Эрч хүчтэйгээр, гэгээлгээр, юунаас ч хамааралгүйгээр
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2022 оны 9-р сарын 11 • Солт Лэйк табэрнэкл
Ахлагч Дэйл Г.Рэнланд: Баярлалаа. Бид түүхэн Солт Лэйк табэрнэклд цугларсан байгаа ч бидний цугларалт дэлхий даяар цацагдаж байна. Судруудад Их Эзэн биднээс дурсан санаасай хэмээн хүссэн. Итгэл, зүтгэл, тууштай байдлын хамтын өвөө дурсан санах нь энэ цаг үед сорилт бэрхшээлтэй тулгарахад бидэнд харах өнцөг, хүч чадлыг өгдөг.
“Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нарт сануулах”1 хүслээр Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх дөрвөн боть цувралыг бүтээсэн. Үүнээс гурван боть нь аль хэдийн хэвлэгдсэн байгаа. Хүүрнэн өгүүлэх энэхүү түүхэд өмнөх үеийн хожмын үеийн итгэлтэй гэгээнтнүүдийн түүхүүд багтсан болно. Энэ нь Есүс Христийн сайн мэдээнд хайртай, гэрээнд орсон, бидний Аврагч Есүс Христийг таньж мэдэхээр гэрээний замаар алхсан хүмүүсийн бодит амьдралын жишээг харуулдаг.
Рут Л.Рэнланд эгч: Бид одоо цуврал номын Saints: Boldly, Nobly, and Independent (Гэгээнтнүүд: Эрч хүчтэйгээр, гэгээлгээр, юунаас ч хамааралгүйгээр) гэх гуравдугаар ботийн унших боломжтой бодит түүхүүд дээр төвлөрөх гэж байгаадаа баяртай байна. Энэхүү ботид 1893 онд Солт Лэйкийн ариун сүмийг онцгойлон адисалснаас эхлээд 1955 онд Швейцарын Берний ариун сүмийг онцгойлон адислах хүртэлх сүмийн түүхийг цэдэглэсэн байдаг. Энэ хугацаанд илчлэлт нь Их Эзэний бошиглогчдоор дамжин Сүмийн гишүүдэд үргэлжлэн өгөгджээ. Гэгээнтнүүд-ийн 3-р боть нь бидэнд өөрсдийн түүхийг болон үүгээр амьдарсан хүмүүсийг мөн Аврагчийг ойлгоход тусалдаг.
Ахлагч Рэнланд: Түүхийн энэ хугацаанд дөрвөн өвөө эмээ маань бүгд Сүмд нэгдсэн. Миний эцэг эх ариун сүмд гэрлэнэ гэж амласан учраас Солт Лэйк Сити руу цагаачилсан. 1950 онд Европт ариун сүм байгаагүй. Тэдний бүгдээрээ Солт Лэйкийн ариун сүмд хишгээ хүртсэн бөгөөд англи хэл дээрх зааврыг сонсоод бага зэрэг л ойлгосон гэдэг. Тэд гэрлэж, лацдан холбогдсоноор өөрсдийгөө мөнхөд адислагдсан хэмээн үзэх болсон. Ариун сүмд лацдан холбогдохын тулд юуг ч хийхэд бэлэн байхаар хийсэн сонголт нь мөн миний амьдралд мөнхийн нөлөөг үзүүлсэн юм.
Гэгээнтнүүд-ийн 3-р боть бол бид Рэнланд эгчийн адил эхэн үеийн анхдагчдын үр удам уу аль эсвэл над шиг хожим нэгдсэн анхдагчийнх уу эсвэл та нарын зарим нь энэ итгэлд анхдагч болж орсон эсэхээс үл хамаарах бидний өв юм. Та бол энэ Сүмийн үргэлжлэн бичигдэж буй түүхийн чухал хэсэг. Та нарын өөрсдийн болон өвөг дээдсийн тавьсан итгэлийн суурин дээр өсөж хөгжихийн тулд хийж буй бүх зүйлийн тань төлөө бид талархаж байна. “[Гэгээнтнүүд] номын энэ боть нь өнгөрсөн үеийн талаарх ойлголтыг тань тэлж, итгэлийг тань бэхжүүлж, өргөмжлөл хийгээд мөнх амьдрал рүү хөтлөх гэрээнүүдийг байгуулж, сахихад тань туслах болтугай хэмээн бид залбирч байна.”2
Рэнланд эгч: Би Гэгээнтнүүд номын 3-р боть дээрх түүхүүдийг хуваалцах гэж байгаадаа догдолж байна. Ингээд эхэлцгээе!
Рэнланд ах: Үргэлжлэн явагдсаар байгаа Сүмийн сэргээлтийн жишээгээр эхэлцгээе. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сэргээлт бол “үйл явдал бус, харин үйл явц ба Их Эзэнийг дахин ирэх хүртэл үргэлжлэх болно” хэмээн байнга заадаг.3 Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн амьдралын төгсгөлд болсон үйл явдал үүний гайхалтай нэгэн жишээ юм.
1918 онд ерөнхийлөгч Смитийн биеийн байдал муу байсан бөгөөд амьдрах хугацаа нэг их үлдээгүй гэдгийг тэр мэдэж байсан байх. Үхэл түүнийг тойрон хүрээлсэн мэт санагдаж байв. Эхлээд том хүү Хайрум нь өвдөж, мухар олгой нь хагарсны улмаас нас баржээ. Ерөнхийлөгч Смит сэтгэлээ уудлан, “Сэтгэл зүрх минь урагдах мэт болном. … Ай! Бурхан минь, надад туслаач! …” гэж бичжээ.4 Хоёрдугаарт, Хайрумын бэлэвсэн эхнэр Айда зүрхний дутагдлын улмаас удалгүй нас барахад ерөнхийлөгч Смитийн уй гашуу улам бүр нэмэгдэв.
Гуравдугаарт, тэрээр дүрэлзэж байсан дэлхийн дайны тухай аймшигт мэдээг уншиж байлаа. Дайны үеэр 20 сая цэрэг, энгийн иргэн амь үрэгдсэн. Дөрөвдүгээрт, үхэлд хүргэх аюултай томуугаар дэлхий даяар хүмүүс үхэж байв. Дэлхий нийтээр нас барсан хүний тоо дор хаяж 50 сая байв. Эдгээр үхэл хагацал нь дэлхийн өнцөг булан бүрд байх гэр бүлүүдэд хэмжээлшгүй их уй гашуу, сэтгэлийн шаналал авчирсан юм. Ерөнхийлөгч Смит хүмүүсийн амь үрэгдэж байгаад гашуудаж байв. Дээрээс нь тэрээр таван сар хэвтэрт байсан байна. Бошиглогч үхлээс өөр зүйл бодохгүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.
Яг одоо миний гарт ерөнхийлөгч Смитийн уншиж байсан Библи байна. Тэрээр гол илчлэлт авахын тулд үүнийг эсвэл үүнтэй адил Библийг ашигласан байсан байж болох юм.
