вий гэсэндээ сонголт хийхгүй эсвэл шийдвэр гаргахаа хойшлуулах нь ухаалаг зүйл биш юм. Нэг сонголтыг хийхэд өөр боломж бололцоо хаагдаж байдаг. Жишээ нь: хэрэв та өглөө ажил, сургуульдаа явахыг сонговол яг тэр цагтаа Netflix дээр кино үзэх боломжгүй болно (эсвэл боломжтой юу?); хэрэв та сургуульд яваад, иргэний инженерээр мэргэшихээр болсон бол түүх, урлаг, биологи эсвэл өөр бусад мэргэжлээр суралцах боломжгүй болно (үгүй бол та хэзээ ч сургууль төгсөхгүй); хэрэв та яг одоо Африкийн Викториа хүрхрээ рүү аялахаар бол яг тэр мөчид өөр тийшээ зэрэг явах боломжгүй бөгөөд очихыг хүсэж буй өөр газар луугаа очиж чадахгүй; эсвэл номлолд үйлчлэх сонголт хийсэн бол яг тэр хугацаандаа нийгмийн олон үйл ажиллагаанд оролцож чадахгүй гээд тоочвол дуусахгүй. Гэхдээ та сонголт хийж, ямар нэгэн тодорхой зүгт шийдвэр төгс байхгүй л бол амьдрал тань эмх замбараагүй болж, эцэст нь хамгийн сайн сайхан зүйлсийн олонхыг хажуугаараа өнгөрүүлсэн байх болно.

Эхнэрийн маань олонтоо хэлдгээр “Бүхнийг авч чадахгүй шүү дээ. Авлаа гээд ч хаанаа хийх вэ дээ?” Бид гоё гэсэн бүхнээ авч мөн сайхан, сонирхолтой гэсэн бүхнийг бүгдийг хийж чадахгүй. Та сонголтоо зөвхөн “сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл[сээр]”1 хязгаарласан ч бүхнийг авч, үзэж харах боломжгүй. Ямар ч мөнх бус хүний амьдрах хугацаанд энэ бүхнийг хийх цаг хугацаа хүрэлцэхгүй мөн боломж бололцоо, орон зай ч байхгүй. Тиймээс бид тодорхой сонголтуудыг хийхдээ шийдвэр төгс байх ёстой бөгөөд ингэснээр сайн сайхан ч гэсэн өөр бусад зүйлээс татгалзах шаардлагатай гэдгээ мэдвэл зохино. Түүнчлэн сонголт хийхээ хэт хойшлуулах нь бас нэг төрлийн сонголт болдог гэдгийг бид санах ёстой.

Гэрлэлт бол үүний хамгийн тод томруун жишээ юм. Бид нэг хүнийг сонгосноор бусдаас татгалздаг. Их Эзэн “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой”2 хэмээн хэлсэн. Сонголт эцсийнх байдаг учир зарим нь үнэхээр ойр дотно, хайрладаг, хамтдаа аз жаргалтай, мөнхөд өсөж хөгжиж болох хүнээ сонгон шийдвэр төгс байхаас татгалзаж, түүнээс ч илүү төгс заяаны хань хаа нэгтээ байгаа тул түүнийг алдчихаж магадгүй гэж санаагаа зовоодог. Олон жилийн өмнө миний таних нэгэн залуу өөрт нь сайн хань болж болох байсан нэгэн сайхан эмэгтэйгээс хэт олон шүдний ломботой гэсэн шалтгаанаар татгалзсаныг би санаж байна. Үүний талаар би “Чи байх боломжгүй төгс хэн нэгнийг хүсэж байна. Дашрамд хэлэхэд, чи өөрийгөө тийм ч төгс сонголт биш гэдгээ ухаарч байна уу?” гэж бодож билээ.

Энэ бол залуучуудын цуглаан. Та нарын ихэнх нь насанд хүрсэн гэдгээ ойлгож байгаа. Та нар нас биед хүрэхээ хойшлуулан, мөнхийн зугаа цэнгэл хөөцөлдөхийн оронд насанд хүрсэн хүний үүрэг хариуцлагыг хүлээн авч, ололт амжилтад хүрч, насанд хүрсэн хүмүүсийн хувьд хувь нэмэр оруулж байгаа буюу оруулахыг хичээж байгаа. Арван жилийн өмнө зохиолч, эрдэмтэн Чарльз Мюррей “зөв сайхан амьдарсан амьдралын” утга учрын талаар ярьсан. Тэрээр “Бид өтлөх насандаа амьдралаа эргэн хараад, хэн байснаа болон юу хийснээрээ бахархаж болох зүйлсийн талаар би ярьж байна”3 гэж хэлжээ.

Мюррей Цюрих дахь цугларсан олны өмнө зөв сайхан өнгөрүүлсэн амьдралаас хүлээн авдаг гүн гүнзгий сэтгэл ханамжийн талаар хэлсэн үгээ эргэн дурссан юм. “Намайг үг хэлсний дараа цугларсан хориод гишүүний хэдэн хүн нь над дээр ирээд, ‘зөв сайхан өнгөрүүлсэн амьдрал’ гэсэн үг тэдний хувьд ямар ч утга учиргүй болохыг ний нуугүй хэлж билээ. Тэд одоогийн сексийн хамтрагч, шинэ BMW болон Маяорка дахь зуслангийн байшиндаа сэтгэл хангалуун байсан бөгөөд амьдралд нь юу дутагдаж байгааг харахгүй байв. Тэднийг над руу эгцлэн харж байгаад ийн хэлэхийг сонсох гайхалтай байсан ч энэ нь цочирдмоор зүйл байсангүй. … Энэ нь хүн бол идэвхжсэн олон химийн элементүүдийн цуглуулга бөгөөд хэсэг хугацааны дараа идэвхгүй болдог. Амьдралын зорилго бол урсан өнгөрөх цаг хугацааг аль болох зугаатай сайхан өнгөрүүлэх явдал”4 гэх ойлголт хэмээн Мюррей хэлсэн юм.

Мюррей хэлсэн үгийнхээ төгсгөлд “Хүмүүн нь зөв сайхан амьдрахын тулд эргэн тойрныхоо хүмүүстэй харьцаж амьдрах ёстой гэдгээ олон зууны туршид хуримтлуулсан билэг ухаанаараа ойлгосон байдаг”5 хэмээх гярхай мэдэгдэл хийж билээ. Үнэхээр нас биед хүрсэн хүн бол үүнийг ойлгодог. Өөрийн таашаалыг эрэлхийлэх явдлыг амьдралынхаа төвд тавих нь хэзээ ч сайнаар төгсдөггүй бөгөөд үүнийг амьдралын зорилго болгох нь зохимжгүй гэдгийг тэд ойлгодог. Энэ үнэн нь “бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа Бурхан Эзэнээ хайрла, мөн хөршөө өөрийн адил хайрла”6 гэсэн хоёр агуу тушаал дээр суурилсан. Есүсийн хэлснээр “Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба бошиглогчид тулгуурладаг юм.”7 Сайн мэдээний гэрээ8 нь мөнх амьдралын амлалттай хамт аль нь нэг дэх, аль нь хоёр дахь болохыг заасан энэ хоёр тушаалд суурилсан байдаг. Энэ хоёр тушаалд үнэнч байх нь зөв сайхан өнгөрүүлсэн амьдрал, нас биед хүрэх гэдэг нь юу болохыг тодорхойлдог.

Эцсийн эцэст мөнхийн үр дагавартай зүйлсийн хувьд дундыг барин, шийдвэр төгс бус байдлаар дагах зам гэж үгүй. Сайн Хоньчин Христ шавийн болон аз жаргалын замаар Өөрийг нь дагахад биднийг уриалдаг болохыг заахдаа Алма дараах зүйлийг онцолжээ.

“Болгоогтун, би та нарт хэлнэ, сайн хоньчин та нарыг дууддаг; тийм ээ, мөн Христийн нэр болох өөрийнхөө нэрээр та нарыг тэр дууддаг; мөн хэрэв та нар сайн хоньчны дуу хоолойг, та нарын дуудагдах тэрхүү нэрийг сонсохгүй бол, болгоогтун, та нар сайн хоньчны хонь биш.