Рэнланд эгч: Тэрээр “1918 оны 10-р сарын 3-ны өдөр, эндээс ганцхан гудмын цаана, Бийхайв Хаус дахь өрөөндөө суун, Есүс Христийн Цагаатгал, дэлхийн гэтэлгэлийн талаар эргэцүүлэн бодож [байжээ]”. “Тэр … 1 Петрийг нээгээд, Аврагч сүнсний ертөнц дэх сүнснүүдэд номлож байгаа талаар уншив. … Сүнс [ерөнхийлөгч Смитийн] дээр бууж, [түүний] ойлголтын мэлмийг нээжээ.” Тэрээр сүнсний дэлхийд “мөнх бус амьдрал дахь Аврагчийн тохинууллаас өмнө нас барсан олон тооны зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүн Аврагчийн үхлийн хүлээснээс чөлөөлөгдсөнийг нь тунхаглахаар ирэхийг баярлан хүлээж байгааг харав.
Аврагч гарч ирэхэд … , зөв шударга сүнснүүд баярлан хөөрлөө … . Тэд Түүний өмнө өвдөг сөгдөн, Түүнийг үхэл, тамын гинжнээс сулласан Аврагч, Чөлөөлөгч гэдгийг нь хүлээн зөвшөөрөв.
… [Ерөнхийлөгч Смит] Аврагч дуулгаваргүй сүнснүүд рүү биечлэн очоогүй. Харин Тэрээр сайн мэдээний захиасыг харанхуйд байх сүнснүүдэд хүргэх зөв шударга сүнснүүдийг зохион байгуулсан гэдгийг мөн адил ойлгожээ. Ийнхүү гэм нүгэл үйлдэн эсвэл үнэний талаарх мэдлэггүй нас барсан бүх хүн Бурханд итгэх итгэл, наманчлал, нүглийн ангижралын төлөөх төлөөлөн үйлдэх баптисм, Ариун Сүнсний бэлэг, сайн мэдээний бусад бүх чухал зарчмын талаар суралцах боломжтой болов. …
Ахлагч Рэнланд: “Дараа нь бошиглогч энэ эрин үеийн … итгэлтэй [Гэгээнтнүүд] харанхуйд болон нүглийн боолчлолд байсан сүнснүүдэд сайн мэдээг номлохоор дараагийн амьдралдаа үргэлжлүүлэн хөдөлмөрлөх боломжтой байх юм гэдгийг ойлгосон. [Түүний ажигласнаар] ‘Наманчилсан нас барагсад Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар гэтэлгэгдэнэ, … мөн тэд гэм нүглийнхээ төлөөсийг төлж, угаагдан цэвэршсэний дараа үйлсийнхээ дагуу шагнал хүртэх болно. Учир нь тэд авралын өв залгамжлагчид билээ.’
Рэнланд эгч: “… Маргааш өглөө нь биеийн байдал нь муу байсан хэдий ч [түүнийг] 10-р сарын ерөнхий чуулганы эхний хуралдаанд оролцохыг хараад зарим хүмүүс гайхав. Цугларсан олонд хандан үг хэлэхээр шийдсэн тэрээр [энэ байранд] индрийн ард уначихгүйхэн шиг зогссон ба түүний том бие нь хамаг хүчээ дайчилсны улмаас чичирч байв. … Тэрээр сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр харсан үзэгдлээ ярихад хүч нь дутсан тул үзэгдлийнхээ талаар дурдаад л өнгөрсөн юм. ‘Би энэ таван сар ганцаараа байсангүй’ гэж тэр цугларсан олонд хэлэв. ‘Би залбирал, гуйлт, итгэл, шийдвэр төгс байхын сүнсэнд оршин байсан бөгөөд Их Эзэний Сүнстэй тасралтгүй харилцаж байсан. Энэ өглөө миний хувьд баяртай уулзалт болж байна. ‘Төгс Хүчит Бурхан та бүхнийг ивээг’”5 хэмээн тэр хэлжээ.
Ерөнхий чуулганы дараа ерөнхийлөгч Смит хүү Жозеф Фийлдинг Смитдээ илчлэлтээ хэлж өгөн бичүүлжээ. Энэ бол түүний гарын үсэг зурж, Тэргүүн зөвлөлд болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад өгсөн хуулбаруудын нэг нь юм. Тэд үзэгдлийн тухай уншиж, бүгд дэмжин баталсан6 бөгөөд үүнийг Сургаал ба Гэрээний 138-р хэсэгт оруулан судрын хэсэг болгосон. Бид одоо Бурхан мөнх бус амьдралын хөшигний нөгөө талд байгаа хүмүүст санаа тавьдаг гэдгийг ойлгодог болсон. Тэрээр тэдний гэтэлгэлийн төлөө санаа тавьдаг. “Үхэгсэд” яг ч үхээгүй бөгөөд“Үхэгсэд”-ийн хувьд бүх юм дуусчхаагүй. Үргэлжлэн явагдаж буй сэргээлт нь бидэнд энэхүү ойлголтыг өгсөн бөгөөд дараагийн амьдралын тал дээр тайтгарал, тодорхой мэдлэг өгсөн.
Ахлагч Рэнланд: Хувийн илчлэлт хүлээн авахад олон талаараа үүнтэй ижил үйл явц шаардагддаг. Миний хувьд гэвэл би асуудал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Би тэр талаар судалж, боддог. Би янз бүрийн шийдэл гаргах хэрэг гардаг. Зөвхөн тэр үед л хувийн илчлэлт найдвартай ирдэг юм шиг санагддаг. Илчлэлт надад ихэвчлэн “Яв,” “Хий,” “Хэл!” гэх мэт товч бөгөөд хойшлуулахгүй удирдамж маягаар ирдэг.
Рэнланд эгч: Миний хувьд ч мөн адил. Тунгаан бодож, судалж, залбирсны дараа надад ихэвчлэн миний өөрийн бодол биш гэдгийг мэдэх бодол, санаа орж ирдэг. Энэ нь Бурхан намайг мэдэж байгаа тухай урамшуулж, Ариун Сүнсээр дамжуулан сайныг хийхэд өдөөдөг.
Ахлагч Рэнланд: Илчлэлт голдуу тодорхой хэрэгцээ шаардлага байгаа учраас ирдэг. 1894 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр нэгэн гайхалтай үйл явдал болж өнгөрсөн. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф зөвлөхүүддээ болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад ариун сүмийн лацдалтын талаар илчлэлт хүлээн авснаа зарласан юм. Тэрээр: “Хүүхдүүд эцэг эхтэйгээ, харин эцэг эх нь өөр өөрийн эцэг эхтэйгээ боломжит баримт бүртгэл олдох л юм бол лацдан холбогдох нь зөв гэдгийг Их Эзэн надад хэлсэн”7 гэжээ. Энэ илчлэлт Елиа Көртландын ариун сүмд лацдан холбох эрх мэдлийг сэргээснээс хойш 50 гаруй жилийн дараа ирсэн юм.