Мөн эдүгээ хэрэв та нар сайн хоньчны хонь бус аваас, та нар аль сүргийнх вэ? Болгоогтун, би та нарт хэлнэ, чөтгөр бол та нарын хоньчин, мөн та нар түүний сүргийнх; мөн эдүгээ, үүнийг хэн үгүйсгэж чадах билээ?”9

Хоёрхон сонголт байгаа бөгөөд Христ бол цорын ганц сайн сонголт гэсэн бодит байдлыг Алма заасан. Хэрэв та Христийг сонгоогүй бол автоматаар худал хуурмаг бурхдыг сонгож байгаа хэрэг бөгөөд энэ нь эцсийн эцэст буруу буюу бүр мөнхөд харамсахад хүргэх зам руу хөтлөх болно. Тиймээс Аврагчийг дагаагүй л бол та Түүнээс татгалзаж байгаа хэрэг.10

Үүнийг мэдэж байгаа хүний хувьд бид огтхон ч эргэлзэлгүй Их Эзэнд үнэнч байж, Түүнтэй нэг байхыг эрэлхийлэх ёстой. Тэрээр “Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор бай[хын] тулд”11 хэмээн Сүүлчийн зоогийнхоо үеэр төлөөлөгчдийнхөө төлөө мөн үгэнд нь итгэх хүмүүсийн төлөө залбирсан. Бид тийм байхыг хүсдэггүй гэж үү? Тийм бол яагаад бүрэн, эргэлт буцалтгүй шийдвэр төгс болохоос эргэлзэнэ вэ? Яагаад “буулга [нь] аятай, түүний ачаа [нь] хөнгөн”12 гэдгийг мэдсээр байж бид Түүний буулгыг өөрсөд дээрээ авахаас татгалзана вэ?

Амжилтад хүрэхгүй гэхээс айх айдас

Асуултдаа би өөрөө хариулъя. Хэдийгээр бид эрүүл ухаанаар бодож, Сүнсний гуйлтыг сонссон ч гэлээ хүмүүс эргэлзэж болох цөөн шалтгаан байгааг би ойлгож байна. Тэдгээрийн нэг бол чухал үр дагавар бүхий шийдвэр төгс байдлаа хадгалах өөрийн чадварт итгэлгүй байх явдал юм. Бид амласандаа үнэхээр хүрч чадах уу? Аль эсвэл бүтэлгүйтэж магадгүй тул амлахгүй байх нь дээр үү?

Ингэж санаа зовох нь ойлгомжтой. Гэхдээ би үүнд хариулахдаа нэг чухал зүйлийг буюу та нар аль хэдийн тэр гүүрийг гаталсан байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Та мөнх бус амьдралын өмнөх оршихуйд Эцэгийн бэлдсэн, Хүүгээр тэргүүлүүлсэн авралын төлөвлөгөө, өргөмжлөлийг хүлээн зөвшөөрөхөөр сонгохдоо л Христийг сонгосон. Үнэндээ бие махбодтой болж төрсөн явдал бол та нарыг аль хэдийн амлалт өгснийг гэрчилнэ. Та нар “анхны байд[алдаа]”13 амлалтдаа хүрсэн ч энэхүү “хоёр дахь байдалдаа” хүрч, “тэргүүн дээр[ээ] алдар суу[г] үүрд мөн мөнхөд нэмж”14 чадах уу үгүй юү гэсэн асуудалтай тулгараад байгаа юм. Ялангуяа нөгөө сонголтыг ямар гуниг зовлонтой гэдгийг бодож үзэх юм бол мөнх бус оршихуйд өгсөн амлалтаа бататгахаас бид айх хэрэггүй.

Бид бас амьдралдаа амжилтад хүрэхгүй гэхээс айх хэрэггүй. Бид ганцаараа биш. Бидэнд тус дэм болох зүйлс бий. Христэд болон шавь байхад үнэхээр шийдвэр төгс байгаа хүн амжилтад хүрэх нь гарцаагүй. Хэрэв бид бүх зүйлийн доор бууж ирсэн, бүхнийг даван туулж, одоо бүхнээс илүү хүчтэй болсон Түүнтэй холбогдсон л бол амжилтад хүрэхгүй байх боломжгүй.15 Тэнгэрлэг Эцэг болон Аврагч маань биднийг болж бүтэх нь үү хэмээн хөндлөнгөөс хараад зүгээр сууж байдаг, сонирхдоггүй хүмүүс биш ээ. Тэд тэнгэрээс доош хараад, “Сэмийг хар даа. Тэр өмнө нь яг ийм зүйл тохиолдоход шийдвэрлэж чадаагүй юм даг. Дахиад л бахь байдгаараа байна гэдэгт би мөрий тавьсан ч чадна” эсвэл “Хөөе, хар даа. Сандрагийн найзууд түүнийг хүнд байдалд орууллаа даа. Энэ байдлаас гарч чадах нь уу үгүй юү гэдгийг хармаар байна” гэж хэлж байна гээд төсөөл дөө. Ингэхгүй нь мэдээж шүү дээ. Тэд бидний талд идэвхтэй зүтгэж, байнга тусалж дэмжин, удирдамж заавар өгч, эх сурвалжаар хангадаг бөгөөд үүнийг нь бид хүлээн авбал бүр ч ихийг бидэнд өгч магадгүй.