Рэнланд эгч: 1894 оны ерөнхий чуулганы ням гарагт дээр ерөнхийлөгч Вүдрафф: “Бид илчлэлтийг хүлээн авч дуусаагүй байна. … Бид Бурханы ажлыг хийж дуусаагүй байна’ хэмээн тунхагласан. Тэрээр Бригам Янг хэрхэн ариун сүмүүдийг барих, ариун сүмийн ёслолуудыг зохион байгуулах Иосеф Смитийн ажлыг үргэлжлүүлж байгаа талаар ярив. ‘Гэхдээ тэр энэ ажилд хамаарах бүх илчлэлтийг хүлээн аваагүй’ болохыг ерөнхийлөгч Вүдрафф цугларсан олонд сануулаад, ‘Ерөнхийлөгч Тэйлор ч, Вилфорд Вүдрафф ч хүлээн аваагүй. Энэ ажил төгс төгөлдөр болтол дуусна гэж үгүй’”8 гэв.
Наувуд амьдарч байсан он жилүүдээс эхлэн гишүүд нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ төлөө нас барагсдын төлөөх баптисм үйлддэг байв. Гэхдээ хүн өөрийнхөө өвөг дээдэстэй лацдан холбогдохын ач тус хараахан илчлэгдээгүй байж. Ерөнхийлөгч Вүдрафф “Бид хожмын үеийн гэгээнтнүүд энэ цаг үеэс хойш удмын бичгээ чадлынхаа хэрээр лавшруулан хөтөлж, эцэг эхтэйгээ лацдан холбуулаасай хэмээн хүсэж байна. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбож, энэ гинжин хэлхээг чадахаараа лавшруулан явуул”9 хэмээн тайлбарласан.
Ерөнхийлөгч Вүдрафф “Көртландын ариун сүмд өөрийн дүү Элвинийг харсан Иосеф Смитийн үзэгдлийг гэгээнтнүүдэд сануулав. “Энэ сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, үүнийг хүлээн авч болох тэд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас, селестиел хаант улсыг өвлөгчид байх болно;
“Та нарын эцэг өвгөд ч өвлөгчид байх болно” хэмээн ерөнхийлөгч Вүдрафф сүнсний дэлхийд байгаа хүмүүсийн талаар хэлэв. ‘Сайн мэдээг хүлээн зөвшөөрөхгүй хүн бараг байхгүй, байвал маш цөөхөн байх болно.’
“Номлолоо өндөрлөхөөсөө өмнө тэрээр гэгээнтнүүдийг … нас барсан төрөл төрөгсдөө хайж олохыг шавдуулсан. Тэрээр ‘Ах эгч нар аа, бид угийн бичгээ үргэлжлүүлэн, Их Эзэний өмнө үнэн зөв хөтөлж, энэ зарчмыг хэрэгжүүлцгээе. Тэгвэл Бурханы адислалууд биднийг дагаж, гэтэлгэгсэд ирэх өдрүүдэд биднийг адислах болно’”10 гэж хэллээ. Энэ илчлэлт нь гишүүдийг ариун сүмд ойр ойрхон орж, нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс томилгоо, ёслолуудыг төлөөлөн гүйцэтгэх зорилготой болгосон юм. Гэр бүлүүд гүйцэтгэсэн ёслол, ажлынхаа бүртгэлийг нямбай хөтөлж эхлэн, тэдгээрийг Жэнс Пийтр, Мари Дэйм нарын гэр бүлийн гишүүддээ зориулан үйлдсэн ажлуудыг харуулсны адил ном болгож байв.
Ахлагч Рэнланд: Өнөө үед үе үеийн хүмүүсийг лацдан холбох сургаал нь бидэнд ердийн бөгөөд жам ёсны зүйл мэт санагдаж байгаа ч Их Эзэнээс илчлэлт авч байж гэр бүлүүдийг лацдан холбох ажлыг зөв зохион байгуулсан юм. Энэ илчлэлт нь Финландын баруун эргээс холгүй орших Ларсмо арал дахь миний гэр бүлд шууд нөлөөлсөн. Энэ түүх Гэгээнтнүүд номын 3-р ботид байхгүй ч гэр бүлийн маань үнэт зүйл болж үлдсэн юм. 1912 онд Лэна София, Маттс Лэандэр Рэнланд гэх аавын талын өвөө, эмээ маань Шведээс ирсэн номлогчдоос сэргээгдсэн сайн мэдээ номлохыг сонссон. Лэна София, Лэандэр хоёр дараагийн өдөр нь баптисм хүртжээ. Тэд шинэ итгэлийг олж, Финлянд дахь анхны жижиг салбарынхаа нэгэн хэсэг болсондоо баяртай байв. Харамсалтай нь, гай гамшиг тохиолдон, тэдний амьдралын хувь заяаг өөрчилсөн юм.
1917 онд Лэандэр сүрьеэ өвчнөөр нас барж, Лэна София арав дахь хүүхдээ тээж байхдаа бэлэвсэрчээ. Хэвлийд байсан тэр хүүхэд нь миний аав байсан бөгөөд Лэандэрыг нас барснаас хойш хоёр сарын дараа төрсөн. Гэр бүлийнх нь өөр олон гишүүнийг сүрьеэ өвчин авч одов. Лэна эцэст нь Лэандэраас гадна арван хүүхдийнхээ долоог нь оршуулжээ. Үлдсэн үр хүүхдээ амьд авч үлдэх нь ядуу тариачин эмэгтэй түүний хувьд хүндхэн сорилт байв.
Бараг хорин жилийн турш тэр бүрэн нойртой хоносонгүй. Өдрийн цагаар тэр хоол хүнсээ залгуулахын тулд олдсон л бол ямар ч ажил байсан хийдэг байв. Шөнөдөө тэр биеийн байдал нь хүндэрч буй гэр бүлийн гишүүдээ асардаг байлаа. Лэна София хэрхэн энэ бүхнийг туулж байсныг төсөөлөхөд ч бэрх.
Би Лэна Софиятай 1963 оны 12-р сард нэг удаа уулзаж билээ. Би тэр үед 11-тэй, тэр 87 настай байв. Тэрээр насаараа хүнд хүчир хөдөлмөр эрхэлснээс болж нуруу нь бөгтийсөн байлаа. Түүний нүүр, гарын арьс нь нар салхинаас болж гандаж, хатуурч, эвэршсэн байв. Биднийг уулзах үед тэр зогсоод, Лэандэрын зургийг заан, надад шведээр “Det här är min gubbe” буюу “Энэ бол миний нөхөр” гэж хэлсэн юм.
Би түүнийг үйл үгийн одоо цагийг буруу ашигласан байх гэж бодсон. Лэандэр нас бараад, 46 жил болж байгаа тул би энэ илэрхий алдааг нь ээждээ хэлж билээ. Ээж надад зүгээр л “Чи ойлгохгүй байна” гэж хэлсэн юм. Би учрыг нь ололгүй л үлддэг байв. Лэна София олон жилийн өмнө нас барсан нөхөр нь зөвхөн түүнийх байсан бөгөөд үүрд мөнхөд түүнийх хэвээр байх болно гэдгийг мэдэж байсан. Мөнхийн гэр бүлийн тухай сургаалын ачаар Лэандэр түүний амьдралд оршсон хэвээр байж, ирээдүйн агуу итгэл найдварынх нь нэг хэсэг болсон юм.
2006 онд Финландын Хельсинки ариун сүмийг онцгойлон адислахын өмнө эгч маань манай эцгийн талд ямар ёслолын ажил хийх хэрэгтэй байгааг шалгаж билээ. Түүний олж мэдсэн зүйл бол лацдан холболтын эрх мэдэлд Лэна Софиягийн итгэх итгэлийн гайхамшигт нотолгоо байв. 1938 онд Лэна София нас барах үедээ 8-аас дээш настай байсан хүүхдүүдийнхээ ариун сүмийн ажлыг гүйцэтгэхийн тулд гэр бүлийн бүртгэлээ өгсөн байв. Тэдгээр нь Финляндаас ариун сүм рүү явуулсан хамгийн анхны ёслолуудын нэг байв.
Лэна авралын сургаалыг оюун ухаандаа тээн энэ амьдралыг туулж ирсэн байлаа. Тэр энэ бүх уй гашууг өөрт нь тохиолдохоос өмнө гэр бүлүүд мөнхийн гэдгийг мэдсэн явдал нь Бурханы үзүүлсэн агуу нигүүлслүүдийн нэг гэж үздэг байв. Түүнийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдсөн гэдгийг нь харуулсан таних тэмдэг нь Иосеф Смит, Вилфорд Вүдрафф, Иосеф Ф.Смит гурваар дамжуулан илчилсэн ажил болох гэр бүлийн түүх дээр хийсэн ажил нь байлаа. Тэр “амлалтуудыг хүлээн авч чадалгүй, харин алсаас тэдгээрийг харж, тэдгээрт итгэл үнэмшилтэй байж, дотроо итгэл тээн нас барсан” 11 хүмүүстэй адил нэгэн байв.
Рэнланд эгч: Сэргээлт бол үргэлжлэн явагддаг зүйл учраас ирээдүйд хүсэн хүлээх зүйл бидэнд их байгаа. Бараг жилийн өмнө ерөнхийлөгч Нэлсон, “Ариун сүмийн дүрэм журамд орсон өнөөгийн болон цаашид хийгдэх бусад зохицуулалт нь Их Эзэн Өөрийн Сүмийг идэвхтэй удирдаж байгаагийн нотолгоо болсоор байна. Бид амьдралаа Түүнд болон Түүний ариун сүмийн ёслол, гэрээнүүдэд төвлөрүүлснээр Тэр бидний хүн нэг бүрд сүнслэг сууриа илүү үр дүнтэй бэхжүүлэх боломжийг олгож байна”12 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Нэлсон эдгээр зохицуулалтыг “Их Эзэний удирдлаган доор, бидний залбирлын хариуд” хийсэн. Учир нь Их Эзэн биднээс “яг ямар гэрээ байгуулж байгаагаа маш тодорхой ойлгохыг хүсдэг. … [Биднээс] онцгой эрх, амлалт, үүрэг хариуцлагуудаа ухамсарлахыг … [мөн] урьд өмнө авч байгаагүй ухаарал, сүнслэг ойлголтыг аваасай гэж хүсдэг”13 гэдгийг тайлбарласан юм.
Заримдаа илчлэлт яг тухайн цаг үед зориулагдан ирдэг. Ийм тохиолдол Лорэнзо Снөүийг Сүмийн ерөнхийлөгч байх үед гарч байсан ба сэргээлт үргэлжилсээр байгаагийн өөр нэгэн жишээ юм. 1898 онд Сүм санхүүгийн маш хүнд байдалд орсон байв. Олон эхнэртэй байхын эсрэг компанит ажлынхаа оргил үед АНУ-ын конгресс Сүмийн өмч хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ. Засгийн газар өргөлийг нь хураах вий хэмээн санаа зовсон олон гэгээнтэн аравны нэгээ төлөхөө больсон явдал Сүмийн санхүүжилтийн гол эх үүсвэрийг эрс багасгасан юм. Сүм Их Эзэний ажлыг урагшлуулахад хангалттай мөнгөтэй байхын тулд мөнгө зээлсэн байв. Сүм Солт Лэйкийн ариун сүмийг барьж дуусгахад шаардагдах зардлыг нөхөхийн тулд зээл хүртэл авсан байлаа. Санхүүгийн энэ нөхцөл байдал нь 85 настай бошиглогчийн сэтгэлийг ихээхэн зовоож байв.14
“5-р сарын эхэн хавьцаа нэгэн өглөө ерөнхийлөгч Снөү орон дээрээ сууж байтал хүү Лэрои нь өрөөнд нь орж ирлээ. … Бошиглогч түүнтэй мэнд амраа мэдэлцсэнийхээ дараа ‘Би Сэйнт Жорж руу явлаа’ гэж хэлэх нь тэр.
Лэрои гайхав. Сэйнт Жорж нь … дөрвөн зуун наян километрийн зайд байдаг байв.” Тэнд очихын тулд тэд Милфорд хүртэл өмнө зүгт 320 километр галт тэргээр, дараа нь сүйх тэргээр дахин 170 километр явах ёстой байжээ. Энэ нь настай хүнд хүндхэн аялал байх байлаа. Гэсэн хэдий ч тэд хүнд урт хэцүү аялалд гарчээ. “Тоос шороонд дарагдсан, ядарч туйлдсан тэднийг очиход … нэгэн гадасны ерөнхийлөгч яагаад ирснийг нь асуужээ. Ерөнхийлөгч Снөү ‘Үнэндээ бид Сэйнт Жоржид ямар зорилготой ирснээ сайн мэдэхгүй байна. Сүнс л биднийг ир гэж хэлсэн’ гэж хариулав.
Маргааш нь буюу 5-р сарын 17-нд бошиглогч ариун сүмийн баруун хойд зүгт, хэдэн гудамжны цаана улаан элсэн чулуугаар барьсан Сэйнт Жоржийн табэрнэклд гишүүдтэй уулзжээ.” Ерөнхийлөгч Снөү гэгээнтнүүдэд хандан үг хэлэхээр босож зогсоод, “Бид яагаад ирсэн шалтгаанаа тодорхой хэлж чадахгүй ч Их Эзэн бидэнд хандан ямар нэгэн зүйл хэлэх байх гэж би бодож байна” хэмээв.
Ахлагч Рэнланд: “Номлол айлдаж байхдаа ерөнхийлөгч Снөүийг үгээ гэнэт таслахад танхимд нам гүн болов. Түүний нүд гялалзаж, царай нь гэрэлтэв. Амаа ахин нээхэд, хоолой нь илүү хүчтэй болсон байлаа. Бурханы сүнслэг өдөөлт танхимыг дүүргэх шиг болов. Дараа нь тэр аравны нэгийн тухай ярив. … Тэрээр олон … гэгээнтэн аравны нэгээ бүрэн төлөхөөс татгалзаж байгаад харамсаж байгаагаа хэллээ. … ‘Энэ бол Сионы чухал бэлтгэл’ гэж тэр хэлэв.