Хэрэв Христтэй болон Түүний хүчтэй холбодог гэрээгээ хүндэтгэн сахих юм бол бид ялагдахгүй гэж би өмнө нь дурьдсан. Энэ нь гарцаагүй үнэн ч, заримдаа бид өөрсдийн алдаа дутагдал, гэм нүглээс мөн бусдын алдаа дутагдал, гэм нүглийн үр дагавраас болж унаж бүдрэх үе байдаг гэдгийг би хэлмээр байна. Гэвч наманчлал, өршөөл уучлалын бэлгийн ачаар энэ бүх бүтэлгүйтэл, уналт түр зуурынх байдаг. Бид өөрсдөө л бууж өгөхгүй бол тэдгээрийн аль нь ч биднийг мөнх амьдралаас холдуулж чадахгүй. Яагаад? Бид хөл дээрээ босохын тулд чадах бүхнээ хийснээр Христийн ач ивээлээс хүртэж, өөрсдийн чадал хүрэхгүй зүйлийг шийдвэрлэж, засаж янзлах боломжтой болдог. Христийн цагаатгагч хүч, ач ивээл нь гэм нүгэл, алдаа дутагдлаас үүдэлтэй гэм буруугийн мэдрэмжээс салгахын зэрэгцээ биднийг цэвэршүүлж, Бурханы оршихуйд амьдрах чадавхтай цэвэр ариун болгодог гэдгийг санаарай.16

Энэ бүхэн амархан гэж би хэлэхгүй. Амьдрал бэрхшээлээр дүүрэн бөгөөд заримдаа маш хүнд, бүр эмгэнэлтэй зүйл тохиолддогийг та ч, би ч мэднэ. Христийн үнэнч шавь байх талаар ярихад амархан ч, хийхэд хэцүү. Есүсийн хувьд Эцэгийнхээ шавь нь байж, Түүний “гашуун аяганаас”17 уух амархан байгаагүй. Гэвч Тэрээр үүнийг хийсэн бөгөөд шавийн замаар амжилттай явахад бидэнд хэрхэн туслахаа мэддэг. Үүнээс гадна Аврагчид туслах хүч, хүсэл байдаг. Шаардлагатай бол Тэрээр бидэнд хэрэгтэй тусламжийг урт хугацаанд ч гэсэн бидэнтэй хамт үлдэж, үзүүлэх болно. Тэрээр “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно”18 хэмээн хэлсэн. Амжилтад хүрэхгүй гэхээс айх айдас Христэд өөрийгөө бүрэн зориулахад саад болох шалтгаан байх ёсгүй. Зүгээр л наманчилж, сайн байхын тулд бүхий л чадлаараа хичээж зүтгэхэд хангалттай.

Золиос

Миний бодлоор Бурханы Хоньчны дуудлагад хариулж, Түүний сүрэгт нэгдэхээс татгалзах өөр нэг шалтгаан бол дагалдан ирдэг золиосоос нь халшрах явдал байж болох юм. Мөнх амийг авахын тулд “Надад өөр юу дутагдаж байна вэ?”19 хэмээн чин сэтгэлээсээ Есүсээс асуусан нэгэн залууг та нар санаж байгаа байх. Марк бидэнд “Есүс түүнийг ширтэн харж, хайрлан [энэ нь маш чухал гэж би бодож байна]—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ”20 гэсэн байдаг. Та нар “Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв”21 хэмээх түүний хариу үйлдлийг санаж байгаа.

Энэ талаар эргэн бодохдоо, би тэр баян залуугийн зүрх сэтгэл өөрчлөгдөж, Аврагчийн урилгыг дараа нь хүлээн авсан байх гэж найддаг. Ямар ч байлаа гэсэн Христэд үнэнч байхад золиослох зүйл гарч ирдэг гэдгийг бид бүгд мэддэг. Үнэндээ олон зүйлийг алдана гэдгийг бид мэдэх тул “алдахаас айх айдсаа” золиосолж болох юм. Амьдралын олон сонголт шавь байхтай нийцэхгүй бөгөөд шавь байх нь илүү дээд түвшний буюу хамгийн сайн гэсэн зүйлд цаг зав, нөөц боломжоо зарцуулахыг шаарддаг тул олон сайн зүйлээс татгалзах хэрэг ч гарч мэднэ.

“Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэж Аврагчаас чин сэтгэлээсээ асуусан тэр залуу одоо насан өөд болсон. Түүнд байсан эд баялаг одоо үгүй болж, ямар ч гэсэн түүнд байхгүй, хэрэггүй болсон. Тухайн үед түүнд асар их золиос мэт санагдаж байсан байж болох ч Аврагчийн урилгыг хүлээн авахаас өөр, илүү сайн сонголт түүнд байсан гэж үү? Түүнд байсан эсвэл эд баялгаараа олж авсан байж болох зүйлсийг Их Эзэний санал болгосон зүйлтэй харьцуулж болно гэж үү? Бидний амьдрал гээд Аврагчийн биднээс хүсдэг ямар ч зүйлийг өргөмжлөлтэй харьцуулах юм бол өчүүхэн бага гэдгийг бид мэднэ. “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлд[сэн]”22 тэр зүйлс юу болохыг бид төсөөлж ч чадахгүй.

Шавь байхаас айхын оронд бидний хүн нэг бүр сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих, илүү гүн гүнзгий баяр баясгаланг мэдрэх, амьдралын үнэн утга учрыг олох боломж бололцоог дуртайяа хүлээн авах ёстой. Золиос нь, ялангуяа Христийн үйл хэргийн төлөөх золиос нь юуг бид чухалчилж үзэж байгааг буюу Бурханыг болон хөршөө хайрлах гэсэн хамгийн агуу хоёр тушаалыг үнэхээр дагаж байгаагаа харуулж байгаа хэрэг. Золиосолно гэдэг нь бид үнэхээр зөв, сайн зүйлийг дэлхийд хийнэ гэсэн үг.

Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хайрт Хүүг бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах нь бид юу болон хэн болохыг бидний бодгальд баталдаг. Энэ нь бидэнд анхаарлаа зөвхөн өөрсдөдөө хандуулахаа больж, гадагш хандан, бусдыг жинхэнэ утгаар нь буюу ойлгож, туслах хүсэлтэйгээр тэдний хэрэгцээ, тулгарч буй бодит асуудлыг харах боломж олгодог нэг төрлийн бат бөх суурийг тавьж өгдөг. Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлд гардаг тахилч, леви хоёр хүн аялж яваад гэмтсэн хүнийг харсан ч уг хүн үнэхээр хэн гэдгийг хараагүй. Зөвхөн самари хүн гэмтсэн эр үнэхээр хэн болохыг харсан учир “өрөвдөн, түүн рүү ирж, шарх[ыг] нь боо[сон].”23 Маш их ганцаардаж буй олон хүн бий. Бидний гаргасан золиос бусдад тус болох нь гарцаагүй.

Шийдвэр төгс байдал

Энэ болон дараагийн амьдралдаа баяр баясгаланг хүлээн авах үүд хаалгыг нээж өгдөг хамгийн чухал амлалт бол Мөнхийн Эцэг Бурхан болон Түүний Хүү, Их Эзэн Есүс Христэд үнэнч байх явдал юм. Омнаи номоос бид уран яруу илэрхийлсэн дараах гуйлтыг олж болно.

“Та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн, мөн мацаг барьж бас залбирахаа үргэлжлүүл, мөн эцсийг хүртэл тэвчигтүн; мөн Их Эзэн амьдардгийн адил та нар аврагдах болно.”24

Бяцхан хүүгээ оронд нь оруулаад, унтлагын өрөөнөөс гарахдаа нэгэн зүйл унахыг сонссон аавын тухай түүх байдаг. Тэр эргэж харан, хүү нь шалан дээр байхыг хараад, яагаад орноос унасныг нь асуужээ. Хүү нь “Би орондоо гүйцэд ороогүй байсан юм” гэж хариулсан гэдэг. Бурханд шийдвэр төгс байхдаа бүрэн гүйцэд байгаагаа анхаар.

Та Христийн биеийн нэг хэсэг25 бөгөөд Түүний хүн. Бүхий л зүрх сэтгэлээ зориулан, харамгүй өгч, дуртайгаа ав. Өөрийн амьдралыг тохинуулал, адислалын, сэтгэл ханамж бүхий амьдрал болгохын тулд эргэн тойронд байгаа хүмүүсээ үнэхээр байгаагаар нь хар. Бүхнийг даван гарч чадсан, ач ивээлийнх нь ачаар бид ч бүхнийг ялан дийлж чадах Аврагчаар адислагдаж, ариусгагдсан амьдралаар амьдар.