“Маргааш нь үдээс хойш ерөнхийлөгч Снөү [заахдаа] “Ирээдүйд бэлтгэж, бат бөх суурин дээр зогсохыг хүсдэг хожмын үеийн гэгээнтэн бүр урагш алхаж, Их Эзэний хүслийг биелүүлж, аравны нэгээ бүрэн төлөх цаг иржээ. Энэ бол Их Эзэний та нарт өгсөн үг бөгөөд энэ нь Сионы газар нутаг дахь суурин бүрд өгсөн Их Эзэний үг байх болно” гэв.
Ерөнхийлөгч Снөү хожим нь “Бид аймшигтай байдалд байгаа тул үүнээс болж Сүм боолчлолд байна. Гэгээнтнүүд энэ хуулийг сахих нь цорын ганц аврал юм” хэмээн заасан. Тэр [гишүүдэд] хуулийг бүрэн дагаж мөрдөхийг уриалж, Их Эзэн тэдний хичээл зүтгэлийг адислах болно хэмээн амлав. Мөн тэр аравны нэгээ төлөх нь одооноос эхлэн ариун сүмд ороход тавигддаг хатуу шаардлага байх болно гэдгийг тунхагласан.”15
Рэнланд эгч: Тэр цагаас хойш олон хүн энэхүү энгийн хуулийг дуулгавартай дагахад бэлэн хүмүүс дээр Их Эзэн Өөрийн өгөөмөр адислалыг цутгадаг гэдгийг гэрчилж чадах болсон. Алоис Чип ах Австрийн Вена салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэр аравны нэгийн болон салбарын бусад баримтыг энэ энгийн бат бөх хайрцагт хадгалдаг байж. Дэлхийн 2-р дайны агаарын дайралтын үеэр ерөнхийлөгч Чип болон түүний гэр бүлийнхэн хувийнхаа эд зүйлээ авахын өмнө авч хямгадсан эхний зүйл нь энэ байв.
Зарим нь хуулийг хүлээн зөвшөөрч, үр дүнд нь гайхалтай адислалуудыг хүлээн авах амаргүй гэдгийг бас гэрчилдэг.
Японд амьдардаг Янагидагийн гэр бүлд тохиолдсон үйл явдал үүний нэг жишээ юм. 1948 онд Тэргүүн зөвлөл номлогчдоо Япон руу дахин илгээв. Тошико Янагида ааваасаа шашны талаар асуухад тэр түүнийг хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаанд оч хэмээн урамшуулжээ. Аав нь 1915 онд Сүмд нэгдсэн байв.
Янагида эгч номлогчидтой уулзаж, хөрвөгдөн, 1949 оны 8-р сард баптисм хүртэхэд аав нь хамт байжээ. Дараа нь нөхөр нь номлогчидтой уулзсан ба Янагида эгчид заасан номлогч түүнд баптисм хүртээжээ.16
Ахлагч Рэнланд: Янагида ах, эгч хоёрын хувьд аравны нэгээ төлөх хэцүү байв. Тэд “тийм ч их мөнгө олдоггүй байсан бөгөөд заримдаа хүүгийнхээ сургуулийн өдрийн хоолны мөнгийг төлж чадах болов уу гэж бодох үе ч байдаг байж. Тэд бас байшин худалдаж авахыг хичээж байлаа. Сүмийн нэг цуглааны дараа [Янагида эгч] нэг номлогчоос аравны нэгийн талаар асуув. “Японы ард түмэн дайны дараа маш ядуурсан байна. Аравны нэг төлөх нь бидэнд маш хүнд тусдаг. Бид төлөх ёстой юу?’ гэж хэлжээ.
Нөгөө ахлагч түүнд Бурхан хүн бүрд аравны нэгээ төлөхийг зарлигласан гээд, зарчмыг дагаснаар ирэх адислалуудын тухай ярив. [Янагида эгч] тээнэгэлзэн, бага зэрэг ундууцав. ‘Наадах чинь америк сэтгэлгээ’ гэж тэр өөрөө өөртөө хэлэв.
… Нэг номлогч эгч [Янагида эгчид] аравны нэгээ төлөх нь гэр бүлд нь өөрийн гэсэн байшинтай болох зорилгодоо хүрэхэд нь тусална хэмээн амлажээ. Дуулгавартай байхыг хүссэн [Янагида ах, эгч] хоёр аравны нэгээ төлж, адислал ирнэ гэдэгт итгэхээр шийдэв. …
“[Тэд] адислалуудыг олж харж эхлэв … . Тэд хотод боломжийн үнээр газар худалдаж аван, байшингийн зураг төслөө гаргажээ. Дараа нь тэд засгийн газрын шинэ хөтөлбөрөөр орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ гаргаж, барилга барих зөвшөөрөл авмагцаа барилгын суурь тавих ажлаа эхлүүлэв.
Барилгын техникийн хяналтын байцаагч талбай нь гал сөнөөгчид хүрч очих боломжгүй газар байгааг олж харах хүртэл ажил нь асуудалгүй явагдаж байлаа. ‘Энэ газар байшин барихад тохиромжгүй газар байна. Та барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй’ гэж тэр тэдэнд хэлсэн байна.
Яахаа мэдэхгүй болсон [Янагида ах, эгч] хоёр номлогчидтой ярилцав. ’Бид зургуулаа та хоёрын төлөө мацаг барьж, залбирна. Та хоёр ч гэсэн мацаг барьж, залбираарай’ гэж нэг ахлагч нь хэлжээ. Дараагийн хоёр өдөр Янагидагийнхан номлогчидтой хамт мацаг барьж, залбирав. Өөр байцаагч ирж, тэдний талбайг дахин шалгалаа. … Эхлээд тэр Янагидагийнханд шалгалтыг давж гарна гэдэгт нэг их найдах хэрэггүй гэж хэлэв. Гэвч талбайг харж байхдаа нэг шийдлийг олж харах нь тэр. Яаралтай тохиолдолд гал унтраах тасаг ойролцоох хашааг буулгахад л байшин рүү очих боломжтой байв. Эцэс нь Янагидагийнхан байшингаа барих боломжтой болжээ.
‘Та хоёр урьд нь онцгой сайн үйл хийсэн бололтой. Энэ олон жилийн туршид би хэзээ ч ийм найрсаг хандаж байгаагүй’ гэж байцаагч хэлжээ. [Янагида ах, эгч] хоёр маш их баярлав. Тэд мацаг барьж, залбирч, аравны нэгээ төлсөн байжээ. Яг [тэр гайхалтай] номлогч эгчийн амласнаар тэд өөрсдийн гэсэн гэр оронтой болох боломжтой болов.17
Дэлхий даяарх олон гэгээнтэн аравны нэгээ төлөхөд өөрсдөд нь үүнтэй адил үйл явдал тохиолдож байсан. Их Эзэн итгэлтэй, дуулгавартай хүмүүсээ адисалдаг. Түүнчлэн аравны нэгээ үнэнчээр төлөх нь дэлхийн өнцөг буланд ариун сүм барих боломжийг олгодог юм.
Рэнланд эгч: Аравны нэгийн хуулийн дагуу амьдарснаар бидний амьдрал бага багаар чухал арга замаар адислагдсан гэдгийг би мэднэ. Заримдаа адислал нь бидний хүсэн хүлээж байсан зүйл байдаггүй бөгөөд анзаарахгүй өнгөрөөсөн байж болно. Гэвч тэд бодит юм. Бид үүнийг өөрсдөө туулж өнгөрсөн.18
Гэгээнтнүүд номд өгүүлсэн миний дуртай нэг түүх бол хамгийн анхны номлогч эгч нар хэрхэн бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр дуудагдсан тухай түүх юм. 1890-ээд оны сүүлээр Англид хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд бие даан сэтгэж чаддаггүй, гэнэн тэнэг хүмүүс гэсэн цуу яриа тарсан байв. Тэр үед Солт Лэйк Ситид амьдардаг хожмын үеийн гэгээнтэн Элизабэт Маккюн охиныхоо хамт Лондонд удаан хугацаагаар айлчлахаар ирсэн юм.
Тэднийг Лондонд болсон Сүмийн чуулганд оролцох үед “өглөөний хуралдааны үеэр номлолын ерөнхийлөгчийн зөвлөх Жөүсэф Макмуйррин … хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн талаарх таагүй мэдэгдлүүдийг няцаахаар [хэмээн зарлан хэлж] ‘Яг одоо бидэнтэй хамт Ютагаас ирсэн нэгэн хатагтай байна… . Бид Маккюн эгчээс өнөө орой үг хэлж, Юта дахь туршлагаасаа ярихыг хүсэх болно’ гэж гэнэт хэлэх нь тэр. Дараа нь тэр чуулган дээрх бүх хүнийг найзуудаа авчирч, түүний үгийг сонсохыг уриалав.
‘Цуглааны цаг дөхөхөд танхим орох зайгүй хүмүүсээр дүүрсэн байлаа. Элизабэт чимээгүй залбирч, индэр дээр гарлаа.” Тэрээр хүмүүст итгэлийнхээ мөн гэр бүлийнхээ талаар ярьж, сайн мэдээний үнэнийг зоригтой гэрчлэв. Тэр мөн ‘Манай шашин эхнэр нь нөхөртэйгөө мөр зэрэгцэн, ижил тэгш зогсдог хэмээн заадаг’ хэмээн хэллээ. Цуглаан дуусахад танихгүй хүмүүс Элизабэтын гарыг барив. ‘Хэрэв танай эмэгтэйчүүдээс олон хүн энд ирвэл маш олон сайн зүйлийг хийж гүйцэтгэх болно’ гэж нэг хүн хэлэв.
Цугларагсдад Элизабэт хэрхэн нөлөөлснийг харсныхаа дараа [ерөнхийлөгч Макмуйррин Сүмийн ерөнхийлөгчид хандан]: ‘Хэрэв хэдэн сэргэлэн, ухаалаг эмэгтэйг Англид номлолд дуудвал… маш сайн үр дүн гарна’ хэмээн бичжээ. Эмэгтэйчүүдийг бүрэн цагийн гадуур заадаг номлогчоор дуудах шийдвэр нь зарим талаараа Элизабэт Маккюнийн айлдсан номлолын үр дүн байсан.”19
1898 оны 4-р сарын 22-нд Инэз Найт, Жэнни Бримхолл хоёр Английн Ливерпүүл боомтод буужээ. Тэд Сүмийн “хатагтай номлогчдоор” онцгойлон адислагдсан анхны хүмүүс байв.
Тэд ерөнхийлөгч Макмуйрринг болон бусад номлогчийг даган, Ливерпүүлээс зүүн зүгт орших нэгэн хотод очив. Орой нь олон хүн номлогчидтой хийх гудамжны цуглаанд оролцов. “Ерөнхийлөгч Макмуйррин дараагийн өдөр нь тусгай цуглаан болохыг зарлаад, хүн бүрийг хүрэлцэн ирж, ‘жинхэнэ мормон эмэгтэйчүүдийн’ номлолыг сонсохыг урьсан.”20 Энэ бол Инэз Найтын номлогчийн өдрийн тэмдэглэлийн хэсэг юм. Тэрээр бичихдээ “Орой нь би айж, чичрэн байж ярьж байсан ч өөрөө өөрийгөө гайхшируулсан” гэжээ.21 Тэр “Би орой нь олон хүнд хандан үг хэлсэн нь бусад номлогчийн залбирлаар ирсэн адислал байсан”22 хэмээн бичсэн нь тэнгэрлэг тусламж хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн явдал байв. Тэдгээр “жинхэнэ мормон эмэгтэй” хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэлгүй, нэг айлаас нөгөө айл руу явж, гудамжны цуглаан дээр байнга гэрчлэлээ үлдээж байв. Удалгүй тэдэнтэй өөр олон эгч нэгдэн, Англи даяар үйлчлэх болсон юм.
Ахлагч Рэнланд: Найт, Бримхолл эгч нар бол эхлэл нь байсан. Энэ эрин үед олон зуун мянган номлогч эгч үйлчилсэн.23 Номлогч эгч нар өөрийнхөөрөө байснаараа үр дүнтэй байж чаддаг явдал миний анхаарлыг ихэд татдаг зүйлсийн нэг юм. Тэд бол жинхэнэ хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй. Тэд Найт эгч, Бримхолл эгч нар шиг өөрсдийн хэн болох талаар мөн яагаад ийн итгэдгээ хүмүүст ярьдаг.
Израилыг цуглуулахад оруулсан номлогч эгч нарын хувь нэмэр ер бусын онцгой. Саяхан нэг залуу ахлагч надаас асуулт хариултын үеэр яагаад номлолынх нь тойргуудад номлогч эгч нарыг илүүд үздэг талаар асуусан юм. Би “Учир нь эгч нар ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг. Гишүүд ийн зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг бүх номлогчийг хайрладаг” гэж энгийн хариулсан.
Номлогч эгч нар номлолын дуудлагыг хүлээн авах явдал нь сайн мэдээг түгээхийн томоохон хэсэг байсаар ирсэн бөгөөд одоо ч ийм байна. Ерөнхийлөгч Нэлсон “Бид номлогч эгч нартаа хайртай, тэднийг чин сэтгэлээсээ угтан авдаг. Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу!”24 гэж 4-р сарын Ерөнхий чуулганаар хэлсэн.
Рэнланд эгч: Номлогчоор дуудагдаж, онцгойлон адислагдаагүй ч Маккюн эгчийн ачаар хүрсэн сайн сайхан үр дүн намайг бас гайхшируулдаг. Энэ сайхан эгч итгэлийнхээ ачаар бүх зүйлийг эхлүүлсэн.25
Үүнээс бид Гэгээнтнүүд номын 3-р ботийн өөр нэгэн гайхалтай түүхийг харж болно. Бид хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд шавь гэдгээ харуулсан гэгээнтнүүдийн жишээг олж хардаг. Өмнө нь дайсан байсан хүмүүс Есүс Христэд итгэн найдсанаар дайсагналаа ардаа орхин, хоорондоо нэгдмэл болж байсан.