Өнгөрсөн зуны Ариун сүмийн талбай дээрх Анхдагчдын өдөрт зориулсан Табернаклын найрал дуу, хөгжмийн концертод Норвегийн маш авьяаслаг дуучин Сиссэл оролцсон юм. “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”26 хэмээх Дуулал номын судрыг сануулсан “Slow Down” гэх дууг түүнийг бишрэл хүндэтгэлтэй дуулахад миний болон үзэгчдийн сэтгэл ихэд хөдөлж билээ.

Уг концертод Сиссэлийн дуулсан дууны бичлэгийг үзүүлэхийг би хүсэж байна. Үүнийг сонсохдоо, бидэнд тулгарч болох бүх зүйлийг адисалж, дэмжиж туслахад бэлэн байдаг Бурханд болон Түүний гайхамшигт хайранд бүрэн итгэ хэмээх захиасын талаар тунгаан бодохыг би та нараас хүсье. Мөн юу ч болсон бай, өөрийгөө болон өөрийн амьдралыг Түүнд зориулах нь ямар ариун нандин зүйл болохыг тунгаан бодоорой.

Андуу эндүүд төөрөх мөчид

Арчаагүй гансрах цагт

Саруул ухаан сарних үед

Нэгэн намуун хоолой надад

Тайвшир, тайвшир, тайван бай.

Тайван бай, Их Эзэний Сүнсийг хүлээ.

Тайвшир, Түүний хоолойг сонс.

Түүнийг Бурхан гэдгийг мэдэж ав хэмээн шивнэдэг.

Зовох шаналах үед

Итгэл найдвар үгүй мэт мэдрэх мөчид

Сандарч цөхрөх цагт

Нэгэн намуун зөөлөн, ариун хоолой

Тайвшир, тайвшир, тайван бай, хүү минь.

Тайван бай, Их Эзэний Сүнсийг хүлээ.

Тайвшир, Түүний хоолойг сонс.

Түүнийг Бурхан гэдгийг мэдэж ав хэмээн шивнэдэг.

Түүнийг Бурхан гэдгийг мэдэж ав27 хэмээн шивнэдэг.

Slow Down Сонголтоо хийж, Бурханыг зүрх сэтгэлдээ сонгох шийдвэр гарга. Чимээгүй газар ганцаараа өвдөг сөгдөн суугаад, Тэнгэрлэг Эцэгтээ хандан Есүс Христийн нэрээр залбирч, өөрийгөө Түүнийх гэдгийг, мөн Түүнд болон Түүний Хүүд, түнчлэн сайн мэдээний замд бие, сэтгэлээ шийдвэр төгс зориулна гэдгээ хэлэх цагийг гарга. Дараа нь Түүний удирдамж зааврыг одоо болон үлдсэн амьдралынхаа туршид дагаарай. Дахин эргэлзэж, өөрийгөө хойш таталгүй амьдралынхаа зорилгын хойноос явж, үйл хэргээ гүйцэлдүүл. Мөнх бус амьдрал асар богино. Мөнх амьдралаа харамслаар биш, харин баяр баяслаар дүүрэн байлгахын тулд энэ амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүл. Энэ нь зөв гэдгийг Сүнс танд хэлэхийг мэдрэхгүй байна гэж үү? Тэгвэл итгэлтэйгээр урагш яв.

Бүхнээ зориулсны тань хариуд Их Эзэн байгаа бүхнээ танд “шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр”28 өгч шагнах болно гэдгийг би амлаж байна. Түүний амилалтын үнэн бодит байдал бол Тэрээр бүхнээс хүчтэй бөгөөд амласан зүйлээ биелүүлдэг мөн биднийг чөлөөлдөг гэдгийн баталгаа юм. Тэр бол амь бөгөөд биднийг амьтай байлгахын тулд мөн “бялхсан амьтай байлгахын”29 тулд ирсэн. Би Түүнийг мэддэг хүний хувьд Есүс Христ бол амилсан Гэтэлгэгч гэдгийг хэлье. Энэ баталгаанаас дэлхийн болон мөнх амьдралын бүх зүйл шалтгаалдаг. Би та нарт Түүний адислал болон өөрийн гэрчийг Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.