Дэлхийн 2-р дайны дараа “Нидерланд [Германы нацист дэглэмд] таван жилийн турш эзлэгдсэний дараа үнэхээр нүд халтирам байдалд орсон байв. Дайны үеэр хоёр зуу гаруй мянган голланд хүн амь насаа алдаж, олон зуун мянган байшин барилга эвдэрч, сүйдсэн байлаа. Нидерландын олон гэгээнтэн … германчуудыг болон тэмцэж байхад үед нь булаан эзлэгчидтэй хамтран ажиллаж байсан бусдыгаа дайснаа гэж үзэх болсон юм. Хагарал нь илт болсон байлаа.
Ахлагч Рэнланд: “Номлолын ерөнхийлөгч Корнэлиус Заппэй Сүмийн салбаруудыг Нидерландын засгийн газраас өгсөн төмсний үрээр төмс тариалах төслүүдийг эхлүүлж, хүнсний хангамжаа нэмэгдүүлэхийг уриалсан.” Энэхүү урилгын дагуу “Нидерланд дахь салбарууд … хашааныхаа хойд хэсэгт, цэцгийн талбай, сул газар, зам дагуу газар гээд олдсон газар бүрдээ төмс тариалж эхлэв.
Ургац хураах дөхөхөд [ерөнхийлөгч Заппэй] Роттердам хотод номлолын чуулган хийлээ.” Тэр Зүүн Германы Номлолын ерөнхийлөгчтэй ярилцахдаа “Германы олон гэгээнтэн хоол хүнсний асар их хомсдолд орсон байгааг олж мэдсэн байв. [Ерөнхийлөгч Заппэй] тус нэмэр болох ямар нэг зүйл хийхийг хүссэн тул орон нутгийн удирдагчдаасаа төмсний ургацынхаа тодорхой хэсгийг Герман дахь гэгээнтнүүдэд өгч чадах эсэхийг асуув.
‘Энэ дайны үр дүнд та нартай тулгарсан хамгийн хорсолт дайснууд бол Германы ард түмэн’ гэдгийг тэр цохон тэмдэглээд, ‘Гэхдээ тэр хүмүүс одоо та нараас хамаагүй хүнд нөхцөл байдалд орсон байна’ гэж тэр хэлжээ.
Эхлээд голланд гэгээнтнүүдийн зарим нь төлөвлөгөөг эсэргүүцэж байв. Тэд яагаад германчуудтай төмсөө хуваалцах ёстой гэж? [Зарим нь Германы бөмбөгөнд өртөж, орон гэргүй болсон] эсвэл Германы эзлэн түрэмгийлэгчид хоол хүнсийг нь булаан авснаас болж ойр дотнын хүмүүсээ өлсөж үхэхийг [харсан] байлаа.”
Ерөнхийлөгч Заппэй Амстердам дахь сүмийн салбарын удирдагч бөгөөд дайны олзлогдогсдын нэг асан Пийтр Вламаас “Нидерланд даяарх салбаруудаар айлчилж, төлөвлөгөөг дэмжихэд тэднийг уриал” хэмээн явуулахдаа нацист дэглэм ба Германы ард түмэн хоёрын хоорондын ялгааг ойлгуул гэж хүсжээ. “Пийтр бол Германы хорих лагерьд шударга бусаар хоригдож байсныг бүгд сайн мэддэг Сүмийн туршлагатай удирдагч байсан. Энэ номлолд голланд гэгээнтнүүдийн хайр, итгэлийг олсон хүн бол Пийтр Влам байлаа.”
Пийтр салбарууд дээр уулзалт хийхдээ “шоронд байхдаа амссан зовлон зүдгүүрээ дурдан, ‘Би үүнийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн. Намайг юу үзэж туулсныг та нар ч мэднэ’ хэмээн хэлж байв. Тэрээр хүмүүст Германы ард түмнийг уучлахыг уриалав. ‘Тэднийг хайрлах ямар хэцүү байгааг би мэднэ. Хэрэв тэд бидний ах, эгч, дүү нар юм бол бид тэднийг ах, эгч, дүү нар шигээ үзэх ёстой’ гэж тэр хэлсэн юм.
Рэнланд эгч: “Түүний үг болон бусад салбарын ерөнхийлөгчийн үгс гэгээнтнүүдийн сэтгэлийг хөндөж, Герман [ах, эгч, дүү нарт] зориулан төмсөө хураах явцад олон хүний уур хилэн хийсэн алга болсон.” Үүгээр ч зогсохгүй салбар доторх гишүүдийн дунд үүссэн зөрчил, үл итгэлцэл ч арилж эхэлсэн юм. Гишүүд “урагш алхахдаа хамтран ажиллаж чадна гэдгээ мэдсэн.
“Энэ хооронд [ерөнхийлөгч Заппэй] төмсийг Герман руу тээвэрлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байв. … Зарим албан тушаалтан тээвэрлэх төлөвлөгөөг зогсоохыг оролдож байсан ч [ерөнхийлөгч Заппэй] тэдэнд ‘Энэ төмс нь Их Эзэнийх бөгөөд хэрэв энэ нь Түүний таалал юм бол Их Эзэн тэдгээрийг Германд хүргэхийг харах болно’ гэж хэлсэн юм.
Эцэст нь, 1947 оны 11-р сард голланд гэгээнтнүүд болон номлогчид 70 гаруй тонн төмсийг … ачихаар Гааг хотод цугларав. Удалгүй төмсийг Германд хүргэн, гэгээнтнүүдийн дунд тараав. …
“Төмс төслийн тухай үг удалгүй Тэргүүн зөвлөлийн сонорт хүрсэн юм. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй үүнд гайхширан, ‘Энэ бол миний харж байсан жинхэнэ Христэд итгэгчийн хамгийн агуу үйлдлүүдийн нэг байлаа’ гэж хэлж байжээ.”26
Ахлагч Рэнланд: Дараа жил нь голланд гишүүд германчуудад төмсний ургацаасаа их хэмжээгээр дахин илгээв. Дээр нь тэд май загас нэмж явуулсан бэлгийг улам утга учиртай болгов. Хэдэн жилийн дараа буюу 1953 онд Хойд тэнгисийн ус халин, Нидерландын нэлээд хэсгийг үерт автуулж, голланд гишүүдэд тусламж хэрэгтэй болов. Энэ удаад герман гэгээнтнүүд Нидерланд руу хэрэгтэй үед нь тусламж илгээсэн юм. Голланд гэгээнтнүүдийн буянт үйлс олон жилийн турш цуурайтаж, эгэл жирийн хүмүүс эхлээд Бурханыг, дараа нь хөршөө өөрсдийн адил хайрлавал дайснуудын хооронд ч гэсэн хайр, энэрэл орших боломжтой гэдэг бат бөх гэрчлэл үлдсэн.
Уучлахад бэлэн байсан явдал нь голландын гишүүдэд эдгэрэл авчирсан. Миний хувьд ч мөн адил ийм байсныг би олж мэдсэн. Хэрэв би өшөө хорсол тээж явбал Сүнс гашууддаг. Хэрэв би ууртай байх юм бол бусадтай харьцахдаа эелдэг бус бөгөөд Христтэй төдийлөн адил байж чадахгүй юм. Энэ үнэнийг 1953 онд Алан Патоны Too Late the Phalarope (Хэт оройтжээ, шувуухай минь) гэх Өмнөд Африкийн Апартэидэд өрнөж буй үйл явдлаар бичсэн романы нэг дүр “Бидэнд хүнд гэмтэл учруулсан бол уучлах хүртлээ бид хэзээ ч эдгэрдэггүй гэсэн хатуу хууль байдаг”27 хэмээн маш сайхан хэлсэн байдаг:
Рэнланд эгч: Энэ хугацаанд болж өнгөрсөн Сүмийн түүхийн өөр олон урам зориг өгөх үйл явдлуудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн түүхүүд болох Гэгээнтнүүд номын 3-р ботид өгүүлсэн байгаа. Магадгүй та Өмнөд Африкийн тусгаарлагдсан Кэйптаун хотод олон жил итгэлтэйгээр үйлчилсэн Виллиам Даниэлсийн талаар ямар нэг зүйлийг олж мэдэхийг хүсэж магад. Хэдийгээр тэр санваарын албанд томилогдоогүй байсан ч гал халуун гэрчлэлтэй нэгэн байсан.28
Ахлагч Рэнланд: Эсвэл итгэлийнхээ төлөө Мексикт амиа алдсан Рафаэл Монрой, Висэнтэ Моралэс нарын талаар уншиж болно. Аль эсвэл тасралгүй үргэлжилсэн аюул заналыг үл харгалзан гэр бүл, олон нийтийг зоригтой удирдаж байсан Рафаэлийн ээж Хэзүсита, эхнэр Гуадалүпэ нарын талаар унших боломжтой.29
Рэнланд эгч: Эсвэл Мэргэн ухааны үгийн дагуу амьдрахаар сонгосон нь зарим нэг талаар нөлөөлж, Олимпын медаль хүртсэн анхны хожмын үеийн гэгээнтэн Алма Ричардс.30
Ахлагч Рэнланд: Эсвэл үнэнч эхнэр Мэрэгийнхээ дэмжлэгтэйгээр өөрийн эх орон Шинэ Зеландад номлож, ариун сүмийн ажилд нэрс цуглуулахаар эргэж ирсэн Хирини Ваанга.31
Рэнланд эгч: Эсвэл өмнөх найз нөхөд, багш нар болон сургуулийн удирдагчид нь дээрэлхэж байсан ч нацист Германд хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэйнхээ хувьд итгэлээ хадгалж үлдсэн Хэлга Мэйзус.32
Ахлагч Рэнланд: Эсвэл Их хямралын үед гэр бүлүүдийг хөл дээрээ босоход нь туслах зорилгоор Нийгмийн халамжид нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Эвэлин Ходжэсийн талаар мэдэж авч болно.33
Рэнланд эгч: Бидэнд одоо өөр түүхүүдийг цааш нь уншихад цаг хүрэлцэхгүй ч та нар бүгдээрээ Гэгээнтнүүд номын 3-р ботиос өөрсдөө заавал уншаарай.
Ахлагч Рэнланд: Миний хувьд Сүмийн түүхийн энэ үед таарсан төгс сүлд дуу бол “Hark, All Ye Nations! (Үндэстнүүд ээ, сонс!)”34 бөгөөд үүнийг бидний цугларалтыг хаахаар найрал дуучид дуулна. “Hark, All Ye Nations! (Үндэстнүүд ээ,сонс! )” дууллыг Солт Лэйк Ситигээр аялж явахдаа Сүмд нэгдсэн Герман үндэстэн Луис Ф.Мөнч бичсэн. Дараа нь тэр Швейцар, Германд Сүмийн номлогчоор үйлчилжээ. Тэр уг номлолд байхдаа германаар олон материал хэвлүүлсэн бөгөөд тэдгээрийн дунд “Hark, All Ye Nations! (Үндэстнүүд ээ, сонс!)” ордог. Энэ нь герман хэлээр ярьдаг хожмын үеийн гэгээнтнүүдийн хамгийн дуртай дууллын нэг болсон. Анх 1890 онд энэ дууллыг Германд хэвлэн гаргасан байна. Үүнийг бидний хэрэглэж буй сүмийн дууллын номын нэгэн хэсэг болгон бусад хэл рүү орчуулан, хэвлэжээ. Уг хувилбарт найрал дуучдын дуулах гуравдугаар бадгийг нь оруулалгүй орхисон байдаг.
Энэхүү гуравдугаар бадагт нь бидний авч үзсэн тэр цаг үед гэгээнтнүүд юу хийснийг дүрсэлжээ. Тэд “цорын ганц, жинхэнэ амьд Бурханыг хүндлэн дээдэл[сэн]. [Ирж] мөн [баптисм хүртэж]; төмөр бариулаас барьж [байсан]. Түүний Хүү буюу Ариун Нэгэн Есүст итгэх итгэлээр Түүнд [өөрсдийн] зүрх сэтгэлийг [өгсөн].”
Би та нарыг Гэгээнтнүүд номыг уншиж, Сүмийн түүхийг судалж, ойлгон, гишүүдийн жишээнээс суралцахад урьж байна. Гэгээнтнүүд ном бол үнэхээр гойд сайн судалгаан дээр тулгуурласан, найдвартай ном юм. Энэ нь Есүс Христийн Сүмийн үргэлжлэн явагдаж буй сэргээлтийн гэрч юм. Бидний түүх урам зориг өгдөг. Энэ түүх бол бид энд гарч байгаа эрт үеийн анхдагчдын үр удам уу аль эсвэл дараах үеийн анхдагчдын үр удам уу, эсвэл бүр энэ итгэлд өөрсдөө анхдагч нь болж орж ирсэн үү гэдгээс үл хамааран бидний хамтын өв юм.
Энэ нь бидэнд яагаад хамаатай вэ? Бид яагаад эдгээр түүхийг ярихад ийм их хугацаа зарцуулав? Яагаад гэвэл эдгээр түүх нь Аврагчийг таньж мэдэхээс ирдэг хүчний бодит амьдралын жишээг бидэнд харуулдаг. Есүс Христ амьд бөгөөд энэ Сүмийг удирддаг гэдгийг мэднэ. Тэрээр агуу сүр жавхланд Бурханы хүчийг агссан Өөрийн гэрээт хүмүүсийг харж хандаж байдгийг би мэднэ. Би та нарыг Түүнд болон Түүний Сүмд ойртсоноор Аврагчийн хайрыг амьдралдаа мэдрэх болтугай хэмээн адисалж байна. Есүс Христийн нэрээр, амен.